| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/342 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Бямбадорж |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/342
2025 01 31 2025/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч: М.Бямбадорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Наранхүү,
гэрч Ж.А,
гэрч Ж.А,
гэрч Д.Э,
шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.Энхбаяр,
нарийн бичгийн дарга О.Дэлгэрсайхан нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2206020552284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт О.А
Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, “...................” ХХК-д ............. ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэл үгүй,
Шүүгдэгч: Х овогт Ц.Э
Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэл үгүй,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч О.А нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг, мөн түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...................нутаг дэвсгэрт “...................” ХХК-ний барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил явагдаж байх үед амь хохирогч У.Д нь шатны хонгил руу унаж, амь нас нь хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.Э нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг, мөн түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...................нутаг дэвсгэрт “...................” ХХК-ний барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил хийж байсан амь хохирогч У.Д нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.
Шүүгдэгч О.А нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 3.2 дахь заалтууд, Мөн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар" БД 12-101-05 дүрмийн 19, Дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-н 4.11 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас,
шүүгдэгч Ц.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, 28.1.16 дахь заалтууд, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 6.2.18 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1, 4.11, 4.12, 4.9, 4.16 дахь заалтуудад заасны дагуу амь хохирогчид тухайн ажлын байрыг хариуцан ажиллуулж байх үедээ анхан шатны зааварчилгаа, мөн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...................нутаг дэвсгэрт “...................” ХХК-ний барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил хийж байсан амь хохирогч У.Д нь өндрөөс унаж хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг,
-шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бын өгсөн: “... Би хүүхдээ сахиж гэмтлийн эмнэлэгт 6 хоног сахисан. Маш хүнд олон гэмтэл байсан учраас ямар ч арга байхгүй байсан. Манай хүүхэд Японд 2017 оноос 2021 он хүртэл сурч байгаад ирсэн. Манай хүүхдэд барилгын ямар ч мэдэгдэхүйн байхгүй барилга дээр ажиллаж үзээгүй. Э юм уу Эийн эхнэр нь хоорондоо утсаар яриад ажиллуулсан байсан ингэхдээ эцэг, эхэд нь огт мэдэгдээгүй байсан. Миний хүү ямар ажил хийж байгаа юм бэ? гэхэд нэг газарт түр зуур жолооч хийж байгаа гэсэн. Хэрвээ бид мэдсэн бол энэ ажлыг хийлгэхгүй байсан. Осол болсон барилга дээр би огт очиж үзээгүй... тухайн үед манай хүүхдэд хамгаалах хувцас, малгай өмсүүлээгүй байсан. Миний зүгээс бодохдоо ядаж хамгаалах малгай өмсүүлчэхгүйдээ гэж хэлмээр байна. Нүх рүү унахдаа ар талынх нь загасан мах тасарчахсан, тархи дагзандаа хүнд гэмтэл авсан учраас 6 хоногийн хугацаанд ухаан ороогүй байж байгаад өөд болсон үүн дээр маш их харамсаж байна ядаж малгай өмсүүлсэн байсан бол ухаан ороод хэдэн үг солих байсан. Урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал болоход А, Э нар бид буруугүй гэж яриад байгаа болохоос ар гэр нь ямар хүнд байдалд байсан гэдгийг бодож үзэхгүй ядаж утсаар залгаад ч асуух сэтгэл байгаагүй. Манайх 2 хүүхэдтэй байсан. Хүү маань чадахгүй ажлаа хийж байгаад зүй бусаар амь нас хохирсонд нь маш их харамсаж байна...Хамгаалах турба байсан гэж байна манай хүүхэд 1.80 см 90 кг жинтэй хүүхэд байсан тэгэхээр тэр турбоны завсраар багтахгүй том биетэй хүүхэд. Би тухайн газар очиж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Миний төсөөллөөр тэр нүх рүү унах даа араараа цохиж унасан байх. Гэмтлийн нөхцлийг харахад нурууны загасан мах хугарсан, бугалагны мах нь гэмтсэн, хавирга нь хугараад дотогшоо уушигруугаа орсон, толгойны ар дагзны хэсэг цөмөрсөн байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхэд танихгүй дугаараас залгаад байхаар нь утсаа авсан чинь хүүхэд тань гэмтчихлээ гэсэн дуудлага ирхээр нь гайхаад. Гэрээсээ гэмтлийн эмнэлэг хүртэл 2 цаг түгжирч очсон. Тэгтэл манай хүүхэд хагалгаанд орсон байсан. Хагалгаа нийтдээ 5-6 цаг болоод гарч ирсэн. Хагалгаа амжилттай болсон боловч олон эрхтэн системийн гэмтэлтэй байсан учраас хүү маань тэсээгүй. Ажил дууссан байсан гэж ярьж байна. Ажил дууссан ч гэсэн 13-н давхараасаа буугаагүй байсан учир ажилтай холбоотой гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 660.000 төгрөг байгаа. Эрэгтэй хүний дундаж наслалт 69.47 байсан гэхдээ эрэгтэй хүн 60 хүртэл наслана гэж бодохоор 160-ийг 12 сараар үржүүлээд манай хүүхэд 25 настай юм чинь 60-с 25 насын нь хасаад 35 нас гэж бодсон байгаа. Мөн би 1 сар ажлаа хийх ямар ч боломжгүй байсан сэтгэл санааны хувьд маш их шоконд орсон өөр зүйл нэхээгүй. Оршуулгийнхаа зардлыг, аргачлалаар бодож нэхэмжлэл үүсгэсэн” гэх мэдүүлэг,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажпаа тараад 17 цагийн үед гэртээ ирээд байж байтал манай талийгаач хүүгийн хамт ажилладаг Э залгаад танай хүүхэд гэмтэл дээр байна, та яаралтай хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэгт очсон. Би ирээд хүлээн авахын эмчээс нь юу болсон талаар асуутал манай хүү У.Дыг баригдаж буй барилгын 13-р давхраас унасан, одоогоор ухаангүй, шокийн байдалтай, эмх замбараагүй үйлдэлтэй, хамаг хувцас нь урагдсан, биеийн ихэнх хэсэг нь шалбарч, зулгарч, зүсэгдсэн шархтай, яаралтай тархины хагалгаанд орох шаардлагатай гээд манай хүүг мэс засал хийхээр авч орсон байсан. Би хүүгээ хүлээгээд сууж байтал шөнийн 00 цагийн орчимд тархины хагалгаанд ороод дууссан гээд эмч нь надтай уулзаж танай хүү маш хүнд байна, өнөө шөнө тэсэх үгүй нь мэдэгдэхгүй байна, тархиндаа хүнд гэмтэлтэй болохоор амь насны заалттай байна гэдгийг надад хэлсэн.Би хүүгээ хагалгаанд оруулснаас хойш 6 хоног хүүгээ ухаангүй байдалтай байхад нь эмнэлэгт сахиж харсан. Намайг хүүгээ сахиж байх хугацаанд манай хүүгийн даралт, пүлс нь унаад тогтворгүй байгаад байж байтал манай хүүг цус алдаад байна гэхээр нь эмч нь үзтэл нуруу, уушгинд нь зураг авуултал нурууных нь том булчин нь тэр аяараа ховхорсон байсан бөгөөд гэмтлийн эмч нар шаардлагатай эмчилгээнүүдийг тухайн бүрт нь түргэн шуурхай хийсэн. Тэгтэл манай талийгаач хүү маань нуруунаасаа цус алдсанаас болж бөөрний дутагдалд орж бие нь муудаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өглөөний 10 цаг 10 минутад нас барсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28- 29 дүгээр тал),
- шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Э өгсөн: “...Э ах зүүн талд байсан Д баруун гар талд байсан. Би доор суугаад өрмөө залгаад ажлаа хийх гээд байсан. Тэгээд юм дрилдэж байтал нэг юм доош унах шиг болсон тэгтэл Э ах хүүе Д унчахлаа гээд доошоо буусан гэв...Барилгын инженер А Э ах руу яриад баруун талынхаа блокоо угсруулая завтай бол ирээд угсраад өгөөч гэсэн гэж Э ах надад хэлсэн ...Хаалгаар Бонго машинтай Турбо ачаад орсон ороход бол хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан байхгүй байсан. Тэгээд турбануудаа буулгаад давхар давхар дээр каранаар булгуулсан нэг давхараас эхлээд хоолой угсарч эхэлсэн. Тэгээд 13 дахь давхар дээр хамгийн сүүлийн турба угсраад дуусаж байсан...2 хоногийн өмнө зүүн талынх блок дээр ажиллаж байсан. Тэгэхэд А байсан. 1 дүгээр давхараас авхуулаад 13 давхар хүртэл тэмдэг тэмдэглэгээ, хаалт, хамгаалалт байхгүй байсан” гэх мэдүүлэг,
- гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э гэх хүний удирдлага нь доор Дын хамт помпны туслахын ажил хийдэг юм. Э помп оо жолоодож Д бид хоёр туслахын ажлыг хийдэг юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бид гурав ............. барилга дотор дээд давхарт бетон өрдөг барилгын труба угсарч байсан. Уг барилга нь 14 давхар баригдаж буй барилга ба бид гурав 13 давхар дээр хамгийн сүүлийн трубагаа угсарч байхад би дрилээр хана өрөмдөж бэхэлгээгээ хийж байсан гэнэт Д 13 давхраас доошоо барилгын явган хүний шатны арын нарийн завсраар унасан. Намайг хана өрөмдөж байхад Д, Э нар миний хажууд зогсож л байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
- шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Аийн өгсөн: “...хаалт, хамгаалалтыг манайх тавих ёстой байсан. Тэр үед нэгдүгээрт, барилга эхлээгүй байсан. Хоёрдугаарт хаалт тавьцан байж байгаад намар авсан. Яагаад гэвэл нэвт нүхээр цасийг гаргахгүй бол шатаар хайлж урсаад мөс болоод иргээд ажлаа хийхэд маш төвөгтэй болдог, барилга дээрх хяналтыг А тавих ёстой...Э ажлаа цаг тухайд нь сайн хийдэг хүн байна гээд ажил гүйцэтгэх гэрээг сунгамаар байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
- шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.А өгсөн: “...Аюулгүй байдлын хангах, тэмдэг тэмдэглэгээ тавих нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хариуцсан ажилтны үүрэг... 2021 оны 09 дүгээр сард Э манай компанид ажиллаж байсан. Гэрээгээ сунгаж Этэй 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эд 1,350,000 төгрөг шилжүүлсэн... энэ мөнгө нь Б блок дээр 3 сарын сүүлээр хийсэн ажлын хөлсийг хийсэн...” гэх мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1160 дугаартай “...1 .Талийгаач У.Дын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед үүсгэгдэнэ. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач У.Д нь АВО системээр АВ (II) бүлгийн цустай байжээ. Талийгаач У.Д нь эмнэлэгт 6 хоног эмчлэгдсэн тул согтууруулах мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаач У.Д нь дээрх амь насыг аврах боломж багатай хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 40- 49 дүгээр тал),
- Шинжээч М.Г, Б.Ч, Л.Э нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24-07 дугаар шинжээчийн: “...уг осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн холбогдох зүйл, заалтууд, аюулгүй ажиллагааны шаардлагууд зөрчигдсөнөөс осол болсон байна.
Амь хохирогч нь шатны хонгил руу унаагүй бөгөөд хэргийн газрын үзлэгээр 240х70см хэмжээ бүхий хонгил гэж тэмдгэлсэн нь агааржуулалтын хоолой юм. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө MNS6443:1998 стандарт Хамрах хүрээ: Энэхүү стандарт нь аюулгүй ажиллагааны бүх төрлийн тэмдэгтүүдийн ангилал, хэрэглэх хүрээ, өнгө тэмдэглэгээ, зориулалт, хэлбэр хэмжээ, тэдгээрт тавигдах техникийн шаардлагыг тогтооно. Мөн аюултай, хортой хүчин зүйл бүхий орчинд үүсэж болзошгүй аюулыг урьдчилан сануулах, анхааруулах, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйлдлийг гүйцэтгэхийг заах, хориглох болон шаардлагатай мэдээллийг өгөхөд зориулагдана. Осол болсон дээрх газар нь эрсдэл бүхий барилгын талбай байсан учир аюултай, хортой хүчин зүйл бүхий орчинд үүсэж болзошгүй аюулыг урьдчилан сануулах, анхааруулах, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэмдэг тэмдэглэгээ тавих ёстой байсан. Дээрх стандартын 1.8 /Аюулгүй ажиллагааны тэмдгүүдийг байрлуулах газар, өндрийн хэмжээ, тэдгээрийн хэмжээ, хувилбар, " тухайн байгууллагын удирдлага, галын болон Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн, эрүүл ахуйч эмч нар харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр тогтооно./, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1. /аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх; /27.3.2/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;/ гэж заасны дагуу ............. ХХК-ын ХАБ-ын ажилтан О.А нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж удирдлагатайгаа зөвшөлцсөний үндсэн дээр тэмдэг тэмдэглэгээг байршуулах үүрэгтэй байсан. Учир нь дээрх агааржуулалтын хоолой нь осол болох үед үүссэн нүх биш бөгөөд өмнө байсан нүх учир урьдчилан сэргийлэх үүднээс тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байх ёстой байсан.
Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах нь гэрээ байгуулагч талууд хууль зүйн үр дагавар бий болгох зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл, эрх үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход үйлдэл, үйл ажиллагаа нь чиглэгддэг. Гэрээ нь үүрэг үүсэх нэгэн үндэслэл болох бөгөөд үүрэг дуусгавар болох үндэслэлийн адилаар дуусгавар болно. Иргэний хуулийн 348 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 348.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг алууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно./-ыг баримтлан 2022 оны 04-р сарын 01-ний өдөр нэг талаас захиалагч иргэн Ж.А, нөгөө талаас гүйцэтгэгч иргэн Ц.Эийн хооронд АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1 /Энэхүү гэрээг талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан өдрөөс угсралтын чанарын баталгаат хугацаа дуусах бас орон сууцны конторт хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ./-д заасны дагуу энэхүү гэрээ нь дуусгавар болоогүй бөгөөд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, гэрээг өөрчлөх гэсэн Иргэний хуульд заагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм.
Захиалагч иргэн Ж.А, иргэн Ц.Э нарын хооронд байгуулсан 1122 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-ний 6.7 /гүйцэтгэгч нь ажлын талбайд ажиллагсдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны бүх арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй ...Гүйцэтгэгч нь ХАБ инженерийг заавал ажиллуулах үүрэгтэй/ гэж заасны дагуу гүйцэтгэгч Ц.Э нь Хөдөлмөр хамгааллыг хариуцах ёстой байсан. Дээрх хийгдэж байсан ажил нь ................... ХХК-ын ХАБ-ын ажилтан О.Аод хамааралгүй бөгөөд харин иргэн Ж.А нь иргэн Ц.Этэй ажил гүйцэтгэх гэрээг тусдаа байгуулан ажлыг гүйцэтгүүлж байсан тул дээрх гэрээний 6.7-д заасны дагуу гүйцэтгэгч иргэн Ц.Э нь ХАБ-ын ажилтныг авч ажиллуулах үүрэгтэй байсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1. "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг, 4.1.3. "ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ. Мөн хуулийн 4.1.15. "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ/ тус тус гэж заасан байна.
Иймд амь хохирогч У.Дыг ажиллуулж байсан /захиалагч/ иргэн Атэй АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ хийсэн /гүйцэтгэгч/ иргэн Ц.Э нь Дын ажил олгогч юм.
Осолдогчийн ажил олгогч Ц.Э нь хэн нэгэн удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй барилгын талбайд нэвтрэн орж ажил үүрэг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүул ахуйн тухай хуулийн 15.1./Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын малгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. /28.1.1./ үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; /28.1.16. /Энэ хуулийн 4.1.2, (хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн) 4.1.3,(иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид) 4.1.6 (хоршоо, нөхөрлөлийн гишүүд)-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй./ дахь заалтуудыг зөрчин осолдогч У.Дд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох өндрийн бүс олгоогүй, өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, өөрийн ажилтны аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион-байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1 /Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна. /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1.Урьдчилсан зааварчилга, 2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, З. Давтан-зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг. 4.11 /Давтан зааварчилгыг ажилтанд өмнө нь олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө./, 4.12 /Давтан зааварчилгаа нь гурван хэлбэртэй байна./ а.Ээлжит б.Ээлжит бус в.Ажлын байран дахь өдөр тутмын гэсэн хэлбэртэй байна. Өдөр тутмын буюу давтан зааварчилгыг MNS 4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм стандартын 4.9 дэх заалт /Ажлын байран дах анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, тасгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 4.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэж заасны дагуу осолдогч У.Дд тухайн ажлын байрыг хариуцан ажиллуулж байсан иргэн Ц.Э нь анхан шатны зааварчилгаа мөн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул өдөр тутмын зааварчилгаа өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Осолдогчийн ажил олгогч Ц.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15.1, 28.1.1, 28.1.8, 28.1.16 дахь заалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1, 4.11, 4.12, 4.16 дахь заалтуудыг, захиалагч иргэн Ж.А иргэн Ц.Э нарын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-ний 6.7-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарах болсон байна. ................... ХХК-ын ХАБ-ын ажилтан О.А нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж удирдлагатайгаа зөвшөлцсөний үндсэн дээр аливаа осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн осол гарсан газарт тэмдэг тэмдэглэгээг байршуулах үүрэгтэй. Мөн Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралт Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 3.9./3ахиалагч үе шатны ажилд техникийн хяналт тавих, гүйцэтгэлийн тэмдэглэл, ил далд ажлын болон тоног төхөөрөмжийн угсралт, илт, тохируулга хийсэн акт, санхүүжилтийн тооцоо, холбогдох бусад баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэх график, гэрээний дагуу барилгын үйл ажиллагаанд оролцогчтой хамтран хянаж, баталгаажуулахаас гадна техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдтэй хамтарсан үзлэг шалгалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор тухай бүр хийсэн байна./-ийг захиалагч иргэн Ж.А болон гүйцэтгэгч Ц.Э нар хамтран хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Шинжээч Г.Аын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ХАБ-01/05 дүгнэлтэд тусгагдсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11./Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байна./ гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. Хэргийн газрын үзлэгийн зураг /1-р хх-н 15-р хуудас Зураг №16/-ийг харахад осолдогч У.Дын ажиллаж байсан ажлын байр нь помпоор зуурмаг шахах зэс хоолойг салхивчны нүхээр оруулан угсрах ажил гүйцэтгэхэд орон зай бага хаалт хамгаалалт хийх боломжгүй байсан байж болзошгүй байх тул 4.11 дэх заалтыг дүгнэлтэд тусгахаас илүүтэйгээр дээрх дүрмийн 6.2.16. /1.3м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино/, 6.2.18. /Хамгаалалтын хаалтыг 6.2.16 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэх боломжгүй үед хамгаалалтын бүсийг ашиглан ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө./ дахь заалт хамааралтай гэж үзэж байна. Ажил олгогч Ц.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.2.18 дахь заалт, ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргийнхээ дагуу осолдогч У.Дд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох өндрийн бүсийг олгож осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрээ биелүүлээгүй байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 95-99 дүгээр тал/,
- Шинжээч Б.Чийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 09-21 дүгээр тал),
- Ж.А, “...................” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 91-97 дугаар хуудас/,
- “...................” ХХК-ний ерөнхий захирал Ж.Аний “Ажилд томилох тухай” 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/20 дугаартай “...ХАБ-ын ажилтан О овогтой А нарыг тус тус томилсугай” гэсэн тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал),
- “...................” ХХК-ний ерөнхий захирал Ж.А “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай” 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/21 дугаартай “... “Хөдөлмөрийн дотоод журам”-ын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ХАБ-ын ажилтан О.А-д даалгасугай...” гэсэн тушаал (1- р хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
- Ж.А, Ц.Э нарын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Аын өмгөөлөгч С.Пүрэвдоржийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт: хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28/, /2 дугаар хавтас хэргийн 108 дугаар хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 21-32 дугаар хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 147-248 дугаар хуудас/, / 2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/, / 1 дүгээр хавтас хэргийн 34-35 дугаар хуудас/, / 2 дугаар хавтас хэргийн 95-99 дүгээр хуудас/, /2 дугаар хавтас хэргийн 138-139 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтас хэргийн 180-181 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/, /1 дүгээр хавтас хэргийн 89 дүгээр хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/, /1 дүгээр хавтас хэргийн 179 дүгээр хуудас/, мөн шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн 89 хуудас материал болон бусад бичгийн баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Аод холбогдох гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А нь “...хөдөлмөрийн аюулгүй байдлын заалтууд дээр намайг ялласнаар хөдөлмөрийн тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 1, 27.2, 27.3, 27.2-3 гэх мэт заалтууд байдаг. Энэ заалтууд өөрөө ажил олгогчийн заалтууд, ажил олгогч бол энэ хэргийн нэгдүгээрт байдаг. Э гэдэг хүн хөдөлмөр хамгааллын хуулийн дагуу өөрийнхөө ажилтны аюулгүй байдлыг хариуцах ёстой. Түүний хувцас хамгаалалт, хөдөлмөрийн бүс, аюулгүй байдлыг хангах ёстой үүнийг хөдөлмөр хамгааллын тухай хуульд заасан байгаа. Хөдөлмөр хамгааллын ажилтан би ямар үүрэгтэй вэ? гэхээр Б дизайн хүч компаний ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Миний ажил олгогч бол ................... компани ажил олгогч Амартүвшин гэдэг хүн байдаг... Хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, өмгөөллийн үг болон шинжлэн судлагдсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж дээрх шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгчийн гаргасан саналд дараах хууль зүйн дүгнэлтийг шүүх хийв.
“Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон…” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд тооцно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирах, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс тус тус урьдчилан сэргийлж, эрсдэл гарахаас хамгаалах зорилгоор хуульд нийцүүлэн хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм, журам батлан гаргадаг. Тус захиргааны хэм хэмжээний актад заасан заавар, дүрмийг баримталж, хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтан нь дээрх гэмт хэргийн субьект болох ба үүрэг хүлээсэн ажилтан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэлд дурдсан үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, шалтгаант холбоотой байна.
Уг осол болсон газар болох шинээр баригдаж буй барилга байгууламжид “...................” ХХК бүхэлд нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан ба уг барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дуустал буюу ажил эхлэх, түр зогсох, дуусах хүртэл хугацаанд тус барилга дээр ажиллаж байгаа бүхий л ажилтны хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилсан сэргийлэх нөхцөл байдлыг өөрийн хяналтандаа байлгаж шаардлага тавих үүргийг тус компаний захирлын тушаалаар томилогдсон этгээд болох ХАБ-н ажилтан О.А нь хүлээх ёстой байна. Тухайн ажил гүйцэтгэх орчин, талбай нь эрсдэл ослоос сэргийлсэн хаалт, хамгаалалтаар тоноглогдсон, аюул эрсдэлийг урьдчилан сануулах тэмдэг, тэмдэглэгээг зохих ёсоор хийгээгүй болох эс үйлдэхүй нь хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.А нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааны холбогдох заалтуудад заасан үүргээ биелүүлж, тус барилга байгууламжид учирч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, дохио, нүх тагласан хаалт зэргийг байршуулсан бол осол гарч хүний амь нас эрсдэхгүй байх боломжтой байсан ба шүүгдэгч О.Аын эс үйлдэхүй нь У.Дын амь хохирсонтой шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруутай гэж үзнэ.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Э нь амь хохирогч У.Дыг ажилд авч ажиллуулж байсан боловч тус барилгад бүхэлд нь барилгын ажлыг бүрэн дуустал нь хийж гүйцэтгэхээр гэрээ хийсэн “...................” ХХК-ний хөдөлмөр, аюулгүй байдлын ажилтан О.Аын уг барилгын талбайд хөдөлмөр эрхэлж буй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэг дуусгавар болохгүй ба ажил олгогч нь би биш гэсэн үндэслэлээр тус барилгад ажиллаж байсан аливаа ажилтны амь нас хохирсон нь өөрт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Тиймээс шүүгдэгч О.А болон түүний өмгөөлөгчийн дээрх гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй цагаатгуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч О.А нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 3.2 дахь заалтууд, Мөн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар" БД 12-101-05 дүрмийн 19, Дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-н 4.11 зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас,
мөн шүүгдэгч Ц.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, 28.1.16 дахь заалтууд, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 6.2.18 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1, 4.11, 4.12, 4.9, 4.16 дахь заалтуудад заасны дагуу амь хохирогчид тухайн ажлын байрыг хариуцан ажиллуулж байх үедээ анхан шатны зааварчилгаа, мөн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...................нутаг дэвсгэрт “................... ХХК”-ний барьж буй 13 давхар барилгын бетон зуурмагийн ган хоолойг бэхлэх ажил хийж байсан амь хохирогч У.Д нь өндрөөс унаж хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч О.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад түүний эс үйлдэхүй нөлөөлсөн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, шүүхээс мөнгөн хэмжээгээр тогтоосон хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч О.А нь Улаанбаатар хотын .................дүүрэгт оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилт, биелэлтийг хангуулах зорилгоор зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ............. дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихгүй байхаар хязгаарлалт тогтоов.
Шүүгдэгч Ц.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс мөнгөн хэмжээгээр тогтоосон хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан бусад гэм хорын хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилсэн тохиолдолд иргэний шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирол болох мөнгөн дүнг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч П.Наранхүү нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн оршуулгийн зардал, эмчилгээний зардалтай холбоотой гарсан зардал 32,434,000 төгрөг, шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтуудаар 21.659.500 төгрөг буюу нийт 54.093.500 төгрөгийг…мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 660.000 төгрөг байгаа. Эрэгтэй хүний дундаж наслалт 69.47 байсан гэхдээ эрэгтэй хүн 60 хүртэл наслана гэж бодохоор 160-ийг 12 сараар үржүүлээд манай хүүхэд 25 настай юм чинь 60-с 25 насын нь хасаад 35 нас гэж бодсон байгаа. Мөн би 1 сар ажлаа хийх ямар ч боломжгүй байсан сэтгэл санааны хувьд маш их шоконд орсон, сэтгэл санааны хохиролд 380.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Амь хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардал зэрэг нь зайлшгүй, гарцаагүй гарах шууд зардал болох нь нэгэнт ойлгомжтой бөгөөд хөдөлмөр, аюулгүй байдлыг хангуулах үүргээ зөрчсөний улмаас хохирогчийн амь нас эрсэдсэн шалгаант холбоо, түүнд нөлөөлсөн нөлөөлөл, шууд хамаарал, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч нараас гарах төлбөрийг ялгамжтайгаар тогтоож шүүгдэгч Ц.Эөөс 40.093.500 төгрөг, шүүгдэгч О.Аоос 14.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Мөн тус хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Эийн зүгээс нийт 27.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тул түүний төлөх нийт 40.093.500 төгрөгийн хохирлоос хасаж, үлдэх 13.093.500 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 54.093.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч, шүүгдэгч нарын төлөх үлдэх хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болсон байх ба сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Иргэний хууль, тогтоомжийг хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэх ёсгүй учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчилж байгаа болно. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн хүчинтэй болсон үеэс хойш үйлдсэн гэмт хэргүүдэд тус сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүх мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулах учиртай.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овогт Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ............дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эд тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шийдвэрлэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.А, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ