Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма, 

   Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2438002410442  дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.С-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн суралцагч 3 нас 11 сартай Ц.А-тай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд удаа дараа сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь хязгаарлаж биед халдаж ангиас хөөж гаргасан, бага насны хүүхдийг хулгайч гэж дуудсан, бусдаас тусгаарлаж ганцааранг шийтгэж коридорт болон 00 өрөөнд байлгасан, ууттай хувцсыг шидэж өгсөн зэрэг харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.С- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн суралцагч 3 нас 11 сартай Ц.А-тай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд удаа дараа сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь хязгаарлаж биед халдаж ангиас хөөж гаргасан, бага насны хүүхдийг хулгайч гэж дуудсан, бусдаас тусгаарлаж ганцааранг нь коридорт болон 00 өрөөнд байлгасан, ууттай хувцсыг шидэж өгөх зэргээр харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эд мөрийн баримтаар хураан авсан Си ди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/, хохирогч Э.П-н мэдүүлэг /хх-ийн 25-26, 29 тал/ гэрч М.Н-н мэдүүлэг /хх-ийн 32, 35 тал/, гэрч Р.Н-н мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, гэрч П.Н-йн мэдүүлэг /хх-ийн 45-47, 50-51 тал/, гэрч Д.Б-ын мэдүүлэг /хх-ийн 54 тал/, гэрч С.О-н мэдүүлэг /хх-ийн 62-63, 66 тал/, гэрч Д.Б-н мэдүүлэг /хх-ийн 69-70, 73 тал/, гэрч Х.А-н мэдүүлэг /хх-ийн 80, 83 тал/, сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 95-96 тал/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай Д.С-г ажилд авах тухай тушаалын хуулбар /хх-ийн 122 тал/, Боловсролын их сургууль сургуулийн өмнөх боловсролын сургууль бакалаврын .... дугаартай дипломын хуулбар /хх-ийн 123-124 тал/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 126 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Хавтаст хэрэгт хохирогч Э.П-н: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн  1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2438002410442  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР