Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/MA2016/0354

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0354

Улаанбаатар хот

 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын

8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19

 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл, Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл, Ж.Нэргүй болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлоор, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын 8, 9, 22, 23 дугаар барны оршин суугч нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, Барилгын тухай хууль/2008/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, орчны иргэдийн оролцоо, эрх ашгийг тэгш хангаж, гуравдагч этгээд “Од театр” ХХК-ийг өмчлөлийн барилгаа нурааж шинэ барилга барих эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд “Од театр” ХХК-д олгосон 2015 оны 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болсонд тооцохыг мэдэгджээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл, Ж.Нэргүй нар давж заалдах гомдолдоо: “1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А-500 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Од театр” XXK 3595 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшдэг байх бөгөөд дээрх газарт ногоон байгууламжийн болон “Ард кино театр”-ын газрыг оролцуулан 33 давхар барилга барих хүсэлт гаргасан байдаг. Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын хурлаар ногоон байгууламж дээр барилга барихыг зөвшөөрөөгүй, харин “Ард кино театр”-ын суурийн хэмжээнд багтаан хэтрүүлэхгүйгээр, томруулахгүйгээр 5-33 давхар барилгыг нормын дагуу төлөвлөхөөр архитектор төлөвлөлтийн даалгавар өгчээ. Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Одоо байгаа барилгын суурийн хэмжээгээр барилгыг барина” гэж тайлбарладаг. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын нь 22 дугаар байрны нарны ээвэрлэлтийн байдлыг гаргасан эскиз, зурагтаа нарны тусгалыг хангалттай гэж харуулахын тулд зориудаар бодит байдал дээр байгаа барилгын хэмжээг өөрчилж, “Ард кино театр”-ын уртын хэмжээг баруун талаас нь хасч богиносгон шүүхэд нотлох баримт болгон өгсөн.

Бодит байдал дээр “Ард кино театр” нь 22 дугаар байрнаас баруун тийш 16 м илүү сунаж байрласан байдалтай байдаг. Үүнийг нотлон харуулахын тулд фото зургийг авч шүүхэд баримт болгон өгсөн боловч шүүх анхаарч үнэлэлт өгсөнгүй. Шүүх барилгын хөгжлийн төвөөр дүгнэлт гаргуулахдаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж ирүүлсэн бодит байдалд нийцэхгүй буруу эскиз, зургийг үндэслэснээс шалтгаалж “22 дугаар байранд байгалийн гэрэл тусахааргүй болох гэж байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг шийдвэрийн хянах хэсэгт хийсэн байна. 2 давхар барилгыг нурааж 33 давхар барих гэж байж суурийг томсгоно уу гэхээс багасгана гэж байх уу. “Ард кино театр”-ын суурийн хэмжээгээр томсгохгүй барина гэж тайлбарладаг хирнээ хариуцагч яагаад эскиз зураг дээр суурийг багасгаж байна вэ? /бусад барилгуудтай байгаа харьцааг өөрчилсөн/

2. Ард кино театр болон 22 дугаар байрны хоорондын зай, хэмжээ нь өргөтгөлийг оролцуулахгүйгээр 19.71 м байгаа учир 33 давхар байтугай 5 давхар барилга барих нь орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /31-01-10/ баримт бичгийн 4 дүгээр хавсралтад заасан “Орон сууцны барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай хэмжээ нь 5 давхар барилгын хувьд 21 м байхаар заасныг зөрчиж байна. 22 дугаар байрны оршин суугчид бид барилга барихын эсрэг байгаа биш зөвхөн орон гэртээ нарны тусгалыг үзэж амьдрах хүний үндсэн эрхээ эдлэхийг хүсч байгаа юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүний эрхийг харгалзан үзэж барилга төлөвлөж болохгүй юу. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч гомдол гаргав” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 1-40 мянгатын 8, 9. 22, 23 дугаар байрны 19 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Од кино тетр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч миний бие дараах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1. Гуравдагч этгээд “Од кино театр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ганбат нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн гэжээ.

2017 оны 03 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг өмнөх шүүх хуралдаан хойшлох үед мэдэгдээгүй. Харин явцын дунд мэдэгдэхэд өмнө нь удаа дараа хойшилсон Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ц.Төмөрхуягт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Д.Гэрэлт-Одын өмгөөлөгчөөр оролцох хурал нэгэнт товлогдсон байсан.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл cap шинийн баяр тохиосон үе байсан хэдий ч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймаг руу онгоцоор нисэхээс өмнө шүүх хуралдаан давхацсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн суух, шүүх хурал хойшлуулах хүсэлтээ бичгээр илэрхийлж туслах М.Мөнгөнцэцэгээр хүргүүлснийг шүүх албан ёсоор хүлээн авсан.

Нөгөө талаар shvvh.mn-ээс Говь-Алтай аймгийн эрүүгийн шүүх хуралдааны зарыг харах боломж нээлттэй байсан. Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасан “Хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй” гэх үндэслэл болохгүй байсан. Ийм учраас өмгөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай бичгээр хуулийн дагуу гаргасан хүсэлтийг хангаагүй нь гуравдагч этгээдийн мэтгэлцэх боломжийг үгүйсгэж эрх ашгийг хохироосон, хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

2 Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д “Хот байгуулалт, төлөвлөлтөд дараахь үндсэн зарчим баримтална”, 4.1.3-д “Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” зарчмыг хуульчилсан. Гэтэл хариуцагч нь 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар “Од театр” ХХК-д 33 давхар барилга барих зөвшөөрөл олгохдоо хуулиар хүлээсэн дээрх үүргээ хангалтгүй биелүүлсэн, иргэдийн болон тэдний өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар урьдчилан тооцоогүй буруутай байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд нь “Од театр” ХХК-ийн барилга нь гуравдагч этгээдийн хувийн өмч болохыг, 3595 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тал дээр маргадаггүй.

Нөгөө талаар 9 болон 22 дугаар байрууд нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээгээр одоогийн төлөв байдал нь газар хөдлөлтөд тэсвэргүй 8 болон 9 дүгээр байрууд нь Дэд бүтцийн улсын хяналтын албаны 58 дугаар дүгнэлтээр “...шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээгүй, 9 дүгээр байр нь суултанд орсон” гэж тус тус дүгнэсэн ба уг барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтад орсон дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа барилга гэдэгтээ мөн маргадаггүй.

Барилга байгууламжийг барихад Барилгын хөгжлийн төвөөр ажлын зурагт магадлал хийлгэдэг бөгөөд магадлал хийлгэхийн өмнө геологи техникийн төвд зураг шийдлийн дагуу хөрсний бэхэлгээ яаж хийх талаар дүгнэлт гаргуулдаг. Уг дүгнэлтээр зэргэлдээх барилгуудад хэрхэн нөлөөлөх хэрэв нөлөөлөх бол бэхэлгээг ямар байдлаар хийх зэргийг тусгадаг байхад уг дүгнэлт гаргаагүй ажлын зураг гаргаагүй байхад ирээдүйд эрсдэл бий болох мэтээр шүүх шийдвэр гаргасан нь буруу юм

Ийм байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаар архитектур төлөвлөгөөний даалгавраар баригдахаар төлөвлөгдсөн барилга нь ямар үндэслэлээр зэргэлдээ барилга байгууламжуудын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан болох нь тодорхойгүй байна.

Өнөөдөр Нийслэл хотын A зэрэглэлийн бүсэд баригдчихаад байгаа өндөр өндөр барилгууд нь барилга хоорондын зай хэмжээний стандарт, барилгын норм дүрмийг хангаж барьсан, зэргэлдээх барилга байгууламжуудад ямар ямар эрсдэл аюул бий болгож бусдыг хохироосон тухай ямар ч тохиолдол байхгүй хот өргөжин тэлсээр хөгжиж байгаа нь нийслэлчүүдийн нүдний өмнө ил харагдаж байна. Гуравдагч этгээд болох “Од театр” XXK нь мөн л тэдгээрийн нэгэн адил урагш хөгжиж улс нийгмийн хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах олон түмний урлаг соёл, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх нийгмийн хариуцлагаа ухамсарлаж яваа хамт олон.

1950, 1960 оны үед баригдсан ашиглалтын шаардлага хангахгүй актлагдсан барилгууд нь 2030 он хүртэл баригдах Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдахдаа талбайн хэмжээ нь багасаж олон давхар сууц болохоор төлөвлөгдсөнөөр барилга хоорондын зайн хэмжээ, барилгын норм дүрэмд нийцэх ёстой гэдэг тал дээр шүүх дүгнэж болох байсан.

Гэтэл нэхэмжлэгч нар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нэрийн дор өмгөөлөгч нараараа дамжуулан “Бидэнд хэдэн төгрөг л өгчихвөл нэхэмжлэлээ татаж авна” гэдгээ шууд итгэмжлэгдсэн төлөөлөгч надад нэг бус удаа илэрхийлж байсан. Энэ саналыг бид хүлээж аваагүй. Захиргааны хэргийн шүүхийг бусдын хууль бус шахалт шаардлагыг хангадаг байгууллага гэж бид үзэхгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолд “...орон сууцны хороолол дунд барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд иргэн хуулийн этгээдээс санал авна” гэж заасан болохоос өмнө нь баригдсан байгаа барилгаа буулгаж өөрийн хууль ёсоор эзэмшиж байгаа газраа шинээр барилгажуулахад иргэд, хуулийн этгээдээс санал авна гэсэн зохицуулалт байхгүй тул өмгөөлөгч миний бие өмнөх шүүх хуралдаан дээр хууль зөрчиж санал авсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтээ албан ёсоор гаргасан.

Мөн Газар барилагажилтын зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар хурлаар тухайн барилга барих асуудлыг дэмжиж 297 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдахад зөвлөлийн гишүүд иргэдээс санал авсан асуудлыг хууль бус болсон талаар хэлэлцсэн байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх шинжлэн үзээд:

“Ард кино театр”-ын зүүн урд хэсэгт төв зам руу орох уулзварт Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.31-д заасан “хорооллын төгсгөл” гэсэн тэмдгээр “Од кино театр” ХХК-ийн хуучин барилгаа буулгаад шинээр барилгажих талбайг орон сууцны дундах барилгажаагүй талбай мөн гэж тооцож Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан тэмдэг тэмдэглэлээр барилга хот байгуулалт төлөвлөлтийн дүрэм журамтай хольж хутгаж байгаа нь хуульд нийцээгүй.

2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдахаар төлөвлөгдсөн барилга нь эзэмшил газар болон барилгажих талбайн харьцааны хувьд хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангаж байгааг.

Мөн төлөвлөгдөж байгаа барилга нь “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНбД23-04-07/” баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа нь Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/48 тоот албан бичгийн хавсралт тайлбарт “...барилгын норматив баримт бичгийг зөрчихгүй байна” гэж бичигдсэнээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 22 дугаар байрны тэнд байгалийн гэрэл тусахааргүй болох гэж байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын газрын болон нар ээвэрлэлтийн талаарх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байгааг.

Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийг “Ард кино театр”-ыг хууль бусаар өмчилж авсан хөрөнгийг зориулалтын бусаар үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэх маргаан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг тус тус хуулийн дагуу тогтоосон.

Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг ноцтой зөрчиж, ямар хэмжээний хохирол учруулчихаад байгаа нь нотлогдож тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын Нийслэл дэх Захиргааны хэргийн 154 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэр бүхий 19 иргэдээс “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн  үндэслэлээ “Тухайн баригдах барилга нь төлөвлөгөөнд тусгагдаагүй, уг барилга баригдсанаар 8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг мөрдөөгүй, оршин суугчдаас дэмжсэн санал өгөөгүй байхад архитектор төлөвлөлтийн даалгавар олгосон, нарны тусгал, барилга хоорондын зай нь  Барилгын тухай хууль болон холбогдох норм, дүрмийг зөрчсөн гэж маргажээ.

Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдахаар төлөвлөгдсөн барилга нь эзэмшил газар болон барилгажих талбайн харьцааны хувьд хууль тогтоомжоор тогтоосон шаардлага хангаж байх бөгөөд төлөвлөгдсөн барилгын суурь нь одоо байгаа “Ард кино театр”-ын барилгын сууриас хэтрээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/96 дугаар албан бичиг, түүний хавсралт зургаар, мөн төлөвлөгдөж буй барилга нь “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбД23-04-07/ баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа нь Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/48 тоот албан бичгийн хавсралт тайлбараар тус тус тогтоогдож байна.

Энэ талаар анхан шатны шүүх “... төлөвлөгдөж буй барилга нь Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж/БНбД23-04-07/ баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа нь Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/48 тоот албан бичгийн хавсралт тайлбарт “...барилгын норматив баримт бичгийг зөрчихгүй байна” гэж бичигдсэнээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 22 дугаар байрны тэнд байгалийн гэрэл тусахааргүй болох гэж байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй” гэж зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч талаас “... шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч гомдол гаргав” гэсэн байгаа боловч шийдвэрийн Тогтоох хэсгийн аль заалтыг нь зөвшөөрөхгүй байгаа болох, ямар өөрчлөлт оруулахыг хүсч байгаа нь тодорхойгүй байна.  Түүнчлэн нарны ээвэрлэлтийн талаар гаргасан дүгнэлт, түүнд хавсарган ирүүлсэн зургаас үзэхэд баригдахаар төлөвлөж буй барилгыг бүхлээр оруулж дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл нарны ээвэрлэлтийг хангалттай гэж харуулахын тулд тухайн барилгын хэмжээнээс хассан гэх байдал тогтоогдсонгүй.

Талууд одоо байгаа “Ард кино театр”-ын суурин дээр барилга барина гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь бүх суурийг бүтэн хамруулж барих тухай ойлголт биш байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар №297 гэсэн баримтаас үзэхэд баригдах барилга нь 1050 м.кв талбайтай /17м х 25м+25м х 25м = 1050 мкв/ байна. Хэрэгт авагдсан “Барилгажих талбайн схем зураг” гэсэн баримтад мөн адил 1050 м.кв гэж хэмжээг зөрүүгүй заасан байх бөгөөд талууд маргаагүй. Барилгажих талбайн схем зургаас /1 дүгээр хавтас 29 дүгээр хуудас/ үзэхэд төлөвлөж байгаа барилга нь одоо байгаа “Ард кино театр”-ын барилгын суурь дээр баригдаж байгаа боловч бүрэн хамраагүй, өөрөөр хэлбэл ертөнцийн зүгээр баруун талаасаа татагдаж /багасаж/ баригдахаар байна. Иймд нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаачлан “нарны ээвэрлэлтийг хангалттай гэж үзүүлэхийн тулд барилгын хэмжээг багасгасан” гэж дүгнэх боломжгүй.

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” 183 дугаар тушаалын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь хот төлөвлөлтийн талаархи мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, сурталчлах, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төслийг олон нийтэд танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах, санал авах, оновчтой саналыг төсөлд тусгуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино” гэж журмын зорилго, хамрах хүрээг заажээ. Үүнээс үзвэл олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, шийдвэр гаргах эрх нь тухайн шатны Засаг даргад хамаарахаар байна.

Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой төлөвлөсөн” байхыг заасан бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх” журам болон энэ хууль нь хот тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааралтай, олон нийтийн оновчтой саналыг тусгахаар зохицуулсан журам байх бөгөөд оршин суугчдын саналыг авна гэсэн ойлголт биш юм.

Үүнээс үзвэл, оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй нь хариуцагчаас “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг олгохоос татгалзах болон шүүхээс энэ үндэслэлээр тухайн актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн “Хэдийгээр гуравдагч этгээдийн хувьд өөрийн өмчлөлийн барилгаа нураах эсэх нь түүний эрхийн асуудал боловч хуучин барилгыг нураагаад дахин шинэ барилга барих тохиолдолд энэ нь барилгажаагүй талбайд тооцогдоно...”, “... хариуцагч байгууллага нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д “Санал авах тохиолдолд дараах байдлаар авна”, 4.3.1-д заасан “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс”, 4.3.1.5-д “16 давхар барилгад 45 метр” гэж заасныг баримтлах шаардлагатай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь санал авах ажиллагаа нь тухайн журамд зааснаар “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд” хамаарахаар байна. Гэтэл тухайн газар нь барилга бүхий талбай болох нь тогтоогдож байна. Түүнчлэн дан ганц “Ард кино театр”-ын зүүн урд хэсэгт төв замруу орох уулзварт “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн “Тав”-ын 5.31-д заасан “Хорооллын төгсгөл” тэмдгийг байрлуулсан үйл баримтаар тухайн газрыг орон сууцны хороолол дундах талбай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Барилга барихтай холбоотой үүссэн энэхүү маргааны тухайд маргаан бүхий акт нь чухамхүү орон сууц өмчлөгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчиж байгаа эсэх талаас нь дүгнэлт хийх ёстой.  Хэдийгээр тухайн иргэд уг хороонд оршин суудаг гэх боловч тухайн орон сууцаа өмчлөн авсан, өмчлөгч иргэд мөн эсэх талаас нь шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120  дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.         

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР