2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

 

         

 

 

 

 

 

 

 

   2025         01          13                                   2025/ШЦТ/152

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Н.Ц,

нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 24110211111667 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                           

  Шүүгдэгч: Б овгийн Н.Ц      

  Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, ээж, ахын хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь бусадтай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр цэцэрлэгийн урд Н.Мыг зодсоны улмаас түүний биед хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ц нь бусадтай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр цэцэрлэгийн урд Н.Мыг зодсоны улмаас түүний биед хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- хнохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр "Outlaw"-ын тоглолтыг Э, Д, Б нартай хамт үзсэн. Би тоглолт эхэлсний дараа 20 цагийн үед очсон бөгөөд найзуудтайгаа тоглолтын дараа 00 цаг өнгөрч байх үед Хүүхдийн парк дээр уулзаад, юм идье гээд Улсын их дэлгүүрийн хажуугийн Шөлөндөө хоолны газарт орж хоол идэцгээсэн. Хоолноос гараад, Талбай дээрээс таръя гэж яриад, Мөнгөнзавьяагийн хажуугаар хойшоо явж, байран дундуур товчлоод Ардын эрх чиглэлд явъя гээд алхацгаасан. Тэгээд явж байгаад байрны булан эргэсэн чинь өөдөөс 6-7 үл таних залуучууд гараад ирсэн. Тэр залуучууд согтуу байсан бөгөөд Хэн юм та нар? Юу гээд байгаа юм?" гээд бид нар руу дайраад байсан. Тэгэхээр нь "... Бид нар энүүгээр хойшоо явах гэж байна. Та нар хүн андуураад байна" гэсэн чинь бид нарыг зодох гээд учир зүггүй дайраад байсан. Тэгэхэд Д дундуур ороод "Та нар хүн андуураад байна. Бид нар цаашаа явлаа" гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг залуу нь Д түлхээд байсан. Тэгэхээр нь бид нар Д өмөөрсөн чинь өөдөөс учир зүггүй бөөндөө цохиод ороод ирсэн. Тэгээд тэр залуучуудтай харилцан зодолдож эхэлсэн. Тэгэхэд нэг залуу нь миний хамар руу 3 удаа толгойгоороо мөргөөд цус гарчихсан. Тэгэхээр нь би “.. Хамар хугарчихлаа, хөөе, боль" гэсэн чинь хажуугаас бас нэг залуу нь миний толгойны баруун чихний дээд хэсэгт цохиод байсан. Тэгээд би зугтах гээд гүйсэн чинь ардаас цамцнаас зуураад байсан. Тэгж байгаад цагаан өнгийн граширхуу барилгын хажууд намайг бөөнөөрөө газар унагаад дээрээс бөөнөөрөө нийлээд толгой, цээж, нүүр рүү өшиглөөд байсан. Тэгээд би зодуулаад байж байхад Э мод байсан уу, юу байсан, нэг юм бариад тэр залуучуудыг айлгаж холдуулаад, намайг босгоод, цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд би босож чадахгүй байсан. Би тэр өдөр эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугараад, цөмөрсөн байна гэсэн. Толгойн дагз хэсгээр үе үе бадайрч, хатгуулж өвдөөд байгаа. Баруун хавирга хэсгээр хатгуулж өвдөж байгаа. Дух, нүүр хэсгээр шалбарсан байсан. Зүүн гуяны булчин татагдаж өвдөөд, байнга кульказ орсон юм шиг байгаад байгаа. Би тэр хүмүүсийг одоо харвал гадарлана. Яг сайн танина гэж хэлж чадахгүй байна. Тухайн үед гадаа харанхуй байсан. Тэдгээр залуучууд 17-19 орчим насны жоохон хүүхдүүд шиг л харагдсан. Нэг нь саарал өнгийн биеийн тамирын хослолтой, 165-170 см орчим өндөртэй, том толгойтой, халимаг богино үстэй залуу байсан. Бусад залуучуудыг нь тодорхой санахгүй байна. Саарал өнгийн биеийн тамирын хослолтой залуу нь миний хамрыг мөргөж хугалсан залуу. Харин бүгдээрээ нийлж дээрээс өшиглөснөөс толгой, хавирга, хөлний гэмтэл учирсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

- гэрч У.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Outlaw” тоглолтыг найз охин Д, найз Б нарын хамт үзээд, тоглолт дуусаад 01 цаг болж байхад найз болох Мтай Парк дээр уулзаад, УИД - ийн хажууд Шөлөндөөд хоол идсэн, Тэндээсээ 02 цагийн үед гараад 4-үүлээ харих гээд алхсан. Тэгээд Шелөндөөгөөс хойшоо байран дундуур алхаад Сүхбаатарын талбайн хажуугаас такси барих гээд явж байхад Мандухай нэртэй зочид буудлын эсрэг талд байрны буланд 6 орчим залуучууд зогсож байсан. Тэгсэн чинь тэр залуучууд бид нарт "Яагаад байгаа юм? Яагаад чанга инээлдээд байгаа юм" гэсэн утгатай зүйл яриад буржгар үстэй залуу нь Дг нэлээн хүчтэй түлхсэн. Тэгэхээр нь би өмөөрөөд тэр залуутай барьцалдаад авсан чинь тэр залуу миний нүүрний зүүн шанаа хэсэг рүү цохиод зодоон эхэлсэн. Тэр залуучууд олуулаа байсан болохоор Б, М бид гурвыг ерөнхийдөө зодсон. Зодолдож дуусаад больё гээд Мандухай зочид буудлын зүгт алхаж байсан чинь М хойно үлдчихсэн байсан. Тэгээд эргээд харсан чинь М газар уначихсан, бүгдээрээ дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би газраас мод аваад айлгаад тэр залуучуудыг явуулсан. Тэгээд зодоон дууссаны дараа хоорондоо хэрэлдэж байгаад, дүү нар нь бололтой 3 залуу нь нөгөө 3-ыгаа аваад Мандухай зочид буудлын зүгт явсан. Тэр үед би цагдаад дуудлага өгчихсөн байсан. Мын хамраас нь цус гараад, амнаас нь бас цус гараад байсан. Уруул нь сэтэрсэн байсан. Амьсгалахаар цээж хөндүүртэй, давсгаар хатгуулаад байна гэж байсан. Мыг бол бүгдээрээ газар унагаачихсан, дээрээс нь өшиглөж байсан. Мтай зодолдож байсан эрэгтэй нь намхан, энгийн халимаг үстэй, бордуу арьстай, дээгүүрээ сааралдуу өнгийн цамцтай, жинсэн өмдтэй залуу байсан. Тэр залуу нь зодоон эхлэхэд Мыг нүүр рүү мөргөж хамрыг нь хугалсан. Одоо харвал би танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 46 дугаар хуудас/,

- гэрч А.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т бид хоёр үдээс хойш уулзаж цуг байж байгаад, 21 цаг өнгөрч байхад 19 дүгээр цэцэрлэгийн урд талын шийдэн дээр Э, А, Ц гуравтай таарсан. Тэгээд баруун тийшээ яваад сааданд юм ярьж сууж байхад 2 том Сэнгүрийг Ц, А, Т бид нар хувааж уусан. Тэгээд бид нар харих гээд цэцэрлэгийн урдуур явж байсан чинь цэцэрлэгийн хашааны урд талаар ирж байсан хүмүүс “...Бид нарыг барах хүн байхгүй” гээд орилоод байхаар нь бид нарт хандаж хэлж байна гэж бодоод хүлээгээд зогсож байсан. Тэр хүмүүс бид нартай ойрхон явж байсан. Тэгээд би Цгийн цүнхийг аваад зогсож байхад Ц улаан футболкатай эрэгтэйтэй муудалцаад, нэгнээ цохилцоод байсан. Тэгээд би ойртоод очтол хамт явж байсан эмэгтэй нь пиво цацаад, намайг нэг хүн үсдээд унагаачихсан. Тэгээд нүүр рүү байсан. Тэр нь хэр удаан үргэлжилснийг мэдэхгүй байна, 10-20 секунд болсон байх. Нэлээн хэдэн удаа өшиглөж, цохисон. Би тэр үед нүүрээ дараад газар хэвтэж 2-3 удаа цохисон чинь Э хажуунаас "Наадах чинь Ц ах ш дээ" гэхээр Тэгээд салаад босоод ирсэн чинь 2 хүн зууралдаад, зодолдож байхаар нь нэгийг нь нь харсан чинь миний цохисон хүн Ц байсан. Тэгээд салаад байж байсан чинь цаанаас 2 эрэгтэй нь мод бариад хүрээд ирсэн. Тэгээд бид нар хойшоо ухарч байгаад харсан чинь Т нэг эмэгтэйтэй нь муудалцаад байж байсан. Бид нар урагшлаад, шахаад тэр хүмүүсийг шийдний чигт шахсан. Тэгсэн чинь нэг хүн газар уначихсан хэвтэж байхаар нь би дээрээс нь гар, хөл хавьцаа нь жийгээд, 2 удаа цээж хэсэгт нь цохисон. Тэр хүн яаж унасныг, хэн унагаасныг мэдэхгүй байна. Тэгээд л тэд нар цаашаа яваад, бид нар болиод Бөмбөгөр чигт явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед Э Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр байрны цэцэрлэгийн урд талд уулзсан. Э уулзаад байж байхдаа Ц, А, Э нартай таарсан. Тэр 3 цуг явж байсан. Ц 2 том пивотой байсан бөгөөд тэрийг нь 5-уулаа ууж сууж байгаад, харихаар болоод 19 дүгээр цэцэрлэгийн зүүн урд талд явж байсан чинь ардаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй нэлээн шуугиантай "Эрүү заана” гэж яриад ирж байсан. Тэгсэн чинь Ц тэд нарыг нэлээн хараад байсан. Тэгээд тэд нарыг ирэхэд нь Ц тэд нартай "Яасан гэнэ ээ?" гээд ярьсан. Би ард нь зогсож байсан чинь хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхэд надархуу өндөртэй залуутай нь заамдалцаад, барьцалдаж аваад, намайг унагаах гээд байхаар нь зууралдаад байж байсан. Намайг унагаах гээд байхаар нь би цэцэрлэгийн хашаанаас тэвэрч аваад, нөгөө гараараа тэр залууг сугадчихсан байсан. Тэр залуу миний зүүн хавирга хэсэр рүү 1 удаа өшиглөсөн. Би тэр залууг бараг цохиогүй байх. Тэр залуугийн хувцсыг нь нөгөө гараараа тэр залууг сугадчихсан байсан. Тэр залуугийн хувцсыг нь одоо санахгүй байна. Тэгээд бид 2 салаад, нөгөө хэд дээрээ очсон чинь цагаан цамцтай залуу газар уначихсан, хамраас нь цус гарчихсан хэвтэж байсан. Намайг очиход манайхнаас 2 хүн дээрээс нь тэр залууг цохиж байсан. Тэгэхээр нь би уурандаа газар хэвтэж байсан залуугийн магнай хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд нь тэр зодоон дуусаад салцгаасан. Хамт явж байсан эмэгтэй нь Цийг үсдчихсэн юм байна лээ. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс нь уучлалт гуйгаад байж байсан чинь нөгөө 2 залуу нь мод бариад дайраад байсан. Тэгээд бид нар ер нь салцгаасан. Зодоон эхлэхэд нь би надтай барьцалдаж авдаг залууг нь 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Цагаан цамцтай залууг газар хэвтэж байхад нь толгой руу нь өшиглөсөн. Өөрөөр цохиж, зодсон юм байхгүй. Би тэр үед хэнийг нь ч мөргөөгүй. Тэгэхэд намайг хамт явж байсан эмэгтэй нь үсдээд дарчихсан. Тэрнээс салаад харсан чинь тэр залуу цагаан өнгийн бункерын хажууд бас газар хэвтэж байсан. Тэгэхэд дээрээс нь Ц, Э хоёр дээрээс нь цохиж, зодож байсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- насанд хүрээгүй гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр 00 цаг өнгөрөөд би ажлаасаа тараад явж байсан чинь манай А над руу залгаад "19 дээр хүрээд ир, тоглож байна" гэхээр нь тийшээ явсан. 19 гэдэг нь 19 дүгээр цэцэрлэгийн урд талын сагсны талбайг хэлж байгаа юм. Намайг очиход Э, Т, А, Ц нар сааданд сууж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад, шийдэн дээр очиж тоглосон. Тэгээд 01 цаг 50 минутын үед буцаж сааданд сууж байгаад 02 цаг өнгөрөөд босоод явцгаасан. Тэгээд 19 дүгээр цэцэрлэгийн зүүн урд талын буланд явцгааж байсан чинь ард 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн явж байсан бөгөөд нэг жижигхэн ах нь "...Хөөе, лалруудаа..." гэх зэргээр дуудаад байсан. Тэгсэн чинь Ц тэр орилоод байсан хүн дээр очоод духаараа мөргөлдсөн чинь тэр хүн нь "Та нартай яриагүй байна. Лай болохоосоо өмнө арил" гээд байсан. Тэгсэн чинь Э хажуунаас орж ирээд хамт явж байсан эмэгтэйг нь түлхчихсэн. Тэгсэн чинь эмэгтэй нь бид нар руу пиво цацаад, анх ардаас дуудсан эрэгтэй нь Цийг шууд цохиод ороод ирсэн. Тэгээд зодоон эхэлсэн. Нөгөө эмэгтэй нь Э үсдчихсэн, доошоо дарчихсан байсан. Ц нь анх дуудсан, жижигхэн хүнтэй зодолдож байсан. Хоёр биенийгээ цохилцоод байсан. Э үсдүүлж байхад нь би салгасан. Тэгсэн чинь Э Цийг цохиод эхэлсэн. Цийг андуурсан байх. Ц нөгөө зодолдож байсан хүнээсээ салсан чинь Э тэр хүнийг нь гэдэс рүү нь 1 удаа цохиод, нүүр рүү нь 1 удаа цохисон.Тэгсэн чинь цагаан футболкатай нэг ах намайг цохиод ороод ирсэн. Тэгэхээр нь би бултсан чинь ардаас хамт явж байсан эмэгтэй нь түлхсэн. Би шилээ аваад газар тавиад буцаад очсон чинь Э тэр цагаан футболкатай залуугийн футболканых нь ардаас зуурчихсан, тэр ах “Хамар хугарчихлаа” гээд орилж байсан. Тэгээд тэр цагаан цамцтай ах яаж ч юм Э салчихсан, цагаан пункерын хажууд газар хэвтчихсэн “Хамар хугарчихлаа" гээд орилоод байсан. Тэр цагаан футболкатай ах толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтэж байсан чинь Э нуруу руу нь цохиод байх шиг байсан. Т яаж зодож байхыг нь сайн хараагүй, толгой руу нь жийж байх шиг байсан. Ер нь бол Э, Т хоёр дээр нь гараад зодож байсан. Тэр үед нь би Цгийн цүнхийг аваад байрны нөгөө тийшээ гүйчихсэн. Анх Цтэй зодолдож эхэлсэн ах нь нэг мод авчихсан Цгийн нуруун дээр цохих шиг болсон. Би тэрийг нь харчхаад буцаад алхчихсан. Тэгээд би буцаад байраа тойроод алхаад очсон чинь манай хэд өөдөөс алхаад ирж байсан. Бид нар бөөнөөрөө Бөмбөгөр чиглэлд явж байхад А “Т газар хэвтэж байсан хүний толгой руу нь аймар цөлсөн” гэж ярьж байсан. Тэгээд бид нар Бөмбөгөрийн уулзвараас салаад явцгаасан. Ц бол анх ардаас дуудаад байсан, нөгөө 3 залуугаасаа хамгийн намхантай нь зодолдож байсан. Цийг би өөр хүнтэй зодолдохыг нь хараагүй. Цтэй зодолдож байсан эрэгтэй нь сүүлд мод барьчихсан бид нарыг айлгаад байсан. Энэрэлт эхлээд тэр эмэгтэйд нь үсдүүлээд даруулчихсан байсан. Тэгэнгүүтээ салаад эхлээд Цтэй зодолдоод байсан намхантай эрэгтэйгийн нуруу руу нь цохиод байсан. Тэр үед цагаан цамцтай эрэгтэй зүгээр зогсож байсан. Дараа нь харахад цагаан футболкатай эрэгтэйг газар уначихсан байхад нь Э дээрээс нь цохиод, өшиглөөд байсан. Тийг хэнтэй зодолдож байхыг нь хараагүй. Сүүлд харахад Этэй нийлчихсэн газар уначихсан байсан цагаан футболкатай эрэгтэйн дээрээс нь өшиглөөд, цохиод байсан. Тэр цагаан футболкатай эрэгтэйг Э футболканых нь захных нь ардаас барьчихсан зогсож байхад хамгийн анх "Хамар хугарчихлаа" гэж орилсон. Тэгээд Э салаад цагаан пункер руу гүйсэн. Тэгснээ тэр эрэгтэй газар уначихсан. Э дэгээдсэн үү, өөрөө унасан уу гэдгийг мэдэхгүй байна. Газар унасных нь дараа Э, Т хоёр дээрээс нь толгой, нуруу нь цохиод байсан. Газар хэвтэж байхдаа ч гэсэн тэр залуу “Хамар хугарчихлаа" гээд орилоод байсан. Яг хэзээ нь, хэн хамрыг нь хугалсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- насанд хүрээгүй гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг харж байхад Ц ах улаан цамцтай, намхан эрэгтэйтэй зодолдоод хөөцөлдөөд яваад байсан. Нөгөө талд Э ах цагаан цамцтай эрэгтэйтэй нь зодолдоод байсан. Т ах болохоор 3 дахь эрэгтэйтэй нь зодолдож байсан. Т харанхуйд зодолдож байсан болохоор сайн харагдахгүй байсан. Тэгсэн чинь Т зодолдож байсан эрэгтэй нь зугтаачихсан. Тэгээд Т, Э ах хоёр нийлээд Э ахтай зодолдож байсан эрэгтэйг нийлээд зодсон. Э ах тэр эрэгтэйг хавирч унагаад дээрээс нь өшиглөөд, цохиж байхад Т ирээд тэр залууг нь бас өшиглөөд, цохиод байсан. Газар унаад, Э, Т ах хоёрт зодуулж байсан эрэгтэй нь “Хамар хугарчихлаа" гээд орилоод байсан чинь Т ахтай зодолдож байсан эрэгтэй нь мод авчраад, Э, Т хоёрыг болиулаад тэр залууг босгож авсан. Тэгээд зодоон дууссан чинь Э, Т хоёр тэр эрэгтэйчүүдийг хөөх гээд байхаар нь би “Хамар нь хугарчихсан гээд байна ш дээ, одоо боль" гээд тэр хоёрыг болиулсан. Тэгээд бид нар Урт цагаан чиглэлд харих гээд явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10619 дугаартай “...Н.Мын биед хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Шинжээч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дүгнэлтэд тусгагдсан Н.Мын биед учирсан гэмтлүүдээс хамар ясны цөмөрсөн хугарал, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтэл бөгөөд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд зулгаралт гэмтэл нь дангаараа хохирлын зэрэгт хамаарахгүй, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Иймд шүүгдэгч Н.Ц нь бусадтай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр цэцэрлэгийн урд Н.Мтай маргалдан, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Н.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн, уг ялыг өдөр 3 цагаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Н.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт 200.000 төгрөгийн баримт байгаа нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Цгээс гаргуулж, хохирогч Н.Мт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов. 

Хохирогч Н.Мын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 49.920 төгрөг зарцуулсан байх ба шүүгдэгч Н.Цгээс гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

Хохирогч Н.Мын зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*5=3.300.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 3.300.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 3.3,00.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Н.Цгээс өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч Н.Мт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 /гурав/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цгээс нийт 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Н.М -д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цгээс нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Н.М -д олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цгээс 49.920 /дөчин есөн мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ