2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/391

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтөлж,

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2408003971722 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Увс аймаг, ..тоотод оршин суух хаягтай, 

- Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалаар 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон, Зуутраг овгийн *******ийн ******* /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “*******” караокены үүдэнд хохирогч Э.*******тай “Зайлаач гичий минь” гэж маргалдаж улмаар нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Нэг. Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хамт бүжиглэж байсан найз нь намайг чирч гулдаад хоолойноос боосон. Нүүр, ам маажаад байсан болохоор хамт гадаа гарсан. Тамхи татаад зогсож байтал нүүр, ам маажаад байхаар нь цохичихсон...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2408003971722 дугаартай хэргээс:   

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүгдэгч С.*******, хохирогч Э.******* нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Хохирогч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 66 дахь тал/, 

Гэрч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20дахь тал/,

Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1059 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Хохирогч Э.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон маягт /хавтаст хэргийн 69 дэх тал/, 

Шүүгдэгч С.******* нь эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 52-54 дэх тал/ зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч С.*******, хохирогч Э.******* нарын хэн аль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “*******” караокегоор үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ тус караокены гадаа хохирогч Э.*******г хэл амаар доромжилж маргалдаж улмаар хохирогчийг түлхэж, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүгдэгч С.*******, хохирогч Э.******* нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Хохирогч Э.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз *******гийн хамт 23 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* караокед орж пиво уусан. Караокеноос тамхи татахаар гарахдаа үл таних залуутай маргалдаж улмаар тус караокены зэргэлдээ байх ТҮЦ-ний урд очсон. Гэтэл тухайн үл таних залуу миний зүүн нүд рүү цохих шиг болсон. Би тухайн цохисон гэх залууг сайн харж чадаагүй. Учир нь миний нүдэнд оч үсрэх шиг болсон. Тэгэхээр нь шууд цагдаа дуудсан ба цагдаа нар ойролцоогоор 10 минутын дараа ирсэн. Тэгээд бид нар Цагдаагийн хэлтэст очсон. ******* караокены гадна маргаан үүсгэсэн залуу намайг гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Би цохиулсныхаа дараа ГГСҮТ-д үзүүлсэн ба түүний дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн.

2024 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо ******* караокед тооцоо хийх гээд текны хажууд зогсож байхад үл таних залуу “зайл гичий минь” гэж хэлэхээр маргалдаад караокены гадаа гарахад гараараа миний зүүн нүд рүү 1 удаа хүчтэй цохисон. Тухайн үед намайг цохисон залууг цагдаа нар ирж аваад эрүүлжүүлэх байранд хийхэд С.******* гэж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 66 дахь тал/, 

Гэрч О.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө ******* чиглэлийн авто эргүүлд 19, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс болон 102-ын тусгай дугаарт ирүүлсэн дуудлага мэдээллийг шалгаж 24 цагаар цагдаа жолооч, дэд ахлагч Ш.*******ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. 

2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 03 цаг 18 минутад 91892626 дугаараас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ******* караокед нэг залуу нүд рүү цохичихлоо гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад дуудлага өгсөн гэх эмэгтэйгийн зүүн нүд нь улайж хавдсан, уйлсан байдалтай өөрийгөө Э.******* гэж хэлээд намайг цохисон хүн караокены гадаа зогсож байна гэж зааж өгөхөөр нь би тухайн хүний бичиг баримтыг шалгаад дараа нь цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирээд саатуулах байрны хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл хийгээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд С.******* гэгчийг хүлээлгэн өгч ажилласан....гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би найз Э.*******гийн хамт 2024 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байдаг ******* нэртэй караокед орсон. Тухайн үед караокед пиво, архи ууж дуулж байгаад шөнийн 03 цагийн үед манай найз Э.******* караокед байхгүй байхаар нь би найз Э.*******г хайгаад караокеноос гарсан чинь караокены гадаа Э.******* “намайг нүд рүү цохичихлоо” гээд орилоод байж байсан. Тэгэхээр нь би “хэн чамайг яагаад цохисон юм бэ?” гэж асуусан чинь тухайн үед ойролцоо зогсож байсан үл таних залууг заагаад хэлэхээр нь би тухайн залуу дээр очоод “яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ?” гэж хэлээд маргалдаж байхад 102 дугаарт найз Э.******* дуудлага өгөөд тухайн залууг бариулсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1059 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Хохирогч Э.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон маягт /хавтаст хэргийн 69 дэх тал/, 

Шүүгдэгч С.******* нь эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* нийтийн караокед 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө ганцаараа орсон юм. Тухайн үед би караокед бүжиглэж байсан чинь найз нь гэх эмэгтэй ирээд намайг татаад найз эмэгтэйгээсээ холдуулсан юм. Тэгэхээр нь намайг татсан эмэгтэйг “чи яагаад намайг татаад байгаа юм” гэж хэлээд маргалдсан чинь над руу дайраад надтай зууралдаад авсан. Тухайн надтай маргалдсан эмэгтэйтэй хамт явж байсан найз нь салгасан. Тухайн үед надтай маргалдсан үл таних эмэгтэйгийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд авч яваад эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Би Э.*******г таньж мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, өмнө 2-3 удаа бааранд харж байсан. ...Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* караокены гадаа Э.*******гийн нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа зүүн нүд рүү цохиж эдгээр гэмтлийг учруулсан. ...Би хувиараа барилын ажил хийж байна. Миний сарын орлого ажил хийснээрээ орлого олдог...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1163 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж  баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. 

 

Шүүгдэгч С.*******, хохирогч Э.******* нарын хэн аль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах ******* караокегоор үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ тус караокены гадаа хохирогч Э.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хэл амаар доромжилж маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Шүүгдэгч С.******* нь хохирогч Э.*******гийн нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч С.******* нь хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. 

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

             2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.******* нь урьд:

- Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалаар 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,


 

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно. 

 

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр согтуурсан /3,05 хувийн согтолттой/ үедээ гэмт хэрэг үйлдсэн, тэрээр урьд нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал, барилгын ажил эрхэлж орлого олдог гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .

 

Шүүгдэгч С.******* нь хувиараа барилгын ажил хийдэг гэх ба түүний орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.      

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар: 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******гийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1059 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамрын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон. 

Хохирогч Э.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 66 дахь тал/ байх тул шүүгдэгч С.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******д дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 120,000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн 2408003971722 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоосон мөрдөгчийн тогтоол байхгүй, мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийг томилсон шийдвэр тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй тул  хэлэлцэхгүй орхисон болно.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч Э.*******д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 120,000 төгрөгийн зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Харин хохирогч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                              ТОГТООХ нь:

1 Зуутраг овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  С.*******д мэдэгдсүгэй.      

 

4. Хохирогч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч Э.*******д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 120,000 төгрөгийн зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   




 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОДБАЯР