| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Я.У даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Я,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-,
Шүүгдэгч: Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ..... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... хамт амьдардаг, Увс аймгийн ................... сумын ......... багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн О-, (Регистрийн дугаар:................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ................... сумын ......дүгээр багийн нутаг дэвсгэрт ... тоотод баригдаж буй ................... Гарден орон сууцын барилгын 2 давхраас 3 давхар гарах шатны эргэлтийн тавцан дээр хохирогч Ц.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ................... сумын ..... багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа ................... Гарден орон сууцны барилгын 2-3 давхарт гарах шатны эргэлтийн тавцан дээр Ц.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогч Ц.Б-д учирсан хохиролд 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байна” гэх дүгнэлтийг гаргав.
2. Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Б. Эрүүгийн 2535000000... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
-Хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-22 дахь тал);
-Гэрч Г.В-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал);
-Гэрч Б.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал);
-Гэрч Т.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал);
-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-40 дэх тал);
-Б.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал);
-Б.О- нь хохирогч Ц.Б-д учирсан хохирол төлж барагдуулж, нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, Б.О-д холбогдох эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
-Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ................... сумын ....... багийн нутаг дэвсгэрт ... тоотод баригдаж буй ................... Гарден орон сууцын барилгын 2 давхраас 3 давхар гарах шатны эргэлтийн тавцан дээр хохирогч Ц.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүнтэй зодолдож, нүүр тус газарт гараараа хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт тогтоогджээ.
2. Шүүгдэгч Б.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд учирсан байх бөгөөд зүүн хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам” -ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
3. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
-Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 16 цагийн үед гуравдугаар давхрын нийтийн эзэмшлийн талбайн шалын чулуун хавтан нааж байсан 2 ба 3 дугаар давхрын шатны эргэлтийн тавцан дээр чулуу наагаад хүмүүс явах хэсэг дээр нь чулуун хавтан давхарлаж тавьсан. Тухайн үед Б.О- нь дээд давхар руу барилгын материал зөөж гараад буцаж буухдаа миний нааж байсан 2,3 дугаар давхрын эргэлтийн тавцангийн чулуун дээр хүчтэй үсэрч буугаад 1 дүгээр давхар руу явсан. Би түүнээс хойш наасан чулуун дээр битгий гишгэ, та нарыг гишгэж яв гээд хажууд нь чулуун хавтан давхарлаж тавьчихсан байна шүү дээ гэсэн. Тэгэхэд Б.Т- нь надад хандаж “давраад байгаарай, чаддаг юм бол доошоо буугаад ир” гэж хэлээд явсан. Би түүний хойноос буухад Б.О- байхгүй байсан. Би буцаж ирээд 2,3 дугаар давхарын нийтийн эзэмшлийн талбай, эргэлтийн хэсэгт чулуу нааж байхад Б.О- нь гартаа паниар барьж гарч ирэхээр нь би түүнийг заамдаж барьж аваад “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд түүний нүүр хэсэгт гараараа цохиход Б.О- нь миний зүүн нүд, хөмсөг хэсэгт гараа атгаж байгаад хоёр удаа цохисон.... Би гэмт хэргийн улмаас бэртэж гэмтэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй. Харин өөрөөсөө мөнгө гаргаж 4 удаа Болор цахиур эмнэлэгт язарсан хөмсөгтэй цэвэрлэгээ боолт хийлгэж оёдол тавиулсан утсыг авхуулсан. Гэмт хэргийн улмаас эмчилгээ, цэвэрлэгээ хийлгэхэд 40,000 төгрөгийн зардал гарсан ба Б.О- нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Б.О-өөс нэхэмжлэх зүйл болон түүнд ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-22 дахь тал);
-Гэрч Г.В-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ................... сумын ..... багийн нутаг ... тоот хашаанд баригдаж буй ................... гарден орон сууцны барилгын 3 дугаар давхарын коридорын нийтийн эзэмшлийн талбайд Ц.Б- болон хамт ажилладаг хүмүүсийн хамт чулуун хавтан нааж ажилласан. Дөрвөлжин чулуун хавтан шаланд наагаад дөрвөн ам хэсэгт хүн гишгэж явахад зориулж чулуун хавтангаар даруулж тавьдаг. Тэгэхгүй бол чулуун хавтанд хөдөлгөөн орох, хугарах зэрэг эрсдэл үүсдэг. Би молока /цементтэй зуурмаг/ зуурч байхад Ц.Б- нь ямар нэгэн хүнд хандаж “чи наад давхарлаж тавьсан чулуун дээр гишгээд яваач, та нарыг явахад зориулаад чулуун хавтан давхарлаад тавьчихсан байгаа юм бишүү” гэхэд тухайн хүн нь “давраад байгаарай, чадвал буугаад ир” гээд шатаар доод давхар руу буусан. Түүний араас Ц.Б- шатаар буугаад төд удалгүй буцаад гараад ирсэн. Би 3 дугаар давхар чулуун хавтан наах цементтэй зуурмаг зуурч байхад тус давхрын шатан дээр хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би харахад Б.О-, Ц.Б- нар нь 2,3 дугаар давхрын шатны эргэлтийн тавцан дээр нэг нэгнээ заамдаж барьчихсан зогсож байхаар нь би тэднийг салгах гээд очиход Б.О- нь Ц.Б-гийн зүүн хөмсөг нүд хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохиж хөмсөгийг язалсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал);
- Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Б- ах Б.О- ахыг заамдаж барьж аваад гараа атгаж Б.О- ахын толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Харин Б.О- ах гараа атгаж байгаад Ц.Б-гийн зүүн нүд, хөмсөг, нүүр хэсэгт 2 удаа цохиход Ц.Б-гийн зүүн хөмсөг хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал), Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-40 дэх тал), шүүгдэгч Б.О-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.О- өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О-ийн хохирогч Ц.Б-г зодсон үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Б.О- нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд Б.О-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд прокуророос ирүүлсэн хэргийн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Б.О- нь шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
6. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
7. Хохирогч Ц.Б-гийн үйлдлийн улмаас шүүгдэгч Б.О-ийн биед хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам” -ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй болохыг эрх бүхий шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтээр тогтоосон байх тул Ц.Б-гийн үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ. (Хавтаст хэргийн 44-45 дахь тал),
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.О- нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд “...надаас уучлалт гуйж, надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Б.О-өөс нэхэмжлэх зүйл болон түүнд ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг болон “...эмчилгээний төлбөр 500,000 төгрөг өгсөн” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэргээр нотлогдож байна. (Хавтаст хэргийн 16-22, 77 дахь тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О-өөс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” дүгнэлтийг гаргав.
3. Шүүгдэгч Б.О- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаагүй болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Б.О- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 66, 69-70, 86 дахь тал);
Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
-Шүүгдэгч Б.О-ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, Увс аймгийн ................... сумын ..... багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 61-65, 7-76 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
-Шүүгдэгч Б.О-ийн хувийн зан байдлын талаар гэрч буюу эхнэр Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 33 дахь тал);
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
5. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.О- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.О- нь гэмт хэргийн хор уршигт 500,00 (таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтаар гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА