| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
2025 01 06 2025/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Мандалмаа,
шүүгдэгч М.Т,
нарийн бичгийн даргаар Б.Саранзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2411021401485 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт М.Т
Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Т нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа ....... байрлах “............” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа тус газрын бармен болох хохирогч Б.Нтой “хаалга цоожилсон” гэх зүйлээс болж маргалдаж улмаар түүний цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн “...............” шөнийн цэнгээний газрын төмөр хаалганы бариул болон хяналтын камер зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас “.............." ХХК-д 353 920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч М.Т нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа ....... байрлах “............” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа тус газрын бармен болох хохирогч Б.Нтой “хаалга цоожилсон” гэх зүйлээс болж маргалдаж улмаар түүний цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хувирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн “............” шөнийн цэнгээний газрын төмөр хаалганы бариул болон хяналтын камер зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас “............." ХХК-д 353 920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч М.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө би .............. хажууд байх ........... .......... хийгээд байж байсан. Би бармений ажилтай бөгөөд тухайн өдөр яг ажлаа хийгээд байж байсан. Улмаар үл таних 2 эмэгтэй, 3 эрэгтэй шөнийн 12 цаг өнгөрч байхад манай бараар үйлчлүүлэх гээд орж ирсэн. Тэгээд манай байгууллагаар үйлчлүүлээд нийт 800 000 төгрөгийн тооцоо гарсан. Эхлээд би 3 цагийн үед тооцоогоо хийчих гээд хэлсэн гэтэл 2 эрэггэй нь бид 2 хийнээ чи одоо байж бай одоохон хүлээж бай гэж хэлсэн. Гэтэл эмэгтэйчүүд нь орж гараад эхнээсээ яваад байсан тэгэхээр нь би за за 4 цаг болж байгаа юм чинь хаалгаа барья гэж бодоод баарны хаалгыг түгжсэн. Дахин би тооцоогоо хийх талаар шаардлага тавьсан гэтэл хэн нь хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй болж эхэлсэн. 4 цаг өнгөрч байхад намайг цохисон залуугийн нөгөөх нь 800 000 төгрөгийн тооцоо хийсэн би тэр залуутай хоёулаа тооцоо хийчихээд доошоо буутал нэг эрэгтэй 2 эмэгтэй нь хүлээж байсан. Гэтэл хүлээж байсан эрэгтэй нь чи яахаараа хаалгаа цоожилдог юм бэ гэхээр нь та нар гарч ороод байсан манай хаах цаг болсон байна та нараас болж манайх хаалгаа барьж чадахгүй байна гэж хэлтэл тэр залуу шууд уурлаад миний цээж рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа нилээн чанга цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...тэгээд зодоон дуусаад тухайн залууг баарнаас гаргаж байхад гадаа гараад хаалганы дээр байдаг гадаах камерийг гараараа цохиж хугалсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ажилтан Ныг цохисон юм шиг байна лээ...согтуу эрэгтэй баарнаас бүүр гаргаад хаалга түгжсэн гэтэл тус эрэгтэй гаднаас хаалга өшиглөөд орж ирэх гээд хаалганаас татсаар байгаад хаалганы бариул эвдсэн, тэгээд гадаах яг үүдэн дээр байдаг камер руу хуруугаа зааж байгаад камерийг эвдэж гэмтээсэн болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
- Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
- Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №ЧД1-24-975 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-19 дүгээр/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Гийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11003 дугаартай “...Б.Нын биед зүүн 6-р хавирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч М.Т нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа .............. байрлах “.........” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа тус газрын бармен болох хохирогч Б.Нтой “хаалга цоожилсон” гэх үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний цээж хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хувирганы цууралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,
Мөн “...........” шөнийн цэнгээний газрын төмөр хаалганы бариул болон хяналтын камер зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас “.........." ХХК-д 353,920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, урьд ял шийтгэж эдэлж байсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлуудыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр нэгжээр торгох ял тус тус оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу М.Тд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1700 нэгжээр шүүх тогтоов.
Шүүгдэгч М.Тгийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч “...............” ХХК-д 353.920 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 353.920 төгрөгийн баримт байгаа нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Тгээс гаргуулж, хохирогч “Мөнх тод тэнгэр” ХХК-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Нод даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 124.762 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Тгээс гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн М.Тг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,
мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1700 /мянган долоон зуун/ нэгж буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Тг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тгээс нийт 353.920 /гурван зуун тавин гурван мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан, хохирогч “............” ХХК /РД: 6788599/-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тгээс 124.762 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ