Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 2538000000007 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Т-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т- нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх зочид буудалд 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь хамар ясанд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулд язралт, дээд 2 ширхэг шүдэнд эмтрэлт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000007 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх зочид буудалд 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь хамар ясанд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулд язралт, дээд 2 ширхэг шүдэнд эмтрэлт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т-гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Цагааннуур суманд амрахаар ганцаараа ирээд Нуурын эргийн буудалд байрлан амарч байгаад хуучны танил Ш.О-тай 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой Нуурын эргийн буудалд таараад тэгээд өрөөнд нь ороход Ш.О-гийн өрөөнд нь хамт ажилладаг гэх жолооч нь бас нэг танихгүй эмэгтэй байсан. Ш.О-гийн хамт байгаа хүмүүстэй танилцаад юм ярьж сууж байхдаа 1 шил архи хувааж уугаад тус тусын өрөөндөө орж амарцгаасан. ...Бид дөрөв Цагааннуур сумын төвөөр машинтай явж байгаад буудалдаа цагийг нь сайн санахгүй байна, харанхуй болсон байхад буцаж ирсэн. Ирэх замдаа Ш.О-тай хамт явж байсан эмэгтэй нөхрийгөө утсаар дуудаж байсан. Харин буудалдаа ирээд тус тусын өрөөндөө ороод амарч байтал 19-20 цагийн орчим манай өрөөнд Ш.О- жолооч Б.М-, нөгөө эмэгтэй нөхөртэйгөө орж ирсэн. Орж ирэх үедээ нөгөө эмэгтэйгийн нөхөр нь 1 литрийн архи барьсан байсан, ямар нэртэй архи байсныг би анзаарч хараагуй. Тэр архи дуусах үед би тэд нарт хандан холын улсууд маргааш ажилтай эртхэн унтаж амарцгаая гэж хэлтэл нөгөө эмэгтэйн нөхөр дахин 1 шил архи гаргаж ирсэн. Тэр архийг хувааж ууж дуусаад Ш.О- болон жолооч Б.М- нар өглөө эрт ажилтай гээд өрөөндөө орсон. Нөгөө эмэгтэй нөхөртэйгөө хамт явцгааж би унтаж амарсан, унтаж амрах үедээ цаг хэд болж байсныг анзаарч хараагүй. 2024 оны 11 дүгээр сарын сарын 30-ны шөнийн 01 цагийн орчим миний нүүрэн тус газар 2 удаа хүчтэй цохих үед би сэрээд “яаж байна аа юу болоод намайг цохиж байгаа юм” гэж хэлээд хартал нөгөө эмэгтэйн нөхөр болох залуу “гөлөг минь алнаа” гэж хэлээд намайг үргэлжлүүлэн хөлөөрөө миний хэвлий болон цээжин тус газар өшиглөсөн. Харин нөгөө өрөөнөөс жолооч Б.М- юу болж байна босож ирэх үед нөгөө эмэгтэйн нөхөр жолооч Б.М-ыг нүүрэн тус газар нь 1 цохиод унагаж байсан. ...Зүгээр унтаж амарч байгаад зодуулж гэмтсэндээ гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч С.Л-гийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай буудалд Б.Б- гэж залуу Улаанбаатар хотоос ирж буудалд байрласан. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хоёр ажилтан манай буудалд ирж амарсан. 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын гэртээ унтаж амарч байхад манай байшингийн хаалгыг хүн хүчтэй өшиглөж сэрээсэн. Тэгээд сэрээд гэрлээ асааж цаг харахад 00 цаг 50 минут болж байсан, би хаалгаа нээхэд хаалган дээр хүн байгаагүй. Тэгэхээр нь би буудал руу явж ортол манай буудалд байрлаж байсан Б.Б-ын хамраас цус гарсан байдалтай түүний хажууд танихгүй улаан куртиктэй залуу сандал дээр суусан байдалтай байсан. Харин цаана орон дээр шийдвэр гүйцэтгэлийн жолооч залуу сэрүүн хэвтэж байсан, эмэгтэй нь цаад орон дээр нүүр нь далд унтаж байсан. Би юу болсон талаар асуухад улаан куртиктэй залуу нь хоорондоо зодолдсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Гэрч Ш.О-гийн өгсөн: “...Би албан ажлаар Цагааннуур сум руу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очсон юм. Ажлаа амжуулж явахдаа урд нь манай байгууллагад хамт ажилладаг байсан Ж- гэж манай найз эмэгтэй Цагааннуур сумын хилийн цэргийн ...-р салбарт ажилладаг, би найзыгаа хамт яваад өгөөч гэж гуйгаад ажлаа дуусгаад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед урд өдөр нь байрлаж байсан буудалдаа орж амрах болж Ж-ын нөхөр С.Т-гийн гар утас руу залгаад байгаа буудлаа хэлээд ирэхдээ 1 шил архи аваад ирээрэй гэж хэлсэн. С.Т- буудалд удалгүй ирэхдээ 0,75 литрийн 2 шил архитай тэр архийг Ж-, хамт явж байгаа жолооч Б.М-, Ж-ын нөхөр С.Т-, зүс таньдаг найз Б.Б- бид тав хувааж ууж байгаад амрахаар болж Б.Б- өрөөндөө үлдээд амрахаар болсон. Б.М-, Ж-, С.Т- бид дөрөв хажуу өрөөнд орж үлдсэн тал шил архиа ууж байгаад би унтаад хүн орилох чимээ гараад сэрээд хартал Б.Б-ын хамраас цус гарч хавдсан байдалтай хажууд нь С.Т- зогсоод манай жолооч Б.М- орон дээрээ сууж байсан, би юунаас маргаан үүсэж С.Т- Б.Б-ыг цохиж гэмтээснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Гэрч Б.М-ын өгсөн: “...Би албан ажлаар шийдвэр гүйцэтгэгч Ш.О-гийн хамт Цагааннуур сум руу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан томилолтоор ... улсын дугаартай албаны тээврийн хэрэгслээр очсон. Манай байгууллагад Ш.О-тай хамт ажилладаг байсан Ж- гэж эмэгтэй Цагааннуур сумын хилийн цэргийн ...-р салбарт ажилладаг юм байна лээ. Харин Цагааннуур суманд 2 хоног ажиллах хугацаанд Ш.О- Ж- найзыгаа хамт авч явсан. Сүүлийн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 29-нд гадуур ажлаар явахдаа Ш.О- өөр нэг хуучны эрэгтэй танил гэх хамт нэг буудалд байрлаж байсан Б.Б- гэгчийг Цагааннуур сумын төвөөр хамт авч явсан. Орой 20 цагийн үед байрлаж байсан буудалдаа орж амрах болж байтал гаднаас Ж-ын нөхөр гэх улаан өнгийн өвлийн юүдэнтэй куртиктэй залуу манай өрөөнд орж ирсэн. Би сүүлд нь мэдсэн Ш.О- Ж-ын нөхөр гэх залууг утсаар дуудсан байсан. Ж-ын нөхөр гэх улаан өнгийн юүдэнтэй куртиктэй залуу гаднаас орж ирэхдээ 0,75 литрийн 2 шил архитай орж ирсэн. Тэр архийг Ж-, түүний нөхөр гэх залуу, Ш.О-гийн хуучны найз гэх Б.Б-, Ш.О- бид тав Б.Б-ын өрөөнд хувааж ууж байгаад тал шил архи үлдсэн байх үед бид бүгд амрахаар болж Б.Б- өрөөндөө үлдээд, хажуугийн өөрсдийнхөө өрөөнд орж Ш.О-, Ж-, Ж-ын нөхөр бид дөрөв үлдсэн тал шил архиа хувааж ууж байх үед миний нойр хүрч байсан тул би унтсан. Харин хүн орилох чимээ гараад би сэрээд хартал хажуу өрөөнд амарч байсан Б.Б-ыг улаан өнгийн өвлийн юүдэнтэй куртиктэй Ж-ын нөхөр гэх залуу нүүрэн тус газарт баруун гараараа цохиж байхаар нь би босож очоод салгасан, салгаснаас хойш ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай: “...Б.Б-ын биед хамар ясанд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулд язралт, дээд 2 ширхэг шүдэнд эмтрэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн өгсөн: “...2538000000007 дугаартай хэргийн хохирогч Б.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,311,307 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Шүүгдэгч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Цагаан-нуур сумын 1 -р багт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн орчим манай эхнэр Ж-, найз Ш.О-гийн хамт над руу утсаар яриад Цагааннуур сумын нуурын эргийн буудалд байна ажлаа тарсан уу, бид нар энд байна хүрээд ирэх боломж байна уу гэсэн. Тэгэхээр нь би архи аваад ирээрэй гэж хэлэхээр нь замаараа хоёр шил 0,75 грамтай архи аваад тэд нарын байрлаж байсан Нуурийн эргийн буудалд яваад очсон. Тэгэхэд тэр буудалд манай эхнэр Ж-, түүний найз Ш.О-, мөн хамт явж байсан жолооч Б.М- бас нэг танихгүй залуу нийт дөрвүүлээ буудалд уусан сууж байсан. Тэгэхээр нь би ороод тэд нартай танилцаад авч очсон архиа тойруулаад бид нар хамт уусан. Тэгээд ууж юм ярьж сууж байгаад би Ш.О-д хандаад чи хоёр хоног хэл үггүй манай эхнэр Ж-ыг дагуулаад явчихлаа ядаж хаана явж байгаагаа хэлчихгүй гэж хэлсэн. Тэгээд Ш.О- надаас за уучлаарай хэл үггүй дагуулаад хөдөө яваад ирсэн гэж хэлж байсан. Тэгээд би за за гэж хэлээд тэд нартай юм яриад уугаад сууж байснаа санаж байна. Согтоод муудсан байсан. Нэг ухаан ороход Ш.О- болон манай эхнэртэй хамт уугаад сууж байсан танихгүй залуу /Б.Б-ыг/ цохиод авсан байсан. Тэгээд нөгөө залуугийн хамраас цус гарсан орон дээрээ хэвтэж байсан. Би тэгээд тэр буудлаас гараад ганцаараа гэртээ харьсан байсан. ...Миний тухайд бол манай эхнэр Ж-, Ш.О- болон хамт явсан хоёр эрэгтэй хүмүүсийг хэл үггүй архи уугаад явсан болохоор дотроо хардаад уур хүрч байсан. Тэгээд согтуудаа энэ асуудлаас болоод тухайн хүнийг цохиод авсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн хохирогч Б.Б-, гэрч С.Л-, Ш.О-, Б.М-, иргэний нэхэмжлэгч Г.А- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх зочид буудалд 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хэвлийн тус газарт нь өшиглөж, биед нь хамар ясанд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруулд язралт, дээд 2 ширхэг шүдэнд эмтрэлт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Т-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Т-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Б-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Т-гийн хохирогч Б.Б-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Б- нь эмчилгээний зардалд 13,800,000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 54 тал/ боловч мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч С.Т- нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Б-ын Хаан банкны 5915...... тоот данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн цахим гүйлгээний баримт /хх-ийн 53 тал/ хэрэгт авагдсан, ...төлбөрийн чадвар муутай гэсэн тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй, хуралд оролцохгүй, гэх 2025.01.30-ны өдрийн баримт №6 тэмдэглэл байх тул шүүгдэгч С.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 16 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26/2 дугаартай албан бичиг /хх-ийн 18-19 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч С.Т-гээс 2,311,307 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэргийн 44-45, 47-49, 52 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Т- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн 2538000000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хавсаргасан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар  шүүгдэгч С.Т-гээс 2,311,307 (хоёр сая гурван зуун арван нэгэн мянга гурван зуун долоо) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

4. Эрүүгийн 2538000000007дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хавсаргасан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Б-д хохиролд 4,500,000 төгрөг өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР