Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Урнаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш овогт М-гийн Б-эд холбогдох эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймгийн .............. суманд  төрсөн, ...настай, эрэгтэй, ...... боловсролтой, ........мэргэжилтэй, .............. сумын ...... .. ажилтай, ам бүл ..........  хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын ... баг, ..... оршин суух хаягтай, ...... медалиар шагнагдаж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт М-гийн Б-, (регистрийн дугаар: ................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ............ сумын .... багийн нутаг дэвсгэрт “Toyota probox” загварын ............ УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч М.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ................. сумын ......... багийн нутаг дэвсгэрт “Toyota probox” загварын ............ УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 1 дэх тал); 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн: “................ сумын 3-р багт байрлах төв зам дагуу “.....” эмийн сан гэсэн самбартай байшин байх ба уг байшингийн урд хэсэгт цагаан өнгийн ......... УВА улсын дугаартай, “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн урд гупер, гэрэл, хажуу талын шанаа хагарч бутарсан байдалтай байх бөгөөд үзлэг хийж байгаа газарт машины эд зүйлийн хагархай байв. Уг газарт машин мөргөлдсөн байх тул “А” цэгээр тэмдэглэн үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд замын боржур дээгүүр машины мөр давж гарсан байх бөгөөд уг машины мөр нь цагаан өнгийн ......... УВА улсын дугаартай, “Prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал); 

3. Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал); 

4. Хяналтын камерт үзлэг хийсэн: “...замын боржур хэсгийг шууд давж гарч ирэн уг Prius-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөх бөгөөд 19 цаг 16 минут 48 секундэд уг Toyota Probox загварын автомашин шууд хөдлөн явж байгаа 1 минут 12 секундын дүрс бичлэгт үзлэг хийв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-14, 29 дэх тал); 

5. Мөрдөгчийн “...жолооч М.Б-ийн согтуурлыг 6820 загварын багажаар шалгахад 3,23% -ийн согтолттой байв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал); 

6. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан” гэх мэдээлэл лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал); 

7. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/657 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 27-28 дахь тал);

8. Иргэний нэхэмжлэгч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр... “...........” хүнсний дэлгүүрийн гадна М.Б- ах probox машинтайгаа зогсож байсан ба уг машины урд гупер нь хагарсан байсан. Тэгээд би ........... эмийн сангийн урд байсан өөрийн эзэмшлийн ......... УВА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг очиж харахад миний машины урд гупер, урд гэрэл болон урд хэсэгт нь хагарсан, копуд нь гажсан байсан. Тэгээд би М.Б- ах дээр А бид хоёр очиж та яагаад миний машиныг мөргөсөн юм бэ гэж асуухад танай эмийн сангаас эм авах гээд очиход машины урдуур хүүхэд гүйхээр нь сандарсандаа огцом дараад чиний машиныг мөргөчихсөн юм гэж надад хэлсэн...М.Б- ах ............ УВА улсын дугаартай Toyota probox загварын тээврийн хэрэгслээр мөргөсөн гэж надад хэлсэн... нийт 1,500,000 төгрөгийн зардал гарсан. М.Б- нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-40 дэх тал);

9. Иргэний нэхэмжлэгч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус сумын ....... мэндийн төвийн 1 дүгээр ......... М.Б- нь ....... мэндийн төвийн бүртгэлтэй, ............ УВА улсын дугаартай, “Toyota probox” загварын тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний орой жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслийн эд анги эвдэрч хагарсан зүйл болсон. ....... М.Б- нь тус сумын ....... мэндийн төвд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал);

10. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т-ын хашааны гадна зогсоод 0,5 литрийн савлагаатай ерөөл нэртэй архийг М.Б- ....... бид хоёр хувааж уусан. ..М.Б- .... машиныг ганцаараа жолоодоод явсан. ..Бид хоёр хамт 0,5 литрийн савлагаатай ерөөл нэртэй архи 2 шилийг хувааж уусан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

11. Гэрч Б.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед ............ УВА улсын дугаартай Toyota probox загварын тээврийн хэрэгслийг М.Б- ....... жолоодож явсан. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал);

12. Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр...Т-ын хашааны гадна очиж зогсоод 1 шил архийг М.Б- гаргаж ирээд Г- тэр хоёр машин дотор архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд би М.Б-ийг гэрт хүргэж өг гэж хэлсэн чинь намайг гэрч хүргэж өгсөн...Тухайн үед би сумын ....... мэндийн төвийн үүдэнд очиход М.Б-, Ц.Г- хоёр архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал);

13. Гэрч Л.Б-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яваад очиход ............ УВА улсын дугаартай Toyota probox загварын машины урд гупер нь хагарсан байдалтай байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн ....... УВА улсын дугаартай, L200 загварын тээврийн хэрэгслээр чирч гэрт нь хүргэж өгсөн. ..тухайн үед М.Б- ....... архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);

14. Гэрч Т.А-ы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.............. эмийн сангийн урд байсан “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн урд гупер, их гэрэл, бусад эд зүйлс хагарч бутарсан байсан. ... М.Б- .......ийн жолоодож явсан машины урд гупер болон бусад эд зүйл хагарсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал);

15. Хөрөнгийн үнэлгээний ..........” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15492 дугаартай “... Toyota probox загварын ............ УВА улсын дугаартай автомашинд үнэлгээгээр тогтоогдсон зардлын үнэ 1,960,000 төгрөг” гэх, мөн өдрийн 15493 дугаартай “...Toyota prius-20 загварын ......... УВА улсын дугаартай автомашинд үнэлгээгээр тогтоогдсон зардлын үнэ 1,140,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 66, 72 дахь тал);

16. Шүүгдэгч М.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч М.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтТээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч М.Б- нь урьд “2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ ............ УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/657 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

2. Иймд шүүгдэгч М.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Х-ийн эд хөрөнгөд 1,140,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ....................... сумын ....... мэндийн төвийн эд хөрөнгөд 1,960,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь “.........” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15492, 15493 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Х- “...М.Б- нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О-ийн “...М.Б- нь тус сумын ....... мэндийн төвд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал)-ийг тус тус үнэлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч М.Б-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул М.Б-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

3. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж шүүгдэгч М.Б- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Б-эд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч М.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилээр хасах нэмэгдэл ялыг шүүгдэгч М.Б-эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

5. Шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, шүүгдэгч М.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт М-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Б-эд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилээр хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч М.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Я.УРНАА