Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/165

 

 

 

 

 

 

       2021         2             9                                          2021/ДШМ/165                              

 

 

У.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, 

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/717 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Нгийн өмгөөлөгч Б.Даваадоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн У.Нд холбогдох эрүүгийн 1905 02521 0791 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овогт Уийн Н, ......... өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, “Х” ХХК-д зохицуулагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ............. дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, /РД:............................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч У.Н нь:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны 148 дугаар салбар тооцооны төвд хохирогч Ц.Зийн 2.500.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5002794986 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн “Төмөр замд нярвын ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах Хас банкны 156 дугаар салбар тооцооны төвд байсан хохирогч Н.Маас 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өөрийн Хас банкны 5002794986 дугаарын данс руу 2.000.000 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны 365 дугаар салбар тооцооны төвд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

“Батлан хамгаалах их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Лгээс нийт 2.700.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5002794986 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 8.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шарнууд овогт Уранбилэгийн Нг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн 15 нэгжийг 1 хоногоор тооцон 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч У.Нгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нгаас 6.900.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Зд 2.500.000 төгрөг, хохирогч Н.Мд 3.000.000 төгрөг, хохирогч Д.Лхагвасүрэнд 1.400.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч У.Нгийн Хас банк дахь 5002794986 дугаарын дансны зарлагын гүйлгээг хязгаарласан 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 87 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор У.Нд оногдуулсан ялыг эс зөвшөөрч дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч У.Н нь бага насны хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эцэг,

2. Өөрийн болчимгүй хүнд туслах гэсэн үйлдлээсээ болж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа,

3. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж эхэлсэн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа,

4. Миний үйлчлүүлэгч ам бүл 2, бага насны хүүхэд нь одоогоор айлд түр байгаа.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн миний үйлчлүүлэгч У.Нд оногдуулсан 3 жил 33 хоногийн хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү.

Хамтран амьдрагч нь энэ талаар мэдэхгүй 2, 3 сар хамт амьдарсан. Эхнэр нь 7 жилийн өмнөх хүүгээ орхиод явсан, одоо өөр хүнтэй гэр бүл болсон. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн миний үйлчлүүлэгч У.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.5, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.Нгийн өмгөөлөгч Б.Даваадоржийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх өмнө шийтгүүлсэн торгох ял, мөн хохирогч нарын хохирлыг төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. У.Нгийн хүүхэд нь түүний төрсөн ээжтэй Дорноговь аймагт амьдардаг. Регистрийн дугаарыг нь хэлдэггүй учир Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргах боломжгүй, шүүгдэгч У.Нгаар овоглодоггүй гэж хэлдэг. Шүүгдэгч У.Нгийн төрсөн ээж асрамжийн асуудлыг харьяа сум, дүүргийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нгийн өмгөөлөгч Б.Даваадоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Н нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны 148 дугаар салбар тооцооны төвд хохирогч Ц.Зээс 2.500.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5002794986 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Төмөр замд няраваар ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах Хас банкны 156 дугаар салбар тооцооны төвд хохирогч Н.Маас 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өөрийн Хас банкны 5002794986 дугаарын данс руу 2.000.000 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны 365 дугаар салбар тооцооны төвд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

“Батлан хамгаалах их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 2 удаагийн гүйлгээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Лгээс нийт 2.700.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5002794986 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 8.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Зийн “...У.Н нь ажилд оруулахад “ёондоо хэрэгтэй” гэсэн..., ...Маргааш нь буюу 5 дугаар сарын 31-ний өдөр У.Н залгаад “чамайг ажилд оруулах хүмүүстэй хоолонд ороод сууж байна. Мөнгө хэрэгтэй, яаралтай мөнгө хийх үү” гээд 3 цагаас өмнө Хас банкаар мөнгө шилжүүлсэн. У.Н надтай уулзахдаа Төмөр замын зүтгүүрийн депод инженер хийдэг гээд дүрэмт хувцас өмссөн байсан. Би 2.500.000 төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг /хх 22-24/,

гэрч Г.Баярбатын “...Н нь өөрийгөө “Улаанбаатар Төмөр замд дарга хийдэг. Хүмүүсийг ажилд оруулж өгч чадна” гэж хэлээд Улаанбаатар төмөр замын хувцастай явж байсан. Манай дүү Зийг “Улаанбаатар төмөр замд үйлчлэгчээр ажилд оруулж өгнө. Мөнгө хэрэг болно, залгаарай” гээд өөрийн гар утасны дугаарыг надад өгсөн юм. Би Нгийн гар утасны дугаарыг дүүдээ өгөөд, манай дүү Нтай холбогдож мөнгөө залилуулчихсан...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

хохирогч Ц.Зээс шүүгдэгч У.Нгийн данс руу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 9/,

хохирогч Н.Мы “...Н нь өөрийгөө “Улаанбаатар хотод зүтгүүр депод инженер ажилтай. Хүн ажилд оруулахаар бол би тусалж чадна гэхээр нь ...ажилд оруулж болох үгүйг асуухад “болно, хахууль нь их шүү” гэхээр би “өгөх юмыг нь өгье” гэж хэлсэн. ...Би Нд нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 91-92/,

гэрч О.Долгорын “...Аав минь надад хэлэхдээ “Төмөр замд нярвын орон тоо гарч байна, би таньдаг хүнтэй болсон, мөнгө төгрөгийг нь өгчихнө” гэж байсан. Тэгээд аавын яриад байсан Н гэдэг хүнтэй 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төмөр замын удирдах газрын өмнө уулзаж бичиг баримтаа хуулбарлаж өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр над руу Н залгаад “зүтгүүрийн депогоос ярьж байна. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 08 цагт 2 хувь цээж зураг, цэнхэр цамц, хар өмдтэй ирээрэй” гэж хэлсэн. Хэлсэн цагт нь ирээд хүлээж байгаад хүний нөөцтэй нь уулзахад “манайд орон тоо байхгүй” гэсэн. Би Н руу залгаад “хүний нөөцөөс орон тоо байхгүй” гэж хэлсэн чинь “түр хүлээж бай, удирдах газраас хүн очиж уулзана” гэж хэлээд хүлээлгээд ирэхгүй болохоор нь харьсан. Аав маань 3.000.000 төгрөг өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 96-97/,

хохирогч Н.Маас шүүгдэгч У.Нгийн данс руу 2019 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 81-82 хуудас/,

хохирогч Д.Лхагвасүрэнгийн “...Манай дүү элсэлтийн ерөнхий шалгалтаар Батлан хамгаалахын их сургуульд тэнцэж орж чадаагүй юм. Би 2019 оны 8 дугаар сарын сүүлээр хамт ажилладаг Азбаярт энэ талаар ярьсан юм. Тэгтэл Азбаяр надад таксинд явж байхдаа “Батлан хамгаалахын их сургуульд ажилладаг хүнтэй танилцлаа. Тэр хүн хэдэн төгрөг өгчих юм бол хурандаа нартай нь ярилцаж байгаад сургуульд оруулаад өгчихөж чадна” гэсэн гээд надад гар утасны дугаарыг өгөхөөр нь би тухайн дугаар руу залгаж холбогдсон юм. Тэр хүн өөрийгөө “Батлан хамгаалахын их сургуулийн сургалт, хүмүүжил хариуцсан ахмад цолтой У.Н гэх хүн байна” гэж танилцуулсан. 3.000.000 төгрөг өгөөд сургуульд орж болно гэж надад хэлсэн. Маргааш нь тэр хүн над руу залгаад “ширээ засах шаардлагатай байна, таньдаг хурандаа хүнтэй ярьчихлаа гэж хэлээд надаас 300.000 төгрөг нэхэхээр нь би нөхөртөө хэлтэл таньж мэдэхгүй хүнд мөнгө өгнө гэж юу байсан юм бэ” гэж хэлэхээр нь би 200.000 төгрөг нөхрийн дансаар шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь дахин “үлдэгдэл мөнгөө хэзээ шилжүүлэх гэж байна, яаралтай шилжүүлэхгүй бол яриа болохгүй байна” гэж хэлээд би өөрийн эцэг, эхдээ “яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд малчны зээл авахуулаад 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 2.700.000 төгрөгийг Нд өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 144-146/,

гэрч Д.Дарханбаатарын “...Манай эхнэр Лхагвасүрэн 2019 оны намар дүүгээ Батлан хамгаалахын их сургуульд оруулчихмаар байна гэж ярьж байсан. Манай эхнэртэй хамт ажилладаг Азбаяр таксинд явж байхдаа “Батлан хамгаалахын их сургуульд ажилладаг хүнтэй танилцлаа” гээд дугаарыг нь өгсөн. Тэр хүн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр залгаад “би хурандаад хэлчихлээ, ширээ зас гэж байна” гээд 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Түүнээс хойш байн байн мөнгө нэхээд байхаар уулзъя гээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн гадаа очоод “дүүг чинь сургуульд оруулж өгөх хурандаа Золоо хэвтэж байгаа. Дүүгээ оруулаад уулзуулчих” гэхээр нь Дашзэвэгийг оруулж уулзуулсан чинь маргааш Батлан хамгаалахын их сургууль дээр хүрээд ир гэж байна” гэсээр гарч ирэхээр нь итгэсэн. ...Тэр явдал болсны дараагаар Золжаргал гэдэг хүн нь “Н надад 1.300.000 төгрөг бэлнээр авчирч өгөхөөр нь би авчихсан юм. Тэр мөнгийг нь тэр үед өөр юманд зарцуулчихсан. Одоогоор бүхлээр нь өгчихөж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд дараахан нь над руу залгаад 500.000 төгрөг өгсөн. Өвөл 1 сард өөрийнхөө барьж байсан IPhone 6 plus маркийн гар утсаа 500.000 төгрөгөөр бодож өгсөн. Мөн 200.000 төгрөг гээд цувуулаад нийт 1.300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 147-149/,

гэрч Б.Золжаргалын “Намайг 2019 оны 8 дугаар сард Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэж байхад Н залгаад “манай дүүг сургуульд оруулаад өгөөч” гэж гуйхаар нь “дүнгийнх нь хуудас хавсралт материалуудыг нь аваад ир” гэсэн. Тэгтэл тэр хүүхдийг дагуулж эмнэлэг дээр ирээд “хөдөөнөөс ирсэн манай ахын хүүхэд байгаа юм та сургуульд оруулаад өгөөч гээд 1.300.000 төгрөг өгөхөөр нь юм бодолгүй авчихсан. Би маргааш нь тэр хүүхэдтэй Батлан хамгаалахын их сургуулийн гадна уулзаад дүнгийн хуудас баримтыг хартал тэнцэхээргүй байсан. Тэгтэл ах нь “болъё мөнгөө буцааж авъя” гэхээр нь асуутал Н “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө" гээд 3.000.000 төгрөг авсан тэгээд тантай уулзуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

гэрч Г.Азбаярын “...таксинд явж байхад Батлан хамгаалахын их сургуулийн баруун хойд талаас нэг залуу суусан. Тэр залуу надад “мөнгө хэрэг болоод байна, ах нь Батлан хамгаалах их сургуульд ажилладаг” гэж хэлэхээр нь би тэр хүнээс хэрхэн яаж сургуульд ордог юм бэ гэх мэтээр асуухад “оруулах хүн байвал холбогдож болно” гэж хэлээд надад гар утасны дугаарыг өгөхөөр нь би Лхагвасүрэнд “чи өөрөө холбогдоод яриарай” гээд дугаарыг нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 167-168/,

хохирогч Д.Лхагвасүрэнгээс шүүгдэгч У.Нгийн данс руу 2019 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 2.700.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 138, 140/,

Хас банк дахь У.Нгийн 5002794986 дугаартай дансны хуулга /хх 11-18/,

Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/707 дугаартай “...Уранбилэгийн Н /РД:УП89091190/ нь “УБТЗ” ХНН-ийн алба, хэлтэс, төв салбар нэгжид ажилладаггүй...” гэх тодорхойлолт /хх 110/,

Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/653 дугаартай “...Уранбилэгийн Н /РД:УП89091190/ нь “УБТЗ”-ын хэмжээнд ашиглагдаж буй эйбл бүртгэлийн системээс хайхад алба, хэлтэс, төв, салбар нэгжид одоогоор ажил эрхэлж байгаа талаар бүртгэлгүй бөгөөд урьд ажиллаж байсан эсэх мэдээлэл байхгүй...” гэх тодорхойлолт /хх 111/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Нг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч У.Нгийн өмгөөлөгч Б.Даваадорж нь “...шүүгдэгч У.Нд ...оногдуулсан хорих ялыг тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон ар гэрийн байдал, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, 3 жилийн хорих ялыг 1 жил 5 сарын хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдолдоо “...У.Н нь 8 настай хүү Н.Мөнх-Ирээдүйн хамт амьдардаг бөгөөд түүний эхнэр нь 7 жилийн өмнө салсан. Хүүхэд нь одоогоор түүний төрсөн ээжтэй хамт байгаа. Одоо хүүхдийг нь харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй. ...” талаар дурдсан байх тул шүүгдэгч У.Нгийн 8 настай хүү Н.Мөнх-Ирээдүйн /2 хх 121/ асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар харьяалах дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжинд даалгах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч У.Нгийн өмгөөлөгч Б.Даваадоржийн гаргасан хорих ялыг тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/717 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд 1 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч У.Нд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн 15 нэгжийг 1 хоногоор тооцон 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч У.Нгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч У.Нд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн 15 нэгжийг 1 хоногоор тооцон 33 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч У.Нгийн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Нд оногдуулсан 3 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Нд оногдуулсан 1 жил 6 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч У.Нгийн 8 настай хүү Н.Мөнх-Ирээдүйн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжинд даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Нгийн өмгөөлөгч Б.Даваадоржийн гаргасан хорих ялыг тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ