| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
2025 01 06 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч Ц.Э,
нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 241118191691 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Ц.Э
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Ц.Эд 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Стай хоорондоо маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Стай хоорондоо маргалдаж улмаар нүүр, хүзүү, эгэм, цээж, гуя хэсэгт гараараа маажиж, цохиж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний хамтран амьдрагч Ц.Б бид нар гэртээ байж байтал Бийн төрсөн эгч Э Бийн утас руу залгаад би нөхөртөйгөө пиво уугаад сууж байна гэж ярьсан. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Бийн эгч Э нь хүүхдээ харуулах гэж манай гэрт авч ирж өгсөн. Тэгээд гэртээ байж байсан болохоор гол гарч жоохон сууж, хүүхдүүдээ тоглуулая гэж ярилцаад Эгийн гэрт нь хамт явахуу гэж асуухаар очсон Тэгээд 2 гэрээрээ зөвшөөрсөн болохоор ярилцаж байгаад гол гэж байхаар амралтын өдөр таарч байгаа юм чинь нэг мөр амралтанд явъя гээд Шадивланд байдаг зусланд очсон. Тэндээ 21 цагийн үед очоод хоол ундаа хийж идчихээд хүүхдүүдээ унтуулаад бид 4 сууж 0,75 литрийн савлагаатай архи, пиво уусан. Тэгээд бид нар сууж байгаад Эд Бийг уугаад сүүлийн үед архи уугаад байгаа, арай хэтэрхий их уугаад байна, эмчилгээнд явуулах уу, кодлуулдаг юм уу гээд хэлсэн чинь Э нь шууд намайг цохиж аваад чи миний дүүг архины эмчилгээнд явуулна гэдэг хэн бэ, шаадаг гичий вээ гээд эхэлсэн. Цохиулаад би хойшоогоо унасан чинь намайг барьж аваад дээрээс маажаад эхэлсэн Би тусламж дуудаад амь авраач гээд орилсон чинь хэн ч сонсож хэн ч туслаагүй. Тэгээд намайг маажиж маажчихаад наад муу гичийг чинь цагдаад дуудаж өгнөө гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар Э бид 2-ыг авч явсан. Би Б гэх хүнтэй хамтран амьдраад 3 жил болж байна. Бид 2 албан ёсны гэр бүл биш бөгөөд дундаасаа хүүхэдгүй. Э гэх хүнийг ер нь мэндийн зөрөөтэй мэднэ. Өмнө нь Ц.Э гэдэг хүнтэй урьд хэрүүл маргаан хийж байгаагүй хэвийн харилцаатай байсан. Намайг цохиод над руу дайраад байхаар нь би болиулах гэж оролдож байхдаа үсэдсэн байх цохиж зодсон асуудал байхгүй. Ц.Э гэх эмэгтэй л надад гар хүрч зодож цохисон..." мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №8258 дугаартай "... Д.Сгийн биед цээж, баруун гуянд цус хуралт, хоёр хацар, хүзүү, баруун эгэм, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-25 дугаар хуудас/,
- Тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 06 цагийн үед №4886 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
- хохирогч Д.Сгийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс түргэн тусламжийн 49,920 төгрөгийн үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Стай маргалдан, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодод нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид учирсан гэм хорын хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 2.310.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт холбогдох нотлох баримт нь авагдсан байх тул шүүгдэгч Ц.Эгаас гаргуулж, хохирогч Б.Сд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Хохирогч Б.Сгийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 49.920 төгрөг зарцуулсан байх ба шүүгдэгч Ц.Эгаас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эгаас нийт 2.310.000 /хоёр сая гурван зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.С-д олгож, 3 /гурав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эгаас 49.920 /дөчин есөн мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ