Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 478

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00158 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Я-ад холбогдох

 

Зээлийн төлбөр 40 000 ам.доллар, алданги 20 000 ам.доллар, нийт 60 000 ам.доллар буюу Монгол банкны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар 155 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                          Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.А- миний бие 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Я-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хамаатан садны хүмүүс учраас зээлийн хүү тохирохгүйгээр 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 9 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл өгнө гэсээр байгаад өгөхгүй өдий хүрчихлээ. Гэвч иргэн Б.Я- нь гэрээний үүргээ үл биелүүлж өдийг хүртэл зээлээ төлөөгүй тул зээлийн төлбөр 40 000 ам.доллар, мөн гэрээнд зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 20 000 ам.доллар, нийт 60 000 ам.доллар буюу Монгол банкны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн албан ханш /1 ам.долларт 2 590 төгрөг/ ханшаар 155 400 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 40 000 ам.доллар өгч, зээлийн гэрээ байгуулсан. Алданги нь нилээн их гарсан. Гэхдээ зээлийн үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх алдангийг тооцож бичсэн байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.Я- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие анх Б.А-аас 17 000 ам.доллар зээлсэн ба удаасан хугацаандаа уучлалт гуйж анхны авсан 17 000 ам.долларыг 40 000 ам.доллар болгож өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн. 40 000 ам.доллар нэхэмжилж байгаа учир нь энэ юм. Миний бие тухайн мөнгийг өгч чадахгүй удааж байгаа нөхцөл гэвэл миний эзэмшлийн компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ба 2015 онд үйлдвэрлэлийн осол гарч тухайн ослоор 1 хүн нас барж, 1 хүн хүнд бэртсэн. Тухайн осол гаргасан компанийн захирлын хувьд уг ослын улмаас гарсан хохирол төлбөрийг барагдуулах болон нас барсан иргэний ар гэрт орон сууц болон санхүүгийн тусламж үзүүлэх зэрэг амьдралд тохиолдох хүндрэлүүд болон санхүү мөнгөний боломжгүйн улмаас тухайн мөнгийг төлж чадахгүй удааж байгаа билээ. Мөн миний бие тухайн осолд хариуцагчаар татагдан гурван жилийн тэнсэн харгалзах ял болон үйл ажиллагаа эрхлэх эрхээ 3 жилээр хасуулсан тул тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй өнөө маргаашийг аргацаасан байдалтай амьдарч байгаа. Энэхүү амьдралд тохиолдсон хүндрэлүүд нь миний амьдрал учраас хамаатан болон бусад хүмүүст энэ талаар ярих нь зохимжгүй санагддаг тул миний бие энэ байдлаа Б.А-т үргэлж ярихаас санаа зовсон тул Б.А-тай холбогдолгүй удсан. Би тухайн мөнгийг боломж бололцоо гарангуут өгнө гэж бодож явдаг. Хэрхэн шийдэхээ шүүх мэдтүгэй. Миний хувьд Б.А-аас уучлалт хүсэхээс өөр зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Б.Я-аас 44 030 000төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111 370 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 934 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Я-аас 378 099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А- давж заалдах гомдолдоо:

            ... Анхан шатны шүүх нь зөвхөн хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн “17 000 ам.долларыг авсан бусад нь зээлийн төлбөрийг удаасны хариу болгож, 40 000 ам.доллар нэхсэн байх” гэх тайлбарыг үндэслэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч нь энэхүү тайлбарынхаа үндэслэлийг нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд татгалзлаа нотлоогүй. Анхан шатны шүүх хариуцагчийн нотлоогүй тайлбар дээр үндэслэж, Сүхбаатар дүүргийн 323 дугаар нотариатчаар баталгаажуулсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, хариуцагчийн хариу тайлбар дээр дурдсан 17 000 ам.долларыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь өөрөө ийнхүү нотариатчийн өмнө сайн дураараа хүлээн зөвшөөрч, дарамт шахалтгүй гэдгээ илэрхийлж хийсэн үйлдлийг ямар ч баримтгүйгээр ийнхүү хүчингүй болгож буй нь үндэслэлгүй. Мөн хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 232 дугаар нотариатчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотойгоор маргаагүй, нотариатчийн үйлдлийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй атал зөвхөн түүний тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрвээ хариуцагч би цувуулж байгаад нэхэмжлэгчээс 23 000 ам.доллар л авсан гэж тайлбараа өгсөн байсан бол өнөөдөр 17 000 ам.долларыг хангах биш, 23 000 ам.долларыг хангах байсан юм уу, ийнхүү хариуцагчийн зөвшөөрсөн баталгаагүй хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй нь шийдвэр хэр үндэслэл бүхий билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.А- хариуцагч Б.Я-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 000 ам.доллар, алдангид 20 000 ам.доллар нийт 60 000 ам.доллар буюу 155 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч 17 000 ам.доллар зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч, 40 000 ам.доллар аваагүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Талууд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, уг зээл нь хүүгүй байх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх3/

 

            Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хэлцэл хийсэнд тооцно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Нэхэмжлэгч хариуцагчид 40 000 ам.долларыг зээлүүлсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч уг мөнгийг бодитоор хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 17 000 ам.доллар буюу 44 030 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин шүүх нэхэмжлэгч Б.А- хариуцагч Б.Я-аас зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн хариуцлага болох алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна гэж үзлээ. Учир нь, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан бөгөөд талууд хожим 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан болохоо хэн аль нь үгүйсгээгүй, бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Б.Я- 17 000 ам.доллар буюу 44 030 000 төгрөгийн үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцон гаргуулж, уг алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, үндсэн зээлийн 44 030 000 төгрөг, 22 015 000 төгрөгийн алдангийн хамт нийт 66 062 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00158 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Б.Я-аас 66 062 340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89 337 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 378 099 төгрөг”  гэснийг “ ...488 261 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

 

      Ц.ИЧИНХОРЛОО