Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар  2021/ДШМ/166

 

 

 

 

 

 

 

      2021          2             9                                          2021/ДШМ/166                              

 

 

Н.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, 

шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, 

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/765 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Бод холбогдох эрүүгийн 2010 00579 0294 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Нн Б, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт ..... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.................... /;

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номинтав Трейд” ХХК-ийн “Номин Юнайтед” салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Номин Юнайтед” дэлгүүрээс 53.244.776 төгрөгийн цахилгаан барааг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Баатар овогт Нэргүйн Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Баатар овогт Нэргүйн Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б /РД:ХД84112670, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байр, 68 тоотод оршин суух хаягтай/-оос 48.614.796 /дөчин найман сая зургаан зуун арван дөрвөн мянга долоон зуун ерөн зургаа/ төгрөг гаргуулан хохирогч “Номинтав Трейд” /РД:5469929, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Номин Юнайтед” цогцолборын 7 давхар/ ХХК-д олгож, шүүгдэгч Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нар давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Н.Б үйлдэл, гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа бөгөөд гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан бөгөөд 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.5 дахь заалтад “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэж тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл буюу итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсантай маргахгүй байгаа бөгөөд харин шалгалтаар дутсан бүх барааг шүүгдэгч Н.Бод тохож байгаа нь нийт дутсан бараанаас 429.990 төгрөгийн дэлгэц олдож үнэлгээнээс татгалзаж хассанаас харж болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтад зааснаар өөрийгөө илчилж, хөрөнгө олоход тусалсан буюу 4.5 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн комьпютерийг мөрдөгчид хэлж ломбардаас авч өгч одоогийн бодит хохирол 48.614.796 төгрөг буюу их хэмжээний биш үлэмж хэмжээний хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 биш 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх ёстой байсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б гэм буруугаа хүлээж, гэмшсэн, хохирлоо төлөхөөс татгалзаагүй, төлнө гэдгээ илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилж хөрөнгө олоход тусалсан, залуу хүний болгоомжгүй, хэнэггүй байдал гаргасныг шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн эрхэм шүүгч нар өөрийн итгэл үнэмшлээр эрх хэмжээний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсний дагуу хөнгөрүүлж хорихоос өөр ялаар сольж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллахдаа сонгох санкц буюу арван мянган нэгжээр торгох ялаар сольж дахин ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо бүрэн нөхөн төлөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Бодит хохирол 48.614.796 төгрөг буюу их хэмжээ биш үлэмж хэмжээний хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 биш 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллахдаа сонгох санкц буюу арван мянган нэгжээр торгох ялаар сольж дахин ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо бүрэн нөхөн төлөх боломжоор хангаж өгнө үү. Шүүгдэгч Н.Б нь манай хамаатны залуу, бид нар хамаатнаараа нийлж байгаад хохирлыг яаралтай төлж барагдуулна. Хохирогчийн зүгээс шүүгдэгч Н.Быг хохирлоо барагдуулбал заавал хориод байх шаардлагагүй гэж хэлдэг. Хорих ялыг торгох ялаар сольж дахин ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо бүрэн нөхөн төлөх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Хохирогч 1, 2 сая төгрөгөөр авахгүй гэдэг. Дор хаяж талаас их хэмжээгээр авна гэж байгаа болохоор шууд төлөх боломжгүй байна. ...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн олдсон компьютер гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасагдахгүй, харин шүүгдэгч Н.Боос гаргуулж хохирогчид олгох мөнгөн төлбөрөөс хасуулж тооцсон. Хохирогчид учирсан шууд хохирол нь олдсон компьютерийг хасаад 48.614.796 төгрөг гэж шүүх тогтоосон. Шүүхээс шийтгэх тогтоолын 6 дугаар хуудаст дурдахдаа шууд хохирол дээр нэмж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилсны зардал 1.120.000 төгрөгийн шууд бус хохирлыг гаргуулахаар заасан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлын хэмжээг нэмсэн дүнгээр унших боловч шийтгэх тогтоол бичгэн хэлбэрт оруулахдаа шууд бус хохирол болох 1.120.000 төгрөгийг нэмэлгүйгээр гаргасан. Анхан шатны шүүхээс асуухад шийтгэх тогтоол бичихдээ алдаа гарсан. Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах учраас давж заалдах шатны шүүхэд залруулга хийх боломжтой гэсэн. Иймд хохирлын хэмжээг нэмж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутай тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо 48.614.796 төгрөгөөр хохирол учруулсан байхад, шүүхээс 53.244.776 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна гэж тайлбар хэлсэн. 53.244.776 төгрөгийн 16 төрлийн бараа бүтээгдэхүүн дутаасан гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаагаад компьютер хүлээлгэн өгсөн, ломбардад байсан компьютерийн үнийн дүн хасагдаад 48.614.796 төгрөгөөр хохирол учруулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргээ илчлээд компьютерийг өгөөд байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн үзэж байна. Нэг компьютер авч гараад ломбардад тавиад мөнгийг нь авдаг, мөнгөөрөө тоглоом тоглодог гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байдаг. Тэгээд дахиад өрөө дарахын тулд дараагийн компьютерийг авдаг, нэгийг авч нөгөөгийнхөө өрийг дардаг байдал 6 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд үргэлжилсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд өөрөө мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хорих ялыг сольж өгөөч гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагад гомдол ирснээс хойш мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шүүгдэгчээс нэг удаа ч хохирол төлөх тухай асуудал яригдаж байгаагүй, одоог хүртэл хохирол төлсөн баримт байхгүй. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээх саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Албан тушаалын байдлаа ашиглаж гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүх хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн практикт өмнө нь шийдвэрлэсэн хэргийг судалж үзээд прокуророос эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номинтав Трейд” ХХК-ийн “Номин Юнайтед” салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “Номин Юнайтед” дэлгүүрээс 53.244.776 төгрөгийн цахилгаан бараа хувьдаа авч, завшсаны улмаас “Номинтав Трейд” ХХК-д 53.244.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдоржийн “...“Номинтав Трейд” ХХК-ийн салбар “Номин Юнайтед” их дэлгүүрийн электрон барааны тасгаас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн тооллогоор 10 нэр төрлийн 19 ширхэг зөөврийн компьютер, 2 ширхэг процессор, 1 ширхэг дэлгэц, 2 ширхэг принтерийн хор, 1 ширхэг залгуур зэрэг 16 нэр төрлийн буюу 53.257.757 төгрөгийн дутагдал гарсан. Энэ дутагдлыг баримтжуулж борлуулагч Н.Б, Э.Далайбаяр нараар гарын үсэг зуруулах гэхэд татгалзсан...” /хх 111-114, 2 хх 11-12/,

гэрч Э.Далайбаярын “...2020 оны 2 дугаар сарын 13-нд тооллого хийхэд нэлээн хэдэн зөөврийн компьютер дутсан байсан. Өмнөх тооллогоор буюу 2019 оны 12 дугаар сарын тооллогоор асуудалгүй байсан. ...2019 оны 6 дугаар сарын тооллогоор нэг ширхэг “Acer” загварын зөөврийн компьютер дутахаар нь би Боос асуухад мэдэхгүй гэж хэлчихээд орой нь авчираад тавьчихсан байсан. Би тэр үед чи хамаагүй ингэж болохгүй шүү, асуудалд орно, наадах чинь компанийн эд хөрөнгө гэж анхааруулж байсан...” /хх 116-118, 165/,

иргэний нэхэмжлэгч Г.Тэгшээгийн “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр намайг “Баян шуугиур” ломбардад ажиллаж байхад нэг залуу “Asus 15-8” загварын зөөврийн компьютер авч орж ирээд “хэд болох уу, хэдэд авах уу” гэж байсан. Сүүлийн үеийн үзүүлэлт сайтай зөөврийн компьютер болохоор нь 600.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан...” /хх 119-121, 176/,

шүүгдэгч Н.Бын “...2019 оны 6 дугаар сарын үеэр анх зөөврийн компьютерийг ажлаа тарахдаа цүнхэндээ хийж авч яваад Жуковт байрлах ломбардад 600.000 төгрөгөөр тавиад мөнгөөр нь покер тоглоод дуусгасан. Түүний дараа 4-5 зөөврийн компьютерийг авч ломбардад тавьчихаад буцааж аваад ажилдаа оруулсан. Түүний дараа нийт 13 ширхэг НР, Dell, Acer загварын зөөврийн компьютеруудыг ломбардад тавиад мөнгөөр нь покер тоглоод алдсан... ” /хх 138-140/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “...“Номин Юнайтед” салбарын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн дотоод аудитын ажлын тайлан үндэслэлтэй гэж үзэхээр байна. “Номин Юнайтед” их дэлгүүрийн салбарын 2020 оны 2 дугаар сарын 11-ний тооллогоор нийт 53.244.776 төгрөгийн бараа дутагдсан байна. Барааны дутагдлын тооцог хийхдээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооллогоор үлдэгдлийг эхний үлдэгдлээр тооцон 2020 оны 2 дугаар сарын 11-ний тооллого хүртэлх хугацааны орлого зарлагыг хийж тооцлоо. Шинжилгээгээр нийт 53.244.776 төгрөгийн барааны дутагдал гарсан болохыг тогтоосон. ...” 207 дугаартай дүгнэлт /2 хх 19-23/,

эд хариуцагчтай тооллогын тооцоо бодсон комиссын акт /хх 7-54/,

Н.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээний хуулбарууд /хх 64-81/,

барьцаалан зээлдэх газруудын баримтууд /хх 83-95/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 130-132/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 166-170/,

дотоод аудитын ажлын тайлан /хх 185-225/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Быг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс Н.Бод тухайн зүйл заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй ойлголт юм.

Хэрэгт авагдсан “Номинтав Трейд” ХХК болон Н.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн, нууц хадгалах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдийн хуулбар болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Н.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус компанийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдон холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа харилцагч иргэн, аж ахуй нэгжүүдэд өөрт хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, борлуулалтын орлогыг хүлээн авч байгууллагынхаа кассын нярав, нягтлан бодогчид тушаах зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Харин албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг ...өөртөө завшсан тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоогоогүй гэх гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон “Номин Юнайтед” салбарын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн дотоод аудитын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 53.244.776 төгрөгийн бараа дутагдсан талаар дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан өгсөн компьютерийн үнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/765 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

           

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ