| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/153 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/153
2025 01 13 2025/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У,
шүүгдэгч Б.Ц,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,
нарийн бичгийн даргаар Б.Ариунзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2403008011021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт Б.Ц
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас, явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.Хийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр цэцэрлэгээс 17 цагийн орчим манай ах Б.Э эзэмшлийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэртээ харих зорилгоор замын хеделгеенд оролцоод явж байсан ба Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхээс Монел явах замаар явж байгаад төв замаас гараад шороон замруу зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед жолоочийн баруун талаас бага насны эрэгтэй хүүхэд гүйгээд ороод ирсэн. Би сандраад тоормос гишгэсэн боловч негее хүүхдийн зүүн хел дээгүүр тээврийн хэрэгслийнхээ баруун урд талын дугуйгаар дайрчих шиг болсон. Би машинаасаа буугаад машинд мөргүүлсэн хүүхэд дээр очиход тухайн хүүхэд тээврийн хэрэгслийн урд хэсэгт биеийнхээ зүүн талаар хэвтчихсэн хөдөлж чадахгүй байна эгчээ гэж байсан. Хүүхдийг өргөх гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор яаралтай түргэн тусламжид дуудлага мэдээлэл өгсөн. Ард явж байсан тээврийн хэрэгслүүд холдооч машинаа зайлуулаач гээд байхаар нь би сандарсан байсан болохоор машинаа замаас чөлөөлөөд нэг айлын хашааны хажууд байрлуулж тавьчихаад мөргүүлсэн хүүхэд дээр очиход уйлаад хэвтэж байсан, Хүүхдээс ээжийнх нь дугаарыг асуухад манай аавруу залгачих гээд дугаарыг нь өгөхөөр нь аавруу нь утсаар залгаж болсон асуудлыг хэлсэн. Түргэн тусламж ирэхээс өмнө хүүхдийн аав нь гэх хүн ирээд дараа нь яаралтай түргэн тусламж ирж хүүхдийг үзээд гэмтлийн эмнэлэгрүү аваад явсан. Замын цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд миний машиныг ачуулсан. Тэрний дараа би ээж, дүүгийн хамт гэмтлийн эмнэлэг дээр хүүхэд дээр очиход зүүн хөл нь хугарсан байна гэж байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайгаа маргах зүйл байхгүй гэмшиж байна...Хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхэдуглаа дэвсгэр 40,000 төгрөгөөр, хөтөвч 20,000, шээлтүр 7,200, дэвсдэг пампрас 20,000, 2 удаа 32,000 төгрөгөөр хоол авч өгсөн. 355,000 тегрегеер содон хорооллоос Алое, пампрасанд 40,000 төгрөг, бэлнээр 50,000 төгрөг, 13,860 төгрөгөөр амттан авч өгсөн нийт 578,060 төгрөг зарцуулсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
- насанд хүрээгүй хохирогч Б.Хий хууль ёсны төлөөлөгч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчим гэрээсээ офицер орохоор явсан бөгөөд манай гэрт манай 13-19 насны 5 хүүхэд нөхөр Б хамт үлдсэн. Намайг офицер дээр ирж явтал цагдаагаас нэг эрэгтэй хүн залгаад танай хүүхдийн чинь талаар юм асууж тодруулах гэсэн юмаа Монел явдаг зам дээр хүрээд ирээч гэсэн...Би автобусанд суугаад өөрийн оршин суудаг газрын урд талын зам дээр яваад очтол засмал замаас гараад шороон зам дээр манай хүү Х нь зүүн талаараа хэвтсэн байдалтай шороо тоос болчихсон тохой болон ташаа хэсэг нь зулгараад цус гарчихсан уйлаад байж байсан. Би хүүхдээ зам тээврийн осолд орчихсон байна гэж ойлгоод хүү дээрээ очих гэтэл тэнд байсан замын цагдаа битгий хөдөлгөөрэй гээд ойртуулахгүй байсан. Түргэн тусламж ирээд манай хүүг үзээд нацилкан дээр хэвтүүлээд гэмтлийн эмнэлэгрүү аваад явсан. Би түргэн тусламжийн машинд хүүгийн хамт суугаад хүүгээсээ асуухад гэрээсээ гараад 1 буудлын зайтай байдаг өвөөгийндөө очихоор явж байтал нэг машинтай эгч ирж мөргөж унагаачихаад машинаасаа бууж ирээд намайг өө муу гай чинь хүнд гай боллоо, утсаа оролдож байгаад хүнд гай боллоо гээд хувцаснаас татаад бос холд гээд чирээд байсан гэж хэлээд уйлж байсан. Хуучин гэмтлийн эмнэлэг дээр очоод рентгэн, эхо, КТГ харуулахад зүүн хөлийн өвдөгний доод хэсгээр хоёр хугаралтай байна гэсэн...зүүн хөлийн хагалгаанд орсон. Эмнэлэгт 10 хоног хэвтээд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Эмнэлгээс гараад эмээгийнхээ гэрт гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Миний хүү Х нь ............ сурдаг, одоо миний хүүгийн зүүн хөл гипстэй сургуульдаа явж чадахгүй акттай байгаа...манай хүү хичээлийн хоцрогдолд орсон бөгөөд багш нараас хичээлийн хоцрогдол нөхөхөд хүндрэлтэй болсон, мөн сэтгэл санааны хохиролтой байна. Жилийн дараа дахин хагалгаанд орж хөлөнд тавьсан төмрөө авахуулах юм байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
- иргэний нэхэмжпэгч, хариуцагч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй, харин сүүлд нь ээж Л сонссон. Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр С.Н гэдэг хүнээс ......................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн үедээ ноториатаар ороод итгэмжлэл хийлгэж авсан юмаа. Тэрнээс хойш манай эрэгтэй дүү Б.А нь ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө унаж ашигладаг байсан болохоор би дүүгийнхээ нэр дээр шилжүүлье гэж бодож байсан. Тэгээд ерөөсөө шилжүүлж амжихгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн байна. Одоо би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж байгаа. Би хөдөө орон нутагт олон хоногоор ажилладаг болохоор манай төрсөн А, Ц нар ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дундаа унаж хэрэглэж байсан юм...миний тээврийн хэрэгсэлд ослоос болж учирсан гэмтэл хохирол байхгүй тул нэхэмжпэх гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,
-иргэний нэхэмжлэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х нь 1.727.560 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,727,560 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.02-ны өдрийн: Б.Хий биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэх 12684 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
- ЭМД сангаас Б.Х нь хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл-1.727.560 төгрөгийнх /хавтаст хэргийн 79 дүгээр тал/,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.11,01-ний өдрийн 821743 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-45 дугаар тал/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ө 2024.11,09-ний өдрийн 1861 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,
- 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар тал/,
- Мөрдөгчийн нас тоолсон магадлагаа /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөнд оролцохдоо осол аваар гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигийг мөргөж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.
Тиймээс Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул.хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийнхэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган зорчигч болох насанд хүрээгүй ............ хохирогч Б.Хийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг зарим хэсгийг төлж барагдуулсан, тус гэмт хэрэгтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 нэг жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгж буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг нь харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдав.
Бусад асуудлын талаар
Насанд хүрээгүй хохирогч Б.Хий эмчилгээний зардалд зарцуулсан 1.727.560 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Цгоос 1.727.560 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгчийн орлого олох боломжыг харгалзан 1 жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*20=13.200.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 13.200.000 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 13.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Б.Цгийн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ут 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Цг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн Б.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/ нэгж буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Цг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан эрх хасах ялыг, торгох ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгоос нийт 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-д олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгоос 1.727.560 /нэг сая долоон зуун хорин долоон сая таван зуун жаран/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ