| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д- д холбогдох эрүүгийн 2438000000568 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Д- ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газраас малын хашаа сэлбэх, түлш хийх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 1,21 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 174,920 төгрөгийн хохирол учруулан, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000568 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газраас малын хашаа сэлбэх, түлш хийх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 1,21 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 174,920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- ын: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх тайлбар,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-18 тал),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-22 тал),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 24-25, 27-28 тал),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 30-32 тал),
Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгаль хамгаалагч нар хэсгийн төлөөлөгчтэйгээ хамтран Түлээ арга хэмжээний хүрээнд ... сумын төв Жинст хорооллоор эргүүл хяналт шалгалт хийж яваад айлын хашаан дотор хэсэг мод байхаар нь очиж шалгатал мод бэлтгэх эрхийн бичиггүй зөвшөөрөлгүй мод байсан. Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 тал),
Гэрч Б.Л-ийн өгсөн: “...Б.Д- 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр “ах надад хэдэн түлээ байна, та яваад өгөөч” гэхээр нь би “ах нь завгүй байна, чи миний машиныг аваад яв” гэж хэлээд машинаа өгч явуулсан. Тэгээд маргааш орой нь миний машиныг авчирч өгсөн. Миний нэр дээр байдаг машин. Би 2023 онд 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 9 дүгээр сарын сүүлээр гэж андуурсан байна. Б.Д- ын мод бэлтгэсэн цаг хугацаа 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44, 47 тал),
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн шинжээч Ц.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай: “...Б.Д- ын бэлтгэсэн гэх модны чанар байдал модны өнгөн хэсэг өмхөрөлтэй, холтосгүй хуурай моднууд байна. Модны тайрсан хэсгийг харвал цайвар туяа тогтсон 1-2 сарын доторх нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой хуурай шинэвтэр мод байна. Иргэн Б.Д- ын бэлтгэсэн гэх модны чанар байдлыг харвал 10 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой. 7 ширхэг мод нь 1.21 м3, үнэлгээ 174,920 төгрөг. Иргэн Б.Д- мод бэлтгэсэн гэх газрын байршил /Өргөрөг N-49. 15154. Уртраг Е-98.32401/. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, МNS 2379:2010 Боөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдийг үндэслэж тооцон гаргав. 174,920 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 62-64 тал),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай: “...Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 524,760 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 71 тал),
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924-11409 дугаартай: “...БНХАУ-д үйлдвэрлэсэн шар алаг өнгийн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хх-ийн 79-85 тал),
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1001956 дугаартай: “...30-84 ХӨН улсын дугаартай Портер маркийн автомашины 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн дндаж үнийг 7,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн 86-87 тал),
Шүүгдэгч Б.Д- ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газар луу түлээний мод хийхээр ганцаараа явж модонд очиж цахилгаан хөрөөгөөр 7 ширхэг хуурай мод огтлон унагааж, сумын төвийн хашаандаа малын хашаа барьсан юм. Уг бэлтгэсэн 7 ширхэг модоо хуурай ах Б.Л-ийн машиныг гуйж өөрөө жолоодож хашаандаа авчирсан. Тэгээд байж байтал энэ оны 11 дүгээр сарын эхээр шалгалтын хүмүүс очиж шалгасан. ...Түлээний модны гоожин авсан байсан боловч уг модны гоожингоор босоо мод бэлтгэж болохгүй гэдгийг шалгуулсны дараа мэдэх болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 102-103 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ҮО-81” гэсэн бичигтэй, улаан маниултай, шар өнгийн шатахууны сав, цэнхэр өнгийн тагтай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг таньж судласнаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-18 тал), модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-22 тал), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 24-25, 27-28 тал), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 30-32 тал), иргэний нэхэмжлэгч Н.П-ын мэдүүлэг (хх-ийн 39-40 тал), гэрч Б.Л-ийн мэдүүлэг (хх-ийн 43-44, 47 тал), Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн шинжээч Ц.Амарбаясгалангийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт (хх-ийн 62-64 тал), Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт (хх-ийн 71 тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924-11409 дугаартай дүгнэлт (хх-ийн 79-85 тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1001956 дугаартай дүгнэлт (хх-ийн 86-87 тал), эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ҮО-81” гэсэн бичигтэй, улаан маниултай, шар өнгийн шатахууны сав, цэнхэр өнгийн тагтай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газраас малын хашаа сэлбэх, түлш хийх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 1,21 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д- нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Б.Д- нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д- ыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газраас малын хашаа сэлбэх, түлш хийх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 1,21 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Д- нь экологи эдийн засагт 174,920 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д- нь экологи эдийн засагт учруулсан 174,920 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 524,760 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Д- аас 524,760 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д- ыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн нутаг ... гэх газраас малын хашаа сэлбэх, түлш хийх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 1,21 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Д- ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д- д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 105-107, 109, 111-113 талд авагдсан ... зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Д- нь .. зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Д- ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 1,21 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 174,920 төгрөгийн үнэлгээ бүхий 7 ширхэг хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Д- ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хуандай Портер-1” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Л-ийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 108 тал/-аар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Д- аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2438000000568 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “ҮО-81” гэсэн бичигтэй, улаан маниултай, шар өнгийн шатахууны сав, цэнхэр өнгийн тагтай, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Д- аас 524,760 (таван зуун хорин дөрвөн мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000568 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 79 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 1,21 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн 174,920 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун хорь) төгрөгийн үнэлгээ бүхий 7 ширхэг хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Д- ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хуандай Портер-1” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч Б.Д- аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн 2438000000568 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “ҮО-81” гэсэн бичигтэй, улаан маниултай, шар өнгийн шатахууны сав, цэнхэр өнгийн тагтай, 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөдөлгүүртэй хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д- д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР