| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0330/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/482 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Урангоо /томилолтоор/,
шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самба овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2410031701159 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ын харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Самба овогт *******ы ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.******* согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн байранд хохирогч Д.*******тай хоорондын таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар цохиж биед нь халдсаны улмаас “давсагны ханын няцрал, урагдал, нарийн гэдэсний саажил, хэвлийн гялтангийн үрэвсэл, баруун дал, зүүн бугалга, тохойд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан тул уг хэргийг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2410031701159 дугаартай хавтаст хэргээс:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 93-94 дэх тал/,
Гэрч Д.*******, Д.*******, Б.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45, 49-51, 53-54 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 58-60, 98-100 дахь тал/,
Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, иргэнд олгох татварын тодорхойлолт /хавтаст хэргийн 81 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******д холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ч.*******, хохирогч Д.*******, гэрч Д.******* нар нь “....” ХХК-нд ээлжийн харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг, ажил төрлийн харилцаатай этгээдүүд бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 07- 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нийлж архидан согтуурсан байна.
Шүүгдэгч Ч.*******, хохирогч Д.******* нар нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******ыг цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “давсагны ханын няцрал, урагдал, нарийн гэдэсний саажил, хэвлийн гялтангийн үрэвсэл, баруун дал, зүүн бугалга, тохойд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 3-р хороо ... ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны шөнийн 00 цаг 55 минут харуулын байр байх ба хаалга нь хагас онгорхой гадаах гэрэл асаалттай байв. Уг харуулын байрны үүдэнд сандал дээр бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн сууж байх бөгөөд түүний хажууд цагаан өнгийн хагас ханцуйтай цамцтай эрэгтэй хүн зогсож байгаад хяналтын камерын бичлэгийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны 00 цаг 55 минут 56 секундэд сандал дээр сууж байсан хүнийг баруун зүүн гараараа удаа дараа нүүр хэсэгт нь олон давтамжтайгаар цохиж газарт унагаан хөлөөрөө дээрээс нь өшиглөж сууж байсан сандлаар дээрээс нь 2 удаа цохиж дахиад баруун хөлөөрөө газарт байгаа хүний дээрээс дэвсэлж газарт унасан чигээр нь орхиж өөрөө харуулын байр руу оров...гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-20 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2024 оны 7 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед намайг манай урд хаалганы харуул ******* дуудахаар нь би очоогүй. Би орой 22 цагийн үед эргүүл хийж байгаад *******гийн харуулын байранд буюу Хан-Уул дүүргийн 3-р хороо ... ХХК-ийн урд харуулын байранд очиход ******* болон ******* нар согтуу сууж байсан. ******* надад хандаж “хоёр хөгшин нь юм уучихлаа, чи ганц юм аваад өгчих” гэж хэлэхээр нь би “ажлаа хийж байж ууж болж байгаа юм уу” гэж асуусан чинь “хамаагүй, болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад 20.000 төгрөг байна” гээд хэлж үлдээгээд явсан. Тэгтэл араас ******* намайг “чи өөрөө яваад ир” гэж хэлэхээр нь би “Сиюү дэлгүүр ороод Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад буцаад Жүр Үр дээр очсон. Тэгсэн чинь ******* аяга гэж усны сав авч ирээд намайг хэд балгачих гэж хэлэхээр нь би ганц нэг балгачхаад нэлээн согтсон. Тэгээд зүүн хойд харуулын байрны үүд рүү очсон. Шөнө сандал дээр сууж байсан чинь ******* намайг гэнэт хүчтэй цохиод зодоод эхэлсэн. Би газарт унаад ухаан алдсан. Нэг мэдсэн чинь өглөө үүрээр сэрээд бие хамаг хөндүүр болчихсон байсан. Би *******г гэрт хүргээд өг гэж гуйсан, миний ухаан нэг ороод нэг гараад байсан. Тэгсэн ******* “байж бай” гээд байхаар нь би таксинд суугаад гэртээ харьсан. Гэртээ ороод “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн чинь манай гэрийнхэн 103 дуудсан. Нэг мэдсэн ГССҮТ-д сэрсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 93-94 дэх тал/,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би ...ХХК-нд харуулаар 3 жил ажиллаж байна. Өчигдөр буюу 7 дугаар сарын 07-ны өдөр 24 цагийн хугацаатайгаар 1 постонд харуулд гарч ажилласан бөгөөд манай ажилчид 21 цаг өнгөрөөгөөд бүгд тарсан. Манай 2, 3 постонд харуул гарч байсан *******, ******* нар *******гийн Тоёота Филтер маркийн автомашин дотор 0.33 литрийн Хараа нэртэй архи ууж байхаар нь “одоо больсон нь дээр байх аа, дарга нар харуул хэцүү шүү” гэж хэлсэн. ******* нэлээн халамцуу байхаар *******д “та хоёр зүүн талын 3 пост руу хүнээс далд газар очоод жаахан амарчих” гэж хэлээд би өөрийн постон дээрээ үүрэг гүйцэтгээд өглөө үүрээр 05 цагт тэр хоёр дээр очиход ******* газарт хэвтсэн байдалтай, ******* хажууд нь сууж байсан. ******* “намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь *******аас асуухад “би зодоогүй, өөрөө унасан” гэж хэлсэн. Тэгээд би “гэр рүү нь хүргэж өгөөрэй” гэж хэлэхэд ******* *******ыг хүргэж өгөөд ирлээ гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
Гэрч Д.*******ы мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний ах ******* Хан-Уул дүүргийн “...” бэйкерид харуул хийдэг. 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 24 цагаар ажилтай байж байгаад 08-ны өдөр 09 цагаас буух байсан. Ажил дээрээ хүнд зодуулсан гэж хэлсэн. ******* ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өглөө 8 цагийн үед Гэмтэл дээр түргэний эмч авч ирээд яаралтай хагалгаанд орно гээд шууд хагалгаанд орсон. Гэдэс, хэвлий хэсгээ илээд орилоод байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9612 дугаартай дүгнэлтэд: Д.*******ын биед давсагны ханын няцрал, урагдал, нарийн гэдэсний саажил, хэвлийн гялтангийн үрэвсэл, баруун дал, зүүн бугалга, тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1416 дугаартай дүгнэлтэд: 2024 оны 7 дугаар сарын 08-ны орой хохирогч Д.******* нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэргийн улмаас Д.*******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрнэ. Дээрх шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх /хавтаст хэргийн 98-100 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Ч.******* нь миний нөхөр байгаа юм. Би Ч.*******тэй 2001 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод танилцаад гэр бүл болсон ба 2005 онд албан ёсны гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр нэг хүүхэдтэй ба Ч.*******тэй танилцахаас өмнө би охиноо төрүүлсэн байсан. Гэхдээ охин ******* маань Ч.*******гийн нэрээр овоглодог. Бид хоёр гэр бүл болсноосоо хойш миний эрүүл мэндийн шалгаанаас болоод дундаасаа хүүхэдтэй болж чадаагүй. 2013 онд охин их дээд сургуульд ороод би охиныхоо хамт Улаанбаатар хот руу нүүж ирсэн. Тэгээд нөхөр маань 2015 онд Сайншанд хотод МТ шатахуун түгээх станцад ажиллаж байгаад хот руу охин бид хоёр дээр ирсэн. Одоо Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 62 дугаар байрны 1 тоотод хоёулаа амьдардаг. Охин М.******* маань тусдаа гараад хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Миний нөхөр одоо ... төв салбарт харуулын ажил ээлжээр хийдэг. Ажиллаад тав гаруй жил болж байгаа гэж бодож байна. .. ажиллах хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаж үзээгүй, ажлаа таслах, хариуцлагагүй хандаж байсан үе байхгүй, хамт олондоо нэр хүндтэй хүн гэж бодож байна. Өмнө нь хүн амьтантай маргалдаж асуудал гаргалаа гэж ажлаас нь над руу нэг ч удаа холбогдож байгаагүй.
2024 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг 30 минутын үед нөхөр Ч.******* над руу залгаад “яанаа баларсан юм болсон. Ажлын газрын маань хамт харуулд гарсан хүн ээлжин дээрээ архи уугаад согтоод хөл дээрээ тогтож чадахгүй, миний өөдөөс далжигнаад намайг түрүүлээд цохихоор нь нэг удаа би зөрүүлээд цохисон. Тэгээд өөрөө явж байгаад үзүүртэй төмрөн дээр цээжин хэсгээрээ унасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нөгөө хүн чинь одоо яасан бэ?, бие нь зүгээр юм уу?” гэж асуухад нөхөр маань “би ажлынхаа газрын хүнийг гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь өөрөө гэртээ очихгүй гээд дэлгүүрийн гадаа буулгаж өгчихөөд зогсож байна” гэж хэлсэн. Тэгээд би санаа зовоод “яах гэж дэлгүүрийн гадаа буулгасан юм бэ? гэрт нь юм уу, эмнэлэгт хүргэж өгөхгүй яасан юм бэ” гэхэд нөхөр маань “явсных нь дараа утас руу нь залгахаар утсаа авахгүй байна. Тэгээд би утас руу нь дахин дахин залгаад машиндаа сууж байна. Гэрийг нь мэдээд араас нь очих гээд ажлынхаа хүнээс гэрийг нь заалгуулах гээд Орбитын энд байна” гэж хэлсэн. Тэгээд дахиж нөхөр маань залгаад “Нөгөө хүн утсаа аваагүй байна. Ажлаас намайг дуудаад би ажил руу явж байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш нөхөртэйгөө холбогдож чадахгүй байж байтал Цагдаагийн байгууллагаас над руу залгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... торт үйлдвэрийн харуул хамгаалалтанд хамгаалагчийн ажлыг хийж байгаа юм. 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажлын хамтрагч *******, ******* нарын хамт 1 шил 0.33 граммын Хараа нэртэй архи уусан. *******ыг явсан хойгуур ******* бид хоёр дунд үл ойлголцох асуудал гарсан ба тэр нь болохоор ******* надад “би 10 жил шоронгоор явсан, чам шиг муу бацааныг ганц цохино” гэж хэлээд миний бие нүүрний дух хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед архи уусан учраас уур хүрээд *******ын нүүрний бүхий л хэсэгт нэлээн олон удаа баруун, зүүн гараараа ээлжилж цохисон. Цохиж байхад ******* сууж байгаад шууд газарт унахаар нь би хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөөд, дараа нь хажууд байсан сандлаар 2-3 удаа мөн цохисон. Тэгтэл ******* босож ирээд алхаж чадахгүй гуйваад явж байгаад өөрөө нуруу хэсгээрээ барилгын төмөр дээр унасан. Нэг хэсэг хараад байж байгаад би өөрийн машинаараа гэр рүү нь авч явж байгаад ******* бууна гээд байхаар нь замд буулгаад би ажил дээр ирсэн. Тухайн үед ******* байсан. ******* бол *******ыг цохиогүй, өөр харуулийн пост дээр л байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ч.*******, хохирогч Д.*******, гэрч Д.******* нар нь “...” ХХК-нд ээлжийн харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нийлж архидан согтуурсан байна.
Шүүгдэгч Ч.*******, хохирогч Д.******* нар нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******ыг цохиж, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд “давсагны ханын няцрал, урагдал, нарийн гэдэсний саажил, хэвлийн гялтангийн үрэвсэл, баруун дал, зүүн бугалга, тохойд зулгаралт” бүхий хүнд зэргийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******ыг цохих, өшиглөх зэргээр зодож буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нар нь гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 82 дахь тал
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлээс улсын яллагчаас гаргасан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, “...” ХХК-нд харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг, тогтмол орлоготой, хохирогчид эмчилгээний болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .
Шүүгдэгч Ч.*******гийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас:
а./ хохирогч Д.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 9612 дугаартай дүгнэлтээр ...давсагны ханын няцрал, урагдал, нарийн гэдэсний саажил, хэвлийн гялтангийн үрэвсэл, баруун дал, зүүн бугалга, тохойд зулгаралт” бүхий хүнд /хавтаст хэргийн 58-60 дахь тал/ зэргийн гэмтэл тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
б./ Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1416 дугаартай дүгнэлтээр ...2024 оны 7 дугаар сарын 08-ны орой хохирогч Д.******* нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэргийн улмаас Д.*******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрнэ. Дээрх шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна /хавтаст хэргийн 98-100 дахь тал/ гэжээ.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэл нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.
Гэмт хэрэг 2024 оны 7 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гарсан ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон ба хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэл нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээ нь 3,300,000-8,573,400 төгрөгт тооцохоор байна.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Д.*******т 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг төлсөн болох нь Нотариатын ******* дугаартай бүртгэлээр батлагдаж байх тул шүүгдэгч Ч.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.*******гөөс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, хүрэн өнгийн төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах коммист даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Самба овогт *******ы *******г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт нийт 15,000,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ч.*******гөөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, хүрэн өнгийн төмөр сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
7. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР