| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 2438003150458 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө иргэн П.М-ыг зодож хацар ясанд хэд хэдэн хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003150458 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт П.М-ыг зодож хацар ясанд хэд хэдэн хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 3-р багт Хоогны ам гэх газарт багийн төв дээр бүжиг болж байна гэхээр нь манай хамаатны дүү Б-манай гэрт ирээд ах хоёулаа очоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд цуг багийн төв рүү очиж явсан. Тэгсэн замд манай Б.М- нь эхнэр болон 2 нутгийн залуучуудтай жижиг машинтай явж байсан. Тэгээд Б-бид хоёр уулзаад цаашаа явах гэтэл Б.М- нь хамт явж байсан Б-дүү рүү машинд сууж байхад чамайг ална гээд дайрсан. Тэгэхээр нь би боль гээд салгасан. Тухайн үед Б.М- нь машинаас буусны гадаа зогсож байсан. Б.М- миний зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед нь би газар унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн хөлний тойго мултарсан байсан тул босч чадаагүй газар хэвтэж байхад Б.М- нэмж миний толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд миний ухаан балартаад ухаан алдсан байсан. Намайг зодсон газраа ганцааранг минь орхиод явсан. Өглөө сэрээд замын машин явж байхаар нь зогсоогоод гар утсыг нь гуйж эхнэр рүүгээ залгаад эхнэр Г.Д-ыг дуудаж гэртээ харьсан. Тэгээд эхнэр цагдаа болон эмч дуудаад багийн эмч ирж намайг үзээд Мөрөн сум руу оруулж ирж хэвтүүлсэн. Тэрнээс хойш би эмнэлгийн байгууллагаар нилээн явж байгаад сая 7 сарын эхээр баярын өмнө гэртээ ирсэн. Тухайн үед Б-Б.М- нар юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Миний бодлоор урдны асуудал байсан юм шиг санагдсан. Тэр хоорондоо зодолдоогүй хэрүүл болоод Б-тухайн үед очсон өөрийнхөө машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн. Б.М- миний биеийн толгой болон гарын булчин цээж хэсгээр өөрийн өмсөж явсан хатуу ултай бакалан гутлаар их олон удаа цусаар нь нүүрийг нь угаана гээд өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг нь би мэдэхгүй байна, тухайн үед зодуулсанаасаа болж ухаан алдаж унасан байсан. Би Б.М-ийн биед нэг ч гар хүрээгүй. Тухайн үед баруун шанааны дээд талд байрлах эрүүний углуурга 3 хугарсан, нүүр хэсэг битүү хавдаж хөхөрсөн шанаа зулгарсан, баруун зүүн мөрний доод хэсэгт мах нь хөхөрч тасарсан, толгой байнга эргэж өвддөг Мөрөн сумын нэгдсэн эмнэлгийн гэмтэлд үзүүлж хэвтэж байгаад дараа нь хувийн “Жаргалан” гэх эмнэлэгт хэвтэж эмчүүлээд сүүлд Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвтэж эмчүүлсэн. Одоо 8 сар гаргаад ахиад эмчилгээндээ явна. Би Б.М-т буруу зүйл, өш хонзон, өр авлагын зүйл байхгүй. Б.М- ямар шалтгаанаар намайг зодсоныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Өөрийн биеийг эмчүүлж урдын адил болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Иргэний нэхэмжпэгч Г.А-гийн өгсөн: “...П.М-ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 407,142 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Гэрч Г.Д-ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 04 цагийн үед намайг Мөрөн суманд байхад над руу нэг танихгүй дугаар залгаад авсан чинь манай нөхөр болох П.М- нь би хүнд зодуулсан “Хоохны ам”-нд байна гэж хэлэхээр нь өөрийн найз болох Аптанцэцэгийн хамт машинтай нөхөр П.М-ыг хээр засмал замын хажууд ганцаараа байж байхад нь очиж авсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад Б.М- зодсон гэж надад хэлсэн. Би гэртээ очоод сумын түргэн дуудахад цуг цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч П.М-ийн өгсөн: “...2024 оны 06-р сарын 01-ний орой манай нөхөр Б.М- бид гэртээ байж малаа хотлуулаад Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг Шувуутын бригадын төв дээр бүжиг болно гэхээр нь орой 21 цагийн үед гэрээсээ гараад Шувуутын бригадын төв дээр ирээд 23 цаг хүртэл бүжиг болсон. Бүжиг тараад нөхөр Б.М-ийн хамт гэрлүүгээ харих гээд машиндаа сууж байтал нутгийн хүн болох Б-, Э-хоёр танай машинд ороод нэг шил архи ууя гээд Б- нь өврөөсөө нэг 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй нэг шил архи гаргаж ирсэн. Тэрийг бид дөрөв хувааж уугаад дуусгасан. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд замын хажуу талд наймаа хийдэг айлын тушаа засмал зам дээр зогссон. Э-тэр наймаа хийдэг айлаас нэг ундаа аваад ирье гээд явсан. Б- манай нөхөр бид гурав машиндаа суугаад хүлээж байтал ард нэг машин ирээд зогссон. Эхэлж П.М- гэх хүн бууж ирсэн. Тэгээд манай нөхөр болон Б-, Э-гуравтай уулзаад өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд дүү нар архи уух юм уу гэж асууж тэр гурав ууя гээд, тэр дөрөв машины хажууд гадаа хувааж уусан. Архи нь дуусаад П.М- гэх хүн машиндаа суугаад хөдлөх гэж байхад манай нөхөр Б.М- нь П.М- гэх хүнтэй хамт явж байсан Б-гэх залуутай уулзъя буугаад ир гэж дуудсан. Тэгсэн тэр Болор-Эрдэнэ нь машинаас бууж ирээгүй. Манай нөхөр П.М-ын урдуур гараа машин луу оруулаад Б- буугаад ир гээд гараас татахад П.М- гуай машинаас бууж ирээд манай нөхөр Б.М- нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад машинаас холдоод явсан. Араас нь Б-, Э-нар очоод дөрвүүлээ засмал замаас буугаад явсан. Би машиндаа үлдсэн. Тэгсэн П.М- гуайтай хамт явж байсан Б- нь машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Б.М-, Б-, Э-гурав ирээд машинд суугаад бид дөрөв хамт явсан. П.М- гуай тэнд ганцаараа үлдсэн. Э-бид нарыг зогсож байсан газар унаж явсан мотоциклио үлдээгээд бид нартаа явсан. Тэгээд манай нөхөр Б.М- бид хоёр гэртээ хариад Э-хагалгаанд орох гэж байна гэхээр нь нөхөр бид хоёр 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн ороход П.М- нь Мөрөнд байдаг гэртээ байсан. П.М- нь манай нөхөр Б.М- рүү чи намайг ингэтэл нь зодсон байна, ах нь эмнэлгээр үзүүлж явна гэж хэлж байсан. Тэгээд та эмнэлэгт үзүүлээрэй гээд нөхөр бид хоёр манай ээжийн данснаас 1 сая төгрөг П.М- гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд бид хоёр таньтай эргэж уулзана, эмчилгээний зардал нэмж мөнгө өгнө гэж уулзаад салсан. Тэр үед П.М- гэх хүн ах нь цагдаа шүүх гэж явахгүй гэж хэлж байсан. Манай нөхөр бид хоёрыг П.М- гэх хүнтэй уулзахад өвдөгний үе нь гарчихдаг гэсэн хөл нь доголсон баруун шанаа хавдартай байсан. Толгой өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 396 дугаартай: “1. П.М-ын биед хацар ясанд хэд хэдэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,
Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн төвд баяр болсон юм. Тэгээд орой 00 цагийн үед баяр дуусахаар явах гэсэн чинь Б-, Э-хоёртой таараад нэг шил архи энэ хоёртой хувааж уусан. Тэгээд бид нар багийн төвөөс хөдлөөд хамтдаа 50, 100 цогцолбор руу яваад замаас гарч засмал замын хажууд зогсож байсан чинь П.М-, Б-гэдэг хоёр нутгийн хүн хүрээд ирсэн. Тэгээд энэ хоёртой уулзаад байж байхад П.М- ах өврөөсөө нэг шил архи гаргаж ирэхээр нь гаргаж ирсэн архийг бид нар хувааж уусан. Архи ууж байхдаа би Б-тэй уулзах гэсэн чинь П.М- намайг хойш нь түлхсэн. Ингээд бид хоёр үүнээс болж анх маргах болсон. Маргалдаж байхдаа би П.М-ыг хавсарч газар унагаагаад цээж рүү нь нэг удаа цохисон чинь тэнд байсан хүмүүс намайг салгасан. Ингээд би яваад өгсөн. ...Би П.М-т 1 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.М-, гэрч Г.Д-, П.М-э, иргэний нэхэмжлэгч Г.А- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 396 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт П.М-ыг зодож хацар ясанд хэд хэдэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.М-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.М-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч П.М-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.М-ийн хохирогч П.М-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч П.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 3,000,000 төгрөгийг хүлээн авсан талаарх гар бичвэр, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 56-57 тал/ авагдсан, хохирогч П.М- нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “...Б.М- нь миний эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 3,000,000 төгрөгийг өгч хохирол төлбөрөө барагдуулсан болно. Миний бие Б.М-ээс цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан болно” гэх гар бичвэр /хх-ийн 56 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-ийг хохирогч П.М-т төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 18-19, 22 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд учирсан 407,142 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.М-ээс 407,142 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 39-42, 44-45 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М- нь ...ял шийтгэл эдэлж байгаа зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.М- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ...удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх...” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Б.М-т 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа эдлээгүй болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/172 тоот албан бичгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2438003150458 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.М-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт тоогох ялыг 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.М-ээс 407,142 (дөрвөн зуун долоон мянга нэг зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн 2438003150458 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.М-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР