Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,                     

              Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

              Шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2438000000569 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, Ц.Д-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, иргэн Я.Л-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ц.Д-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2438000000569 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 22 цаг 50 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах асфальтан хучилттай, сөрөг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам дээр Тоёота приүс 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.3-д заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Л-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан дээр цусан хураа, баруун чамархай, намалдаг ясны хугарал” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д-гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 тал/,

Жолоочийн нэгдсэн сангийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-20 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/,

Хохирогч Я.Л-ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө дүүгийнхээ малын харж байгаад орой Мөрөн сумын төв рүү бинзен тос авахаар мотоцикльтойгоо явж байтал бинзен дуусаад цагдаагийн постон дээр мотоциклио орхиод би өөрөө замын унаанд сууж Мөрөн суманд орж ирээд бинзен авах гээд 14 дүгээр хорооны засмал зам хөндлөн гарах гэж байтал гэнэт доороос машин нэлээн хурдтай давхиж ирээд намайг мөргөсөн тэгээд л би эмнэлэг дээр ухаан орсон, яг юу болсон талаараа бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “... Я.Л- нь эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 7,031,580 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  19 дугаартай: “Я.Л-ын биед тархины хатуу хальсан дээр цусан хураа, баруун чамархай, намалдаг ясны хугарал бүхй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Я.Л-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/,

Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “.... Хэрэг осол болох үед “Тоёота приүс-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Д- нь:        

> Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино."

>          Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”.

>          Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна....” гэх магадлагаа /хх-ийн 41-43 тал/,

Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 26/245 дугаартай албан бичгийн хавсралт /хх-ийн 28-29 тал/,

Шүүгдэгч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөг өгч барагдуулсан. ...би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Я.Л-ын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт, жолоочийн нэгдсэн сангийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  19 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа, шүүгдэгч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ц.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 22 цаг 50 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах асфальтан хучилттай, сөрөг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам дээр “Тоёота приүс-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.3-д заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Л-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан дээр цусан хураа, баруун чамархай, намалдаг ясны хугарал” бүхий хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Я.Л-ын биед тогтоогдсон “тархины хатуу хальсан дээр цусан хураа, баруун чамархай, намалдаг ясны хугарал” бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ц.Д-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Д- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Д- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Л-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  19 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Хохирогч Я.Л- нь шүүгдэгч Ц.Д-тэй 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр: “...эмнэлэгт байх хугацаанд зайлшгүй шаардлагатай эм тариа, хоол хүнс, хувцас зэргийг худалдан авч өгсөн. Цаашдын эмчилгээний зардалд зориулж 5,000,000 төгрөг өгч, ...цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогч Я.Л-т төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 28-29, 32 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7,031,580 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Д-гээс 7,031,580 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

              Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Ц.Д-гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 61, 63-70 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах..” санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын: “...миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заасаноршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн 2438000000569 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Д-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Д-гээс 7,031,580 (долоон сая гучин нэгэн мянга таван зуун ная) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн 2438000000569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Я.Л-т эмчилгээний зардал 5,000,000 (таван сая) төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.

8.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР