2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар             2025/ШЦТ/392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтөлж,

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:        

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2408016250906 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн. 2002 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Баянгол дүүргийн ..... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт *******гийн ******* /РД:.../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2024 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Б.*******ыг өөрийн найзтайгаа хардаж зодсоны улмаас хохирогчийн биед “баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт”  бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.   

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 9 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед ажлаа тарахад *******, ******* нар тосч авсан. Манай гэрт очоод бид гурав архи уусны дараа найз нь намайг оролдож эхэлсэн. ******* намайг оролдоод байхаар блокон дээр гарч үсрэх гэсэн боловч чадаагүй,  эргэж орсны дараах үйл явдлыг санахгүй байгаа. Дунд нь санаж байгаа зүйл *******д цохиулж байсан, цагдаа нар ирж авч явсныг санаж байна. ...Одоо миний биеийн байдал хэвийн. Сэтгэл санааны хувьд хэцүү байгаа тул сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Харин эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2408016250906 дугаартай хэргээс:   

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13, 15, 133 дахь тал/,

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5630 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1714 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар  зэрэглэлд тогтоосон ба хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Хохирогч Б.*******ын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээний баримт /хавтаст хэргийн 75 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71, 152 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/, гэрч О.Мөнхтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 754а дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт. 

 

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ... гэртээ хамтран амьдрагч Б.*******, найз Б.******* нийлж согтуурсан байх бөгөөд хохирогч Б.*******ыг согтуурсан үедээ биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж өөрийн найз Б.*******тэй хардан зодож эрүүл мэндэд нь “баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 4 дүгээр сарын 23-нд ДЦС-2 зааланд тоглож байгаад 21 цаг 35 минутад заалнаас гараад замаараа өөрийн ажлын хүнийг гэрт нь дөхүүлж өгөөд Сонгинохайрхан дүүргийн .... байрны гадаа ирэхэд манай нөхөр ******* найз *******гийн хамт миний урдаас гарч ирээд “хамт АТМ очъё” гээд би хэд ... хорооллын АТМ-д мөнгө хийгээд буцаад манай гэрт ирээд манай нөхөр архи уух санаа гаргаад ******* дэлгүүр орж 0,75 ногоон X нэртэй архи авч ирээд бид хэд хамтдаа ууж дуусаад манай нөхөр дэлгүүр яваад дахин 0,75 литрийн нэг шил ногоон X нэртэй архи авч ирээд бид хэд ууж байгаад манай нөхөр 00 ороод ирье гээд явсан. Тэр үед манай нөхрийн найз ******* миний хажууд ирж суугаад миний левчикны дотуур гараа хийсэн. Би *******г цаашаа түлхээд “би танай найзын эхнэр, чи ингэж болохгүй” гэж хэлсэн чинь над руу дайрсан. Хэсэг хугацаанд юу болсон талаар би санахгүй байна. Нэг ухаан орсон чинь манай нөхөр ******* миний дээр гарсан миний нүүр хэсэгт гараараа цохиод байсан. Тухайн үед би өмдтэй байсан. Тэгээд би нөхрөөсөө зугтаад том өрөөний ширээн доогуур ороход ******* *******ыг цааш болгоод удаагүй цагдаа ороод ирсэн. Манай нөхөр намайг яагаад зодоод байсныг  мэдэхгүй байна, миний нүүр хэсэгт гараараа цохиод байсан. Миний нүүр  хавдсан, хоёр гарын сарвуу хэсгээр хавдсан өвдөөд байна. Манай нөхөр намайг гараараа цохисон. ...Тухайн үед ******* нь миний хөх рүү гараа хийсэн бөгөөд би тухайн үед болиоч, би найзын чинь эхнэр ш дээ гэж хэлээд босоод явсан. Тэрнээс өөр ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн асуудал байхгүй бөгөөд тухайн үед бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. ...Тухайн үед миний биед учруулсан гэмтэл шархыг манай хамтран амьдрагч ******* учруулсан. Тэрээр миний дээр гарч суугаад гараараа миний нүүр рүү цохиод байсан, би хэдэн удаа цохисныг санахгүй байна. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дахин шинжээч томилуулахгүй. Миний баруун болон зүүн талын чих зүгээр сонсогдож байгаа бөгөөд хааяа миний зүүн талын чих бүдэг сонсогдоод байдаг. ...Хэрэг гарснаас хойш чихэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй бөгөөд эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгэ аваагүй, би эмнэлэгт огт үзүүлээгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13, 15, 133 дахь тал/,

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би он сар өдрийг нь сайн санахгүй байна, би найз *******тай хамт ажил хийх гээд найз *******гийн хамт *******ын гэрт очсон. Би гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд *******ын гэрт нь очиход ******* эхнэрийнхээ хамт байсан бөгөөд *******, эхнэр болох *******, манай найз ******* бид 4 юм ярьж сууж байгаад унтаж амрахаар болоод манай найз ******* бид 2 том өрөөнд, харин ******* ******* 2 унтлагынхаа өрөөнд унтсан. Маргааш өглөө нь ******* ажилдаа явлаа гээд яваад өгсөн. Манай найз *******, ******* бид 3 байж байгаад манай найз ******* гэртээ харилаа гээд яваад өгсөн. ******* орой 22 цагийн үед ажлаасаа ирсэн. Бид 3 юм ярьж сууж байгаад гэрийн ойролцоох дэлгүүр орж 0.75 граммын нийт 5 шил архи авч *******ын гэрт хувааж уусан. Тухайн үед бид 3 нэлээн согтчихсон. ******* гар утсаа цэнэглэнэ гээд жижиг өрөө рүүгээ явсан. ******* том өрөөний буйдан дээр хэвтээд өгөхөөр нь би гал тогооны өрөө рүү орчхоод буцаад нойл орох гээд нойлын өрөө рүү явж байхад *******тай таарсан. ******* том өрөө рүү ороод *******тай маргалдаад байхаар нь би том өрөө рүү орсон чинь ******* *******ын нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа алгадсан. Би салгах гээд *******ын араас татсан чинь ******* эргэж хараад миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Би гэрээс нь гараад явчихсан. Би тухайн үед ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй, мөн *******тай хэрэлдэж маргалдаж, бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 48-58 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай маргалдан иргэн Б.******* биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 24-өөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 194.762 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Д.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5630 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Б.*******ын үтрээний наалдац, арчдаст эр бэлгийн эс илрээгүй байна. Бэлэг эрхтэн, хошногонд гэмтэл тогтоогдсонгүй. Б.******* нь ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдваргүй байна. Б.*******ын баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: ...Б.*******ын биед учирсан гэмтлүүдээс баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь нийлээд  хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 137 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1714 дугаартай дүгнэлтэд: ...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн дотоож шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн дотоожинд үүссэн 10мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн дотоожинд үүссэн ханзралтыг цаг хугацааны хувьд хэзээ үүссэн болохыг мөр судлалын шинжилгээгээр тогтоохгүй гэх /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар  зэрэглэлд тогтоосон ба хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Хохирогч Б.*******ын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээний баримт /хавтаст хэргийн 75 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би *******, Баттулга, ******* гэдэг 3 найзынхаа хамт граш түрээсэлж автомашины тоноглол хийхээр тохиролцож байсан. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө ******* манайд ирсэн. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн орчимд манай эхнэр, ******* бид гурав манайд нийт 3 шил архи хувааж ууцгаасан. Би шөнө 03 цагийн орчимд гэрийнхээ тагтан дээр гарч тамхи татчихаад жижиг өрөөндөө ороод гар утсаа цэнэглэнгээ утсаар оролдоод хэвтэж байсан чинь ******* манай эхнэрийн дээр гараад хэвтчихсэн, манай эхнэртэй бэлгийн харьцаанд орж байсан. ******* намайг харангуутаа хувцсаа өмсөхгүй дотуур өмдтэйгөө гараад зугтаачихсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ “чи ядаж охиноо бодож болсонгүй юу” гээд асуусан чинь “танай найз чинь намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71, 152 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Б.******* нь Б.*******тэй бэлгийн харилцаанд орсон байсан. Үүнийг мэдэхэд Б.******* нь намайг хүчиндсэн гэж хэлсэн. Гэтэл хажуу өрөөнд байсан надад хэлээгүй, намайг дуудаагүй. Б.******* худал хэлсэн тул түүнийг цохисон” гэж маргасан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.*******гийн мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5630 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1714 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар “Б.*******, ******* нар нь бэлгийн харьцаанд орсон” гэх үндэслэл нь няцаагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

“Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. 

          Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаас дүгнэхэд: Хохирогч Б.******* нь согтуурсны улмаас болж буй үйл явдалд дүгнэлт өгөх чадваргүй, шүүгдэгч Д.*******ыг өөрт нь халдан зодоход өөрийгөө хамгаалах чадваргүй байжээ. Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ыг өөрийгөө хамгаалах чадваргүй согтуурсан байхад найз Б.*******тэй хардан зодож, эрүүл мэндэд нь “баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Д.*******ын хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 83 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Д.******* нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьдаас төлөвлөж гэмт хэрэг үйлдсэн баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан нь шүүх заавал хэрэглэвэл зохих, үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох юм. 

Гэхдээ шүүгдэгч Д.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд “...баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан гэмт хэргийн шинж, хор уршгийг харгалзан өмгөөлөгч А.Очбадралын шүүх хуралдаанд гаргасан “Д.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёс болоод гэм буруугийн зарчимд нийцсэн, дээр дурдсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр “...” ХК-нд жолоочоор ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар: 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Энэ гэмт хэргийн улмаас:

а/ хохирогч Б.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5630 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл /хавтаст хэргийн 24-26 дахь тал/ тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй боловч тэрээр 194.762 төгрөгийн  Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан үйлчилгээ авсан талаарх баримт /хавтаст хэргийн 75 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Д.*******аас 194.762 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

б/ хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар  зэрэглэлд тогтоосон ба хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 40 дэх тал/ авагдсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг гаргасан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 

Иймд хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Боржигин овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.      

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 194,762 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

5. Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   




 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОДБАЯР