Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2438000000556 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.С-,

  Холбогдсон хэргийн талаар:  

  Шүүгдэгч Д.С- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар баг Халиун энгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.67 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэж ойн санд 804,727 төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000556 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

        Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

        Шүүгдэгч Д.С- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар баг Халиун энгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.67 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэж ойн санд 804,727 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С-гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгаль хамгаалагч нар хэсгийн төлөөлөгчтэйгөө хамтран Түлээ арга хэмжээний хүрээнд ... сумын төв Жинст хороололд эргүүл хяналт шалгалт хийж яваад айлын хашаан дотор хэсэг мод байхаар нь очиж шалгатал мод бэлтгэх эрхийн бичиггүй зөвшөөрөлгүй мод байсан. Тэгэхээр саатуулан шалгасан тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 тал),

Гэрч Н.Ж-ийн өгсөн: “...Би Д.С- гэдэг хүнд малын хашаа сэлбэх зориулалтаар 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн гоожингоор Тосон багт байдаг өвөлжөөний хашаагаа сэлбэж засварласан байсан. ...Би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр олгосон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигт сунгалт хийсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 92-93 тал),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн инженер Ц.А-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай: “...иргэн Д.С-гийн бэлтгэсэн мод хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон шинэс мод байна. 15 ширхэг мод 1.67 метр куб, үнэлгээ 804,727 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-47 тал),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Д-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай: “...иргэн Д.С-гийн бэлтгэсэн гэх 1.67 метр куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн нойтон мод байв. Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 2 сая 414 мянга 181 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 55 тал),

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924-11412 дугаартай: “...... улсын дугаартай Маяти маркийн 1997 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл 4,500,000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 50,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 60-67 тал),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-13 тал),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-19 тал),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 21, 24-25 тал),

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 28-29 тал),

Шүүгдэгч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 сарын 05-наас 06-ны өдрүүдэд ... сумын 5 дугаар багийн нутаг Халиун энгэр гэх газар руу өвөлжөөний хашааны шон модыг солих зорилгоор ганцаараа явж модонд очиж цахилгаан хөрөөгөөр 15 ширхэг мод огтлон унагааж 15 ширхэг мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Маяти маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ... сумын төв дээр байдаг хашаандаа буулгасан. 2023 онд хэрэглээний модны 20 метр куб мод авах байснаа хэрэглэж чадаагүй байгаад энэ жил мод бэлтгэсэн. Энэ оны хавар сумын байгаль хамгаалагч Ж-аас энэ модны эрхээ сунгуулж болох уу гэж асуухад болно гэж байсан боловч өөрөө очиж сунгалт хийлгэж чадахгүй байсаар сунгуулж чадаагүй юм. Энэ модыг бэлтгэхэд бол эрхийн бичиг байхгүй байсан. ...2 жилийн өмнө Н-гэдэг хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо Н-нь Сэлэнгэ аймагт байдаг гэсэн. Хаана байдаг утасны дугаарыг мэдэхгүй. Улсын тоо бүртгэлд байдаггүй машин худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 79-80 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн хөрөөг таньж судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Н.П-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37 тал), гэрч Н.Ж-ийн мэдүүлэг (хх-ийн 92-93 тал), Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн инженер Ц.А-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-47 тал), Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Д-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 55 тал), “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924-11412 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 60-67 тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-13 тал), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-19 тал), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 21, 24-25 тал), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 28-29 тал), эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.С- нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар баг Халиун энгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.67 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэж ойн санд 804,727 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.С- нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Д.С- нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг авахгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.С-г 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар баг Халиун энгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.67 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэн, ойн санд 804,727 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.С- нь экологи эдийн засагт 804,727 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Д.С- нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,414,181 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.С-гаас 2,414,181 (хоёр сая дөрвөн зуун арван дөрвөн мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.С-г 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар баг Халиун энгэр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.67 метр куб хэмжээтэй нойтон шинэс модыг унагаж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”  гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Д.С-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 82-84, 86-89 талд авагдсан ... зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.С- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

           Шүүгдэгч Д.С-гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2024 оны 12 дугаар  сарын 04-ний өдрийн 75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 1,67 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 804,727 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг нойтон шинэс мод, шүүгдэгч Д.С-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн Хуандай Маяти” загварын ... улсын дугаартай, 4,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2438000000556 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ад оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.С-гаас 2,414,181 (хоёр сая дөрвөн зуун арван дөрвөн мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000556 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2024 оны 12 дугаар  сарын 04-ний өдрийн 75 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 804,727 (найман зуун дөрвөн мянга долоон зуун хорин долоо) төгрөгийн үнэлгээ бүхий 1,67 м.куб хэмжээтэй нойтон шинэс мод, шүүгдэгч Д.С-гийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хуандай Маяти” загварын ... улсын дугаартай, 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн 2438000000556 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50,000 (тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР