2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        01         06                                   2025/ШЦТ/79

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Б.З,

шүүгдэгч П.Ч,

нарийн бичгийн даргаар Б.Саранзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2403008841047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц овогт П.Ч

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1. Урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Ч нь 2024 оны 10 сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Мандхай зочид буудлын гарцны хойд хороолол дундах замд “....” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэг заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Б.Зг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч П.Ч нь 2024 оны 10 сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандхай зочид буудлын гарцны хойд хороолол дундах замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигч хорогч Б.Зг мөргөж бие махбодид нь зүүн шагайн гадна хавчаар, өсгий, шагай ясанд сэлтэрсэн хугарал, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг,

- хохирогч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 21- ний өдөр ойролцоогоор 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цэргийн төв эмнэлэг орж зүрхний бичлэг хийлгэж дуусчихаад дүүргийн хойд талын автобусны буудлаас автобусанд суусан. Чингэлтэй дүүргийн “Пийс молл”-ын буудал дээр буугаад тэндээсээ Их дэлгүүрийн ард байдаг найзынх руугаа очих гээд орон сууцны байрны дундуур алхаж яваад замын бордиур дагаад ертөнцийн зүгээр хойшоо алхаад явж байтал урд зам дээр машинууд эгнүүлээд тавьчихсан нэг машины хойд тал нэлээн зам руу шахсан байхаар нь би хойгуур нь алхаж явахдаа баруун хөл урагш тавиад зүүн хөлөө замын бордиурын дотор тал руу гишгэх үед миний хойд талаас явсан машин миний хөлийг дайраад би газар нуруугаа унаад 2 эргэсэн. Тэгсэн нөгөө машины жолооч нь гээд цэргийн хувцастай нүдний шилтэй хүн бууж ирээд Зүгээр үү босч чадах уу би чамайг шууд эмнэлэг рүү авч явья гэж хэлсэн. Тэгээд би намайг мөргөчихлөө гээд ээж рүү гээ утсаар яриад "Би машинд мөргүүлчихлээ" гэж хэлтэл ээж хаана юм гээд нөгөө мөргөсөн машины жолоочид утсаа өгөөд хаана байгаагаа хэлүүлсэн. Тэгээд бас очиж явсан найзруугаа утсаар би энд ингэчихлээ гэдгээ хэлсэн тэр хавиар байсан хүмүүс түргэн дуудаарай гэж хэлж байсан 15 минутын дараа манай найз охин ирсэн. Би тэгэхэд уйлчихсан байсан тэгсэн нөгөө жолооч намайг өргөөд эмнэлэг авч явья гээд намайг өргөх гээд чангаагаад элдвээр хараагаад байсан би намайг яагаад мөргөж байгаан гээд уйлаад л байсан. ...Гэмтэл дээр очоод эхлээд нэг эмчид үзүүлээд зүүн хөлний рентгенд зургаа авахуулах юм байна гээд очерлож байгаад зургаа авахуулаад эмч нь үзээд миний хөлийг гипсдүүлэх юм байна гээд гипсдээд тэгээд гэмтлийн эмнэлэгээсээ гараад замын цагдаа ороод шүүх эмнэлэг ороод тэндээсээ гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

- иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.З нь нийт 246.300 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 246.300 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Чаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Д.С 2024 оны 10 сарын 29-ний өдрийн №13913 дугаартай “Б.Згийн биед зүүн шагайн гадна хавчаар, өсгий, шагай ясанд сэлтэрсэн хугарал, шагай, тавхайд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 499 дугаартай “1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаагүй хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаагүй байна. Нэгдүгээр тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь ижил, хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс ижил марк, хээ нь өөр, өөр байна. ...Харин баруун гар талын гурван булны резин тасарсан байна. Ерөнхий байдал, ижбүрдлийн хувьд дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл цуурсан, баруун гар талын тоормосны гэрэл асахгүй, баруун гар талын дунд хормой байхгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Урд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаагүй, зогсоолын тоормос зогсоогүй, зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаагүй, хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс ижил марк, хээ нь өөр, өөр, баруун гар талын гурван булны резин тасарсан, дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл цуурсан, баруун гар талын тоормосны гэрэл асахгүй, баруун гар талын дунд хормой байхгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. Дээрх эвдрэл гэмтлүүд нь хуучин эвдрэл гэмтлүүд байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Б “Жолооч П.Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан зодрол, гомтол, техникийн зорчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч П.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөнд оролцохдоо осол аваар гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигийг мөргөж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.         

Тиймээс П.Ч нь 2024 оны 10 сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудлын гарцны хойд хороолол дундах замд “....” загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 19.1. “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн тус тус заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Зг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч П.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөх мөн тус гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 нэг жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, орлого олох боломжийн харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чт оногдуулсан эрх хасах ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдав.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.Згийн эмчилгээний зардалд зарцуулсан 246.300 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн ба шүүгдэгч П.Чаас 246.300 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгчийн орлого олох боломжыг харгалзан 1 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Згийн эмчилгээний зардалд 705.830 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон ба шүүгдэгч П.Чаас нийт 705.830 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.З олгож, 4 сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           

Хохирогч Б.Згийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*13=8.580.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 8.580.000 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг П.Чын өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч Б.Зд 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.З нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн жолооний үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц овогт П.Чыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

 2. Эрүүгийн П.Чыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Чыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чт оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чаас нийт 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.З-д олгож, 4 /дөрөв/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чаас нийт 705.830 /долоон зуун тавин мянга найман зуун гучин/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.З -д олгож, 4 /дөрөв/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чаас 246.300 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 10. Хохирогч Б.З нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

             13. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ