2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         02          04                                 2025/ШЦТ/388

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Хилчинбаатар,

шүүгдэгч Ш.Э,

нарийн бичгийн даргаар О.Дэлгэрсайхан нарыг оролцуулан эрүүгийн 2406057652643 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ш.Э

Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............... өөрийн гэртээ хохирогч Д.Этай маргалдан улмаар биед нь халдаж, хөл болон хэвлий тус газарт нь хэд хэдэн удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................... өөрийн гэртээ хохирогч Д.Этай маргалдан улмаар ахуйн хэрэгцээний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн биед нь халдаж, хөл болон хэвлий тус газарт нь хэд хэдэн удаа хутгалж бие махбодид нь “хэвлий, баруун шилбэ, зүүн гуянд шарх, хэвлийд цус хуралт, баруун шилбэ, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь  хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би хуучин хамтдаа амьдраад машины тос масло зардаг байсан А найз нь Эийн гэрт нь архи уух гэж ирсэн. ... Тэр өдрөөс хойш олон хоног архи уусан бөгөөд бид гурав л хамтдаа архи уугаад байсан, ойролцоогоор 3-4 хоног тасралтгүй уусан. Энэ үед 2024 оны 08 дугаар сарын 07-ний өдөр нь би ямар ч мөнгөгүй болчихсон бөгөөд архи авах мөнгөгүй болсон, тэгээд хоорондоо маргалдаад байхад нь би өөрийнхөө гар утсыг би хаана зарснаа мэдэхгүй байна, нэг хүнд аваачиж зараад 50,000 төгрөг аваад тэр мөнгөөрөө 2-3 шил архи авсан, тэр архинуудаа аваад дотогш орж ирээд хамтдаа уугаад байж байтал А нь Эийн үүдээр орж ирэхдээ хаалга үүд эвдчих гээд байхаар нь би Этэй хамтдаа эсэргүүцэж байгаад түүний нүүрийг нь маажсан юм, тэрүүгээр шалтгаалаад намайг цохиж зодож нүүр лүү гараараа удаа дараа цохисон, тэгээд эвлэрээд арай гайгүй болоод байж байхад Э нь бас надтай маргалдаад яг ямар шалтгаанаас болоод хэрэлдсэнээ санахгүй байна, бараг мөнгө төгрөгтэй холбоотой байж магадгүй маргалдаж хэрэлдэж байгаад том өрөөнийх нь саарал буйдан дээр хэвтэж байх үед миний хажууд ирж зогсож байгаад дээрээс миний хөл болон хэвлий рүү хэд хэдэн удаа хутгалсан. Тэгэхэд Э нь шууд л гараад зугтаачихсан бөгөөд би өөрийгөө А хэлэхэд намайг харчхаад гэрээс гараад явчихсан ба би тэр үед нь толгой эргээд би хэсэг хэвтэж байхад Э нь ороод ирсэн бөгөөд Эээс яаж байгаа юм бэ гэж асуухад надад гараад "Би хүн хутгалчхаад ороод ирлээ, би өөрөө ч гэсэн өөрөөсөө айж байна" гэсэн зүйл ярьж байсан, тэгээд би бас нэлээн согтчихсон байсан учраас хэсэг хэвтэж байгаад босож ирэхэд гэрт нь Э, А нарын хэн нь ч байгаагүй, тэгээд л гадаа гарсан ба цус алдсан учраас хаагуур гарч юу хийснээ мэдэхгүй байна, надтай тааралдсан хүмүүс цагдаа дуудчихсан юм шиг байсан. ...Эийн гэрт нь байсан жижигхэн хар бараандуу өнгийн иштэй хутгаар намайг хутгалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Д 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10681 дугаартай “...1. Д.Эгийн биед хэвлий, баруун шилбэ, зүүн гуянд шарх, хэвлийд цус хуралт, баруун шилбэ, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Г 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4725 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга дээр хүний цус илэрсэн, биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 3. Хар өнгийн бариултай хутга дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4 . Хар өнгийн бариултай хутга дээр нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Г 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5236 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Эгийн завжны арчдсын ДНХ-ийн тогтоц тогтоов. 2. 4725 дугаартай дүгнэлтэд дурдсан хар өнгийн бариултай хутга дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой Д.Эгийн ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,

 - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

- эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................... өөрийн гэртээ хохирогч Д.Этай тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шууд санаатайгаар хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ш.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандсан сэтгэхүйн хандлага, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, ................, .............. хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ............ дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Д.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ш.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартайгаар ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Ш.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Эт 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эийг ........... дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ