Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/58

 

 

 

 

 

 

     2021            1            12                                          2021/ДШМ/58

    

 

           О.Өд холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч О.Өы өмгөөлөгч Г.Тулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/963 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан гомдлоор шүүгдэгч О.Өд холбогдох эрүүгийн 2005014701271 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Ө,

О.Ө нь “Очирпүрэвийн О.Ө 0387” гэх өмгөөлөгчийн хуурамч тэмдгийн дардсыг ашиглаж өөрийгөө өмгөөлөгч хэмээн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, тусгай зөвшөөрөл, эрх олгосон тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч О.Өыг “тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн ярианы бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Өы өмгөөлөгч Г.Тулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...О.Өыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон. Ингэхдээ хэвлэмэл тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж дүгнэсэн нь хэрэгт бодит нөхцөл байдалтай тохирохгүй байна. О.Ө мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ “тухайн тамга тэмдгийг би үйлдээгүй, намайг гарын үсэг зурах үед тухайн тамга дарагдаагүй байсан, тамгыг хэн үйлдсэн болохыг тогтоож өгнө үү. ...” гэж мэдүүлсэн. Хэрэгт тамга тэмдэгийг хэн хуурамчаар үйлдсэн болохыг тогтоох талаар О.Ө болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан удаа дараагийн хүсэлтийг хүлээн авалгүй, бодит нөхцөл байдал тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. Үүгээрээ шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд үндэслэгдээгүй, үндэслэл бүхий биш байна.

“ЖДМБ” ХХК-ийн захирал Д.Жадамба гэгч цагдаагийн байгууллагад анх гомдол гаргасан байдаг бөгөөд гомдолдоо “О.Ө өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулж надтай уулзсан, би өмгөөлөгч гэж итгээд мөнгө өгч залилуулсан, түүнийг өмгөөлөгч гэж бодсоноос манай компанийн иргэн Гансүхээс 45 сая төгрөг шаардан авах эрхээ алдаж их хэмжээний хохирол учирсан.” гэсэн угаалга бүхий зүйлийг дурдсан. Гэтэл миний үйлчлүүлэгч нь Жадамба гэгчтэй огт уулзаж байгаагүй болохоо мэдүүлсэн. Иймд Жадамба гэгчийг гэрчээр байцааж О.Өтай уулзсан эсэх талаар тогтоох шаардлагатай байна.

“ЖДМБ” ХХК иргэн Гансүхээс 45 сая төгрөг шаардах эрхээ О.Өы буруутай үйл ажиллагаанаас болж алдаж хохирсон гэж мэдүүлсэн. Энэ ч үүднээс О.Өыг буруутган ял сонсгосон. Гэтэл иргэний хэрэгт “ЖДМБ” ХХК нь Гансүхээс 45 сая төгрөг нэхэмжлээгүй, харин иргэн Лхагвасүрэн нэхэмжилсэн болох нь тогтоогдож байна. Иймд энэ хэргийн хохирогч “ЖДМБ” ХХК биш иргэн Лхагвасүрэн байхад “ЖДМБ” компанийг хохирогчоор тогтоож хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

“ЖДМБ” ХХК-ийг төлөөлөн хохирогчоор тогтоогдсон Чулуунбор гэгч нь хохирогчоор тогтоогдож, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхгүй хүн байна. Өөрөөр хэлбэл түүнд олгосон итгэмжлэл дууссан байхад түүнийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулж, удаа дараа мэдүүлэг авч, уг мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутгасан.

Миний үйлчлүүлэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Түүний хийсэн энэ үйлдэл 2019 оны 8 дугаар сард болж бүтэн 1 жилийн дараа хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар хуульчилсан. 2020 оны 1 дүгээр сард Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэснийг яллагдагчаар татах гэж өөрчилсөн хэдий ч энэ Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн цэцэд гомдол гаргаж, маргаан үүсгэсэн. Үүгээр тус 2020 оны 1 дүгээр сард орсон өөрчлөлтийг хэрэглэхийг түр түдгэлзүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хуульд орсон тухайн өөрчлөлтийг хэрэглэхгүй байх нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх, тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт шалгасан. Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх гэмт хэргийн тухайд хохирогчоор “ЖДМБ” ХХК-ийг тогтоосон. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ гэмт хэргийн тухайд хохирогч яригдахгүй. Гэтэл шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж хохирогч ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэрч Золзаяа “О.Өтай харьцаж, и-мейл хаягаар гэрээг нь хүлээж аваад даргадаа танилцуулж гарын үсэг зуруулах үед тамга, тэмдэг байхгүй байсан. О.Өаас ирэхдээ тамга, тэмдэг дарагдчихсан ирсэн” гэж мэдүүлдэг. Улсын яллагчийн зүгээс хуурамч тамга, тэмдгийг мэдсээр байж ашигласан гэж яллаж байгаа болохоос биш, үйлдсэн гэж яллаагүй. Лхагвацэрэн өмгөөлөгчийн тэмдгийг нэрийг нь арилгаад О.Ө гэж бичсэн нь скайнердаж үйлдсэн байна гэж тогтоосон. Гэхдээ үүнийг хэн үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох боломжгүй. Зөвхөн О.Ө эх сурвалжаа зааж өгөхөөс тогтоох техник, технологийн боломж байхгүй. Уг хуурамч тэмдгийг О.Ө ашиглаж, өөрийн гарын үсгээ зураад компанид аваачиж өгөөд мөнгө шилжүүлж авч байгаа үйлдлийг хуурамч тамга, тэмдэг ашиглаж байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Өд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч гагцхүү шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх энэ удаад зөвтгөн залруулах боломжгүй байна.

О.Өд холбогдох хэргийн үйл баримтын талаар шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн, бодитой дүгнэлт хийх, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв. Үүнд:

1. О.Өыг “Очирпүрэвийн О.Ө 0387” гэх өмгөөлөгчийн хуурамч тэмдгийн дардсыг ашиглаж, өөрийгөө өмгөөлөгч хэмээн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, тусгай зөвшөөрөл, эрх олгосон тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэжээ.  

Хуурамчаар үйлдсэн гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон зэрэг баримт бичгийг дууриалган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгодог.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний хавсралт, өмгөөллийн үйлчилгээний хөлс, төлбөр” зэрэг баримтууд дээр дарагдсан “0387 дугаартай Очирпүрэвийн О.Ө” /хх 28, 29, 34, 35/ гэх тэмдгүүд хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 3011 дугаартай шинжээчийн “...тэмдгийн дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдгийн дардас байна. ...” /хх 85/ гэх дүгнэлт, гэрч Б.Лхагвацэрэнгийн “...миний тэмдгийг хуурамчаар ашиглаж “ЖДМБ” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, өөрийнхөө нэртэй миний тэмдгийн дугаарыг дарсан байна. ...” /1хх 67/, Баасанжав овогтой Лхагвацэрэнгийн 0387 дугаартай шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх /хх 69/ зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд прокуророос үүнд дүгнэлт хийгээгүй байна.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

          Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хэргийн бодит байдал, үйл баримттай тохирсон эсэхийг дүгнэх боломжгүй байх бөгөөд прокурор гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн дүүрэн тодорхойлоогүй байна.

          Өөрөөр хэлбэл, прокурор О.Өы “ЖДМБ” ХХК-тай хийсэн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд дарагдсан “Очирпүрэвийн О.Ө 0387” гэх бичиглэлтэй хуурамч тэмдэг болохыг мэдсээр байж ашигласан үйлдлийг үндэслэж, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож, түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа тэмдгийн дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн үйлдэлд нь дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

          Яллах дүгнэлтэд бичигдээгүй үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаанд өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн үйлдэлд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг зөв тодорхойлох шаардлагатай.

          2. Хавтаст хэрэгт М.Чулуунборын хохирогчоор өгсөн “...өөрөө л надад “би өмгөөлөгч болчихсон шүү, тамга тэмдэг бүх юм байгаа, хамтарч ажиллана шүү” гэж хэлж байсан. ...” /хх 17/, гэрч Л.Золзаяагийн “...манай компани өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар болоод О.Өтай уулзахад өөрийгөө өмгөөлөгч гэсэн. ...О.Ө нь надад өмгөөлөгч, хуульч гэсэн нэрийн хуудсаа өгсөн. ...” /хх 36, 39/, шүүгдэгч О.Өы “...миний бие өмгөөлөх эрхгүй, хуульчийн сонгон шалгаруулалт өгөөд тэнцээгүй, би эрх зүйч мэргэжилтэй. ...” /хх 110/ нэрийн хуудас /хх 43/, Монголын Хуульчдын холбооны албан бичиг /хх 71, 154/ зэрэг хэргийн үйл баримтыг тогтоохуйц баримтууд авагджээ.

            Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно.” гэж хуульчилсан бөгөөд хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлгүй /эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиггүй/ этгээд өөрийгөө хуульч хэмээн бусдыг төөрөгдүүлэх аливаа үйл ажиллагааг ойлгоно.   

            Гэмт хэргийн хуульд заасан байх шинж нь нэгдүгээрт, ямар нэг хуульд бус гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль нэг зүйл, хэсэгт заасан байх, хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсгийн санкцид дээрх үйлдэл, эс үйлдэхүйн төлөө оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоосон агуулгыг тус тус илэрхийлсэн байхыг хэлдэг. 

            Хуулийн байгууллага, хуульчийн нэр хүнд, хуульчийн мэргэжлийн хэвийн үйл ажиллагааг хамгаалах хүчтэй хэрэгсэл бол Эрүүгийн хууль юм.

          Тийм ч учраас Эрүүгийн хуульд хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх гэмт үйлдэл, эс үйлдэхүйг эрүүжүүлэх замаар дээр дурдсан эрх ашиг сонирхлыг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа нь гэмт хэрэг хуульд заасан байх шинжийн бодит илрэл юм.

            Гэтэл Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаар “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “...“ЖДМБ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. ...” гэж үзээд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.

          Прокурор нь нотлох баримт, түүгээр батлагдаж буй үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд үнэн зөв, бодитой дүгнэсэн байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш чухал үүрэгтэй.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлээр хамгаалагдсан эрх ашиг “ЖДМБ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол уу, хуулийн байгууллага, хуульчийн нэр хүнд, хуульчийн мэргэжлийн хэвийн үйл ажиллагаа юу гэдгийг нарийвчлан шалгаж тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.

          Магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

          Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагатай, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 6ы өдрийн 2020/ШЦТ/963 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Өд холбогдох эрүүгийн 2005014701271 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                     М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ