| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0888/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/410 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/410
2025 02 06 2025/ШЦТ/410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
Иргэний нэхэмжлэгч Г.Б,
шүүгдэгч С.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Дэлгэрсайхан нарыг оролцуулан эрүүгийн 2411005270992 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн С.Х
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, урьд
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар: I. шүүгдэгч С.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “............” гэх нэршилтэй барилгын 2 давхарын зочид буудлын өрөөнөөс хохирогч Б.Згийн эзэмшлийн хар өнгийн куртик, “iPhone- 13 pro” загварын гap утас, хохирогч Н.Чийн эзэмшлийн “Samsung galaxy Z Flip 5” загварын гap утас зэргийг хулгайлан авч нийт 4.476.955 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
II. A. шүүгдэгч С.Х нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд “.......” гэх нэртэй хаягаар “зайрмагийн машин маргааш бууна” гэх хуурамч утгатай, хийсвэр мэдээлэл бүхий зар байршуулж уг зарын дагуу өөрийн эзэмшлийн хаан банкны ............ дугаарын дансаар хохирогч Ц.Баас 750.000 төгргийн хохирол учруулан залилж авсан,
Б. Шүүгдэгч С.Х нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “.............” гэх нэртэй фейсбүүк цахим хаягтай зарын группт “зайрмагийн машин бэлдэц зарна” гэх хуурамч утгатай, хийсвэр мэдээлэл бүхий зар байршуулж .................. оршин суудаг хохирогч Т.Бээс урьдчилгаа гэж 340.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зайрмагийн бэлдэцийн мөнгө гэж 387.500 төгрөг, нийт 727.500 төгрөгийг 2 удаагийн үйлдэлээр өөрийн төрсөн охин бага насны З.Есүгийн эзэмшлийн Хаан банкны ............ дугаарын дансаар өөртөө шилжүүлэн залилж авсан,
В. Шүүгдэгч С.Х нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүкийн цахим хаягаар зарын группт “зайрмагийн машин бэлдэц зарна” гэх хуурамч утгатай, хийсвэр мэдээлэл бүхий зар байршуулж, уг зарын дагуу хохирогч Б.Нийг Баянзүрх дүүргийн ............. тоот гэртэй байхад нь урьдчилгаа болох 365.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
I. Шүүгдэгч С.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “............” гэх нэршилтэй барилгын 2 давхарын зочид буудлын өрөөнөөс хохирогч Б.Згийн эзэмшлийн хар өнгийн куртик, “iPhone- 13 pro” загварын гap утас, хохирогч Н.Чийн эзэмшлийн “Samsung galaxy Z Flip 5” загварын гap утас зэргийг хулгайлан авч нийт 4.476.955 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хавтас хэрэг авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Бид дөрөв уулзалдаж Агар гэх нэртэй 0,7 литрийн хэмжээтэй 3 шил архи авч Ч болон би Хаа бид гурав цуг хувааж уусан юм. Манай хуурай дүү Я тэр үед автомашин жолоодож явж байсан учир бид нарын ууж байсан архинаас уугаагүй юм. Бид гурав архи ууж юм сууж байхад манай хуурай дүү Я гарч явсан бөгөөд тэр өрөөнд Х болон Ч бид гурав ууж сууж үлдсэн юм. Ч бид хоёр тэр өдрийн өмнөх өдөр нь шөнөжингөө ажиллаж бараг унтаагүй шахуу байсан ба бас архи уучихсан байсан учир бид хоёр Хаатай ууж байгаад өрөөний ор нь дээр тасраад унтчихсан байсан. Би тэр өдрийн оройны 20 цагийн үед уусан архи маань гарч сэргэж сэрсэн бөгөөд намайг босох үед манай зочид буудлын өрөөнд Ч бид хоёр л байж байсан. Миний унтаж байсан орны нөгөө ор дээр Ч унтаж байсан ба би Чийг сэрээж би өөрийн гар утсаа зочид буудлын өрөөнд хайтал миний гар утас байхгүй алга болчихсон байсан ба бас надтай цуг байсан Чийн гар утас нь өрөөнд байхгүй алга болчихсон байсан юм. Бид хоёр зочид буудлын өрөөний бүх булан тохой болон байж болох бүх газраар хайж үзээд гарч ирээгүй юм. Бид хоёрыг зочид буудлын өрөөндөө байж байтал гаднаас манай хуурай дүү Я гаднаас орж ирсэн ба бид гурав гар утаснуудыг маань хайж үзэж олдохгүй байхаар нь би тухайн зочид буудлын хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзтэл манай өрөөнд анх орсон бид дөрвөөс өөр хүн орж гараагүй байсан. Харин бид нартай цуг Хаа зочид буудлын өрөөнөөс гарч явж байгаа бичлэг байсан ба тэр бичлэгнд Хаа миний өмсөж очсон хар өнгийн куртикийг гадуураа өмсөж гарч байгаа бичлэг бичигдсэн байсан юм. Би тэр бичлэгийг шүүж үзээд Хаа бид хоёрын гар утасыг хулгайлж авч явсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас, 41 дүгээр хуудас/,
- хохирогч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би З, бас найз нь гэх Хаа бид архи хамт хувааж ууж байхад Я бид гурвыг зочид буудлын өрөөнд үлдээгээд гараад явчихсан байсан ба тэрний дараа бид гурав хамт архи хувааж ууж байгаад З бид хоёр өчигдөр нь нойргүй шахуу хонож ажилласан ба бас архи нилээн уусан учир тасраад унтаад өгчихсөн юм. Намайг зочид буудлын өрөөний ор нь дээр унтаж байхад З намайг сэрээгээд миний гар утас байхгүй байна гэж хэлж сэрээсэн ба бас миний гар утас алга болчихсон юм. З бид хоёр зочид буудлын өрөөгөөр булан бүрээр гар утасаа хайтал бид хоёрын rap утас гарч ирээгүй олдоогүй юм. Бид хоёрыг гар утасаа хайгаад байж байхад гаднаас орой Я орж ирж зочид буудлын хяналтын камерыг шүүж үзтэл бид нарын орсон өрөөгөөр бид дөрвөөс өөр хүн орж гараагүй байсан ба тэр өдөр Х гэх эмэгтэй зочид буудлын өрөөнөөс гарч явахдаа Згийн хар өнгийн куртикыг нь өмсчихсөн гарч байгаа бичлэг хяналтын камерын бичлэгт үлдсэн байсан. Тэрийг үзээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн имей дугаартай Самсунг брендийн Z-Flip 5 загварын гар утасны талаар мэдэх бөгөөд би тухайн имей дугаартай гар утасыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн фэйсбүүкээрээ ороод байж байтал фэйсбүүк дээр Galaxy Z Fold 5.4 Z Flip хэрэглэгчдийн грүпп гэсэн газарт Самсунг Z Flip-5 загварын гар утас зарна ломбарданд байгаа гэсэн зарыг ............. гэсэн нэртэй эмэгтэй хүний зурагтай аккаунт зар байршуулсан байсан юм. Би тухайн зарыг хараад тухайн зарыг тавьсан хүний гар утас болох ......... болон ............ гэсэн дугаартай хүнтэй холбогдсон юм. Тухайн гар утас зарна гэж зар байршуулсан хүн болон надтай гар утас зарах талаар надтай анх эмэгтэй хүн ярьж байсан юм. Би тухайн эмэгтэйтэй ярьж холбогдоход тухайн гар утасыг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байдаг ломбарданд тавьчихсан байгаа, ломбарднаас тухайн гар утасыг чөлөөлөөд надад 1.650.000 төгрөг төлнө гэж хэлж байсан. Би тухайн гар утасыг авахаар Хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо тухайн өдөр 17-18 цаг орчмын үед би эхнэр хүүхэдтэйгээ цуг автомашинаараа явж очсон юм. Би тухайн хэлсэн ломбарданд (нэрийг нь мэдэхгүй) явж очиход тухайн хүний нөхөр нь гэх эрэгтэй хүн надтай уулзаж байсан юм. Тухайн хүнтэй цуг зарах гэж байгаа гар утас нь байгаа гэх ломбард руу цуг орсон ба тухайн гар утасыг би ломбарднаас үзэж хараад ямар ч асуудалгүй гар утас байхаар нь би 1.600.000 гаруй мянган төгрөгийг би тухайн нөхөр нь гэх З гэх нэртэй данс руу хийсэн шиг санагдаж байна. Би тухайн гар утасыг худалдаж авахаар өөрийнхөө .............. гэсэн тоот данснаасаа шилжүүлж авч байсан юм. Би ямар хэд гэсэн данс руу шилжүүлснээ сайн санахгүй байна. Би тухайн гар утасыг худалдаж аваад өөрийн хадам ээж болох Д.А маргааш нөгөөдрөөс нь бэлэглэж байсан юм. Тухайн гар утасыг манай хадам ээж одоо хүртэл барьж ашиглаж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
- гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн .............. гэх дугаар нь миний эзэмшлийн Юнителийн дугаар байгаа юм. Энэ дугаарыг би 2024 оны эхэн 1 сараас хойш эзэмшиж байгаа юм. Би тухайн дугаарыг дата ашиглах зорилгоор анх өөрийн нэр дээрээ авч байсан юм. Би тухайн дугаарыг авснаасаа хойш одоог хүртэл ашиглаж байгаа юм. Би одоо Самсунг брендийн Z-Flip гэх нэртэй эвхэгддэг гар утас барьж эзэмшдэг юм. Миний тухайн гар утасыг 2024 оны 02 дугаар сарын 09, 10-ны аль нэг өдөр нь манай хүргэн хүү болох Б надад бэлэг болгож өгч байсан юм. Манай хүргэн хэлэхдээ тухайн гар утасыг Улаанбаатар хотоос фэйсбүүк зарын дагуу хүнтэй холбогдож ломбарднаас авч байсан гэж надад тухайн үед хэлж байсан юм. Би хүргэнийхээ бэлэглэж өгч байсан гар утасыг одоо хүртэл барьж ашиглаж байгаа юм. Над руу хэд хоногын өмнө цагдаагаас залгаж хулгайн гар утасыг ашиглаж байж магадгүй гэсний дагуу би өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Миний эзэмшиж барьж байгаа гар утас нь Самсунг брендийн Z-FLIP гэх нэртэй хоёр талаараа эвхэгддэг гар утас байгаа юм. Тухайн гар утасыг манай хүргэн хүү Б надад 2024 оны 02 дугаар сарын эхээр бэлэглэж авч өгч байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
- гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр зочид буудалд ороод унтаад өгсөн ба өглөө намайг сэрэх үед З, Ч хоёр хүнсний дэлгүүрээс идэж уух юм авчихсан байсан ба би тэндээс нь хиам талх гэх зүйлс идээд унтаад өгсөн юм. Намайг буцаад унтах гэж байх үед Я надаас миний автомашины түлхүүрийг аваад найз охинтойгоо уулзана гээд яваад өгчихсөн юм. Би өглөө буцаж унтаад өгсөн намайг унтаад сэрэх үед миний унтаж байсан орны эсрэг талд Ч ах унтаж байгаа бололтой байж байсан ба харин өрөөний ширээ сандал дээр З ах миний танихгүй нэг эмэгтэй хүнтэй цуг архи уучихсан байдалтай гар утсаараа дуу сонсчихсон сууж байсан юм. Би орноосоо босоод ариун цэврийн өрөө орж бие зассан бөгөөд би буцаж орон дээрээ хэвтэж байгаад буцаад унтаад өгчихсөн байсан. Намайг унтаж байхад тэнд байсан хүмүүсийн нэг нь сэрээчихсэн ба би босоод хартал Я найз охинтойгоо уулзаж байгаад буцаад ирчихсэн байсан харин З, Ч ах нар гар утсаа хайгаад байсан ба надаас гар утасыг харсан уу? Гэж асууж байсан ба би тэр үед гар утасыг нь хараагүй гэдгээ хэлсэн юм. Би босоод тэр хэдтэй цуг гар утасыг нь хайлцсан ба rap утаснууд нь гарч ирээгүй юм. Тэр үед зочид буудлын өрөөнд байсан эмэгтэй байхгүй алга болчихсон байсан. Бид хэд өрөөнөөсөө гараад тэр зочид буудлын ресепшейны өрөөнд буудлын хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн ба бичлэгэнд бид нарын байрлаж байсан өрөөгөөр хүн орж гарч байгаа хүн байхгүй байсан. Харин бичлэгэнд Ч, З ах нартай ууж байсан эмэгтэй З ахын куртикыг нь өмсчихсөн байдалтай гарч бичлэг харагдаж байсан юм. Би тэр үед тэр эмэгтэйг авчихсан гэж бодсон юм. Ч, З ах хоёр цагдаагийн байгууллагад гар утсаар ярьсан ба дараа нь мэдүүлэг өгнө гээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-24-96 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “хохирогч Н.Чын алдсан гар утсыг 2.529.955 /хоёр сая таван зуун хорин есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-24-92 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “хар өнгийн куртик, Ай-фонэ 13 про загварын гар утсыг нийт 1.947.000 /нэг сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
II. А. Шүүгдэгч С.Х нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд “.........” гэх нэртэй хаягаар “зайрмагийн машин маргааш бууна” гэх хуурамч утгатай, хийсвэр мэдээлэл бүхий зар байршуулж уг зарын дагуу өөрийн эзэмшлийн хаан банкны ............ дугаарын дансаар хохирогч Ц.Баас 750.000 төгрөгийн хохирол учруулан залилж авсан үйл баримт нь хавтас хэрэг авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Хы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн “...би 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд “............” гэх нэртэй хаягаар “зайрмагийн машин маргааш бууна” гэж зар байршуулж, ......... гэсэн утасны дугаар тавьсан. Тэгээд тухайн өдөр мөнгө шилжүүлсэн хүнтэйгээ холбогдож өөрийн Хаан банкин дахь ............ дугаарын дансруу 750.000 төгрөг шилжүүлж авсан. Би зайрмагийн машин оруулж ирдэггүй, оруулж ирж байгаагүй, хуурамч зар оруулж үзэж байсан чинь хүмүүс мөнгө шилжүүлээд байхаар үргэлжлүүлээд зар оруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,
- хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед ............ гэртээ байхдаа фейсбүүк цахим орчинд “...........” гэх нэртэй хаягаар “зайрмагийн машин маргааш бууна” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу холбогдоход “найдвартай, 2,5 жилийн баталгаа гаргаж өгнө, манай эхний үйлчлүүлэгч авсан, өнөөдөр хүргээд явж байна, маргааш 2 ширхэг бууна тэрэн дээр орж болно” гэж хэлсэн. Тэгээд цагийн дараа ........... дугаартай холбогдоход “цагийн дараа 30 хувийг өг” гэхээр нь би 20 хувь өгье гэхэд заавал 30 хувь авна гээд байхаар нь 15 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот данснаас Хаан банкин дахь ............ дугаарын дансруу 750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 28-ны өдөр хүргэлт ирэхгүй болохоор нь утасруу нь залгасан чинь утсаа авахгүй байхаар фейсбүүкрүү нь орж үзсэн чинь бүх постоо устгасан байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,
- Хаан банкнаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 29/5347 дугаартай албан бичгээр ирүүлсэн “С.Хы гэх Хаан банк дахь ............ тоот данс”-ны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Б. Шүүгдэгч С.Х нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “E” гэх нэртэй фейсбүүк цахим хаягтай зарын группт “зайрмагийн машин бэлдэц зарна” гэх хуурамч утгатай, хийсвэр мэдээлэл бүхий зар байршуулж ............. оршин суудаг хохирогч Т.Бээс урьдчилгаа гэж 340.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зайрмагийн бэлдэцийн мөнгө гэж 387.500 төгрөг, нийт 727.500 төгрөгийг 2 удаагийн үйлдэлээр өөрийн төрсөн охин бага насны З.Еийн эзэмшлийн Хаан банкны ............ дугаарын дансаар өөртөө шилжүүлэн залилж авсан үйл баримт нь хавтас хэрэг авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Хы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “Згийн Есү нь 2 настай, миний том охин байгаа юм. Би З.Еийн нэр дээр бүртгэлтэй ............ тоот дансыг ашигладаг. Дээрх дансанд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ............. тоот данснаас хийгдсэн 340.000 төгрөгийн орлого, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн 387.500 төгрөгийн орлого зэрэг гүйлгээг би өөрөө хийлгэж аваад хувийн хэрэглээндээ зарцуулж дуусгасан. Фейсбүүк дээр зайрмагийн машин зарна гэж хуурамч зар оруулаад холбогдсон хүнээс урьдчилгаа болон бэлдэцийн мөнгө гэж 2 удаа мөнгө шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
- хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сард фейсбүүкээс сүүн зайрмагийн машин хайж эхэлсэн. Тэгэх явцад М.И гэсэн хаягт зайрмагийн машин оруулж ирнэ гэсэн зар байсан бөгөөд чатаар хэзээ машин ирэх талаар асуутал 1 дэх өдөр ирнэ гэсэн. Тэгээд надад ............ дугаарын утас өгөөд холбогдоорой гэсэн. Тэр утасруу нь холбогдоход нэг эмэгтэй хүн утсыг авсан. Надад зайрмагийн машины үнийн талаар хэлээд урьдчилгаа 20 хувь хийх хэрэгтэй гэсэн. Хаан банкны ............ дугаарын дансруу 340.000 төгрөг хийсэн, мөн бэлдэцийн мөнгө гээд 387.500 төгрөг дахин шилжүүлсэн. Дараа нь нөгөө утасруу залгахад холбогдох боломжгүй болсон байсан ба чатаар намайг блок хийсэн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас/,
- Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5315/24/0348 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Згийн Е эзэмшлийн ............
тоот данс”-ны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
эзэмшлийн Хаан банкны ............ тоот дансд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоодож байна.
В. Шүүгдэгч С.Х нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүкийн цахим хаягаар зарын группт “зайрмагийн машин бэлдэц зарна” гэх хуурамч утгатай, хийсвэр мэдээлэл бүхий зар байршуулж, уг зарын дагуу хохирогч Б.Нийг Баянзүрх дүүргийн ........... тоот гэртэй байхад нь урьдчилгаа болох 365.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилан үйл баримт нь хавтас хэрэг авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн ............. гэртээ байхдаа өөрийн фейсбүүк хаяг болох Б.Нээр фейсбүүк ухаад байж байтал "............." гэх нэртэй хүн Суурин болон зөөврийн машин 1 дэх өдөр гоунж хотоос хотод буух 3 ширхэг машин үнээр нь борлуулна, үнэ 1.780.000 төгрөг баталгаа 5 жил, ашиглах заалтаа өөрсдөө очоод зааж өгнө. Монгол тайлбарын номтой та зөвхөн захиалгаа өгөхөд болно. Холбогдох дугаар ............, ................ дугаарын утсанд залгаж хопбогдох мэдээлэл авна уу гэсэн зарын дагуу тухайн хүнтэй өөрийн фейсбүүкээр холбогдоход урьдчилгаа 20 хувийн өгөөд машинаа захиална уу, 20-ны өдөр таны гар дээр очно гэхээр нь өөрийн эзэмшлийн .................. дугаарын Хаан банкны данснаас тухайн хүний ............ дугаарын Есү гэх нэртэй хүний данс руу 356.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд цаг нь яваад та болж байна уу гэж асуухаар намайг фейсбүүкээр блоклочихсон. Надад гомдолтой
байна. Мөнгөө буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
- хохирогч Б.Нийн эзэмшлийн Хаан банк дахь ........... тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
I. Шүүгдэгч С.Х нь хохирогч нарын эзэмшлийн гар утсыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор уг үйлдлийг хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байх ба үйлдэл, учруулсан хохирол хооронд шалтгаант холбоотой байна.
Тиймээс шүүгдэгч С.Хы 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “............” гэх нэршилтэй барилгын 2 давхарын зочид буудлын өрөөнөөс хохирогч Б.Згийн эзэмшлийн хар өнгийн куртик, “iPhone-13 pro” загварын гap утас, хохирогч Н.Чийн эзэмшлийн “Samsung galaxy Z Flip 5” загварын гap утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар хулгайлан авч нийт 4.476.955 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж шүүх дүгнэв.
II. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төрөгдөлд оруулан залилж өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Тиймээс шүүгдэч С.Хы нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Ц.Баас 750.000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Т.Бээс 2 удаагийн үйлдлээр 727.500 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Нээс 365.000 төгрөгийг тус тус хохирогч нарыг Монгол улсын .................сум, Улаанбаатар хотын .................. дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь фейсбүүк цахим орчинд “........” гэх нэртэй хаягаар “зайрмагийн машин маргааш бууна” гэх хуурамч зар байршуулж бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж нэр бүхий 3 хохирогчид нийт 1.842.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч С.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, зарим хохирлоо төлж барагдуулсан, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эмэгтэй, мөн түүний бага насны 2 хүүхдүүдээ ганцаар өсгөн асран халамжилдаг болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирогч нарт хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу С.Хд энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар шүүх тогтоов.
Шүүгдэгч нь ............. дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбараар тогтоогдож байх ба Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилт, биелэлтийг хангуулах зорилгоор С.Хд зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ............... дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихгүй байхаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч С.Хы хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирогч Б.Згийн эзэмшлийн хар өнгийн куртик, “iPhone-13 pro” загварын гар утас, хохирогч Н.Чийн эзэмшлийн “Samsung galaxy Z Flip 5” загварын гар утас зэргийг хохирогч нарт тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Харин иргэний нэхэмжлэгч Г.Бд нийт 1.650.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч С.Х нь уг хохирлоос шүүхээс хохирол төлөх завсарлага авах явцад нийт 1.210.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо 440.000 төгрөг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөртэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Хы залилангийн гэмт хэрэг үйлдэж нэр бүхйи 3 хохирогчид нийт 1.842.500 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ц.Бд учруулсан 750.000 төгрөгийг шүүхээс хохирол төлөх завсарлага авах явцдаа бүрэн төлж барагдуулсан байна.
Харин хохирогч Т.Бэд учруулсан 727.500 төгрөг, хохирогч Б.Нт 365.000 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл: одоо шүүгдэгч С.Хаас нийт 1.532.500 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Бэд 727.500 төгрөг, хохирогч Б.Нт 365.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 440.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Хаас орлого олох боломж, өөрийнх санал хүсэлтийг харгалзан бусдад учруулсан хохирлыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С.Хыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан С.Хд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ............ дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хаас нийт 1.532.500 /нэг сая таван зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б -д 727.500 /долоон зуун хорин долоон мянга таван зуун/ төгрөг, хохирогч Б.Н -т 365.000 /гурван зуун жаран таван мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б-д 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг тус тус олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ