Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 165

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0175/Э/ 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 201709000253 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1*** хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ***тоотод оршин суух бүртгэлтэй, Д***тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***регистрийн дугаар ***

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн***ын эзэмшлийн ***улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Эс” супермаркетын хажуугийн зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарган хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүийн хэлэлцүүлэгт өгсөн: “...”Эс” маркетын орчимд явж байхад 1 дүгээр эгнээнд явж байсан “Соната-5” маркийн цагаан өнгийн автомашин миний урдуур дараад ороод ирсэн. Би жолоодож явсан машинаа зүүн гар талруугаа дараад зугтаалгахад дэлгүүрийн урд талын замын хашлага мөргөсөн. Би автомашинаас бууж ирээд Цагдаагийн газарт дуудлага өгөх гэж байснаа болиод найз Эрдэнэбат руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Би ***ын гэрт нь очоод дуудаж ирж машиныг нь өгөх гэхэд найз байхгүй байсан. Тэгээд өөрийн гэрлүү орох гэж явж байхад Цагдаагийн алба хаагчид хүрч ирээд бариад авсан. Би 2016 оны 7 сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад жолооны эрхээ хасуулсан, ...Миний машины урд сууж явсан хүүхэн над руу дайраад байхаар нь “Эс” маркетийн арын талбай дээр очоод найз *** руу залгахад гар утас нь холбогдохгүй болохоор гэрлүү нь ослын газрыг хаяад яваад өгсөн. Би архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж ослын газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна” /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/, Ахин ийм зөрчил дутагдал гаргахгүй байж чадна, машинд сууж явсан хүмүүст учирсан хохирлыг бүрэн төлсөн, уг нь эрүүл, эрхийн үнэмлэхтэй явж байсан бол уг осол нөгөө жолоочийн буруугаас гарсан, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз *** миний “***” гэсэн дугаарлуу залгаад “чиний машиныг 2017 оны 4 дүгээр сарын 8-ны орой согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргасан” гэж хэлсэн. Минийх гээд байгаа *** улсын дугаартай Соната-5 маркийн автомашин ***гийн *** гэдэг хүний нэр дээр байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн орчим ажлаа тараад хадам дүү ***ийн хамт Хуучин Дарханы 18-ийн буудлаас саарал өнгийн Соната-5 маркийн таксинд суугаад гэр рүүгээ явж байсан. Дархан сумын Өргөө баг Эс маркетийн хажуугийн зам дээр явж байгаад манай машины жолооч урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гэсэн чинь нөгөөх нь урдуур нь дараад миний сууж явсан машины жолооч нөгөө машинаа мөргөхгүй санаатай зугтаад Эс маркетийн урд талын хашлага мөргөөд зогссон. ...Бид хоёроос гадна арын суудал дээр хоёр залуу бас сууж явсан. Тэр хоёр залуу өвдөж байна гэж ерөөсөө яриагүй. Бид хоёрыг эмнэлгийн машинд суугаад явахад тэр хоёр залуу ослын газарт үлдсэн. Миний харахад хоёр залууд ил харагдах гэмтэл харагдаагүй. Тухайн жолооч осол болсны дараа “Цагдаад дуудлага өгнө” гээд машинаас буугаад явсан. Бид нарыг машинаас буухад жолооч залуу ослын газраас явсан байсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би машинаас буугаад тэр хоёр залуугаас “Цагдаа дуудаач” гэхэд нөгөө хоёр залуу та гэмтсэнээрээ өөрөө дууд бид хоёр гэмтсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Хажуу талаас нөгөө машины жолооч “би эмнэлэг, цагдаа хоёуланг нь дуудсан” гэж хэлсэн. ...Миний харахад хажууд сууж явсан хоёр залууд ил харагдах гэмтэл харагдаагүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Ширээ нуруунд өөрийн эзэмшлийн “Тоёота Простер” маркийн автомашины урд хоёр цаап эвдрээд ***ыг гуйж солиулсан юм. Би ***д баярлаад нэг шил архи гаргаж өгөөд хоёулаа хувааж уусан, Тэгээд *** явган доошоо уруудаад гэр маань ойрхон гэж хэлээд яваад өгсөн. Намайг Улаанбаатар хотод 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр явж байхад *** утсаар яриад таны машиныг засдаг өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Намайг хамт архи уусан хүнээс чинь байцаалт авна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
Гэрч Л***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өргөө багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс” маркет орж тамхи авах гээд нэгдүгээр эгнээгээс шууд дохио өгөөд маркетын урд зогсоол орох гээд зүүн гар талруу дарсан. Тэгэхэд араас гүйцэж түрүүлэх гэж байсан Соната-5 маркийн автомашиныг шахаад толиороо шүргэсэн. Тэгэхэд нөгөө автомашин зүүн гар тийш дагаж дараад Эс маркетын замын хашлага мөргөөд зогссон. ...Замын хашлага мөргөсөн автомашинаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн гарч ирээд нөгөө жолооч руу цагдаа, эмнэлэг дууд гээд байсан. Тэгэхэд нөгөө жолооч утсаа бариад цаашаа яваад өгсөн, би Цагдаагийн газар болон эмнэлэгт зам тээврийн осол болсон талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,

***ын эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн Аванте маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, 

Иргэний нэхэмжлэгч ***ийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт /41-43 дугаар хуудас/,

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай ослын дүгнэлт /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 427 дугаартай “***ийн биед тархи доргилт, баруун мөр, доод эрүү, зүүн өвдөгний цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТ Журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн ш******ын биед цээжний зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,
 
Иргэний нэхэмжлэгч ***ийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт болон***аас 255,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт, /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ***ын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт болон ***аас 390,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт /хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас/,
***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 99  дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны орой 21 цагийн орчим согтуурсан үедээ иргэн ***ын эзэмшлийн*** улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Эс” супермаркетын хажуугийн зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргаад хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч ***, ***, *** гэрч ***, *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас, ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 426, 427 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ***ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч *** нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”, иргэний нэхэмжлэгч ***т шүүхийн шатанд 390,000 төгрөг, ***т 255,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн ба иргэний нэхэмжлэгч нар шүүхэд “гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйл” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. 

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д тус тус зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал,  иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,  ***ын эзэмшлийн*** улсын дугаартай цагаан өнгийн “Аванте” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн Аванте маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД