2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        01         08                                   2025/ШЦТ/113

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч С.Б,

шүүгдэгч Б.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбат,

нарийн бичгийн даргаар Б.Саранзаяа нарыг оролцуулан эрүүгийн 240300718878 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б.А

Монгол улсын иргэн, халх, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо арслантай гүүрний баруун замд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ......” загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан скуйтертэй гарч явсан хохирогч С.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрний баруун замд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “......... загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан скуйтертэй гарч явсан хохирогч С.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг,

- хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 31-ны өдөр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй арслантай гүүрний зүүн талын явган хүний гарцаар скуйтерт унаж гарсан. Гарах үед машинд дайруулсан. Тухайн үед яаж дайруулснаа санахгүй байгаа. Яг дайрахад аяга хөмөрсөн юм үүсээд ухаан балартуулсан байсан байх..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11629 дугаартай "...С.Бын биед зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3- ийн зөрүүтэй далд хугарал, тархины баруун зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулай, зүүн чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, шулуун синус, баруун сильевийн ховилын аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, баруун чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэн, баруун зулайн хуйх, зүүн тохой, шилбэнд цус хуралт, дух, зүүн хөмсөг, баруун зулай, баруун шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/,

- Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн №1140810941 дугаартай “............. маркийн .............. улсын дугаартай автомашин нь урд салхины шил бяцарч хагарсан, копут хонхойсон, баруун урд их гэрэл сууринаасаа мултарсан, хойд талын оврын хоёр гэрэл, дугаарын гэрлүүд асахгүй. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200сб, хол дээрээ 5000сс1. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1200сф хол дээрээ 6200сб, (стандарт 10000-225000сс1) стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-66 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжпэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо арслантай гүүрний баруун замд 2024 оны “.........” маркийн ............ улсын дугаартай автомашины жолооч нь цахилгаан скуйтертэй зорчигч С.Б -г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Б эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,620,360 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Агаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

- Жижүүрийн шуурхай дуудлагын 102 дугаарын утсанд ирсэн “............. улсын дугаартай автомашины жолооч хүүхэд мөргөсөн...” гэх дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт “...уг зам нь суурингийн дотор, асфальтан замтай, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай байв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/,

- Жолоочийн согтуурлыг шалгасан “...жолооч Б.А нь 0.00 хувь байв...” гэх баримт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

- Тэнцвэр эстимейт үнэлгээ ХХК-ийн гаргасан 78 дугаартай “...нийт хохирлын дүн 260,000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 79-82 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1657 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөнд оролцохдоо осол аваар гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан скуйтертэй гарч явсан зорчигчийг мөргөж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.         

Тиймээс Б.А нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрний баруун замд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “............” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн "1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө..." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар цахилгаан скуйтертэй гарч явсан зорчигч хохирогч С.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг зарим хэсгийг төлж барагдуулсан, тус гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 нэг жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэж, өөрийнх нь санал, хохирол төлөх боломжит хугацаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдав.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч С.Бын эмчилгээний зардалд зарцуулсан 1.620.360 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Агаас 1.620.360 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгчийн орлого олох боломжыг харгалзан 6 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч С.Бын эмчилгээний зардалд 429.000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон ба шүүгдэгч Б.Агаас нийт 429.000 төгрөгийг гаргуулан, хохирогч С.Бад олгож, 1 сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           

Хохирогч С.Бын зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*22=14.520.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 14.520.000 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 14.520.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Б.Агийн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч С.Бад 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б.Аг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

  2. Эрүүгийн Б.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Аг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас нийт 429.000 /дөрвөн зуун хорин есөн мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч С.Б -д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 1.620.360 /нэг сая зургаан зуун хорин мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агас нийт 14.520.000 /арван дөрвөн сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч С.Б -д олгож,  6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 10. Хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

           13. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ