| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/02177/И |
| Дугаар | 182/ШШ2018/00613 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2018/00613
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 23 дугаар байрны 35 тоотод оршин суух, Харнүдэн овогт Начинцэрэнгийн Баяржавхлан /РД:ХК67122501/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45А байрны 26 тоотод оршин суух, Шавгууд овогт Бямбацогтын Лхагвасүрэн /РД:ЦД84032564/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45А байрны 26 тоотод оршин суух, Шуудай овогт Цэрэнпүрэвийн Барсбаатар /РД:УС80061213/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, Капитал банкны төв байранд оршин байрлах, Капитал банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2556375/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 31 тоотод оршин байрлах, Грийн глобус ХХК /регистрийн дугаар 5572495/-д холбогдох,
Капитал банк болон Грийн глобус ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Шинэзориг, хариуцагч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, хариуцагч Грийн глобус ХХК-ийн төлөөлөгч Б.Бямбанаран, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Тогмид, гэрч У.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баяржавхлан 2013 оны 08 дугаар сард Б.Бямбанарантай танилцаж улмаар бид жижиг дунд үйлдвэрлэлийн тал дээр зээл авч, хамтран ажиллахаар болсон бөгөөд Б.Бямбанаран нь тухайн үед надаас ...банкнаас зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө шаардаад байна, та барьцаа гаргаж өгөөч... гэж гуйсны дагуу миний бие өөрийн өмчлөлийн /Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоотод байрлах хоёр өрөө/, манай нөхрийн дүүгийн өмчлөлийн /Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нар/-ын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 45А байрны 26 тоотод байрлах хоёр өрөө/ орон сууцыг тус тус зээлийн барьцаанд тавьж Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн бид өөрсдөө тус банкинд очиж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 200,000,000 төгрөгийн №398 тоот барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан юм. Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нар нь тухайн үед уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болно.
Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Н.Баяржавхлан надад 2016 оны 10 дугаар сард ...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан таны өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, хураасан... гэсэн мэдэгдэл ирүүлсэн бөгөөд миний бие тус банкинд очиж мэдээлэл авахад Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний болон Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын өмчлөлийн орон сууцыг дахин барьцаалж, нэмж 300,000,000 төгрөгийн зээл авсан талаар олж мэдсэн ба бидний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд давхар барьцаалан нэмж зээл авах, авсан талаараа бидэнд хэлээгүй, мэдэгдээгүй юм. Мөн Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн бид уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, бидний орон сууцыг дахин Барьцаалж, нэмж зээл авсныг нь мэдээгүй юм. Ингээд Н.Баяржавхлан, Б.Лхагвасүрэн Ц.Барсбаатар бид Б.Бямбанаранг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд өмчлөгч Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн /барьцаалуулагч/ бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ ашиглан зээл авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэн Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанарангийн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд өмчлөгч, Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн /барьцаалуулагч/ бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн, түүнийгээ ашиглаж ноцтой хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдсон байх хэдий ч прокуророос Б.Бямбанаран нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гээд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Оюунгэрэлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан.
Дээрх гэмт хэргийн улмаас өмчлөгч Н.Баяржавхлан, Б.Лхагвасүрэн, Ц.Барсбаатар бидний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж бид өөрсдийн өмчлөлийн орон сууцаа гэрээний үүргийн гүйцэтгэлд алдах, үл хөдлөх эд хөрөнгөөрөө хохирч үлдэх үр дагавар үүсээд байгаа юм.
Иймд хууль зөрчсөн, зохих этгээд /өмчлөгч/-ийн зөвшөөрөлгүй хийсэн Капитал банк болон Грийнглобус ХХК-ийн захирал Б.Бямбанаран нарын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өмчлөгч Н.Баяржавхлан, Б.Лхагвасүрэн, Ц.Барсбаатар бидний зээлийн барьцаанд битүүмжлэгдэн хураагдсан дээрх орон сууцыг Капитал банкны 300,000,000 төгрөгийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Капитал банк ХХК-ийн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк нь Грийн глобус ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №398 тоот зээл барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №114 тоот зээл барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурьдагдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш /17011/ Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц /Ү-2206025024, 00259845/, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45 дугаар байрны 26 тоот хаягт байршилтай 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /Ү-2205049166, №000256088/ ... зэргийг барьцаалсан байдаг. Зээлдэгч Грийн глобус ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Капитал банкны зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №183/ШШ2016/00151 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Грийн глобус ХХК-иас 589,488,845 төгрөгийг Капитал банкинд төлөх, төлөөгүй тохиолдолд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгийг хүчин төгөлдөр гэж үзэн шийдвэр гаргасан байхад иргэн Н.Баяржавхлан, Б.Лхагвасүрэн, Ц.Барсбаатар нарын зүгээс гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нь хуульд нийцэхгүй байна. Иймд Капитал банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс Баяржавхлан, Барсбаатар, Лхагвасүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь тус банк нь нэхэмжлэгч нарын өөрсдийн нь олгосон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан. Энэ нь 2014.12.12-ны өдрийн 398 дугаартай барьцааны гэрээгээр 200,000,000 төгрөгийг авсныг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. 2016.10.23-ны өдөр 114 тоот зээлийн болон барьцааны гэрээг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлээд талуудаас иргэн Бямбанаранд итгэмжлэл олгосон байдаг. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон харьяа дүүргийн нотариатын газарт тухайн үйл баримтыг гэрчилсэн байдаг. ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь хариуцагч талаас харахдаа Грийн глобус ХХК-тай нийлээд нэхэмжлэгч нар нь хамтран үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулж байгаад банкнаас зээл авсан, банк нь эргээд гэрээний үүргээ шаардаж эхлэхээр хэрэгт хугацаа хожиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах гэх зэрэг үйлдэл гаргаж байна гэж харж байгаа. Ийм учраас Капитал банк ХХК-д холбогдуулж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Өөрсдийнх нь олгосон итгэмжлэлийн дагуу хийгдсэн гэрээ хэлцэл гэж үзэж байгаа. гэв.
Хариуцагч Грийн глобус ХХК-ийн төлөөлөгч Б.Бямбанаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 8 дугаар сард Н.Баяржавхлан нь Туушин Инвест ХХК-ийн захирал Б.Баярмаагаар зуучлуулан манай компанийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас авч байгаа 500.000.000 төгрөгийн зээлээс барьцаа гаргаж 50.000.000 төгрөгийг авч хэрэглээд хүүтэй нь буцаан өгнө гэж тохирсон.
Ингээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 200.000.000 төгрөгийн зээл батлагдан гарч гэрээ байгуулахад /Банктай/ нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулж 50.000.000 төгрөг авсан.
50.000.000 төгрөгийн зээлээс 10.000.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 40.000.000 төгрөгөө хүүтэй нь өгөөгүй байгаа болно. Н.Баяржавхлан нараас 40.000.000 төгрөгийг ашигласан хугацааны хүүтэй нь авах бөгөөд бусад барьцаа гаргагч нараас мөн адил авсан мөнгөө хүүтэй нь авч банкны өр төлбөрийг барагдуулж барьцаа хөрөнгийг суллаж өгөх болно.
Жич: 300.000.000 төгрөгийн зээл дээр Капитал банкны эдийн засагч Б.Ержан давхар барьцаалж болно гэсний үндсэн дээр давхар барьцаалал гаргасан болно. гэв.
Хариуцагч Грийн глобус ХХК-ийн төлөөлөгч Б.Бямбанаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудалд би үнэндээ аль аль талд орно гэдэг хэцүү байна. Би тухайн үед итгэмжлэл над дээр байсан учраас итгэмжлэлээр 200,000,000 төгрөгийг аваад дараа нь 300,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед компанийн үйл ажиллагаа нэлээд өргөжиж байсан учраас Н.Баяржавхлантай хамтран ажиллаад 300,000,000 төгрөгөө авъя гээд Капитал банкнаас барьцаа хөрөнгөө зохицуулаад ирвэл 300,000,000 төгрөгийг олгох боломжтой байна гэсэн ингээд Баяржавхлан, Барсбаатар, Лхагвасүрэн нар бол тухайн үед 200,000,000 төгрөгийг аваад мөнгө өгсөн байдаг. Тухайн үед би 200,000,000 төгрөгийн зээлээсээ бүгдэд нь тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн. Эд нар ч гэсэн энэ мөнгөнөөс заримыг нь төлөөгүй явж байгаа. Үнэндээ би аль аль талд нь орох нь хэцүү байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Баяржавхлан, Б.Лхагвасүрэн, Ц.Барсбаатар нар нь хариуцагч Капитал банк ХХК болон Грийн глобус ХХК-иудад холбогдуулан Капитал банк болон Грийн глобус ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Капитал банк болон Грийн глобус ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот барьцааны гэрээний Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж тодруулжээ.
Капитал банк ХХК болон Грийн глобус ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 114 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг, сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Чацарганы төсөлд зориулан Грийн глобус ХХК-д зээл олгосон байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-22606025024 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж, 24 дүгээр байрны 2 тоот 58,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45 дугаар байрны 26 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204019870 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамж-31 дүгээр байрны 3 тоот, 77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн ГД000302601 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймаг, Хушаат сумын нутаг дэвсгэрт 10 га талбай бүхий эзэмших газар, Улсын бүртгэлийн ГД00309728 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 10 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, УНЭ 0019 улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашин, Чацарганы үйлдвэрийн тоног төхөөрөмж болон үйлдвэрийн бараа материал эргэлтийн хөрөнгө, төслийг бүхлээр нь барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-10, 11-16 дугаар тал/
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний болон Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын өмчлөлийн орон сууцыг дахин барьцаалж, нэмж 300,000,000 төгрөгийн зээл авсан талаар олж мэдсэн ба бидний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд давхар барьцаалан нэмж зээл авах, 1 авсан талаараа бидэнд хэлээгүй, мэдэгдээгүй юм.
2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд өмчлөгч Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн /барьцаалуулагч/ бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ ашиглан зээл авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэн Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанарангийн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бямбанаран нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №114 тоот барьцааны гэрээнд өмчлөгч, Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн /барьцаалуулагч/ бидний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн, түүнийгээ ашиглаж ноцтой хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдсон байх хэдий ч прокуророос Б.Бямбанаран нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай /2015.08.11-ний өдрийн/ хуульд зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гээд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Оюунгэрэлийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан.
Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөтэй холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэж тайлбарладаг болно.
Хариуцагч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь тус банк нь нэхэмжлэгч нарын өөрсдийн нь олгосон итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан. Энэ нь 2014.12.12-ны өдрийн 398 дугаартай барьцааны гэрээгээр 200,000,000 төгрөгийг авсныг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. 2016.10.23-ны өдөр 114 тоот зээлийн болон барьцааны гэрээг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлээд талуудаас Б.Бямбанаранд итгэмжлэл олгосон байдаг. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон харьяа дүүргийн нотариатын газарт тухайн үйл баримтыг гэрчилсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь хариуцагч талаас харахдаа Грийн глобус ХХК-тай нийлээд нэхэмжлэгч нар нь хамтран үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулж байгаад банкнаас зээл авсан, банк нь эргээд гэрээний үүргээ шаардаж эхлэхээр хэрэгт хугацаа хожиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах гэх зэрэг үйлдэл гаргаж байна гэж харж байгаа. Ийм учраас Капитал банк ХХК-д холбогдуулж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Өөрсдийнх нь олгосон итгэмжлэлийн дагуу хийгдсэн гэрээ хэлцэл гэж үзэж байгаа гэж маргажээ.
Хариуцагч Грийн глобус ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...2013 оны 8 дугаар сард Н.Баяржавхлан нь Туушин Инвест ХХК-ийн захирал Б.Баярмаагаар зуучлуулан манай компанийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангаас авч байгаа 500.000.000 төгрөгийн зээлээс барьцаа гаргаж 50.000.000 төгрөгийг авч хэрэглээд хүүтэй нь буцаан өгнө гэж тохирсон.
Ингээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 200.000.000 төгрөгийн зээл батлагдан гарч гэрээ байгуулахад /Банктай/ нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулж 50.000.000 төгрөг авсан.
50.000.000 төгрөгийн зээлээс 10.000.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 40.000.000 төгрөгөө хүүтэй нь өгөөгүй байгаа болно. Н.Баяржавхлан нараас 40.000.000 төгрөгийг ашигласан хугацааны хүүтэй нь авах бөгөөд бусад барьцаа гаргагч нараас мөн адил авсан мөнгөө хүүтэй нь авч банкны өр төлбөрийг барагдуулж барьцаа хөрөнгийг суллаж өгөх болно.
Жич: 300.000.000 төгрөгийн зээл дээр Капитал банкны эдийн засагч Б.Ержан давхар барьцаалж болно гэсний үндсэн дээр давхар барьцаалал гаргасан болно... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Б.Бямбанаран, С.Нарантуяа нар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Капитал банкнаас 300,000,000 төгрөгийн зээл авахдаа, 114 тоот барьцааны гэрээн дээр Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн ноцтой хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж Б.Бямбанаран, С.Нарантуяа нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2253 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ-нд зурсан гарын үсэг Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн, Н.Баяржавхлан нарын гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээнд Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн, Н.Баяржавхлан нарын гарын үсгийг Б.Бямбанаран хуурамчаар үйлдсэн болох нь хариуцагч Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанарангийн шүүхэд гаргасан тайлбараар болон бусад баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч Грийн глобус ХХК-ийн төлөөлөгч маргаагүй байна. /хх-ийн 5-7 дугаар/
Хэдийгээр хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нараас Б.Бямбанаранд олгосон итгэмжлэл байх боловч уг итгэмжлэлүүдийг 200,000,000 төгрөгийн барьцаанд олгосон байх бөгөөд дээрх итгэмжлэлүүдийг дахин ашиглахыг хориглосон талаар Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Бямбанаран нар 2013 оны 12 дугаар сарын 12-нд баримт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 84, 85, 86 дугаар тал/
Хариуцагч Грийн глобус ХХК-ийн төлөөлөгч дээрх баримтыг үгүйсгэж хожим үйлдсэн, мөн барьцааны гэрээнд нэхэмжлэгч нарыг төлөөлж гарын үсэг зурсан, Н.Баяржавхлан 500,000,000 төгрөгийн зээлийг авах талаар мэдэж байсан гэж тайлбарлах боловч тэрээр үүнийг баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Хэргийн оролцогчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч тал энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.
Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэмжээ хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь уг зохицуулалтад нийцэхгүй буюу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарах бөгөөд зөвшөөрлөөр хийх хэлцэл буюу зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.
Өөрөөр хэлбэл Грийн глобус ХХК-ийн захирал Б.Бямбанаран нь Капитал банк ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ байгуулахтай барьцаалуулсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох Н.Баяржавхлан, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нараас зөвшөөрөл аваагүй, мөн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн буюу хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11-16/
Н.Баяржавхлан нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нар нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь хэлцийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заажээ.
Капитал банк ХХК болон Грийн глобус ХХК-ийн нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 114 тоот Барьцааны гэрээн-ний 2.1-ийн Улсын бүртгэлийн Ү-2206025024 дугаар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаартай бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны гэх хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчиж хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна.
Иймд Капитал банк ХХК, Грийн глобус ХХК-ийн хороонд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай Барьцааны гэрээ-ний Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Капитал банк ХХК болон Грийн глобус ХХК-д холбогдох Капитал банк ХХК, Грийн глобус ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот Барьцааны гэрээ-ний 2.1-ийн Улсын бүртгэлийн Ү-2206025024 дугаар бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма гандигийн гудамж 24 дүгээр байрны 2 тоот 58.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205049466 дугаартай бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 26 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Капитал банк ХХК болон Грийн глобус ХХК-иас 1,657,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Баяржавхлан, Ц.Барсбаатар, Б.Лхагвасүрэн нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС