Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00681

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/00681

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-13-64 тоотод оршин суух Тангууд овогт Мөнхөөгийн Мөнхбаяр /регистрийн дугаар ШД72110713/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мөнхбаяр нь 1991 оноос хойш Цагдаагийн байгууллагад жирийн цагдаагаас Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын албан тушаал хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд Орхон аймгийн Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 25-нд Цагдаагийн ерөнхий газарт албан ажлын зайлшгүй шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг баримтлан шилжүүлэн ажиллуулах 1/1279 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Б/41 тоот тушаалаар тус Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдсон.

Ажиллаж байх хугацаандаа ажпын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэж, идэвхи санаачлагатай ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Б/41 тоот Албан тушаал бууруулах тухай" тушаалаар М.Мөнхбаярыг Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Архивийн тасгийн даргаар томилсон. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, анхан шатны шүүх болон Улсын дээд шүүхээс нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Ингээд М.Мөнхбаярыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын Б/11 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан боловч өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа хүлээж аваагүй байна. М.Мөнхбаяр нь Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа 1 636 590 төгрөгийн цалин авдаг байсан. Харин 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 103 702 төгрөгийн үндсэн цалин авч байна. Дээрх албан тушаалын зэрэглэлийн цалингийн зөрүү нэг сард 532 888 төгрөг байдаг.

Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг хариуцагч болох Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж М.Мөнхбаярт олгож өгнө үү?

Шүүх хуралдаан болох өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа болно гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан М.Мөнхбаярын нэхэмжлэлтэй танилцаад тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь албан тушаалын цалингийн зөрүү болох нэг сард 532,888 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар ТЗ-9 зэрэглэлийн 5-р шатлал буюу 864,221 төгрөгийн үндсэн цалин авдаг байсан бөгөөд цалингийн зөрүүг 532,288 гэж тогтоосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд,

Нэхэмжлэгч М.Мөнхбаяр шүүх хуралдаан дээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацааны цалингийн зөрүүг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

М.Мөнхбаяр нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар албан тушаалыг нь бууруулж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргаар томилсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх М.Мөнхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянаад 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 дугаартай албан тушаал бууруулах тушаалыг хүчингүй болгож, М.Мөнхбаярыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь өмнө өөрийн эрхэлж байсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлаа эрхлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг зөвшөөрөөгүй бөгөөд, хариуцагч нь тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

М.Мөнхбаярын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, өөрөөр хэлбэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажил албан тушаалаа эрхлээгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байх тул М.Мөнхбаярт өмнө ажиллаж байсан ажил албан тушаал болон одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн зөрүүг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 06 дугаартай шийдвэртээ 532 288 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны ТЗ-9 зэрэглэлийн 5-р шатлалд, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн даргын албан тушаал нь ТЗ-7 зэрэглэлийн 5-р шатлалд хамаарагддаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор ТЗ-9 зэрэглэлийн 5-р шатлалын цалингийн хэмжээ 1,008,016 төгрөг, ТЗ-7 зэрэглэлийн 5-р шатлалын цалингийн хэмжээ 855,978 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Энэ дүнгээс нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг тооцож үзвэл төрийн алба хаасны нэмэгдэл 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл, 24 хувь, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нэмэгдэл 40 хувь, нийт 897,133 төгрөгийн нэмэгдэл авдаг байсан байна. Тиймээс нэг сарын цалингийн зөрүүг 629,742 төгрөг гэж тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд тооцон 3,034,200 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч Орхон аймгийн засаг даргын Тамгын газраас М.Мөнхбаярт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,034,200 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 63,497 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас М.Мөнхбаярт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,034,200 төгрөг гаргуулан олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 63,497 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН