Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Урнаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-гээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-гийн Дд холбогдох эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ...... суманд  төрсөн, ...настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн ...... ...................... ажилтай, ам бүл .............. хамт амьдардаг, Увс аймгийн ...... сумын ....................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Н-гийн Д, (регистрийн дугаар: ...............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota Harrier” загварын ...... ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota Harrier” загварын ...... ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 1 дэх тал); 

2. Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал); 

3. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал); 

4. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан” гэх мэдээлэл лавлагаа (хавтаст хэргийн 14 дэх тал); 

5. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/323 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 16-18 дахь тал);

6. Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цагаас ...... сумын ...-р багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ сургуулийн урд замд “Toyota Harrier” загварын ...... ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, тухайн иргэний регистрийн дугаараар жолоодох эрхтэй эсэхийг шалгахад 2024 оны 05 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Дгаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ... Н.Д гэх хүнийг цагдаагийн тасгийн албаны өрөөнд авч ирж эмнэлгийн байгууллагад очиж 2 хуруу шил цусны дээж авч, хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн ...Н.Д надад хэлэхдээ өөрийн гэртээ 1 шил архи уусан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);

7. Гэрч Н.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Д нь хашаан дотор Х, Ж, Б гэх хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл уугаад байсан. Би тэгээд нүүрсээ ачиж дуусаад Н.Дд өгөөд явуулсан, өөр мэдэх зүйл байхгүй. ...Н.Дгаас бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);

8. Гэрч Д.Ч-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед манай нөхрөөс бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Н.Д-гаар ...... сумын соёлын төв хүргүүлсэн. Бид хоёрыг буулгачхаад гэр лүүгээ явлаа гээд явах замдаа цагдаатай таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

9. Гэрч Д.Ц-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн иргэний хүсэлтээр 2 хуруу шил цусны дээж авч, цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал);

10. Гэрч Ц.Х-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Д нүүрс авах гэж ирээд Н-ийн машинд сууж пиво уусан. Яг хэр их уусныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал);

11. Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр......... сумын ... дугаар багийн нутагт болсон... Н.Д нь тухайн үед миний задалсан пивоноос 1 удаагийн аягаар 2 удаа уусан. Тэгээд Н.Д нь нүүрс авч байгаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал);

12. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай “..цус шинжилгээнд тэнцэнэ. Н.Дгаас авсан гэх CW1109732, CW1109296 дугаартай хуруу шилтэй цусанд 2.1 процент промилли спиртийн агууламж илэрч байна. Н.Дгаас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал);

12. Шүүгдэгч Н.Дгийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Н.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтТээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Н.Д нь урьд “2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ ...... ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/323  дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

2. Иймд шүүгдэгч Н.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Н.Дгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Н.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

3. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, өөрийн оршин суух Увс аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт тогтоох саналыг гаргаж, шүүгдэгч Н.Д болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ...... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ...... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Я.УРНАА