2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/515

 

   2025         02          17                                     2025/ШЦТ/515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

улсын яллагч Д.Агар,

хохирогч О.Ц-ийн өмгөөлөгч Б.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ны З-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр Тоёота Приус-41 маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцан дээр хохирогч О.Цийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Налайхаас хот руу орохоор явж байсан. 16 цагийн орчимд хоёр хүн замын голд зогсож байсан, тэгээд нэг нь хойшоогоо унах үед надад мөргүүлсэн. Тухайн хоёр хүн хоёулаа согтуу байсан. Тухайн үед шууд эмнэлэгийн тусламж үзүүлсэн. 3 хоногийн хугацаанд хохирогчийг сахисан. 1 өдрөөс гэр бүлтэй нь холбогдож хүлээлгэн өгсөн. Дахин эмнэлэгт үзүүлнэ гэсэн” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

Улсын яллагч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/, хохирогч О.Цийн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Сийн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5162 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 753 дугаартай магадлагаа /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /32-40-р хуудас/, шүүгдэгч Э.Згийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /47-52-р хуудас/, гэрч З.Нийн мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/, гэрч Д.Гийн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Э.З нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Э.Зд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Э.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр Тоёота Приус-41 маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцан дээр хохирогч О.Цийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

- Хохирогч О.Цийн: “Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор ослын талаар огт санахгүй байна. Гэмтлийн эмнэлгийн Гавал тархины тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гараад гэртээ хэд хоног байж байгаад СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 хоног эмчлүүлж гараад одоо гэрээр хэвтрийн дэглэм сахиж байгаа. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчид үзүүлэхэд гэмтлийн эмчид үзүүл гэсний дагуу Гэмтлийн эмчийн хяналтанд орохоор болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч С.Сий: “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 25,000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүд мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5162 дугаартай: “О.Цийн биед суурь яс, баруун нүдний ухархайн гадна, доод хана, баруун хоншоор яс, баруун хацар ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын шарх, баруун шууны цус хуралт гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 753 дугаартай: “Тоёота приус 41 маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хх-ийн 43-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байна.

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Э.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр Тоёота Приус-41 маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцан дээр хохирогч О.Цийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Э.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч О.Цийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

   Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Э.З нь хохирогч болон түүний ар гэрт 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Цийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,180,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацагааар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчид цаашид хөдөлмөр эрхлэх , үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх боломжийг хангаж тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Э.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн  болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх хэдий ч шүүгдэгч Э.Згийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Цид эмчилгээний зардалд 15,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болон цаашид хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Зд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э-ны Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Зг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Зд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Э.Згийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Цийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,180,000 /арван таван сая нэг зуун наян мянган/ төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ