| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/346 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг,
шинжээч А.Есөнтөмөр,
шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, Б.Чинбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрхүүд овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2410022551218 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1962 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Булган аймгийн ... тоотод оршин суух хаягтай,
- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тэнсэн суллагдсан,
- Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн магадлалаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Хүрхүүд овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын ... газраас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ... пост хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй 23.59м3 нарс модыг “...” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ... гэх газарт халиар түүхээр очсон. Гэтэл уулын аманд тайрч бэлдсэн тараагаад тавьсан олон тооны моднууд байсан. Өөрийн танил болох *******т “мод ачаад өгөөч” гэж хэлсэн. *******ийг ирэхээр нь хуучин ашиглаж байсан гарал үүслийн бичгээ хальт харуулсан. Моднуудаа ачаад Улаанбаатар руу гарахдаа тухайн газраа шаварт сууж 2 хоносон. Таван толгойн пост руу очоод цагдаагийн албан хаагчдад шууд баригдсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2410022551218 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/,
“******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22, 29-37 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дахь тал/,
“******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 201 дэх тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42-48 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77, 198 дахь тал/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Гэрч А.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2394 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 85-92 дахь тал/,
Шинжээч А.Есөнтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хос Стандарт” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24/723 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 99-113 дахь тал/,
Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 123 дахь тал/, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 129-138 дахь тал/, Орхон аймгийн сум дундын шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 140-143 дахь тал/, Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 146-150 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 158 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 165 дахь тал/, амбулаториорын эмчлүүлэгсдийн карт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******ад холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 724 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн ...сумаас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ... пост хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй 23.59м3 нарс модыг А.ын эзэмшлийн “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/,
“******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-22, 29-37 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: 23,59 м3 112 ширхэг нарс модыг эд мөрийн баримтаар тооцсон тухай /хавтаст хэргийн 38 дахь тал/,
“******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: гийн ын өмчлөлийнх гэх /хавтаст хэргийн 201 дэх тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42-48 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: Би Ж.******* гэх хүнийг ер нь зүс танина. Дээр үеэс хойш Өндөр Мөнхөө гэх нэртэй хүн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байдаг байсан. Ган нэг удаа уулзаж байсан. Би Ж.******* гэх хүнтэй дотно харилцаатай ах, дүү, төрөл садны холбоотой зүйл байхгүй. Би Д.******* гэх хүнийг танина, миний өөрийн ******* ОРО улсын дугаартай маркийн автомашиныг засвар үйлчилгээ хийж өгдөг. Би Д.******* гэх хүнтэй ах, дүү, төрөл садны холбоотой зүйл байхгүй. Д.******* миний маркийн тээврийн хэрэгслээр хөдөө орон нутаг явах ажил гарвал хөлсөөр тээвэр хийдэг. Би ******* ОРО улсын дугаартай маркийн автомашинаар мод тээвэрлэж явж байгаад саатуулагдсан гээд одоогоос хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас ярьж байна гээд ярих үед би мэдсэн. Ер нь урьд өмнө миний тээврийн хэрэгслээр мод модон материал тээвэрлэдэггүй байсан. Би өөрийн ******* ОРО улсын дугаартай маркийн автомашиныг 2021 оны 5 дугаар сарын үед 60 сая орчим төгрөгөөр худалдан авч байсан. Надад одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Миний санаж байгаагаар энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр намайг Орхон аймагт байж байхад Ж.******* өөрийнхөө дугаараас над руу залгаад Булган аймгийн ... яваад мод ачаад Улаанбаатар хот руу оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би модны гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэх талаар асуухад Ж.******* одоо гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах гэж байна тээврийн хэрэгслийн улсын дугаар, регистр овог нэрээ алдаагүй бичээд явуулаарай гэсний дагуу би өөрийнхөө дугаараас Ж.*******ын руу мессежээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, регистрийн дугаар зэргийг бичээд явуулсан. Маргааш буюу 5 дугаар сарын 29-ний үдээс хойш хүрээд ир гэсний дагуу Ж.*******тай Хялганат тосгонд уулзаж мод хураасан байгаа газарт очиход газрыг нэрийг нь сайн мэдэхүй байна уулын аманд тараах байдалтай гуалин хэлбэртэй 2 метр орчмоор тайрсан моднууд байхаар нь Ж.******* бид хоёр тухайн өдрөө миний авч явсан машинд ачаад хөдлөх гэтэл тухайн үед шаварт суугаад нөгөөдөр нь буюу 06 дугаар сарын 30-ны өдөр гаргаад Хялганат тосгонд Ж.******* гарал үүслийн гэрчилгээгээ хянуулна, намайг Орхон аймгаас гардаг 3 замын хяналтын постны орчим байж бай гээд түрүүлээд явсан. Удалгүй араас ирээд Ж.******* бүх юм болчихлоо шууд Улаанбаатар гаръя гээд шууд явсан. Тэгээд маргааш өглөө 06 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, таван толгойн пост орчим саатуулагдсан. Тухайн үед би мод ачих гэж очихдоо манай эхнэр Б. Улаанбаатар орж эмчид үзүүлэх шаардлагатай байсан учир эхнэрийгээ дагуулаад явж байсан. Тэгээд тухайн мод ачих газарт очиход Ж.******* болсон гээд нэг гарал үүслийн гэрчилгээ гээд нэг цаас үзүүлж байсан. Тэр цаасыг манай эхнэр Б. хажууд харж байсан. Тухайн үед Ж.******* мод ачаад Улаанбаатар явах замд ачиж явсан модыг банк болгоод өөрийн хүүхдэдээ хашаа барьж өгөх талаар ярьж байсан. Тухайн үед Ж.******* бид хоёр тэгээд манай эхнэр Б. хамт байсан. Тухайн моднуудыг Ж.******* бид хоёр ачсан. Тухайн үед миний жолоодож явсан ******* ОРО улсын дугаартай маркийн автомашин миний танил Орхон аймгийн харьяат Б.*******ий эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би автомашин засварладаг учраас Б.*******ий тээврийн хэрэгслийг засварлах ажлыг хийж өгдөг юм. Тэгээд зарим үед тээврийн хэрэгслийг гуйж Улаанбаатар хот руу хөлсөөр ачаа ачаад олсон ашгийг яг тэнцүү хувааж авдаг. Тэр өдөр Ж.******* над руу залгаад бичиг баримт бүрэн мод гэхээр нь очоод ачаад өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “******* *******, *******” маркийн ******* ОРО урьд нь ******* гэж хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан ба тээврийн ажилд би жолоочоор нь ажиллаж цалин мөнгө авдаг байсан. ******* нь танил гэдэг хүнд тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан. Намайг машинаа сайн унадаг гэж зуучилж өгсөн тул би уг тээврийн хэрэгслээ унаад гэдэг хүнд жолоочоор ажиллаж байна. ******* ОРО улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл одоо нь гэдэг хүний эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл. ******* хоёр танил хүмүүс тул хоорондоо машин тэргээ худалдан борлуулахдаа хэдэн төгрөгөөр ямар хэлбэрээр худалдан борлуулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Мөнгөө цувуулж өгсөн гэж дуулсан. Тээврийн хэрэгслийг би одоо унаад тээвэрт явж байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 198 дахь тал/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед миний бие өвдөөд Улаанбаатар хот руу явах гэж байсан чинь манай нөхөр хүний машинтай ачаа ачаад Улаанбаатар хот руу явна гэж хэлэхээр нь хамт явсан. Тэгээд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу явсан байх орой бүрэнхий болсон байхад нэг газар очоод мод ачаад байсан. Би нөхрөөсөө “ямар учиртай мод ачаад байгаа юм бэ, бичиг баримт байгаа юм уу” гээд асуусан чинь “байгаа, баттай бичиг баримттай” гээд нэг хүн рүү модны бичиг баримт дээр миний регистрийн дугаар хэрэгтэй гэнэ гэж хэлээд хүн рүү регистрийн дугаараа бичээд явуулж байх шиг байсан. Тэгээд тухайн үед мод ачуулж байхад нөгөө мод ачуулсан хүн нь манай нөхөрт бичиг үзүүлэхээр нь харсан чинь манай нөхрийн нэр усыг бичсэн байхаар нь бичиг баримттай юм байна гэж ойлгож байсан. Тэгээд Улаанбаатар хот руу ирээд саатуулагдсан. Тухайн үед мод тээвэрлэж явсан автомашин Эрдэнэтийн ...гээд дуудаад байдаг жинхэнэ нэрийг сайн мэдэхгүй байна, тэр хүний машин юм манай нөхөр зарим үед ачаа гарч ирэхээр машинаар нь хөдөө гадаа ачаа ачиж тээвэрлэдэг юм. Тухайн үед мод ачаад Улаанбаатар хот руу явж байхад машин дотор манай нөхөр би мод ачуулсан, ах бид гурав хамт ирсэн. Тэр хүнийг тэр өдөр л харсан бусдаар нэр усыг нь мэдэхгүй. Манай нөхөр Д.******* ер нь Улаанбаатар хот руу мод тээвэрлэдэггүй. Энд тэндхийн ачаа гарахаар л зөөж тээвэрлэдэг...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
Гэрч А.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би “******* *******, *******” ******* ОРО улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг хамаатны Б.******* гэх хүнээсээ 30,000,000 төгрөгөөр худалдан авна гэж 2024 оны 03 дугаар сард ярьж тохироод мөнгөө увуулж цувуулж өгсөөр 07 дугаар сард дуусгаж тээврийн хэрэгслийг худалдан авсан. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж нэрээ солиулж амжилгүй явсаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2024 оны 7 дугаар сараас одоо миний тээврийн хэрэгсэл болсон ба тухайн үед нэр дээрээ шилжүүлж авах гэтэл машинаар мод ачсан гээд журмын хашаанд саатуулагдсан байсан ба гаргаж аваад нэр дээрээ шилжүүлж амжилгүй явсаар уржигдар л нэр дээрээ шилжүүлж авлаа. Уг тээврийн хэрэгсэл одоо миний тээврийн хэрэгсэл. Одоо хөлсний жолооч ******* тээврийн хэрэгслээр ачаа ачаад явж байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2394 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжлэгдсэн мод нь Pinaceae Lindl-Нарсны овгийн Pinus silvestris L-Эгэл нарс болох нь тогтоогдов. Дээрх мод нь 112 ширхэг, 23.59м3 хэмжээтэй, дундаж чийг нь 9.02%-ийн чийгтэй байгаа тул хуурай мод байна. Уг шинжлэгдсэн модны үзлэг, хэмжилтээс үзэхэд хэрэглээний бөөрөнхий мод байна. Тус модны түүж бэлтгэх зөвшөөрөлтэй эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хураасан 23.59м3 модны нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 5,535,016.06x1,8=9,963,028.908 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 9,963,028.908 төгрөг х 3= 29,889,086.724төгрөг байна гэх /хавтаст хэргийн 85-92 дахь тал/,
Шинжээч А.Есөнтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Шинжлэгдсэн моднууд нь 70-178 настай мод байсан, амьдрах чадвартай эсэхийг нь тогтоох боломжгүй. Бүсчлэн тогтоодоггүй, ойн төлбөрийн 1-р, 2-р, 3-р гэсэн мужлал байдаг. Шинжлэгдсэн мод нь төлбөрийн 3-р мужлалд хамаарч байсан 3-р мужлалаар тооцсон. Дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгасан байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хос Стандарт” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24/723 дугаартай дүгнэлтэд: “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30.190.000 төгрөгөөр үнэлэв /хавтаст хэргийн 99-113 дахь тал/,
Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ... гэх нэртэй газарт халиар түүхээр очиход уулын аманд тайрч бэлдсэн улиас модууд байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ харчхаад орхиод гэр рүүгээ явсан. Ингээд 5 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 26-ны өдөр нөгөө улиас моднуудыг байгаа болов уу гээд очиж үзэхэд байж байсан. Тэгэхээр нь би танил ******* руу залгаад “Баянголын амнаас мод ачуулах гэсэн юм, хүрээд ирээч” гэж дуудаад гарал үүслийн бичгээ авчихсан байгаа гээд регистрийн дугаар, мод ачих машиных нь дугаарыг авсан. ******* тухайн газарт буюу Булган аймгийн Сэлэнгэ сум ...-р баг ... газарт 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр том оврын ******* 0Р0 улсын дугаартай цагаан өнгийн ******* маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн. *******ийг ирэхээр нь би хуучин ашиглаж байсан модны гарал үүслийн бичгийг хальт харуулаад явах замдаа хянуулна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 100 гаруй нарс мод ачаад хөдөлсөн ба тухайн газраа машин шаварт суугаад 2 хоносон. Ингээд 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн ба би гарал үүслийн бичгээ хянуулна гэж худлаа хэлээд Хялганат тосгон дээр бууж үлдсэн. Тэгээд гэрээрээ орчхоод цүнхтэй хувцсаа аваад хоол унд идчихээд *******ийн араас жижиг машинтай яваад Орхон аймгаас гардаг Эрдэнэт сумын пост дээр *******той уулзаж машинд суусан. Тэгэхэд ******* надаас гарал үүслээ хянуулсан уу? бичиг баримт бүрэн үү? гэхээр нь би гарал үүслийн бичгээ хянуулчихсан гээд худлаа хэлээд цааш хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд шөнөжин яваад маргааш нь буюу 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 13-р хороо Таван толгой пост дээр цагдаад баригдсан. ...Би өөрийн бага хүү ...хашаа барьж өгөх санаатай очиж авч тээвэрлэсэн. ...******* бид хоёр хамт байсан. Өөр хүн байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.******* нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Ж.******* нь 112 ширхэг, 23.59м3 хэмжээтэй нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүй гэдгийг мэдсээр байж, Д.*******т гарал үүслийн гэрчилгээтэй гэж итгүүлэн А.ын эзэмшлийн “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Ж.*******ын тээвэрлэж явсан 112 ширхэг 23.59м3 хэмжээтэй нарс модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Баянгол гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 112 ширхэг 23.59м3 хэмжээтэй нарс модыг А.ын эзэмшлийн “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон тээвэрлэж, улмаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван толгойн пост буюу “Асралт-13” пост дээр цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар саатуулагдсанаар дээрх гэмт хэрэг таслан зогсоогдсон байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.******* нь Pinaceae Lindl-Нарсны овгийн Pinus silvestris L-Эгэл 112 ширхэг 23.59м3 хэмжээтэй нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр А.ын эзэмшлийн “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, Б.Чинбат нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.******* нь урьд:
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тэнсэн суллагдсан,
- Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймгийн давж заалдах шатны шүүхийн оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон,
- Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Ж.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээр тогтоож,
“Байгаль орчныг хамгаалах тухай” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 9,963,028x3=29,889,086.724 төгрөг байна. Иймээс шүүгдэгчээс Ойн санд учирсан 29,889,086.724 төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн дансанд төлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 30,190,000 төгрөгийг улсын орлого болгох дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат, Г.Өсөхбаяр нараас Ж.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Гарал үүслийн гэрчилгээгүй байснаа хэлдэг. Ж.******* нь 64 настай тул нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах боломжгүй. Түүний эрүүл мэндийн байдлын хувьд 2019 оноос хойш сахартай болсон өвчтэй тул тухай бүр шинжилгээ өгч эмчийн хяналтад байдаг. Булган аймгийн төвөөс сард нэг удаа Улаанбаатар хот руу Нэгдүгээр эмнэлэгт химийн тарианд ордог. Булган аймгийн ...тосгон төвөөс 150 километр байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өндөр насны тэтгэвэрт байдаг 63 настай, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв .
Шүүгдэгч Ж.******* нь Булган аймгийн Хангал сум 4 дүгээр баг ...нарсны .тоотод оршин суух хаяг..тай тул түүнд шүүхээс оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяраас “Ж.******* нь модыг өөрөө тайрч бэлтгээгүй тул ойн санд хохирол учруулаагүй. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд зааснаар нөхөн төлбөр төлөх ёсгүй” гэж мэтгэлцсэн.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2394 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжлэгдсэн мод нь Pinaceae Lindl-Нарсны овгийн Pinus silvestris L-Эгэл нарс болох нь тогтоогдов. Дээрх мод нь 112 ширхэг, 23.59м3 хэмжээтэй, дундаж чийг нь 9.02%-ийн чийгтэй байгаа тул хуурай мод байна. ...Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хураасан 23.59м3 модны нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 5,535,016.06x1,8=9,963,028.908 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 9,963,028.908 төгрөг х 3=29,889,086.724 төгрөг /хавтаст хэргийн 85-92 дахь тал/-ийн хохирол учруулсан байна гэж дүгнэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан.
Иймд шүүгдэгч Ж.******* нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр 112 ширхэг, 23.59м3 хэмжээтэй нарс модыг хууль бусаар тээвэрлэсэн тул байгаль орчинд учруулсан хохиролд 29,889,086 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Хавтаст хэргээс шинжлэн судлахад:
Гэрч А.ын ...Би “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хамаатны Б.******* гэх хүнээс 30,000,000 төгрөгөөр худалдан авна гэж 2024 оны 03 дугаар сард ярьж тохироод мөнгөө увуулж цувуулж өгсөөр 07 дугаар сард дуусгаж тээврийн хэрэгслийг худалдан авсан. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж нэрээ солиулж амжилгүй явсаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2024 оны 7 дугаар сараас одоо миний тээврийн хэрэгсэл болсон ба тухайн үед нэр дээрээ шилжүүлж авах гэтэл машинаар мод ачсан гээд журмын хашаанд саатуулагдсан байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хос Стандарт” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24/723 дугаартай дүгнэлтээр ... “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30.190.000 төгрөгөөр үнэлэв /хавтаст хэргийн 99-113 дахь тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Шүүгдэгч Ж.******* нь 112 ширхэг, 23.59м3 хэмжээтэй, нарс модыг тээвэрлэхдээ А.ын эзэмшлийн “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан, мөн Хөрөнгийн үнэлгээний “Хос Стандарт” ХХК-ийн тайлангаар уг автомашины зах зээлийн үнэлгээг 30.190.000 төгрөгөөр тооцсон байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 30.190.000 төгрөгийг шүүгдэгч Ж.*******аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 23.59м3 хэмжээтэй 112 ширхэг нарс модыг Байгаль орчин, уур амьсгалын санд хэрэгцээний зохих журмын дагуу шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хүрхүүд овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Ж.*******ад оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.*******ад мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 112 ширхэг 23.59м3 хэмжээтэй нарс модыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******аас 29,889,086 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******аас “******* *******, *******” маркийн ******* ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 30,190,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР