Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01789

 

 

 

 

 

 

 

     2021          06          11                                    101/ШШ2021/01789

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Ж.Х

15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, гэрч Ц.О, Ц.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүлтгэрийн Б би Ж овогтой Хд 2015 оны 01-р сарын 26-нд 5.000.000 сая төгрөг, 2015 оны 03-р сарын 27-нд 7,000,000 сая төгрөг, 2015 оны 04-р сарын 17-нд 3.000.000 сая төгрөг нийт 15,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед Х орон сууц авсан ипотекийн зээлээ дарах гэсэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тус мөнгийг өгч байсан. Гэхдээ би буцаан авах нөхцөлтэйгөөр уг мөнгийг өгсөн. 2017 он хүртэл би мөнгө нэхэхэд буцааж өгнө гэдэг байсан. Гэнэт надтай холбоо барихаа болиод таг болсон дараа нь харин 2017 оны 09 дүгээр сард Хятад улсын Ухань хот уруу тэтгэлэгтэй сурахаар явсан талаар мэдсэн. Ингээд би түүнд өгсөн мөнгө буцааж авч чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн арга буюу энэ талаар түүний ар гэрт хэлэхэд хариуцагчийн ээж болох ******* нь Хын өмнөөс түүний авсан мөнгийг буцаан өгнө гэж бичиг хийж өгсөн. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчин гарсны дараа хариуцагчийг Монголд ирсэн талаар мэдэж хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл өгч байсан ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр шүүхээс хэрэг үүсгээгүй, буцаасан. 2013 оноос Х манай хүүтэй гэр бүл болж амьдарна гэдэг байсан учраас л би түүний орон сууцны өрийг дарахын тулд уг мөнгийг зээлдсэн. Манай гэр бүлийн хүн болох нь гэж бодож явсан ч 2017 оноос өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон талаар мэдсэн. Хариуцагчийг иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж түүнд өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 15 сая төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2015.01.26-нд 5 сая, 03.27-нд 7 сая, 04.16-нд 3 саяыг шилжүүлсэн. Шалтгаан нь хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү *******тай 7 жил хамт амьдарч байсан ба байрны зээлээ төлж чадахгүй байна гэхээр нь шилжүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь БНХАУ уруу сурахаар яваад ирэхдээ өөр хүнтэй гэр бүл болсон. ******* нь Хын байрны зээлийг төлдөг байсан. Өмнө нь мөнгөө нэхэх гэхээр хариуцагч Монгол улсад байхгүй байсан. 2019.12 сараас эхлээд корона гарснаар Монголд ирснийг мэдсэн. 2020 онд шинжилгээ авсан судалгаанаас хариуцагчийг монголд ирснийг мэдсэн. Бид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлсэн юм, хариуцагч нь энэ мөнгөөр зээлээ төлсөн гэдэг. Гэтэл бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй тул хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлснээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан. Хариуцагчийн өмгөөлөгч нь хэрэгт байхгүй баримт ярьж байна. Хариуцагчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Гаргаж өгсөн гэдэг нь нэхэмжлэлд хамааралгүй. Гол асуудал нь мөнгө шилжүүлсэн тул буцаан шаардаж байгаа. Иргэний хуулийн 492.3-т зааснаар буцаан шаардах эрхтэй. Буцаан шаардах эрхгүй заалтад энэ асуудал хамааралгүй. ******* хамтарч амьдарсан нь энэ хэрэгт хамаагүй. Энэ хэрэг нь Б нь хариуцагч Хд мөнгө өгсөн талаарх юм. Цуг амьдарч байсан бол энэ талаар тохиролцох боломжтой юм. Мөнгө өгсөн тул буцаан авах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж байгаагаа ач холбогдолгүй зүйл ярьж татгалзлаа нотлохгүй байна. Хариуцагчийн дуудсан 2 гэрч ач холбогдолгүй зүйл ярьж, ганц М нь уг 15 сая төгрөгтэй холбоотой зүйлийг ярилаа гэв.

 

Хариуцагч Ж.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ары гаргасан 15,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.”, 42 дугаар зүйлийн 42.1 “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж хуульчилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит байдалд огт нийцэхгүй, худал хуурмаг мэдээллийг бичсэнд харамсаж байна. Үүний учир нэхэмжлэлд дурдсан үйл баримт бүрд тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтуудыг үүгээр хүргүүлж байна.

Нэг. Нэхэмжлэгч Б.Бын хүү Б.Мтай 2015 оноос эхэлж үерхсэн. 2015 оноос ипотекийн зээлээр худалдан авсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* байрны 23 тоот орон сууцанд бид хамтран амьдарсан. Үерхэж байх хугацаанд Б.******* ХААН банкны ******* тоот данстай миний картыг байнга хэрэглэдэг байсан. Тухайн үед Б.******* нь арилжааны банкнуудад данстай боловч картгүй байсан тул миний картыг хэрэглэж байсан. БНХАУ-д суралцаж байх хугацаанд хүртэл ашиглаж байсан.

Хоёр. Нэхэмжлэгч Б.Б 2015 оны 1 сарын 26-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 27-ний өдөр 7,000,000 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус Ж.Х миний ХААН банкны ******* тоот данс руу өөрийн хүү Б.*******даа зориулж шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “Б” гэж бичсэн байсан. Тухайн үед би Б.*******аас “...энэ мөнгө ямар зорилготой вэ” гэтэл Б.******* тайлбарлахдаа “энэ мөнгө бид хоёрынх” гэсэн. Би түүнд мөнгийг аавд чинь буцааж өгье, надад ямар ч шаардлагагүй шүү дээ” гэсэн боловч Б.******* өгөөд яахын бэ, хэрэглэчихье” гэсэн. Тэгээд Б.******* гэр ахуйн тавилга болон хоол, хүнсэнд мөн согтууруулах ундаанд тэр мөнгийг зарцуулсан. Тухайн үед Б.******* ажлаасаа халагдсан байсан тул архи дарсанд нэлээн орсон үе байсан. Б.******* компьютер тоглоомд донтож өөртөө тоглоом тоглох зориулалтаар өндөр үзүүлэлт бүхий компьютер, Playstation тоглоом болон үнэтэй тоглоомын хэрэгслүүд худалдаж авсан. Мөн би мөнгө нэмж туслан Б.******* өөртөө автомашин худалдан авсан. Нотлох баримтаар Ж.Х миний ХААН банкны ******* тоот дансны хуулгыг хавсаргав.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд "... "тухайн үед Х орон сууц авсан ипотекийн зээлээ дарах гэсэн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь тус мөнгийг өгч байсан” гэжээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь:

  • Ж.Х миний бие хэзээ ч Б.Боос мөнгө гуйж байгаагүй, мөнгөний тухай түүнтэй ярилцаж байгаагүй;
  • Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* байрны 23 тоот орон сууцаа ипотекийн зээлээр худалдан авсан. Уг Зээлийн гэрээгээр 42,500,000 төгрөгийг 240 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлт cap тутам 355,487.03 төгрөг төлөхөөр хуваарийг тогтоосон. Ипотекийн зээлийн гэрээний урьдчилгаа төлбөрийг өөрийн цалингийн хуримтлал, өөрийн эцэг эх, хамаатан садныхаа тусламжтайгаар бүрэн бүрдүүлж, банкнаас тавьсан зээлийн шаардлагыг бүрэн хангаж Зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед нэхэмжлэгч Б.Б, түүний хүү Б.******* нараас нэг ч төгрөгийг тусламж, зээл аваагүй. Учир нь би Б.*******тай уулздаггүй, үерхдэггүй байсан ба Б.Быг сайн таньдаггүй байсан. Зээлийн эргэн төлөлтийг өөрийн цалин, орлогоор тасралтгүй төлсөөр ирсэн.
  • Нэхэмжлэгч Б.Бын шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг энэ орон сууцны ипотекийн Зээлийн гэрээний эргэн төлөлтөд зарцуулаагүй.
  • Нэхэмжлэгч Б.Боос мөнгө шилжүүлэх үед миний Зээлийн үлдэгдэл төлбөр 42,192,527 төгрөг байсан.
  • 2015 онд Б.Боос мөнгө авах ямар ч шалтаг, шалтгаан надад байгаагүй.
  • Миний бие байрны лизингийн төлбөр болон ахуйн зардал нэмэгдсэн тул хэдий ядарч байсан ч 2-3 ажил давхар хийж санхүүгээ тогтвортой байлгаж байсан. Давхар ажил хийхээр нэхэмжлэгчийн хүү Б.******* баярлаж, их мөнгөтэй болно хэмээн байнга хөөрдөг байсан. Түүнийг ажилд оруулах гэж хөөцөлдөж, түлхэц өгөх үед намайг доромжилж, зодож эхэлснээр барахгүй миний карт болон орлогыг хурааж эхэлсэн.

Нотлох баримтаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Голомт банкны 2019096453 тоот дансны хуулгыг хавсаргав.

Дөрөв. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд “...Гэхдээ би буцаан авах нөхцөлтэйгээр уг мөнгийг өгсөн. 2017 он хүртэл би мөнгө нэхэхэд буцааж өгнө гэдэг байсан” гэжээ. Би нэхэмжлэгчтэй мөнгөний талаар ярилцаж байгаагүй тул шилжүүлсэн мөнгөө буцаан авах нөхцөлтэй өгсөн гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй байна. Шүүхээс энэ нэхэмжлэлийг гардаж аваад 2015 онд аав хүү хоёр миний картыг ашиглаж хоорондоо шилжүүлсэн мөнгөө надаас нэхэж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Нэхэмжлэгч Б.Б энэ мөнгийг өмнө нь надаас нэхэж байгаагүй, надтай хэзээ ч ярилцаж байгаагүй.

Тав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд “...Гэнэт надтай холбоо барихаа болиод таг болсон дараа нь харин 2017 оны 9 дүгээр сард Хятад улсын Ухань хот руу тэтгэлэгтэй сурахаар явсан талаар мэдсэн.” гэжээ. Энэ нь мөн бодит байдалд нийцээгүй. Учир нь:

  • 2017 онд миний бие БНХАУ-н Ухань хотод докторын судалгаа хийх тэтгэлэг хүртэж суралцахаар болсон. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр галт тэргээр БНХАУ руу зорчсон. БНХАУ руу намайг хүргэж өгөхөөр миний ээж Ц.*******, нэхэмжлэгчийн хүү-миний найз залуу байсан Б.******* нар хамт явсан. Ээж Б.*******ы тээврийн зардлыг бүрэн даасан байдаг. Ээж, Б.******* нар БНХАУ-н Бээжин хот хүртэл хамт явсан.
  • Бидний явахад нэхэмжлэгч Б.Б эхнэрийн хамт Улаанбаатар төмөр замын төв буудлаас гаргаж өгч байсан.

Өөрөөр хэлбэл өөрөө галт тэргээр явахад амжилт хүсэн гарган өгч байсан бөгөөд түүний хүү Б.******* нь БНХАУ-н Бээжин хот хүртэл хамт явсан тул таг болсон, мэдээгүй байсан гэх үйл баримт нь үгүйсгэгдэж байна.

Нотлох баримтаар фото зураг хавсаргав.

Зургаа. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд “...Ингээд би түүнд өгсөн мөнгө буцааж авч чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн арга буюу энэ талаар түүний ар гэрт хэлэхэд хариуцагчийн ээж болох ******* нь Хын өмнөөс түүний авсан мөнгийг буцаан өгнө гэж бичиг хийж өгсөн.” гэжээ. Энэ нь мөн бодит байдалд нийцэхгүй.

  • Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгч нь 2015 онд шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар надад хандаж байгаагүйг дахин энд тодотгон хэлье.
  • Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн бичгийн 3 дугаарт “*******д буцааж өгөх 4,700,000 cap бүр Х нь харилцан тохиролцсоны үндсэн дээр ... шилжүүлнэ” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бичгийг нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Ж.Х нар үйлдээгүй. Уг бичиг Ц.******* болон Б.******* нарын хооронд бичигдсэн. Намайг салъя гэсний дараа нэхэмжлэгчийн хүү Б.******* намайг БНХАУ-д суралцах хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг төлж байсан гэж миний ээжид хэлээд энэ мөнгийг буцааж төлөхийг шаардаж ийнхүү бичгийг хийсэн байдаг. Миний ээж Ц.******* Хэнтий аймгаас Улаанбаатар хотод Б.*******ы амьдарч байгаа нөхцөл байдалтай танилцахаар ирэхэд миний гэрийн хаалганы цоожийг сольчихсон, хэрвээ миний төлж байсан ипотекийн зээлийг өгөхгүй бол байрыг чинь суллахгүй гэж шантаажилж эхэлсэн байдаг. Миний ээж Ц.******* Улаанбаатар хотод гэртээ орж чадахгүйд хүрч айлуудаар хоног төөрүүлж байсан, ажлаас нь яаралтай дуудаж байсан тул айж, яарсандаа уг бичиг дээр гарын үсэг зурсан байдаг. Энэ бичгийн дагуу миний бие Б.*******ы Худалдаа хөгжлийн банкны 427001836 тоот данс руу 2019 оны 8 дугаар сарын 9-өөс мөн оны 12 дугаар сарын 29- ний өдөр хүртэлх хугацаанд 5-н удаагийн гүйлгээгээр нийт 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Б.******* нь ипотекийн зээлийн төлбөрийг огт төлөөгүй байсан. Энэ бичигт тэмдэглэсэн 4,7000,000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Бын энэхүү нэхэмжлэлийн шаардлагад тэмдэглэсэн мөнгөтэй огт хамааралгүй. Шалтгаангүйгээр, баримтгүйгээр миний ээжээс мөнгө салгах гэсэн уг бичиг дээрх мөнгийг айдас дарамтад орсондоо төлж эхэлсэн учир уг шалтгааныг тодруулах зорилгоор миний бие, баримт дээр тулгуурлан цаашид судлах болно.

Долоо. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд “...2013 оноос Х манай хүүтэй гэр бүл болж амьдарна гэдэг байсан учраас л би түүний орон сууцны өрийг дарахын тулд уг мөнгийг зээлдсэн.” гэжээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь:

  • 2013 онд нэхэмжлэгчийн хүү болох Б.*******ыг таньдаг байсан боловч бид үерхээгүй байсан. Бид огт холбоогүй байж байгаад 2015 оноос үерхэж эхэлсэн.
  • Нэхэмжлэгч 2015 онд шилжүүлсэн мөнгөө зээлсэн гэжээ. Гэтэл мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр Б гэж л бичсэн байна. Тухайн үед нэхэмжлэгч Б.Б тэр мөнгийг зээлүүлж байгаа, тодорхой хугацааны дараа эргэн төлөх талаар ярьж байгаагүйг санаж байна.

Найм. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд "... 2017 оноос өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон талаар мэдсэн.” гэжээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй.

  • 2019 оны 7 дугаар cap хүртэл би нэхэмжлэгчийн хүү Б.*******тай үерхэж байсан.
  • 2018 оны зун хичээлийн амралтаар Улаанбаатарт ирж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Санзайд байрлах зуслангийн байранд 2018 оны 8 дугаар сарын 17, 18-ний өдрүүдэд Б.*******, түүний найзуудын хамт очиж амарч байсан. Энэ үед нэхэмжлэгч Б.Бтой уулзаж байсан.
  • 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн хүү Б.******* миний гэр бүлийн хамт Хэнтий аймгийн баяр наадамд очиж баярлаж байсан.
  • Миний бие анхны хүүхдээ 2020 оны 4 сард төрүүлсэн. 2019 онд нөхөртэйгээ танилцаж улмаар 2020 онд өөрийн нөхөр болох хүнтэйгээ гэрлэлтээ батлуулсан.
  • 2017, 2018 онуудад нэхэмжлэгчийн хүү болох Б.*******тай байнга холбоотой байсан. Шинэ жилээр түүний гэр бүлтэй видео дуудлагаар өөр хоорондоо ярьж, бэлэг хүргүүлдэг байсан.

Нотлох баримтаар фото зураг, гадаад паспортын хуулбар болон солилцох хуудас А маягтыг эх хувиар хавсаргав.Ec. Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 20-д Улаанбаатарт ирсэн. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу Б.*******аас салснаас нэг жилийн дараа нэхэмжлэгчийн хүү Б.******* 21 цаг 30 минутын орчим гэрт ирж айлган сүрдүүлж, танхайрсан. Миний бие цагдаа дуудаж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалсан. Хорооны хэсгийн цагдаа Б.*******д Зөрчлийн тухай хуулиар захиргааны хариуцлага хүлээлгэсэн байдаг. Б.*******аас салсан учраас энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэж ойлголоо. Б.******* салах тухай мэдсэнээс хойш байнга мөнгө нэхэж уурлаж байсан. Б.******* орон сууцыг чөлөөлөхдөө бүх тавилга, гэрлийн чийдэн, төрсөн өдрөөр бэлэглэж байсан зүүлтээ хүртэл аваад явсан. Иймд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь саяхан амаржсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан баримт нь бодит үнэнд нийцэхгүй. 2015 оноос ******* болон хариуцагч нар үерхэж, ******* нь хариуцагчийн зээлтэй байранд амьдарсан. Энэ хугацаанд хариуцагчийн картыг нэхэмжлэгчийн хүү байнга эзэмшиж байсан. Улмаар нэхэмжлэгч нь мөнгөнүүдийг шилжүүлсэн байдаг. Гүйлгээний утга нь байдаггүй. Энэ талаар асуухад бид 2-т өгсөн цуг ашиглана гэж ******* тайлбарласан байдаг. Улмаар энэ мөнгө *******ы хэрэглээнд зарцуулагдсан. Зээл гаргах зорилгоор мөнгө авсан гэдэг. Гэтэл хариуцагч нь ганцаараа байхдаа 2013 онд зээл авсан байдаг. Улмаар бүх зээлийг хариуцагч өөрөө төлсөөр л ирсэн. Тухайн үед хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө гуйж байгаагүй. Учир нь орлого нь боломжтой байсан. Зээл олгосон гэх үед 42 саяын зээлийн үлдэгдэлтэй байсан гэдэг нь харагддаг. Анхнаасаа зээлэх талаар яриагүй тул буцаан өгөх асуудал байхгүй. Баримтаар юунд зарцуулагдсан нь тогтоогдоно. Хариуцагчийг алга болсон гэдэг боловч нэхэмжлэгч нь вокзал дээр гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэлд хэлснээр хариуцагчийн ээжид хэлээд мөнгийг буцааж өгнө гэсэн гэдэг. Хэрэгт байгаа баримт нь өөр төрлийн асуудал юм. Энэ нь зээлийг төлсөн гээд дарамтлаад бичүүлсэн байдаг. Хариуцагч нь 2020 оны 1 сард Монголд ирсэн. Нэхэмжлэгч нь энэ талаар мэдсэн. Ингэхдээ хариуцагчийн гэрт ирж агсам тавьж цагдаагаар шалгагдсан. Нэхэмжлэлд зээлсэн гэдэг. Гэтэл өнөөдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Үүнийг тодорхой болгох ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагчаас мөнгө нэхэх талаар огт ярьж байгаагүй. Сурч байхдаа амралтаараа ирэхэд энэ талаар ярьж байгаагүй. 2019 онд салах болоход ******* нь эд хөрөнгөө аваад явсан. Би нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэж хэлсэн. Нотлох баримтгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байна. Тухайн үед ******* аавтайгаа ярьсан байж болно. Гэтэл зээлийн гэрээний дагуу шаардах ёстой. 492 нь үүрэг үүсээгүй байх ёстой. Нэхэмжлэгч нь зээлээ төл гэж мөнгө өгсөн гээд байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойгүй болгож байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зүйлс нь бодит байдалд нийцэхгүй байна. Цуг байсан бол мөнгийг нэхэхгүй гэж байгаа тул мөнгө нэхэх үндэслэл нь салсантай холбоотой байна. Иймд мөнгө өгөхдөө ямар нэг хэлцэл хийгээгүй. ******* аавдаа хэлээд Б мөнгө өгсөн байна. Дансны хуулганаас харахад хэрэгцээнд л зарцуулагдсан. Ипотекийн зээл төлөгдөөгүй нь хуулгаар харагдана. Мөнгө шилжүүлсэн зорилго хэрэгт чухал. Зээлсэн гэж байгаа бол 492 яригдахгүй. Салсантай холбоотой мөнгө нэхэж байгаа нь 492.3-т нийцэхгүй. Хамт амьдрах эсэх нь анхнаасаа мэдэхгүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь бусдын хөрөнгөөр болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Ж.Х нь 15,000,000 төгрөг түүний дансанд шилжиж орсон талаар маргаагүй боловч уг мөнгийг авах талаар ярилцаж байгаагүй, хүү Б.*******тай хамтын амьдралтай байхад өгсөн бөгөөд Б.******* зарцуулсан, уг мөнгөөр ипотекийн зээл төлөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь Хаан банк дахь өөрийн тоот данснаас хариуцагч Ж.Хын тус банк дахь  тоот дансанд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 03 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагч Ж.Хын Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 25-27 дугаар тал/

            Ийнхүү нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 15,000,000 төгрөг олгосон үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин уг мөнгийг олгосон зорилго болон зарцуулалтын талаар маргаж байна.

 

            Нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчийн хүсэлтээр түүний орон сууцны зээлийг төлөх зориулалтаар буцаан төлөх нөхцөлтэйгээр олгосон гэж тайлбарласан бол хариуцагч нь мөнгө авах талаар хүсэлт гаргаж байгаагүй, харин хамтран амьдрагч байсан бөгөөд нэхэмжлэгчийн хүү Б.******* өөрийн эцгээс авч, улмаар өөрийн болон дундын бусад хэрэгцээнд зарцуулагдсан гэж маргасан.

            Хариуцагчийн Хаан банк дахь ******* тоот дансны хуулгыг бүхэлд нь хянаж үзэхэд нэхэмжлэгчийн орон сууцны зээлийг төлсөн гэх тайлбар үгүйсгэгдсэн. Тодруулбал дээрх мөнгийг 3 удаагийн үйлдлээр цувруулж шилжүүлсэн байх бөгөөд улмаар түүний зарцуулалт нь орон сууцны зээлд зориулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх дансны зарлагын гүйлгээнээс үзвэл энэ нь ахуйн хэрэгцээнд зарцуулагджээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оноос сураггүй болсон гэж тайлбарласан байх боловч түүний энэхүү тайлбар нь түүний хүү, гэрч Б.*******ы шүүх хуралдаанд “хариуцагчийг БНХАУ уруу суралцахаар явахад эцэг буюу энэ хэргийн нэхэмжлэгч Б.Б галт тэрэгний буудал дээр гаргаж өгсөн, гэрч Б.******* болон хариуцагчийн эх Ц.******* нар Бээжин хот хүртэл үдэж өгсөн, 2018 онд хариуцагчийг амралтаараа ирэхэд нэхэмжлэгчийн зусланд болон хөдөө орон нутагт хариуцагчтай хамт амарсан” гэсэн агуулга бүхий мэдүүлэг, хэргийн 70, 74, 75 дугаар талд байх гэрэл зургаар үгүйсгэгдэж байна. Энд гэрч Б.******* нь эдгээр гэрэл зурагт байгаа хүн нь өөрийгөө мөн гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

            Түүнчлэн нэхэмжлэлд хариуцагчийг 2017 оноос бусадтай дотно харилцаатай болж, хүүхэд төрүүлсэн гэсэн боловч энэхүү тайлбар нь гэрч Б.*******ы дээрх мэдүүлэг, гэрэл зургууд, хэргийн 76 дугаар талд байх солилцох хуудас А гэсэн баримтаар үгүйсгэгдсэн.

 

            Нэхэмжлэгч нь өөрийн хүүг хариуцагчтай 2013 оноос 2019 оны хооронд хамтран амьдарч дотно харилцаатай байсан гэж тайлбарласан бол хариуцагч нь 2015 оноос 2019 оны хооронд гэж маргаж байна. Гэвч зохигчийн маргаж буй 15,000,000 төгрөгийг 2015 онд шилжүүлсэн байх тул уг мөнгө хариуцагч болон гэрч буюу нэхэмжлэгчийн хүү Б.******* нар хамтын амьдралтай байх хугацаанд олгогджээ.

 

            Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

            Нэхэмжлэгч нь маргаж буй 15,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр олгосон гэж тайлбарласан боловч уг тайлбараа нотлоогүй бөгөөд энэхүү тайлбар нь түүний хүү буюу гэрч Б.*******ы “хэрэв хамтын амьдрал үргэлжилсэн бол энэ мөнгөний асуудал гарахгүй байсан” гэх тайлбар, мөнгийг ахуйн хэрэгцээнд зарцуулах талаарх хариуцагчийн дансны дээрх хуулгаар тус тус үгүйсгэгдсэн.

 

            Түүнчлэн хэргийн 8 дугаар талд байх баримт нь энэ хэргийн оролцогч бус этгээд болох хариуцагчийн эх Ц.*******, гэрч Б.******* нарын хооронд үйлдэгдсэн байх бөгөөд уг баримтад дурдагдаж буй 4,700,000 төгрөг нь энэ хэрэгт маргаж буй 15,000,000 төгрөгт хамааралгүй болох нь гэрч Ц.*******, Ц.*******, Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            Мөн гэрч Б.******* нь маргаж буй мөнгөнөөс өөрийн хувийн хэрэгцээнд компьютер авсан бөгөөд хамтын амьдрал дуусгавар болоход уг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан гэж мэдүүлсэн.

Түүнчлэн хариуцагч нь энэхүү 15,000,000 төгрөгийн зарим хэсгээр хамтран амьдарч байсан орон сууцанд эд зүйл авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргахгүй байна. Улмаар тухайн эд зүйлийг хамтын амьдрал дуусгавар болох үед нэхэмжлэгчийн хүү Б.******* авсан болох нь хэргийн 8 дугаар талд байх гараар бичсэн баримтын ар талд бичигдсэн баримтаар тогтоогдсон. Уг баримтыг гэрч Б.******* зөвшөөрсөн.

 

            Дээрх үйл баримтыг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ж.Х нь эргэн төлөх нөхцөлтэйгээр буюу зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Боос 15,000,000 төгрөг авсан гэх, мөн орон сууцны зээлийг төлүүлэх замаар буюу бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж.Хд холбогдох бусдын хөрөнгөөр болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД