| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч С.Т-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.З.Г-, Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-т холбогдох эрүүгийн 2338001820248 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-ийн ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар.
1.1 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаар:
2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-ийн ажлын байранд нэвтэрч, 1,000,000 төгрөг хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2338001820248 дугаартай тогтоолоор Н.Г-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-ийн өгсөн: “...Энэ гэмт хэргийн процесс 2 жилийн нүүрийг үзэж байна. Миний бие өмнө санаатай болон санамсаргүй гэмт хэрэгт холбогдож шүүхийн хаалга татаж үзээгүй. Энэ талын зүйлийг би мэдэхгүй. Худлаа хэлэх хулгай хийх талаар сэдэл надад байхгүй. Миний суурь хүмүүжилд байхгүй. Би ... онд ... суманд төрсөн. Айлын том хүүхэд бөгөөд 2 хүүхэдтэй. ...Ийм сайхан намтар түүх ээж, аавын минь нэр төр байхад ийм өчүүхэн хэрэгт холбогдоод явж байгаа гэдэгтээ харамсаж байна. Маш их гомдолтой байна. Санхүүгийн болон сэтгэлзүйн хохиролтой байна. Хамгийн их харамсалтай зүйл нь миний эмээ намайг хэрэгт холбогдчихлоо гэж бодож шаналсаар ертөнцийн мөнх бусыг үзлээ. Үүнд үнэхээр их гомдолтой, харамсалтай байна. Намайг тийм хүн биш гэдгийг мэдэж байгаа. Эмзэглэсээр байгаад өнгөрсөн. Маш их гомдолтой байна. Энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Т-ийн өгсөн: “ ... Н.Г- бол манай холын хамаатан. Залуу хүүхэд манай нөхөр бид хоёртой найз манай гэрээр орж гардаг. Бид бие биедээ тустай байдаг. Сүүлийн жилүүдэд Н.Г-тай их дотно болсон. Би тухайн өдөр нөхрөө ажилдаа хүргэж өгсөн. Би тухайн өдөр машинаа унаад явчихсан юм. Нөхрийгөө ажлаас нь авах гээд залгахад Н.Г- ирсэн байна. Би гэртээ хүргүүлчихнэ гэж хэлсэн. Би тухайн үед хоолоо хийгээд байж байсан. Манай нөхөр, Н.Г- хоёр хамт орж ирсэн бөгөөд манайд хэсэг сууж явж байгаад харьсан. Маргааш нь би нөхрийгөө ажилд нь хүргэж өгөөд машинаасаа буугаад ажлынхаа хаалгыг онгойлгоод оюутандаа мөнгө явуулъя гээд бэлэн хадгалж байсан мөнгөнөөс авах гэтэл байхгүй байсан. Бид эргээд хартал поорчиг онгорхой байсан тул хулгай орсон гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 3 цагдаа ирж шалгаад нөхөр бид хоёрыг цагдаа дээр хүрээд ирээрэй гэсэн. Эхний байцаалтыг авсан бөгөөд өчигдөр орой танайд хамгийн сүүлд хэн ирсэн бэ? гэж асуусан. Бид үнэн зөв хариулах ёстой тул манайд хамгийн сүүлд манай хамаатны дүү Н.Г- ирсэн гэж хариулсан. Нэлээн олон асуултад хариулсны дараа Н.Г- хамгийн сүүлд танай ажил дээр ирсэн юм бол та дүүгээсээ асуугаад үзэх юм уу? гомдол мэдээлэл өгсөн учир та хамаатан садан юм бол асуугаад үз гэж хэлсэн. Бид манай дүү хулгай хийх хүн биш бид хамаатан садан гэж хариулсан. Байцаагч бид хоёрт уулзаад асуугаад үз гэж хэлсэн. Тэгж хэлсэн учраас Н.Г-ийн ажил дээр шууд очоод Н.Г-ийг дуудаад машинд уулзаад манай дэлгүүрт хулгай орчихсон гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгөөд байцаалт өгсөн юм. Тэгээд хамгийн сүүлд чамайг ирсэн гэж хэлтэл цагдаа дүүгээсээ асуугаад үз гэж хэлсэн. Чамайг хэрэгт хамааруулж чамаас байцаалт авна гэж хэлсэн. Бид нүүрээрээ тулж хэлсэн. Н.Г- юу гэж дүү нь хулгай хийх билээ, хэр их зүйл алга болсон юм бэ? Гэхээр нь бэлэн мөнгө л алга болсон гэж хэлсэн. Тэгээд салсан. Дараа нь цагдаагийн газраас байцаагч нөхөр бид хоёрыг дуудаад хулгай орсон газарт Жордан гэж гутлын мөр байсан. Танай тэр дүү ийм гутал өмсдөг үү? Гэхээр нь мэдэхгүй, өчигдөр орой ирэхдээ өнгө өнгийн гуталтай явсан гэж хариулсан. Гэтэл байцаагч та нар гэрээр нь орж гардаг биз дээ гэрт нь ийм пүүз байна уу? Гэрээр нь очоод уулзаад үз гэж хэлсэн. Нөхөр бид хоёр гэрээр нь очтол эхнэр нь дэлгүүртээ байсан. Нөхөр бид хоёрыг орж цай уу гээд, гэрт нь мөн орсон. Тэгээд бид гарсан. Байцаагч хэлсэн учраас л очсон. Бид буцаад байцаагч дээрээ очоод үүдэнд нь олон гутал байна. Жордан гээд царай муутай гутал бол байна хараад өнгөрлөө гэж хэлсэн. Тэр орой Н.Г- манай ажил дээр 18 цагт очсон байдаг. Тухайн үед манай нөхөр чулуу зүсэж байсан учраас маш их тортог буусан байсан. Н.Г-тай манай нөхөр юм яриад гадаа чулуу зүсэж байсан багжнуудаа ажлын байрандаа оруулаад дагаж яваад хоёулаа юм яриад яваад байсан юм байна лээ. Тэгээд энэ хоёр хамт гараад явсан байдаг. Гэхдээ манай нөхрийн өгсөн мэдүүлэгт нөхөр гарахдаа мөнгө байна уу? Гэх байдлаар шалгаагүй анзаараагүй гараад явсан байсан. Ийм зүйл болсон. Миний хувьд цагдаагийн байгууллагаар шагайж орч үзээгүй. Анх удаа байцаагчийн асуусан асуултад л би хариулсан. Үүнээс биш Н.Г- мөнгийг авсан байх магадлалтай гэж хэлээгүй. Бид байцаагчийн асуусан асуултад хариулсан. Бид ах дүү нарын хувьд тангараг тасарсан. Биднийг манай дүү хулгай хийсэн гэж хэлсэн гэж манай ах дүү нар ойлгож байгаа. Миний хувьд ч энэ 2 жилийн хугацаа хэцүү байсан. Биднийг Хөвсгөл аймагт шилжиж ирж байхад бидэнд Н.Г-ийн аав тусалж байсан.Би байцаалтаа хэлж байсан яагаад зөвхөн өмнөх орой нь ирсэн Н.Г-ийг шалгаж байгаа юм бэ? Гэдгийг цагдаагийн байгууллагад хэлж байсан. Яг одоо би гомдолгүй. Би Н.Г-ийг мөнгө авсан гэж хэлэхгүй, хулгай хийхээр хүүхэд биш. Н.Г- ийм нөхцөл байдалд орсон байсан ч гэсэн нөхөр бид хоёроос хулгай хийх зориг байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж Н.Г-ийг холбогдохгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд гомдолгүй Санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай нөхөр болох Т.О- Мөрөн сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн хашаанд байдаг нэг объектод боржин чулуугаар буяны ажлын хайрцаг, хөшөө зэргийг хувиараа хийж худалдан борлуулдаг ажил хийдэг. Өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би нөхрийгөө өглөө ажилд нь хүргэж өгөөд орой ажлаас нь авсан. Тэгээд өнөө өглөө 10 цагийн үед нөхрөө ажил дээр нь хүргэж өгөөд ажил руу нь хамт орсон. Тухайн үед ямар нэгэн зүйл анзаараагүй байж байгаад оюутан охин руугаа мөнгө явуулах талаар ярилцаж байж байгаад зулын өрөөнд байдаг мөнгө хийдэг хайрцаг авах гээд очиход тухайн мөнгөтэй хайрцаг байрандаа байгаагүй. Манай нөхөр өчигдөр энэ байрандаа байсан, би тоолоод резинээр боосон гэж надад хэлсэн. Тоолоход 1 сая буюу 50 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тухайн хайрцаг нь алтан шар цаасан байсан бөгөөд мөнгө уртаашаа болон өргөнөөрөө яг таардаг хайрцаг байсан. Тухайн хайрцаганд манай нөхөр олсон орлогоосоо 100,000 төгрөгөөс дээш мөнгө хийдэг байсан юм. Тэгээд анзаараад хартал вакум, цонх онгорхой байсан, ойролцоох мөрийг нь харахад нэг хүний пүүзний гутал байсан. Манай нөхөр тухайн үед ойролцоогоор гутлын мөрийг дагаж нэлээн явсан. ... Н.Г- нь хэрэг болох өдрөөс 2 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 11-ний өдөр манай ажил дээр 17 цаг 40 минутын үед нөхөр болох Т.О-руу залгаад очиж авах уу гэхэд Н.Г- ирсэн байна би хүргүүлээд очъё гэхээр нь би очиж аваагүй. Тэгтэл Н.Г- нь манай нөхөртэй хамт 18 цаг 30 минутад ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайд ирэхэд ажлаасаа ирсэн бололтой дээгүүрээ саарал өнгийн ... гэсэн бичиглэлтэй нимгэн куртиктэй байсан, харин доогуураа шар, улаан, их олон өнгөтэй, эрээн цоохор өнгөтэй гуталтай байсан. Манай нөхөр болох Т.О-энэ оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг гарсны өмнөх өдөр намайг ажлаас нь авахаар очиход Т.О-мөнгөө тоолж үзээд буцаагаад ажлын байрандаа үлдээсэн байсан. Тухайн үед 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтас 22-23, 25-26 тал),
Гэрч Т.О-н өгсөн: ”... Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө эхнэрийн хамт ажил дээрээ ирсэн. Тэр өдөр ажил дээр байдаг мөнгөнөөс хотод байдаг охин руугаа мөнгө шилжүүлэхээр мөнгөө авах гэтэл хайрцагтайгаа алга болсон байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр би ажил дээр байдаг мөнгийг тоолоход 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан, түүнийг нарийн хар резинээр боогоод хайрцагт хийж үлдээсэн. Тухайн үед би ажил дээрээ ганцаараа байсан. Ер нь ажлын хөлс бэлэн өгөхөөр нь би тухайн хайрцаг руу хийчихдэг юм. Би 5 жил орчим тухайн байрыг түрээсэлж байна. Энэ хугацаанд үүнээс гадна ямар нэгэн хулгай орж эд зүйл алдагдаж байгаагүй. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Өмнөх өдөр нь ажил дээрээ байхад надаас өөр ямар нэгэн хүн ирээгүй, ажлын орчимд чулууны нарийн цагаан тоос байсан, Тухайн үед нэг ойр орчмыг ажиглахад өмнөх өдрийн байдлаас өөр хүний нэг мөр, түүнийг дагаж хойноос нь мөшгөхөд хашаа даваад цэнхэр өнгийн контейнерын ойролцоо хүрээд тухайн мөрийг алдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас 34-35 тал),
Гэрч З.Г-ийн өгсөн: “...Тэгэхээр нь дагаж ажлын байран дээр нь очиход ажлын гадаа байсан чулууг дамжиж цонхоор нь орсон мөр байсан. Тэгээд хашааны баруун талын хавчигаар хашаа давж орж ирээд буцаад явсан байна гэж хэлсэн. Тухайн үед мөнгөний тоогоо хэлээгүй, цөөхөн хэдэн төгрөг гэж хэлж байсан. ...миний өмнө ажиллаж байсан эгч, ах хоёр өмнө хулгай орж байгаагүй гэж хэлж байсан. Намайг ажиллаж байхад мөн хулгайд эд зүйл алдагдсан тохиодол гараагүй. Энэ анхны тохиолдол байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хавтас 42-43 тал),
Шинжээч Г.Э-н өгсөн: “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь хураан авсан гутлын мөрийн размер болон хэмжээсээрээ тохирч байна. Тухайн хэрэг болсон цаг хугацаа болон хэргийн газрын үзлэг хийгдсэн цаг уураас үл хамааран тухайн мөр нь шинж тэмдэгээ хадгалан үлдсэн байдаг. Иймээс энгийн нүдээр болон гэрэлтүүлэх хэрэгслийн тусламжтай шинжилгээнд тэнцэх тэнцэхгүй нь хэргийн газарт тогтоох боломжтой. Тухайн өдрийн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тогтуун цаг агаарт 8 цаг ул мөрөө алдахгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг (1-р хавтас 51, 140, 2-р хавтас 12 тал),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний 13 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хавтас 54-55 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2824 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэнд байх зураг ...уг зургийн үзүүлэлтэнд №13,15 дугаартай гутлын зүүн мөрүүд шинжилгээнд хээний ерөнхий шинжээр тэнцэнэ. 2. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтэнд байх зураг №13,15 гэсэн дугаартай гутлын зүүн мөрүүд нэг гутлаар дарагдаж гарсан байна. 3. Нэг гутлаар дарагдаж гарсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлтэнд байх зураг №13, 15 гэсэн дугаартай зүүн гутлын мөрүүд шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хөх үдээстэй, хар оруулгатай цагаан өнгиин хос пүүзэн гутлын зүүн гутлын улаар дарагдаж гарсан байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 66-78 тал),
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтас 8 тал),
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 10-13 тал),
Эд мөрийн баримтаар цагаан, хар, цэнхэр өнгийн цэнхэр үдээртэй, хажуу талдаа Nike брэндийн логотой, 43 размерийн хос алаг пүүзэн гутлыг хураан авсан тэмдэглэл (1-р хавтас 14 тал),
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хавтас 16 тал),
Шүүгдэгч Н.Г-ийн Хаан банкны 591310.... тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтас 72 тал),
Шүүгдэгч Н.Г-ийн мобикомын 9910.... дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт (1-р хавтас 83 тал),
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрч Т.О-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 169-170 тал),
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл ...би энэ гутлыг Н.Г-ийн гутал мөн бишийг мэдэхгүй байна” (1-р хавтас 118 тал),
2024 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...яллагдагч Н.Г- нь цонхоор орох оролдлогыг хийсэн боловч дотогш орж чадахгүй байлаа” (1-р хавтас 240-241 тал),
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Г-ийн яллагдагчаар өгсөн: “... С.Т- эгч цагдаа надаас асуугаад танай ажил, гэрээр орж ирдэг ямар хүн байдаг вэ гэж хэлэхээр нь эгч нь чиний нэрийг л хэлсэн. Тэрнээс чамайг хулгай хийсэн гэж хэлээгүй гэж надад утсаар ярихдаа хэлсэн. ... би өмсдөггүй гутлаасаа болоод энэ хэрэгт холбогдоно гэж бодсонгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-65 тал) зэргийг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Г-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
1.2 Талуудын санал, дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Л.Отгончимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.З.Г- гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Н.Г-т холбогдох хэрэг үйлдэгдээд 2 дахь жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хэргийг Н.Г- үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт хэрэгт байдаггүй. С.Т-ийн өгч байгаа мэдүүлэг мөн эргэлзээтэй байдаг бөгөөд би анх удаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэдгээ ойлгоогүй. Мөрдөгч надаас танайд хамгийн сүүлд хэн орж ирсэн бэ? Гэж асуухад би Н.Г- гэж тайлбарласан. Түүнээс биш Н.Г-ийг хэрэг хийсэн гэж мэдүүлээгүй. Мөн удаа дараа мэдүүлэг өгөхдөө яагаад ганцхан Н.Г-ийг шалгаад байгаа юм бэ? Өөр бусад этгээдийг шалгах талаар 2-3 удаа мөрдөгчид хэлж байсан гэж мэдүүлдэг. Амаар гаргасан санал хүсэлтийг мөрдөгч бичгээр гаргасан санал хүсэлттэй дүйцүүлэн хүлээн авч холбогдох шалгалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой. Гэтэл үүнийг сонссон төдий өнгөрснөөр энэ хэрэг өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байсаар шүүх хуралдаан явагдаж байна. Хохирогчийн хэлсэн өөр хүн шалгагдах ёстой байтал Н.Г-ийг яагаад зөвхөн шалгаад байгаа юм бэ? гэдгийг мөрдөгч анзаарсан бол хэн хэрэг үйлдсэн нь тодорхой болох байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг заавал нотлох ёстой байдаг. Тухайлбал гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэл, зорилго, шалтгаан нөхцөл зэргийг тогтоох ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгчид хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл байсан уу, гэмт хэрэг үйлдэх шалтгаан байсан уу?, гэдгийг бүрэн нотолж энэ хэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэдгийг өмгөөлөгч нарын зүгээс аймгийн прокурорын газарт бичдэг. Гэтэл хэргийг үйлдэгдсэн гэдгийг нотлох баримт өгч чаддаггүй. Эцсийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгдөг. Бид шүүхэд шилжсэн учраас энэ асуудал эргэлзээгүй шийдэгдэх байх гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл эргэлзээгүй тогтоосон асуудал байдаггүй. Хохирогч мөн хэргийн газрын бодис гутлаас илрэх боломжтой гэж хэлж байна. 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 4768 дугаартай физикийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 66-68 дугаар талд байгаа. Прокурор тайлбарлахдаа уг пүүзний мөр хэргийн газраас авсан гутлын мөртэй таарч байгаа гэж тайлбарласан. Гэтэл зөвхөн зүүн талын хөлийн ул нь тэнцэж байгаа. Тэнд доголон хүн явж байгаа юм уу, ямар хүн яваад байгаа нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр зөвхөн зүүн талын мөр тогтоогддог. Энэ пүүз Хятад Улсад үйлдвэрлэгдсэн Монгол Улсад түгээмэл хэрэглэгддэг гутал гэдэг талаар удаа дараалан хэлж байгаа. Энэ пүүзийг өмссөнөөрөө энэ хүн хэрэгт сэжиглэгдээд яллагдагч нэрээр явж байгаа юм болов уу? Энэ талаар шалгаач гэж хэлдэг. Шүүхийн шийдвэр эцэслэн гарахад нотлох баримт хангалтгүй байгаа. Улсын яллагчийн уншсан шинжээчийн дүгнэлт туршилтууд нэг нь нэгийгээ үгүйсгэж байна. Мөрдөн шалгах туршилтыг хийсэн н.А-н тогтоол хүчингүй болсон. Энэ хүн Дотоод хэргийн их сургуулийг төгссөн мэргэжлийн хүн. Цонхоор гаргах аргачлал тэр хүнд байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тухайн үед Н.Г- өөр 91 кг жинтэй байсан. Дахиад тэр хүн тухайн цонхоор орох, гарах боломжгүй байсан. Тухайн гэмт хэргийн гол зүйл бол салхивч юм. Тэр цонхоор хэн орж, гарж чадаж байгаа гэдэгт бид дүгнэлт хийх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг улсын яллагч шинжлэн судалсан. Гэтэл шинжлэн судалсан нотлох баримт тухайлбал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэмт буруутай эсэхэд нь эргэлзээ төрвөл түүнд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж байгаа. Нэгэнт хэрэгт хамааралтай баримтууд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа учраас түүнийг цагаатгах бүрэн боломжтой. Тиймд миний үйлчлүүлэгчийн цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэгэнт энэ гэмт хэрэг үйлдэгдсэн тул хэргийн цаана хохирогч байгаа тул хэрэг бүртгэлд буцааж хэн үйлдсэн гэдгийг тогтоож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-ийн ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 12- ноос 13-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон гэж прокурор дүгнэж байна. Миний хувьд уг гэмт хэргийг үйлдээгүй буюу цагаатгах байр сууринаас дараах нотлох баримтуудыг хэлье. Прокурор хууль зүйн дүгнэлт бичихдээ хулгайлах гэмт хэргийн шинж болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэх гэдэг нь гэмт этгээд хүн хадгалах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай гэр, пин, гэрийн болон тээврийн чингэлэг, бүхтөрлийн агуулах,зоорь,граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт түлхүүр тааруулах, багаж ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан гэж прокурор бичсэн байна. Гэвч миний үйлчлүүлэгч гэрч н.З.Г-ийн мэдүүлэг, хохирогч С.Т-ийн мэдүүлэг зэргээр тухайн цонхоор хулгайч орсон болох нь тогтоогддог ч хэргийн газарт туршилт хийсэн тэмдэглэлд Н.Г-ийг тухайн цонхоор багтах эсэх дээр туршилт хийх үед өмгөөлөгч миний бие байсан. Тухайн үед Н.Г- нь хулгайч этгээдийн нэвтэрсэн газраар нэвтэрч орж чадаагүй. Тийм учраас тэмдэглэлд тусгаж явсан. Өмнө нь мөрдөгч н.А- тухайн цонхоор багтсан гэж тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнд гомдол гаргахад тухайн тэмдэглэл хүчингүй болсон. Хэдийгээр тухайн орон байранд н.Алтанхуяг нэвтэрсэн гэх боловч хэрхэн нэвтэрсэн талаар баримт байхгүй. Өөрөө хууль зөрчсөн гэдгийг улсын ерөнхий прокурорын газраас хүчингүй болгож дараа нь Н.Г-ийг нэвтрүүлэх гэж оролдсон. Тухайн үед Н.Г- цонхоор багтаагүй. Мөн прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд зөвшөөрөл олгосон тогтоол байдаг. Түүнд дурдсан шөнийн цагаар үзлэг явуулсан. Уг пүүзийг авсан байна.Үүнийг хүчинтэйд тооцно гэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс уг пүүзийг С.Т-,н. А- нар өдрийн цагаар харсан байдаг. Эд хөрөнгийг хураан авахдаа Н.Г-т хэлээд энэ пүүзийг эд мөрийн баримтаар хурааж авах талаар мэдэгдэх ёстой. Гэтэл хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрээр Н.Г-т мэдэгдэхгүйгээр авсан байдаг. Илэрсэн гэх пүүзтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хууль бус байна. Мөн прокурорын зөвшөөрөл хүчингүй байна. Яагаад гэвэл би шөнийн цагаар явуулсан учраас зөвшөөрөл олгосон гэж тайлбарладаг боловч буруу. Өдрийн цагаар явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй гэж дүгнэсэн нь прокурорын зөвшөөрөлгүй гутлыг хурааж авсан үйл ажиллагаа нь буруу. Хэргийн газраас илэрсэн пүүзний агуулга үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Мөн 1,000,000 төгрөг алдсан гэж байгаа. Н.Г-ийн зөвшөөрөлгүйгээр гутлыг нь авч явсан цагдааг асууж тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай аргачлал байдаг. Үүнд шударга шүүх тухай хүний эрхийг хамгаалахад заасан заалтууд байгаа. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэдэг . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн талаар нотолбол зохих байдал түүнд шууд болон шууд бус ач холбогдол хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтын эх сурвалж болон баримтад мэдээллийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эсхүл хүрэлцээтэй байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгасан байх ёстой. Хууль журмын дагуу гутлыг хурааж аваагүй. Н.А-н хийсэн үйлдэл хуулийн дагуу явагдаагүй. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц эргэлзээтэй, үнэн бодит, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх гэдэг орно. Үнэн бодит гэдэгт нь эргэлзээ үүсвэл яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх гэсэн ойлголт. Уг хэрэг 2 жилийн хугацаанд явсан. Эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа талаар прокурорт өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргасан. Энэ хэрэгт шударга шүүхээр шүүх эрхийг нь үлдээж ийм учраас шүүхээр гэм буруугаа тогтоолго гэж дээд шатны прокурор болон хяналтын прокурор хариу өгсөн. Эргэлзээ гэж гэмт хэргийн шинж гэм буруугаа хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно гэж байгаа. Цонхоор багтаагүй, гадаа байгаа гутлын мөрнөөс бодис илрээгүй гэдэг нь эргэлзээтэй. Н.Г- уг гутлыг машин угаахдаа өмсдөг байсан гэдэг нь үнэн. Тухайн орон байранд нэвтэрсэн байсан бол тухайн чулуулаг бодис гутлаас илрэх байсан. Ийм учраас эргэлзээ бүхий байдал хангалттай тогтоогдож байна. Н.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Хоёр: Шүүхээс хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1 Гэмт хэргийн шинж нотлогдоогүй байдал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Г-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-ийн ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах орон байр, агуулах саванд нэвтэр үйлдсэн”-ээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардана.
Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-ийг гэм буруутайд тооцуулах яллах талын нотлох баримт буюу хохирогч С.Т-ийн: “... Н.Г- нь хэрэг болох өдрөөс 2 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 11-ний өдөр манай ажил дээр 17 цаг 40 минутын үед нөхөр болох Т.О-руу залгаад очиж авах уу гэхэд Н.Г- ирсэн байна би хүргүүлээд очъё гэхээр нь би очиж аваагүй. Тэгтэл Н.Г- нь манай нөхөртэй хамт 18 цаг 30 минутад ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайд ирэхэд ажлаасаа ирсэн бололтой дээгүүрээ саарал өнгийн Мобиком гэсэн бичиглэлтэй нимгэн куртиктэй байсан, харин доогуураа шар, улаан, их олон өнгөтэй, эрээн цоохор өнгөтэй гуталтай байсан. Манай нөхөр болох Т.О-энэ оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг гарсны өмнөх өдөр намайг ажлаас нь авахаар очиход Т.О-мөнгөө тоолж үзээд буцаагаад ажлын байрандаа үлдээсэн байсан. Тухайн үед 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтас 22-23, 25-26 тал),
Гэрч Т.О-гийн өгсөн: ”... Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө эхнэрийн хамт ажил дээрээ ирсэн. Тэр өдөр ажил дээр байдаг мөнгөнөөс хотод байдаг охин руугаа мөнгө шилжүүлэхээр мөнгөө авах гэтэл хайрцагтайгаа алга болсон байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр би ажил дээр байдаг мөнгийг тоолоход 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан, түүнийг нарийн хар резинээр боогоод хайрцагт хийж үлдээсэн. Тухайн үед би ажил дээрээ ганцаараа байсан. Ер нь ажлын хөлс бэлэн өгөхөөр нь би тухайн хайрцаг руу хийчихдэг юм. Би 5 жил орчим тухайн байрыг түрээсэлж байна. Энэ хугацаанд үүнээс гадна ямар нэгэн хулгай орж эд зүйл алдагдаж байгаагүй. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Өмнөх өдөр нь ажил дээрээ байхад надаас өөр ямар нэгэн хүн ирээгүй, ажлын орчимд чулууны нарийн цагаан тоос байсан, Тухайн үед нэг ойр орчмыг ажиглахад өмнөх өдрийн байдлаас өөр хүний нэг мөр, түүнийг дагаж хойноос нь мөшгөхөд хашаа даваад цэнхэр өнгийн контейнерын ойролцоо хүрээд тухайн мөрийг алдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас 34-35 тал),
Гэрч З.Г-ийн өгсөн: “...Тэгэхээр нь дагаж ажлын байран дээр нь очиход ажлын гадаа байсан чулууг дамжиж цонхоор нь орсон мөр байсан. Тэгээд хашааны баруун талын хавчигаар хашаа давж орж ирээд буцаад явсан байна гэж хэлсэн. Тухайн үед мөнгөний тоогоо хэлээгүй, цөөхөн хэдэн төгрөг гэж хэлж байсан. ...миний өмнө ажиллаж байсан эгч, ах хоёр өмнө хулгай орж байгаагүй гэж хэлж байсан. Намайг ажиллаж байхад мөн хулгайд эд зүйл алдагдсан тохиодол гараагүй. Энэ анхны тохиолдол байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хавтас 42-43 тал),
Шинжээч Г.Э-н өгсөн: “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь хураан авсан гутлын мөрийн размер болон хэмжээсээрээ тохирч байна. Тухайн хэрэг болсон цаг хугацаа болон хэргийн газрын үзлэг хийгдсэн цаг уураас үл хамааран тухайн мөр нь шинж тэмдэгээ хадгалан үлдсэн байдаг. Иймээс энгийн нүдээр болон гэрэлтүүлэх хэрэгслийн тусламжтай шинжилгээнд тэнцэх тэнцэхгүй нь хэргийн газарт тогтоох боломжтой. Тухайн өдрийн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тогтуун цаг агаарт 8 цаг ул мөрөө алдахгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг (1-р хавтас 51, 140, 2-р хавтас 12 тал),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний 13 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хавтас 54-55 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2824 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэнд байх зураг ...уг зургийн үзүүлэлтэнд №13,15 дугаартай гутлын зүүн мөрүүд шинжилгээнд хээний ерөнхий шинжээр тэнцэнэ. 2. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтэнд байх зураг №13,15 гэсэн дугаартай гутлын зүүн мөрүүд нэг гутлаар дарагдаж гарсан байна. 3. Нэг гутлаар дарагдаж гарсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлтэнд байх зураг №13, 15 гэсэн дугаартай зүүн гутлын мөрүүд шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хөх үдээстэй, хар оруулгатай цагаан өнгиин хос пүүзэн гутлын зүүн гутлын улаар дарагдаж гарсан байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 66-78 тал),
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтас 8 тал),
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 10-13 тал),
Эд мөрийн баримтаар цагаан, хар, цэнхэр өнгийн цэнхэр үдээртэй, хажуу талдаа Nike брэндийн логотой, 43 размерийн хос алаг пүүзэн гутлыг хураан авсан тэмдэглэл (1-р хавтас 14 тал),
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хавтас 16 тал),
Шүүгдэгч Н.Г-ийн Хаан банкны 591310.... тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтас 72 тал),
Шүүгдэгч Н.Г-ийн мобикомын 9910.... дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт (1-р хавтас 83 тал),
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрч Т.О-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 169-170 тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний 13 дүгнэлт (1-р хавтас 54-55 тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2824 дугаартай дүгнэлт (2-р хавтас 66-78 тал), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний 13 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт нь бусад нотлох баримтуудтай харьцуулахад нотолгооны давуу байдалтай, харилцан хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад Н.Г-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн эсэхийг Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний 13 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хавтас 54-55 тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2824 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэнд байх зураг ...уг зургийн үзүүлэлтэнд №13,15 дугаартай гутлын зүүн мөрүүд шинжилгээнд хээний ерөнхий шинжээр тэнцэнэ. 2. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтэнд байх зураг №13,15 гэсэн дугаартай гутлын зүүн мөрүүд нэг гутлаар дарагдаж гарсан байна. 3. Нэг гутлаар дарагдаж гарсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлтэнд байх зураг №13, 15 гэсэн дугаартай зүүн гутлын мөрүүд шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хөх үдээстэй, хар оруулгатай цагаан өнгиин хос пүүзэн гутлын зүүн гутлын улаар дарагдаж гарсан байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 66-78 тал)- хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдагдсан вакум, цонх онгорхой байсан, ойролцоох мөрийг нь харахад нэг хүний пүүзний гутал байсан гэх мэдүүлгээр шүүгдэгч Н.Г- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-ийн ажлын байрны цонхоор 2023 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр хохирогч С.Т-ийн мэдүүлэг /1 хх-ийн 22-26/-т “...Н.Г- нь хэрэг болох өдрөөс 2 хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 11-ний өдөр манай ажил дээр 17 цаг 40 минутын үед нөхөр болох Т.О-руу залгаад очиж авах уу гэхэд Н.Г- ирсэн байна би хүргүүлээд очъё гэхээр нь би очиж аваагүй. Тэгтэл Н.Г- нь манай нөхөртэй хамт 18 цаг 30 минутад ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайд ирэхэд ажлаасаа ирсэн бололтой дээгүүрээ саарал өнгийн ... гэсэн бичиглэлтэй нимгэн куртиктэй байсан, харин доогуураа шар, улаан, их олон өнгөтэй, эрээн цоохор өнгөтэй гуталтай байсан. Манай нөхөр болох Т.О-энэ оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг гарсны өмнөх өдөр намайг ажлаас нь авахаар очиход Т.О-мөнгөө тоолж үзээд буцаагаад ажлын байрандаа үлдээсэн байсан. Тухайн үед 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байсан гэж хэлсэн.” Би байцаалтаар хэлж байсан яагаад зөвхөн өмнөх орой нь ирсэн Н.Г-ийг шалгаж байгаа юм бэ? Гэдгийг цагдаагийн байгууллагад хэлж байсан. Яг одоо би гомдолгүй. Би Н.Г-ийг мөнгө авсан гэж хэлэхгүй, хулгай хийхээр хүүхэд биш. Н.Г- ийм нөхцөл байдалд орсон байсан ч гэсэн нөхөр бид хоёроос хулгай хийх зориг байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж Н.Г-ийг холбогдохгүйгээр шийдвэрлэж өгнө үү.”
Гэрч Т.О-гийн өгсөн: ”... Тухайн үед нэг ойр орчмыг ажиглахад өмнөх өдрийн байдлаас өөр хүний нэг мөр, түүнийг дагаж хойноос нь мөшгөхөд хашаа даваад цэнхэр өнгийн контейнерын ойролцоо хүрээд тухайн мөрийг алдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтас 34-35 тал),
Гэрч З.Г-ийн өгсөн: “...Тэгэхээр нь дагаж ажлын байран дээр нь очиход ажлын гадаа байсан чулууг дамжиж цонхоор нь орсон мөр байсан. Тэгээд хашааны баруун талын хавчигаар хашаа давж орж ирээд буцаад явсан байна гэж хэлсэн. Тухайн үед мөнгөний тоогоо хэлээгүй, цөөхөн хэдэн төгрөг гэж хэлж байсан. ...миний өмнө ажиллаж байсан эгч, ах хоёр өмнө хулгай орж байгаагүй гэж хэлж байсан. Намайг ажиллаж байхад мөн хулгайд эд зүйл алдагдсан тохиодол гараагүй. Энэ анхны тохиолдол байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хавтас 42-43 тал) мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан үйл баримтыг тодорхойлсон мэдээлэл байх ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнг шууд ба шууд бусаар нотлох нотолгооны ач холбогдолтой мэдүүлэг гэж үнэлэхэд учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад харилцан бие биеэ үгүйсгэсэн эсхүл бататгасан, өөр өөр онцлог шинжтэй нотлох баримтууд цугларч бэхжүүлэгддэг тул хэргийн нотлох баримтын цогц байдал буюу хоорондын уялдаа, харилцан хамаарал, тухайн үйл явдлыг нотлох эсхүл үгүйсгэхэд гүйцэтгэж буй үүрэг, тэдгээрийн нийлбэрээр хэргийн үйл баримтын талаар сэргээн тогтоож нэгдсэн нэг дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Н.Г-ийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гурав: Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч С.Т-ийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудал.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасны дагуу прокурорын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2338001820248 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Н.Г-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн 2338001820248 дугаартай битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар цагаан хар, цэнхэр өнгийн үдээстэй “nike” бичиглэлтэй хос гутлыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2338001820248 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Г-ийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч С.Т-ийн 1.000.000 (нэг сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г- нь цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар цагаан хар, цэнхэр өнгийн үдээстэй “nike” бичиглэлтэй хос гутлыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2338001820248 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэхүү шийдвэр нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР