Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Я.Урнаа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Я,

 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц- /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б-ийн О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай, ам бүл .................... хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Б-ийн О-, (Регистрийн дугаар:.....................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн .................. сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч О.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой болон нүүр тус газар нь гараараа цохиж, хамар хэсэгт нэг удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруу зүүн тал руу мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .................. сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим иргэн О.Б-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогч О.Б-т 4,000,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 112,098 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна” гэх  дүгнэлтийг гаргав.

2. Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, тайлбар гаргаагүй болно.

Б. Эрүүгийн 25350000000.. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

-Хохирогч О.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал);

-Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 24/02 дугаартай албан тоот, 112,098 төгрөгийн үнийн дүнгийн хүснэгт (хавтаст хэргийн 15-16 дахь тал);

-Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);

-Гэрч Т.Ж-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);

-Гэрч Б.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

-Б.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн .................. сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Б-ын толгой болон нүүр тус газар нь гараараа цохиж, хамар хэсэгт нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал);

2. Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд айлд нядалгаа хийж байгаад Ж-гийн хамтаар хүнээс утас авахаар хорооллын дээд эхэнд зогсож байсан машин руу очиход машин дотор Ч.Б, Э.М, Б.А-, Д.М, Б.О- нар архи ууж байсан,...Т.Ж-гийн машинд суух гэтэл Б.О- нь араас ирээд дээлний бүснээс татаад чирээд байхаар нь би чамтай зууралдах завтай хүн алга гэхэд...Б.О- нь миний зүүн чих рүү нэг удаа алгадахаар нь буцаагаад таших гэтэл Б.О- нь намайг хөмрөөд газарт унагааж дагз руу 2 удаа баруун гараараа 2 удаа цохих үед А-, Б хоёр ирээд бид хоёрыг салгаад авах үед Б.О- нь хөлөөрөө миний хамар руу өшиглөх үед миний хамраас цус гарсан...уг маргаанаас үүдэн Б.О- нь миний хамрыг өшиглөж гэмтэл учруулсан...миний хамар хугарсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал);

3. Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 24/02 дугаартай албан тоот, 112,098 төгрөгийн үнийн дүнгийн хүснэгт (хавтаст хэргийн 15-16 дахь тал);

4. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эрүүгийн 2535000000... дугаартай хэрэгт хохирогч О.Б- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 112,098 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Хохирогч О.Б-ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс нэхэмжилж байна...хохирол нөхөн төлсөн тохиолдолд гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);

5. Гэрч Т.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Б.О- нь О.Б-ыг газарт унагаад нүүр рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөхөөр тэнд байсан хүмүүс энэ хоёр хүнийг салгахаар нь би О.Б-ыг аваад явсан...тухайн үед О.Б-ын биед хамар нь мурийлттай, хамар нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);

6. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Б.О- нь О.Б-ыг газраас босох хооронд хөлөөрөө хамар руу нь өшиглөсөн, тэгээд бид нар салгаж авсан, О.Б-ын хамар мурийлттай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  18 дугаартай “...О.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруу зүүн тал руу мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.... Хамар ясны хугарал, хамрын нуруу зүүн тал руу мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

8. Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2. Шүүгдэгч Б.О- өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж өшиглөх, цохих зэргээр хохирогчийн биед халдсан үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О- хохирогч О.Б-ыг зодсон үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Б.О- нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд Б.О-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Иймд прокуророос ирүүлсэн хэргийн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Б.О- нь шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

6. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.О-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч О.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “...надаас уучлалт гуйж, дансаар 1,500,000 төгрөг, бэлнээр 2,500,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг гаргасан.

 Шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 1,000,000 төгрөг, 300,000 төгрөг, 200,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч О.Б-ын гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна. (Хавтаст хэргийн 13, 69-72 дахь тал),

Мөн шүүгдэгч Б.О- Эрүүл мэндийн даатгалын санд уг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох 112,098 төгрөгийг төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тул түүнийг эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо төлж барагдуулсан нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О-ээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна”  дүгнэлтийг гаргав.

3. Шүүгдэгч Б.О- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаагүй болно.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Б.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (Хавтаст хэргийн 57 дахь тал),  

-Шүүгдэгч Б.О-ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа (хавтаст хэргийн 64-65 дахь тал), шүүгдэгч Б.О-ийн 2024 оны жилийн эцсийн малын тодорхойлолт (хавтаст хэргийн 66-68 дахь тал), Увс аймгийн .................. сумын ..... багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), Б.О-ийн нийгмийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

-Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчид 4,000,000 төгрөг төлж барагдуулсныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Шүүгдэгч Б.О-ийн хувийн зан байдлын талаар гэрч Ц.Б-рын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, (хавтаст хэргийн 30-31 дэх тал) түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

5. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.О- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.О- нь гэмт хэргийн хор уршигт 4,112,098 (дөрвөн сая нэг зуун арван хоёр мянга ерөн найм) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтаар гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Я.УРНАА