2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/302

 

 

 

         

 

 

 

 

 

   2025         01          27                                 2025/ШЦТ/302

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Б.Мандалмаа,

шүүгдэгч, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч, хохирогч Ж.Д,

хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир нарыг оролцуулан эрүүгийн 2411000001069 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б.Э

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эдэлсэн ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч: Ж овогт Ж.Д

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эдэлсэн ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ хохирогч Ц.Мгийн биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн 6-р хавирга зөрүүгүй далд хугарал, духанд няцарсан шарх, зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

мөн хохирогч Б.Эгийн биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт ................. хохирогч Ж.Дын биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. тоот нэг хашаан дотор тус тусдаа амьдардаг шүүгдэгч Ж.Дын хадам эцэгтэй ойр зуурын ахуйн ажил хийх нэрийдлээр хамтран архидан согтуурч байжээ. Улмаар шүүгдэгч Б.Эий эхнэр хохирогч Ц.М нь ирж нөхрийгөө “архи уулаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийсэн байна. Тухайн үед гэртээ амарч байсан Ж.Д нь гэрээсээ гарч ирэн шүүгдэгч Б.Э, хохирогч Ц.М нарыг өөрийн оршин суудаг хашаан дотор гэр бүлийн маргаанаа хийлээ хашаанаас гар гэх шаардлагыг тавьж, улмаар тэдгээрийг  хашаанаасаа гаргах явцад шүүгдэгч Ж.Д, хохирогч Ц.М нарын хооронд маргаан болж, шүүгдэгч Ж.Д нь хохирогч Ц.Мг толгойн тус газар нь цохих, түлхэж унагаах зэргээр зодож бие махбодид нь “зүүн 6-р хавирга зөрүүгүй далд хугарал, духанд няцарсан шарх, зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна. Уг үйл явдалыг харсан шүүгдэгч Б.Э нь өөрийн эхнэр Ц.Мг өмөөрч шүүгдэгч Ж.Дтай харилцан хоорондоо зодолдож шүүгдэгч Б.Эгийн бие махбодид “зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Ц.Дын бие махбодид “зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, хавтас хэрэг авагдан шинжлэн судлагдсан дараах:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надтай ярихдаа согтчихсон байсан. Ирэхгүй болохоор нь дахиад залгасан чинь нэлээд согтуу байхаар нь ойрхон байсан тул би Г гэрт нь очсон. Би Г хашаагаар нь ороод Э та нар манай нөхөрт битгий архи өгөөрэй гэж хэлээд уурласан, тэгсэн манай хүн нөгөө хүмүүсээ өмөөрөөд урдаас хэрэлдээд байсан. Тэгсэн чинь Г хашаанд байдаг гэрээс хүргэн нь гэх шар цамцтай залуу гарч ирээд бид 2-ыг хөөгөөд хашаанаас гар, та 2 гарч хэрэлд гээд түлхээд байхаар нь би чамд хөөгдөх болоогүй гэж хэлчихээд гарсан чинь хашааныхаа үүдэнд намайг түлхэж унагаад үсдээд чирээд байсан. Манай нөхөр гарч ирээд чи яагаад хүний толгой руу нь цохиод байгаа юм бэ гэж хэлээд барьцалдаад авсан. Тэр шар цамцтай залуу нь манай нөхрийг үсдээд өшиглөөд гараараа цохиод байсан. Тэгээд би уурлаад нөхрөө аваад яваад өгсөн. Гэртээ ороод байж байтал хүүхдүүд гэртээ хүрээд ирсэн. Надаас юу болоод аавын нүүр нүд нь яачихсан юм бэ гээд асуухаар нь Г хүргэн хашаанаасаа хөөгөөд зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

- хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зэрлэгийг нь зулгааж дуусгаад байж байтал энэ орийг задлая гэхээр нь салдаг диван орыг жижиглээд байж байтал Г дэлгүүрээс Цагаан архи гэдэг нэртэй 0,75 литрийн архи авч ирээд тэр архийг нь бид 2 хуваагаад уусан. Тэгж байтал эхнэр М хашааны завсраар харчихаад архи уугаад байгаа юм уу хариач гэхээр нь одоо харьлаа гэж хэлчихээд байж байтал өөрөө хүрээд ирсэн. Тэгээд тэр хашаанд архи уулаа гээд Г бид 2-ыг загнаад хэрүүл болсон чинь Г хүргэн Д гэх залуу гарч ирээд яв гэсэн байх би сайн санахгүй байгаа. Эхнэртэй хэрэлдэж байгаад эхнэрийг түлхээд унагаах шиг болсон би чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд би тэр залууг үсдэж аваад хамт унасан. Би гараа тавьсан чинь миний зүүн нүдрүү цохьчихоод намайг хаяад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

- хохирогч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Чингэлтэй дүүргийн 14-р хороо, .............. хадам аав Г нэг хашаанд амьдардаг. 2024 оны 07 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед гэртээ байж байтал хашаанд нэг эмэгтэй орж ирээд хадам аав, хадам ээж, өөрийнхөө нөхөртэй 15 минут орчим маргалдаад байсан. Би эхлээд эхнэр Г.М гараад тухайн хүмүүсийг явуулчих гээд гаргасан. Тэгээд манай эхнэрийн үгэнд орохгүй тэр эмэгтэй хэл амаар доромжлоод хараагаад байсан. Тэгээд аргаа бараад өөрөө гарсан. Намайг гарахад тэр эмэгтэй нөхрийн хамт, манай хадам аав, хадам ээж охиныг тэвэрчихсэн зогсож байсан. Би эхлээд нөхрийг нь хашаанаас гар гэсэн чинь гараад явчихсан. Эхнэр нь гарахгүй хэрүүл хийгээд байхаар нь би хашаанаас нуруу хэсэг рүү нь гараараа түлхээд гаргасан. Яг хашаанаас гарч байсан чинь нөгөө эгч чинь над руу харснаа чи хадамдаа дээрэлхүүлж байхдаа таарсан новш гээд хэлэхээр нь миний уур хүрээд тэр эгчийг толгой хэсэг рүү нь 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь нөхөр нь миний хойноос ирснээ намайг үсдээд аваад нүүр хэсэг рүү цохиод авсан. Тэр ах миний үснээс тавихгүй болохоор нь газарт унагаад нүүр хэсэг рүү нь хэд цохьсон чинь намайг үсдэж байсан гараа тавихаар би болиод 2 тийшээ болсон. Тэгээд салаад гэртээ ороод байж байтал 30 орчим минутын дараа тэр эрэгтэй, эмэгтэй 2-ын хүүхэд бололтой 2 эрэгтэй, надтай маргалдаад байсан эмэгтэй нар ирсэн. Намайг гарч ирээд байж байтал цагдаа нар намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Э нь манай нөхөртэй байнга л хамт байж байдаг. Тухайн өдөр би тэр 2-ыг нийлээд архи уусныг мэдээгүй. Үйл явдал болсон цагийг нь нарийн санахгүй байна. 18 цагийн үед байх намайг гэртээ байж байтал манай хашаанд эмэгтэй хүний дуу гараад чи архи уулаа, гэртээ орсонгүй, айлын боол хийлээ гээд орилоод байхаар нь гэрээсээ гараад ирсэн чинь Эгийн эхнэр Г ирчихсэн байсан. Э нь Г чи хүний эхнэр мөн үү гээд дайраад жоохон шуугиан гарсан. Тэгтэл манай хүргэн гэрээсээ гарч ирээд та нар болиоч айлын хашаанд зодолдоод байхдаа яадаг юм гэж хэлээд хашаанаас М, Э нарыг түлхээд гаргасан. Тэгэхээр нь би гэртээ яваад орчихсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Хэсэг байж байтал манай охин М гэрт орж ирээд гадаа бөөн юм боллоо, аавыг битгий Э ахтай нийлүүлж бай гэж хэлчихээд гараад явсан. Д, М нар эрүүл байсан, харин манай нөхөр Г, Э нар шал согтуу байсан. Манай хашаанд М, нөхөр Эг авч явах гэж манай хашаанд орж ирж хэрэлдээд уг асуудал нь эхэлсэн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 9826 дугаартай “...Ц.Мгийн биед зүүн 6-р хавирга зөрүүгүй далд хугарал, духанд няцарсан шарх, зулгаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 9832 дугаартай “...Б.Эгийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Зын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 9846 дугаартай “...Ж.Дын биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14-р хороо, ................... хохирогч Ж.Дтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож хүнийг цохиж зодвол эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг ухамсарлаж байсан ба санаатайгаар зориуд хүсэж хохирогчийг зодсон үйлдэл хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... өөрийн хашаандаа хохирогч Ц.М, хохирогч Б.Э нартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг ухамсарлаж байсан ба санаатайгаар зориуд хүсэж хохирогч Ц.Мгийн биед хөнгөн хохирол, хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан тус тус гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн  бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангасан тул түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжээр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2200 нэгжээр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 2900 нэгж буюу 2.900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг орлого олох боломж, прокурорын санал, өөрийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд, Ж.Дыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэв.

 

 

 

Бусад асуудлын талаар

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 255.900 төгрөг, хохирогч Б.Э нь 150.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Даас нийт 405.900 гаргуулж, хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов. 

 

Хохирогч Ц.М нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба сэтгэл санааны хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолд дурдсан аргачлалын хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд заасны дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал болох эдэгрэлтийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй байдал, уг сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахад татгалзах зүйлгүй, нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал зэргийг харгалзан уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 7 дахин үржүүлж нийт 4.620.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Даас гаргуулан түүний орлого олох боломжыг харгалзан хохирогч Ц.Мд 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

/шүүгдэгч/ Хохирогч Ж.Д нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Эг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

мөн шүүхийн хэлэлцүүлэгт /шүүгдэгч/ хохирогч Б.Э нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

         

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Ж овогт Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2200 /хоёр мянга хоёр зуун/ нэгж буюу 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 2900 /хоёр мянга есөн зуун/ нэгж буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Б.Эг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Ж.Дыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус бүр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Э, Ж.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даас нийт 405.900 /дөрвөн зуун таван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ц.М -д 255.900 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун/ төгрөг, хохирогч Б.Э-д 150.000 /зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Даас нийт 4.620.000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ц.М -д олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э, Ж.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ