| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0168/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/393 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдин овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2403007201018 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, GS сүлжээ дэлгүүр хариуцсан менежер гэх, ам бүл 5, аав ээж, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Дамдин овогт *******ын ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа захын урд замд, ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй 5 настай У.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим Буянт-Ухаа хорооллын урд замаар хурд багатай явж байсан. Тухайн газарт халуун усны газар байдаг тул үүний хажуугаар явж байгаад гэнэт хүүхэд гарч ирэхэд зогсоох арга хэмжээ авсан боловч жолооч талынхаа кралонаар очиж мөргөсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байхад “*******ийг машинд мөргүүлсэн” гэсэн. Би 17 цагийн үед ачийгаа цэцэрлэгээс нь аваад дагуулаад очиход халуун усны газрын урд хүүхэд мөргүүлсэн байсан. Хүүгийн биеийн байдал маш хүнд байсан. Тухайн үед цэцэрлэг, сургууль тарж байсан, ослын газар олон хүн бужигнаж байсан. У.*******ийн биеийн байдлын хувьд маш хүнд, сэтгэл санааны хүнд дарамтад орсон байдалтай, эцэж турсан, бүтэн хоёр сарын турш дөнгөтэй мэт битүү гипстэй хэвтрийн дэглэм барьж байгаа. 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд эмнэлгээр явж хагалгаанд орсон. Өнөөдрийн байдлаар Яармагийн эмнэлгийн Гэмтлийн тасагт хяналтад байгаа. Өдөр болгон боолтоо солиулах шаардлагатай, удаа дараа хяналтын зураг авхуулсан. Хүүхэд шөнө болгон уйлдаг. Хүүхдийн эцэг, эх нь сонсголын бэрхшээлтэй тул хүүхдээ уйлахыг сонсдоггүй тул би асарсан. Осол болох үед У.*******тэй хамт явж байсан эгч нь хүртэл тээврийн хэрэгслээс айдаг айдастай болсон. Мөн хүү маань тоглоомон машинаас хүртэл айх жишээний л байна. У.******* энэ жил 1 дүгээр ангид элсэж ороод дөнгөж 4 хоног яваад энэ осолд орсноос хичээл, сургуульдаа явж чадахгүй байна. Гомдолтой байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2403007201018 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/, түүний нас тоолсон баримт /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд өвчний түүх /хавтаст хэргийн 17-32 дахь тал/, хөлийн рентгений гэрэл зураг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Насанд хүрээгүй гэрч У.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №12017 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,
Техникийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд /хавтаст хэргийн 87, 106-110 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 14 дэх тал/, дээрх төлбөрийг бүрэн төлсөн талаарх баримт
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 125-126 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 127 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 128 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 129, 134 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дахь тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 131-133 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 978 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг 07 минутын орчимд, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа захын урд замд “” ББСБ ХХК-ийн эзэмшлийн “******* *******” маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй 5 настай, У.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн өдөр төрсөн эгч болох У.*******о хамт явж байсан. Төрсөн эгч *******о нь 11 настай хүүхэд байгаа юм. Ослын талаар тухайн өдрийн 18 цагийн орчимд мэдсэн. У.*******ийн баруун талын чөмөг яс ташуу хугарал, зүүн талын хөлийн шилбэ хэсэг хугарал, хөлийн хэсэг шалбаралт ихтэй. Хамраас нь цус гараад байгаа. Тархи толгой дээр гэмтэл байгаа болов уу гэж санаа зовж байна. Тархины томографийн шинжилгээ авсан. У.******* нь эрүүл мэндийн хувьд зовиур ихтэй, шөнө уйлна, өвчин намдаах эм лаагаар аргалж байна. Одоогоор тодорхой эмнэлгийн баримт гаргасан зүйл алга байна. Цаашид хохирол баримт гаргаж өгнө. Эм тариа бичиж өгсөн. Нөгөө жолооч нь авч өгсөн. Эмээ уугаад байж байгаа. Эрүүл мэндийн хохирол сэтгэл санааны хохирол хуулийн дагуу хохирол нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/, түүний нас тоолсон баримт /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №12017 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: У.Түвшинтөрийн биед баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
Техникийн шинжээч Н.Мөнхзул, Д.Бадрах, Г.Удвал нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08/25 дугаартай дүгнэлтэд: ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины жолооч Э.******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 6 настай У.*******ийн асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “а”-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд ... 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх ... үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн газрын схем зураг, явган зорчигчийг мөргөсний дараах автомашины байрлал зэргээс харахад ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины жолооч нь зогсоох арга хэмжээ авсан байна. Харин явган зорчигчийг мөргөхгүйгээр амжиж зогсох хангалттай хугацаа байхгүй байсан гэж үзэж байна. ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины Авто тээврийн үндэсний төвийн шинжээчдийн гаргасан техникийн оношилгооны дүгнэлтэд буфер дээр зурагдсан, урд оврын гэрэл улаан өнгөтэй, улсын дугаарын гэрэл асахгүй, экологийн үзүүлэлт тэнцэхгүй гэж авагджээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Гэм бурууг шүүх тогтооно. Харин 6 настай У.*******ийн асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна гэх /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
Техникийн шинжээч Т.Түвшинбаатар, Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46/70, 24/341 дугаартай дүгнэлтэд: Хэргийн материалтай танилцахад ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” мөн дотор мөн адил мөрдөнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч У.*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины жолоочийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийг зогсоох, тосон хариулах болон ур чадварт шинжээч нарын тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд хариулах боломжгүй байна. ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины Авто тээврийн үндэсний төвийн шинжээчдийн гаргасан техникийн оношилгооны дүгнэлттэй танилцахад осол гарахад нөлөөлсөн шалтгаан гэх хүчин зүйл тусгагдаагүй байна.
******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашинаас үүссэн гэх 1.6 метр урттай тоормосны мөрөөр уг авто машины хурдыг тодорхойлвол 16км/цаг гарч байна.
Уг зам тээврийн осол гарсан гэх зам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасан “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө; мөн дүрмийн 1.2.44-т заасан “хороолол” гэж орон сууц буюу гэр хорооллын доторх зорчих хэсгийг хамруулж, 5.23 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэрийг; гэж заасантай тус тус нийцэж байх тул “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр”, “Хороолол” гэсэн төрөлд хамаарна гэж үзэж байна.
Тухайн зам дээр тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км” гэж заасныг баримтална. Жолооч хурдаа тохируулан явна гэх агуулгад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг хамааруулан ойлгоно. Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол удирдлага болгон зорчино. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгсэл, хүүхэд хоёрын явж байсан гэх чигт 1.19 буюу “Хүүхэд” гэсэн тэмдэг байхгүй байна. Хэргийн газрын үзлэг, тэмдэглэлээс үзэхэд ******* УАЕ улсын дугаартай авто машины жолооч нь саадыг тойрон гарах гэж эсрэг урсгалд орсон байх үндэслэлтэй байх бөгөөд энэ үйлдлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасны дагуу зөвшөөрсөн.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх” гэж зааснаас бусад тохиолдолд жолооч осол болсон газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг хориглоно гэх /хавтаст хэргийн 106-110 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд өвчний түүх /хавтаст хэргийн 17-32 дахь тал/, хөлийн рентгений гэрэл зураг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн өдөр 10 минутын дотор над руу залгаж ярьсан. ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51, 54 дэх тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанд: ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ ББСБ ХХК-ийн эзэмшлийнх гэх /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ын ******* нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 4,053,401 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх байх тул холбогдогч Э.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд 4,053,401 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд: 4,053,401 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх /хавтаст хэргийн 14 дэх тал/, дээрх төлбөрийг бүрэн төлсөн талаарх баримт
Насанд хүрээгүй гэрч У.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Эхлээд бид хоёр замын нөгөө талд гарсан. Тэгээд би дүүтэйгээ буцаад зам гарсан чинь дүү ард хоцорсон байсан. Би эргээд хартал манай дүү тэр машины урд хэсгээрээ мөргүүлээд газарт уначихсан. Би энэ талаар ярихаар айгаад байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд хашаанаасаа гараад булан тойроод эргэтэл хүүхэд мөргөөд унагаачихсан байсан. Би гүйж очоод “яасан бэ” гэсэн чинь “манай дүүг мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би жолоочтой уулзаад машинаас буулгаад ярьсан. Тэр жолооч зохицоод явчихъя гээд байсан. Тэгэхээр нь би буулгаад түргэн тусламж дуудсан. Тэгээд тэр залуу аав руугаа залгаад “ааваа, би хүүхэд дайрчихлаа” гэж хэлсэн. Удалгүй хүүхдийн аав, ээж, дүү нарыг ирэхээр нь би явсан. ...Мөргөж байхыг нь хараагүй. Осол болох үед нь гүйж очсон. Баруун талын урд хэсгийн гупер түгжээнээс мултраад унасан байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 326 дугаартай дүгнэлтэд: ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Урд буфер баруун талдаа 20см орчим зурагдсан, хойд буфер зүүн талдаа 20х20см орчим хагарч цуурсан, урд подфарын /оврын/ гэрэл улаан өнгөтэй, улсын дугаарын 1 гэрэл асахгүй, экологийн үзүүлэлт буюу утааны үзүүлэлтүүд тэнцэхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй байна. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,92кН баруун талдаа 3,21 кН, зөрүү нь 9% (стандарт <20%) хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,50кН, баруун талдаа 2,15кН, зөрүү нь 14%(стандарт <30%) стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022, 2023, 2024 онд оношилгоонд орж тус тус тэнцсэн байна. Оношилгооны хугацаа 2025 оны 3-р сарын 26-д дуусна гэх /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд ертөнцийн зүгээр баруун чиглэлтэй гэр рүү явж байсан. Тэгээд Буянт-Ухаа захын туслах зам руу эргэсэн тэгээд нэг приус яваад зогсоод жолооч нь машинаасаа буусан. Би зүүн гар талаар нь дарж гараад яг тэр приус харалдаа орж иртэл хүүхэд гүйгээд гарч ирээд миний машины баруун урд талын кралон хэсгээр мөргөөд унасан. Хоёр жаахан хүүхэдтэй хамт 3-лаа явж байсан. Тухайн хүүхэд ганцаараа гүйсэн. Хоёр эгч нь түрүүлээд замын эсрэг талд гарсан байсан. Ослын улмаас явган зорчигчийн шилбэ нь хугарсан, дунд чөмөгний яс хугарсан гэсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд
Улсын яллагчаас: шүүгдэгч Э.*******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 1,007,400 төгрөгийг, Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлж 13,200,000 төгрөгийг тус тус олгуулах, мөн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,530,401 төгрөгийг гаргуулж олгох дүгнэлт гаргасан.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Борхүүгээс: Шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлттэй холбоотой тайлбар байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хүүхдэд асаргаа сувилгаа, нэмэлт хоол тэжээл гэх мэт олон зүйлс шаардлагатай боловч эдгээрийг эцэг, эхийн зүгээс нэхэмжлээгүй. Иймд зайлшгүй гаргасан шатахууны зардлыг шүүхээс хангаж шийдвэрлэж өгнө үү. Насанд хүрээгүй хохирогч нь бага насны хүүхэд тул сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрөөс шүүгдэгчийг чөлөөлөх үндэслэлгүй гэсэн саналыг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ээс: Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Хүүхдийн цаашдын өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байна. Эрүүл саруул болох баталгаа байхгүй байна. Эмчилгээ сувилгаа гээд бүх холбогдох байгууллагуудаар цаашид явна. Үүнтэй уялдсан зардлыг төлөхөө илэрхийлсэн тул төлөөсэй гэж бодож байна гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъянаас: Эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, асран хамгаалагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас уг гэмт хэрэг гарсан. Шүүхээс хэрхэн яаж шийдвэрлэхээс хамаарч хохирол төлбөртэй холбоотой нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж барагдуулна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн гэм буруутай үйлдэл байх тул хохирлын хэмжээг багасгах эрх хэмжээний асуудал нь шүүхэд бий. Иймд шүүгдэгч Э.*******ыг сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрөөс чөлөөлөх, эсхүл хохирлын хэмжээг багасгаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Э.*******ын хөгжлийн бэрхшээлтэй байдлыг харгалзан үзнэ үү гэсэн саналыг, тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Э.*******ын эцэг Г.******* нь “ ББСБ” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 191080120023 тоот зээлийн гэрээ байгуулж, зээл авахдаа зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэл хангуулахаар ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан ба тус барьцааны гэрээ нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусаж, “ ББСБ” ХХК-нд өр зээлийн үлдэгдэлгүй болсон талаарх 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1924-0154 тоот албан бичиг /хавтаст хэргийн 48 дахь тал/ авагдсан хэдий ч Г.******* нь ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байна.
Хохирогч У.******* нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд 6 нас 7 сар 27 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 37 дахь тал/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны орой 20 цаг 07 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа захын урд замд ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон зорчин явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.” гэх заалтуудыг тус тус зөрчиж, 6 нас 7 сар 27 хоногтой У.*******ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй гэрч У.*******ын ...Би эргээд хартал манай дүү тэр машины урд хэсгээр мөргүүлээд газарт уначихсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрч Б.ын ...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд хашаанаасаа гараад булан тойроод эргэтэл хүүхэд мөргөөд унагаачихсан байсан. Би гүйж очоод “яасан бэ” гэсэн чинь “манай дүүг мөргөчихлөө” гэж хэлсэн. ...Осол болох үед нь гүйж очсон. Баруун талын урд хэсгийн гупер түгжээнээс мултраад унасан байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №12017 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...У.Түвшинтөрийн биед баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ дүгнэлт,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 326 дугаартай дүгнэлтээр ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Урд буфер баруун талдаа 20см орчим зурагдсан, хойд буфер зүүн талдаа 20х20см орчим хагарч цуурсан, урд подфарын /оврын/ гэрэл улаан өнгөтэй, улсын дугаарын 1 гэрэл асахгүй, экологийн үзүүлэлт буюу утааны үзүүлэлтүүд тэнцэхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. ...Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,92кН баруун талдаа 3,21 кН, зөрүү нь 9% (стандарт <20%) хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,50кН, баруун талдаа 2,15кН, зөрүү нь 14%(стандарт <30%) стандартын шаардлага хангаж байна гэх /хавтаст хэргийн 77-80 дахь тал/ дүгнэлт,
Техникийн шинжээч Т.Түвшинбаатар, Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46/70,24/341 дугаартай дүгнэлтээр ...Хэргийн материалтай танилцахад ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай автомашины жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” мөн дотор мөн адил мөрдөнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх /хавтаст хэргийн 106-110 дахь тал/ дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъянаас гаргасан “явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр Э.******* нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №1493326 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №12017 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Э.******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” мөн дүрмийн 19.5-т заасан “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 130 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс маш их гомдолтой байна гэсэн саналыг,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъянаас Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч Э.******* нь хөгжлийн бэрхшээлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан нь шүүх заавал хэрэглэвэл зохих, үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх буюу хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалт юм.
Гэхдээ шүүгдэгч Э.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 6 нас 7 сар 27 хоногтой хохирогч У.*******ийн эрүүл мэндэд “...баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулсан гэмт хэргийн шинж, хор уршгийг харгалзан өмгөөлөгч Н.Жамъяны шүүх хуралдаанд гаргасан “Э.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.*******ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо /баримтаар нотлогдсон/ нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 19 настай, “...сүлжээ дэлгүүрт менежерээр ажилладаг, тогтмол орлоготой, мөн тэрээр “зүүн түнхний үрэвсэл” өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.*******ын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас:
А./ Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн биед Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №12017 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******ээс шатахууны зардалд нийт 1,007,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ын ******* нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 4,053,401 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх тул холбогдогч Э.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд 4,053,401 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд: У.******* 4,053,401 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх /хавтаст хэргийн 14 дэх тал/ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Б./ Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Г.******* мөрдөн байцаалтын шатанд ...Э.*******ын аав нь байгаа юм. Тухайн өдөр 10 минутын дотор над руу залгаж ярьсан. ******* ******* маркийн ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51, 54 дэх тал/ гаргасан байх тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.
В./ Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр /хавтаст хэргийн 15 дахь тал/ тогтоож, түүнд танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.*******аас нийт 5.060.801 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч У.*******ийг эмнэлэг рүү зөөхөд зарцуулсан шатахууны зардал 1.007.400 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******т, Эрүүл мэндийн даатгалын санд 4.053.401 төгрөг, тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн завсарлага авч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******т 1.007.400 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 4.053.401 төгрөг, тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.******* нь хохирогч У.*******ийн сэтгэцэд учирсан гэм хор болон цаашид гарах эмчилгээ, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,053,401 төгрөг гарсан талаарх нэхэмжлэл баримтаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг ирүүлсэн ба шүүгдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд шилжүүлсэн байх тул төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дамдин овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*******т 1,007,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд насанд хүрээгүй хохирогч У.*******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 4,053,401 төгрөг, тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Насанд хүрээгүй хохирогч У.*******ийн сэтгэцэд учирсан гэм хор болон гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
7. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР