| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0230/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Иргэдийн төлөөлөгч Н.Ганчимэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 2438000000108 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Х-г модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438000000108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Х-г модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын өгсөн: Би маш их гомдолтой байна. Оршуулах ёслолын мөнгө гэж хэлтэй амтай 8,000,000 төгрөг 2 хувааж өгсөн. Би охиныхоо хүчинд амьдарч явдаг. Охиноосоо хойш хэцүүдэж явна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ын: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...орой 17 цагийн үед очиход манай талийгч охин болон зээ хоёр байхгүй байсан. Тэгээд би гэртээ хоол унд хийж байх үед М.О-нь над руу орой залгасан. Тэгээд “танай охин амьд үгүй нь мэдэгдэхгүй байна” гэж хэлэхээр нь ухаангүй шууд гэрээсээ гараад М.О-ийн гэрт ирээд гэрт нь шууд яваад орсон чинь манай зээ охин байсан, ээж нь байхгүй байсан. Тэгээд М.О-э, З- хоёр тэнд байсан, тэгээд бид гурав цуг З-гийн гэрт очих үед гэрэл байхгүй харанхуй байсан. Тэгэхээр нь би М.О-этэй цуг эмнэлэг рүү гүйгээд ээлжийн сувилагчид хэлээд З-гийн гэрт ирэх үед эмнэлгийн машин эмч ирсэн. Тэгээд эмч үзээд нас барсан байна гэж надад хэлсэн. Удалгүй цагдаа ирээд З-гийн гэрийг нь цоожлоод бид нарыг М.О-ийн гэрт хүргэж ирсэн. Тэгээд бид нар М.О-ийн гэрт өглөө болтол байсан. Тухайн үед би цаг харах боломжгүй байсан сандраад шууд гэрээсээ гарсан. ...Х.Б-нь хөдөө байдаг манай охин сумын төвд байсан. Х.Б-нь хөдөө төв хоёрын хооронд ирж очин байдаг байсан. Урд өмнө нь төрөхөөс нь өмнө согтуу ирж зодож байсан. Тухайн үйл явдал 2023 оны 10 дугаар сард болж байсан. Ер нь бол Х.Б-нь манай талийгч охиныг зодож цохиж дарамталж байсан, байнга согтуу ирж бид нарыг дээрэлхэж байдаг байсан. Утасны цаанаас согтуу манай талийгч охиныг “чамайг ална, чи зайл, миний хүүхдийг надад өг” гэх мэтээр хэлж ярьдаг байсан. Тухайн өдөр гэртээ байж байгаад гэрээсээ гараад орой гэрт ирэх үед л гэртээ байхгүй байсан тэгээд би ч залгаагүй надтай ерөөсөө холбоо бариагүй. Би маш их гомдолтой байна. ...2022 онд Чандмань-Өндөр суманд байхдаа Х.Б- гэдэг хүнтэй танилцаж байсан. Тэгээд улмаар жирэмсэн болж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай талийгч охин төрж охинтой болсон. ...Хоорондоо эхлээд бол их эвтэй байсан. 2023 оны 06 дугаар сараас хойш манай талийгч охин болох Э.Х- Х.Б- нар нь хоорондоо таарамжгүй харилцаатай болсон. Маргалдах болсон шалтгаан нь Х.Б-нь архи их уудаг болсон байсан. Тэгээд манай гэрт шөнө орой согтуу ирдэг, тэрэнд нь манай охин их дургүй, тэрнээс болж хоорондоо хэрэлдэж маргалдах болсон. Тэрнээс бол манай охин Х.Б-т чиний хүүхэд биш гэж миний хажууд лав хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34, 36 тал),
Гэрч М.О-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 05-ны орой манай үеэл дүү болох Э.Х- нь манай гэрт орой 20 цагийн үед байх аа хүүхдээ тэвэрчихсэн орж ирсэн. Манай гэрт талийгч Э.Х- нь удаагүй 20 минут орчим л болсон. Тэгээд гэрээс гараад явсан. Тэгээд намайг гэрт унтаж байхад шөнө 02 цагийн үед манай гэрийн урд талд байдаг З- нь талийгч Э.Х-гийн хүүхдийг тэвэрчихсэн орж ирсэн. Тэгээд би З-гаас З- хаана байгаа талаар асуухад ээж нь манай гэрт унтаж байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “би яахаараа танай гэрт унтаж байдаг юм” гээд хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд З-тай цуг гэрт нь очсон чинь байшин нь харанхуй гэрэл байхгүй байсан. Тэгээд би утасны гэрлээ тусгаад харсан чинь З-гийн байшингийн шалаар нь нэг цус болсон цаана нь нэг хэвтэж байсан. Тэгэхээр нь би шууд талийгч ХишигЗ-гийн ээж болох Д.Л- эгч рүү залгаад энд ийм зүйл болсон талаар хэлээд байж байсан чинь удалгүй Д.Л- эгч ирээд бид хоёр шууд эмнэлэг рүү гүйгээд түргэн дуудаад буцаад З-гийн гэрт ирэх үед түргэн ирсэн байсан. Тэгэхээр нь би айгаад шууд гэртээ очсон. Тэгээд миний араас З- нь манай гэрт орж ирсэн. Тэгээд Д.Л- эгч орж ирсэн. ...З- манай гэрт 02 цагийн болж байхад ирсэн. З- нэлээн согтуу байсан би юу болсон талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 тал),
Гэрч Х.З-гийн өгсөн: “...Намайг гэртээ өдөр хүүхэдтэйгээ байж байсан чинь 15 цагийн үед манай гэрт Х.Б-нь гаднаас согтуу нэг тал Сэрүүн нэртэй пиво авч орж ирсэн. Тэгээд тэр авч ирсэн пивыг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд Х.Б-дахин дэлгүүр рүү яваад ахиад 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво авч ирсэн. Тэгээд авч ирснийг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд ахиад дэлгүүр рүү Х.Б-нь яваад 1 том Сэрүүн нэртэй пиво болон нэг ундаа авч ирсэн. Тэгээд авч ирсэн пивыг нь бид хоёр хувааж ууж байгаад би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь З- нь манай гэрт ирчихсэн Х.Б-тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь намайг Х.Б-нь түлхээд намайг газар унагаасан. Тэгээд З- руу Х.Б-нь дайраад “би чамд түлээ буулгаж өгсөн биз дээ” гээд орилоод бас “хөрөөдөх мөнгийг нь хүртэл өгсөн биз дээ” гээд Х.Б-нь талийгч З- руу дайраад байсан. Тэгээд Х.Б-нь нүүр гар угаадаг том жижиг хоёр сандал байдаг тэрний нэгийг нь аваад З-г толгой хэсэг рүү цохиод Х.Б-нь уурлаад амандаа юм хэлээд цохиод байх шиг байсан. Тэгээд би айгаад хоёр жоохон хүүхдээ аваад гэрээс нь гараад шууд М.О-ийн гэрт нь очсон. Тэгээд би М.О-ийн гэрт очоод хоёр хүүхдээ үлдээгээд М.О-этэй цуг буцаад манай гэр рүү явсан. Манай гэрт ирсэн чинь Х.Б-нь байхгүй, манай гэрт байсан шар өнгийн модон сандал хэдэн хэсэг болчихсон, З- нь зуухны хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан, манай гэрийн шалаар цус урсаж байсан. Тэгээд М.О-өөрийнхөө утсаар Х-гийн ээжид нь энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-45 тал),
Гэрч Х.З-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17-19 тал),
Гэрч Д.Б-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 02 цаг 36 минутын үед манай ээлжийн сувилагч болох М.Х- нь өөрийнхөө .... дугаараас миний утас руу залгаад “ХишигЗ-гийн ээж эмнэлэг дээр ирсэн, Х-гэдэг хүний толгойноос нь цус гараад байна” гэж надад хэлсэн. Тэгээд би босоод нөхрийнхөө хамт эмнэлэг дээр ирээд түргэн тусламжийн хэрэгсэл болох багаж хэрэгслээ аваад Х-гийн өөрийнх нь амьдардаг гэрт нь яваад очсон чинь гэр нь онгорхой байсан. Тэгээд би амь хохирогч болох Х-гийн дугаарыг эх баригч эмч болох Ц.Далайжаргалаас дугаарыг нь мэдэж байж магадгүй гэж бодоод залгасан чинь надад Оюухайгаас /М.О-э/ дуудлага ирсэн гэж надад хэлэхээр нь би М.О-рүү залгасан чинь утсаа аваад “З-гийн гэрт байна” гэж хэлэхээр нь би ирсэн чинь М.О-ийн гэрээс талийгч ХишигЗ-гийн ээж болон З- нар нь гүйж ирээд би З-гийн гэрт орж үзэхэд харанхуй байдалтай байсан болохоор би өөрийнхөө утасны гэрлээ тусгаад харсан чинь байшингийн голд зуухны ар хэсэгт нэг эмэгтэй хүн доошоо харсан байдалтай байхаар нь би эргүүлээд тухайн хүний амин үзүүлэлтийг нь үзэхэд зүрх зогссон байдалтай байсан. Тэгээд би нас барсан байна гэж ар гэрт нь хэлсэн. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч рүү залгаж дуудлага өгсөн. Тухайн үед амь хохирогч доошоо харсан байдалтай цус гарсан байдалтай, бие нь хөшөөгүй, хүүрийн толбо бол үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 тал),
Гэрч С.Х-н өгсөн: “...Х-, Х.Б-нар нь 2023 онд анх танилцаж байсан байхаа, бүр бол болоогүй дундаасаа 2023 оны 11 дүгээр сард охин нь төрж байсан. ...Х-тай уулзаад сэтгэл санаагаар унасан үедээ л архи уудаг юм шиг байсан тэрнээс бол хааяа л найз нөхөдтэйгөө архи дарс уусан л байдаг. Архи уусан үедээ бол сүүлийн үед Х-нь “миний хүүхэд биш байна” гэж хэлсэн гээд уйлаад хашхираад байдаг болсон. Тэрнээс биш өөрөөр муухай зан байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57 тал),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай: “Амь хохирогчийн цогцост гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нэгэн цаг хугацаанд мохоо гадаргуутай зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна. Э.Х-гийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Э.Х- нь шүүх эмнэлгийн гадна үзлэг хийхээс ойролцоогоор 18 цагийн өмнө нас баржээ. Амь хохирогч Э.Х- нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Амь хохирогч Э.Х- нь гавал, тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 67-71 тал),
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай: “...Х.Б- нь бие хүний болон сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох боломжгүй. Х.Б- хэрэг хариуцах чадвартай. Х.Б- сэтгэцийн өвчингүй. Х.Б- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Х.Б- нь сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгаагүй” гэх дүгнэлт (хх-ийн 127-128 дугаар тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-14 тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 72 тал),
Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 109 тал),
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16 тал),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-22 тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25 тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8 тал),
Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би дэлгүүрээс 3 ширхэг Сэрүүн нэртэй 2.5 литрийн хэмжээтэй пиво авсан. Тэр авсан пивоо З- гэдэг нэртэй манай сумын эмэгтэйн гэрт нь очиж З-тай цуг хувааж уусан. Тэр авсан байсан пивоо дуусаад би ахиад дэлгүүр орж 2 том 2,5 литрийн хэмжээтэй пиво болон нэг шил архи авсан. Тэгээд би тэр архи пивоо ууж байгаад муудсан байсан. Би өөрийнхөө авсан архийг ганцаараа ууж байх үед талийгаач Э.Х- нь З-гийн гэрт охинтойгоо ирсэн. Би тэр архийг Э.Х- ирэх үед нь бараг дуусгаж байсан. Тэгээд Э.Х- бид хоёр хүүхдээс болж маргалдсан. Э.Х- нь манай охиныг миний хүүхэд биш гээд маргаж эхэлсэн. Тэгээд би нэлээд муудсан байсан. Тэгээд би З-гийн гэрт байсан модон намхан сандлаар толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Харин З- болон гэрийн эзэн нь намайг хаалгаараа хөөж гаргаад буцааж гэртээ оруулаагүй. Тэгээд би шууд өөрийн гэр рүү яваад өгсөн. Тэгээд намайг гэрт унтаж байх үед цагдаа ирж намайг гэрээс авч явсан. ...миний охиныг миний хүүхэд биш гэж олон удаа хэлж ярьдаг байсан тэрнээс болж л би цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 94-96 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн будагтай модон сандлын 8 ширхэг хэсэг, “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пивны сав 4 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг зэргийг шинжлэн судалснаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Г гаргасан дүгнэлтдээ: “...Х.Б- нь хүний амь хохироож ноцтой хэрэг гаргаж байгаа нь хууль журмын дагуу зохих шийтгэл авч хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна... “ гэжээ.
Улсын яллагчаас: “...Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Х-г модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна....” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын мэдүүлэг (хх-ийн 33-34, 36 тал), гэрч М.О-ийн мэдүүлэг (хх-ийн 50-51 тал), гэрч Х.З-гийн мэдүүлэг (хх-ийн 43-45 тал), гэрч Х.З-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17-19 тал), гэрч Д.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 39-40 тал), гэрч С.Х-н мэдүүлэг (хх-ийн 56-57 тал), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 67-71 тал), Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт (хх-ийн 127-128 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-14 тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 72 тал), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16 тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-22 тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25 тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8 тал), шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 94-96) тал болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандлыг бутарсан хэсгүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Х-г модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаач Э.Х-гийн цогцост тогтоогдсон гавал, тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан нь шүүгдэгч Х.Б-ын сандлаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.Б- нь талийгаач Э.Х-гийн толгой руу сандлаар цохиход үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай, уур бухимдлаа тэвчиж чадалгүй хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон, бие махбодид гэмтэл учруулсан нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Х.Б-ын хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэл нь гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Шүүгдэгч Х.Б-, амь хохирогч Э.Х- нар нь 2022 оноос хойш хамтын амьдралтай, тэдний дундаас 2023 оны 11 дүгээр сарын 10-нд охин Х.Э төрсөн талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ын мэдүүлэг, охин Х.Э-г төрсний бүртгэлд бүртгэсэн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Х.Б- нь амь хохирогч Э.Х-г сандлаар цохисон дээрх үйл баримт тодорхой хугацаанд үргэлжилсэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас Э.Х-гийн амь хохирч, хүнд хохирол, хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд “...их гомдолтой байна” гэжээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед оршуулгын зардалд 8,408,138,5 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар Хөвсгөл касс гэх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22,500 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл касс гэх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 151,900 төгрөгийн Е-баримт, Минж од ШТС-ын 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шатахууны үнэ 73,700 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл касс гэх 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 150,000 төгрөгийн Е-баримт, “Бүтэн-Оргил” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн барааны үнэ 8,000,000 төгрөгийн зарлагын баримт, Голомт банкны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38,500 төгрөгийн баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүгдэгч Х.Б- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 176-177 тал) авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- нь оршуулгын зардал төлөгдсөн, замын зардал болон Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын дундаж наслалтаар тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчилжээ.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалтыг 2024 оны байдлаар тооцоолж гаргахдаа эмэгтэй хүний дундаж наслалтыг 74 нас гэж тооцоолсон бөгөөд амь хохирогч нас барах үедээ 28 настай байсан нь тогтоогдож байна. Уг насны зөрүү 46 нас байх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан байна.
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2023 онд Хөвсгөл аймагт эмэгтэй хүний дундаж наслалт 74 насаар тооцсон байх тул амь хохирогч Э.Х- 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 28 настай байсан, дундаж наслалтын зөрүү 46 насыг 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 151,800,000 төгрөг болж байх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар шүүгдэгч Х.Б-аас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д олгох нь зүйтэй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- нь оршуулгын зардлын нэхэмжлэлийн шаардлагаас 408,138,5 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжлэхгүй гэж байх тул амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг шүүгдэгч нь төлсөн гэж үзлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-ыг “Хүнийг алах“ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 327 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох саналтай...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Х.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж, хохиролд 8,000,000 төгрөг өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Х.Б-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 97-98, 172, 178 талд авагдсан ... зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Х.Б-ын хувийн байдлын хувьд талийгаач Э.Х-тай хамтран амьдарч байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Х.Б-т 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн 2438000000108 дугаартай хэрэгт шүүгдэгч Х.Б- нь 329 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн будагтай модон сандлын 8 ширхэг хэсэг, “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пивны сав 4 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2438000000108 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хөвсгөл аймгийн ... сумын Засаг дарга Л.Э-н 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай “2023 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн Х.Э-н асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ыг тогтоосон” захирамж хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 329 (гурван зуун хорин ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт шүүгдэгч Х.Б-аас 151,800,000 (нэг зуун тавин нэгэн сая найман зуу мянга) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д 8,000,000 (найман сая) төгрөг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л- нь замын зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн 2438000000108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн будагтай модон сандлын 8 ширхэг хэсэг, “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пивны сав 4 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
А.ДӨЛГӨӨН