Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 424

 

Б.Г, Б.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00059 дугаар шийдвэртэй, Б.Г, Б.А нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НЗДд холбогдох,

гэм хорын хохиролд 39 690 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, О.Б-, Б.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 00-00 тоотод байрлах 563 м.кв газрыг эзэмшиж байгаад 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 197 дугаар захирамжаар өмчилж авсан. 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 254 дүгээр захирамж гарч дахин гэрчилгээ олгохдоо Б.Г, Б.А нарын нэрийг хамтран өмчлөгчөөс дур мэдэн хасч, дан ганц О.Б-гийн нэрээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан.

Нийслэлийн Засаг даргын энэхүү хууль бус шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн газар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 00-00 тоотод байрлах 547 м.кв талбайтай газрын цорын ганц өмчлөгчөөр О.Б-г бүртгэсэн. Тухайн үед Б.Г, Б.А нар хуульд заасны дагуу тус газрын хамтран өмчлөгчөөс хасуулахаар гаргасан албан ёсны бичгээр өгсөн гэрээ болон зөвшөөрөл байхгүй. Иймд дээрх үйлдэл нь Засаг даргын илт хууль бус үйлдэл юм.

Мөн О.Б- нь нэг хүний өмчлөлийн гэрчилгээтэй болсноос хойш эхнэр хүүхдээсээ салж дээрх 2 хүнийг өөрийн гэсэн газраа өмчлөх, эзэмших, ашиглах боломжгүй болгосон. Энэ байдлаас болж Б.Г, Б.А нар нь сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохирол амссан бөгөөд энэ үйлдлийг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2065 дугаар шүүхийн шийдвэрээр Засаг даргын ганц хүнд өмчлүүлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож газрыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоосон ч О.Б- нь уг газрыг эзэмших боломж олгохгүй байгаад Засаг даргын үйлдэл нөлөөлж нэхэмжлэгч нар орон сууц, хашаа байшин, орц, траншей хөлслөн амьдарч байгаа учраас түрээсийн төлбөрт төлсөн 39 690 000 төгрөгийн хохирлоо хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар иргэн О.Б-, Б.Г, Б.А нарт 700 м.кв газрыг өмчлүүлсэн бөгөөд 2008 оны 254 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг кадастрын зурагт нь үндэслэн 547 м.кв талбайгаар өмчлүүлэхээр болсон бөгөөд хамтран өмчлөгчөөр иргэн Б.Г, Б.А нар захирамжид орсон байдаг.

НЗД нэхэмжлэгч нарын гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа 39 690 000 төгрөгийн асуудлыг хариуцах субьект биш, төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. 2008 оны 254 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа ба уг захирамжийн 3 дугаар хавсралтын 53 дугаарт иргэн О.Б-, Б.Г, Б.А нарын өмчлөлийн газрыг 700 м.кв талбайгаар бус, харин 547 м.кв хэмжээтэй болгож багасгасан байдаг.

НЗД иргэн Б.Г, Б.А нарыг газрын хамтран өмчлөгчөөс хассан захирамж гаргаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар НЗДас гэм хорын хохиролд 39 690 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Г, Б.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2018/10106 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 356 400 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн талаар дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Г, Б.А нарын өмчилж байсан газрыг НЗД, Газрын алба 2008 оны 8 дугаар сард Үндсэн хууль, Иргэний хууль, Газар өмчлүүлэх тухай хуулийг тус тус зөрчин хураан авч өөр хүний нэр дээр шилжүүлснээс болж дээрх хоёр иргэн 12 жил орох оронгүй, амьдрах газаргүй болж одоог хүртэл айл, орц, траншейнаар амьдарч байна. 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр /2065, 209 дугаар Магадлал/ буруутай болохыг нь шалган тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд учирсан гэм хорыг Засаг даргаас нэхэмжлэхэд мөнгө санхүүгийн баримтыг шүүх дутуу үнэлсэн байна.

Засаг дарга 2004 онд хувьчлалыг зөв хийсэн боловч 2008 оны 5 дугаар сард хувьчилсан захирамжаа өөрчлөхдөө алдаа гаргаж 3 хүний нэр дээр гаргах захирамж, хавсралтаас дур мэдэж, гэрээ хэлцэл хийгээгүй байхад нэхэмжлэгч нарыг хассан нь гэм хор учрах үндэслэл болсон юм. 2012 онд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн болон Улсын бүртгэлийн газарт шалгалт хийгээд Нийслэлийн Засаг даргын, Газрын алба нэр хассан буруутай болохыг нь тогтоосон болно.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч буруугүй гэдгээ нотолж чадаагүй бөгөөд 2012 онд өгсөн Захирамж, хавсралт зэргийг шүүхэд өгсөн ч энэ нь буруу болохыг нэгэнт тогтоосон. Маргаан бүхий газрыг өмчилсөн хойно үүссэн асуудал тул Захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагагүй. Засаг даргын захирамжийг шалгая гэж байгаа бол Улсын бүртгэлийн газарт шалгалт хийж болох байсан. Иймд захирамжийг хянан шалгаж өгнө үү. 2012 оноос маргаан бүхий газартай холбоотой Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхэд 6 хавтастай хэрэг байна. Энэ бол 7 дах хавтаст хэрэг юм гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Г, Б.А нар нь НЗДд холбогдуулан гэм хорын хохиролд 39 690 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа “2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 254 дугаар захирамжаар бидний эзэмшиж байсан газрыг дан ганц О.Б-гийн нэрээр гаргаснаас шалтгаалж Улсын бүртгэлийн газар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 00-00 тоот хаягт байрлах 547 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгоогүй бөгөөд дээрх хууль бус шийдвэрийн улмаас олон жил байр түрээслэн амьдарч хохирсон гэснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 254 дугаар захирамж, уг захирамжийн 3 дугаар хавсралтын “Өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалт”-ын 53 дугаарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 50 тоот 547 м.кв 7 220 400 төгрөгийн үнэ бүхий газрын өмчлөгчөөр О овогтой Б, хамтран өмчлөгчөөр охин Б-н А, эхнэр Б-н Г гэж бүртгэгдсэн байна. /хх101,103/

 

Мөн нэхэмжлэгч Б.Г нь 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд нөхөр О.Б-гээс “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэж 2065 дугаар шийдвэр гаргасан нь хэрэгт баримтаар авагджээ. Уг шийдвэрээс үзвэл О.Б-, Б.Г нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Аыг эх Б.Гийн асрамжид үлдээж, О.Б-гийн өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн Г-2203005070 дугаар гэрчилгээтэй дээрх хаягт байрлах 547 м.кв газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосныг Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаар Магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх16-19/

 

Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00181 дугаар шийдвэрээр дээрх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарын гаргасан “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн 547 м.кв талбай бүхий газрыг тухайн хэргийн зохигчдод тэнцүү хувааж Б.А, Б.Г нарт ногдох хэсгийг 364.7 м.кв гэж тодорхойлон хариуцагч О.Б-гөөс гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна. /хх74-75/

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн газар нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох нь тогтоогдон, өмчлөгч нарт ногдох хэсгийг хуваарилан шийдвэрлэсэн байгаа тохиолдолд нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагч Нийслэлийн Засаг даргын буруутай байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэл буюу нэхэмжлэгч нар орон сууц түрээслэн амьдарч, мөнгөн хөрөнгөөр хохирсон гэх нөхцөл байдалд хариуцагчийг буруутгах боломжгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01040 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

                                         ШҮҮГЧИД                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                 Т.ТУЯА