| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0181/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/416 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/416
2025 02 07 2025/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Нямжав,
шүүгдэгч Ч.Б,
нарийн бичгийн дарга Б.Балдырган нарыг оролцуулан эрүүгийн 2406049164053 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: З ургийн овогт Ч.Б
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,
Урьд: Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 279 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 /хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
-Нийслэлийн СүхБ дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 441 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоох,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91,1-д зааснаар 12 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах “Баянзүрх” худалдааны төвийн гадна хохирогч Ч.Утэй маргалдаж цамцны захнаас нь татах үед монетон гинж нь тасраад газар унасан байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "New town" хотхонд байрлах "Оюу" дэлгүүрийн гадна хамтран амьдрагч хохирогч Г.Бтай маргалдаж, хохирогчийн зүүн дал хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
I. шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах “Баянзүрх” худалдааны төвийн гадна хохирогч Ч.Утэй маргалдаж цамцны захнаас нь татах үед монетон гинж нь тасраад газар унасан байхад нь хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Ч.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн .............. найз Бийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж манай найз Б гэрээс гараад явсан, би гэртээ унтаж байгаад 03 цагийн үед манай найз залуу Э хөдөөнөөс ирээд бид хоёр Бөхийн өргөөний тэнд уулзахаар болсон. Тэгээд найз залуу руугаа залгах гэтэл миний гар утасны цэнэг дуусаад Баянзүрх захын урд талын харуулын гар утсыг нь гуйгаад найз залуу руугаа залгасан, тэгээд найз залуу руугаа залгаад байж байтал харуулын байрнаас үл таних 2 хүн гарч ирээд тэр 3 хоорондоо юм яриад байж байтал нэг эмэгтэй хүн нь надад хандан гэнэт чи миний нөхөртэй унтах гээд байна харуулын байр руу орвол ална шүү гэж хэлэн чамайг барьж байгаад миний хүзүүг боож аваад хүзүүнд байсан монетон гинж, гинжинд байсан колоний тастаад авах шиг болсон, тэгээд тэр эмэгтэй харуулын байр руу яваад орсон, гарч ирээд намайг дахин доромжилж. Тэгээд би тэр дор нь гинжээ нэхээд тэр хавиар хайж байтал манай найз залуу ирсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дугаар тал),
- гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-16-ны шөнө ...объектын гадаа Ч ахыг суулгаад тамхиа татаж байтал нэг согтуу эмэгтэй ирээд утсаараа яриулчих гэхээр нь би яриулсан. Тухайн эмэгтэй нимгэн ягаан цамц өмссөн байсан. Тэр эмэгтэй хэд хэдэн удаа миний утсаар ярьсан ба утсаар ярьж байх хооронд нь би Ч ахыг цааш өрөө лүгээ оруулж амраасан. Гэтэл анх Ч ахтай болкон доор хамт унтаж байсан эмэгтэй Ч явъя гээд ахыг татаад байхаар нь би өрөөнөөсөө яв гээд хөөгөөд гаргасан. Тэгсэн яг үүдний хаалга дээр намайг утсаараа яриулчих гэсэн согтуу эгчтэй маргалдаад байхаар нь би очиж салгасан. Тэгсэн утсаар яриулчих гээд байсан ягаан цамцтай эмэгтэй миний гинж алга болчихлоо гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд Ч ахыг болкон доор унтаж байсан эгчтэй хамт аваад явсан. Тэр өдрөөс хойш би дахиж Ч ахыг хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “БЗД2-24-1865” дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-39 дугаар тал);
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
II. Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "New town" хотхонд байрлах "Оюу" дэлгүүрийн гадна хамтран амьдрагч хохирогч Г.Бтай маргалдаж, хохирогчийн зүүн дал хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь зулайн хуйх, зүүн далны доод хэсэгт шарх гэмтэл бүхий гэмтэл учруулсан баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гадаа архи ууж байсан юм. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооруу Б хамт явсан. Өөр мэдэхгүй байна. Би архи уугаад муудсан байсан юм. Замын урд талд нэг шил 500 граммын архи уусан. Замын хойшоо гараад нэг ширхэг 750 граммын архи ууж байх шиг байсан тэгээд тасарсан...Шар өнгийн куртик өмссөн манай байранд 4 давхарт байдаг О байсан. Би тухайн өдөр хүний утсаар дуудлага өгсөн. Ахын дүү түргэн дуудчих гэж хэлсэн. Ахад нь утас байхгүй утсаа зараад архи уусан. Намайг шууд түргэний эмч ирээд Госпиталь дээр авчирсан...3амын урд талд маргаж байсан. Би тэрийг санаж байна. Замын урд талын Бөөний төвийн тэнд нэрийг нь мэдэхгүй нөхөртэй маргаж байсан. Тэгээд хойшоо алхаад зам гарсан тэгээд Оюу дэлгүүрийн тэнд очсон. Би гэртээ харьж байсан юм. Тэгээд байхгүй тасарсан байсан нэг мэдсэн чинь Госпитальд ирсэн байсан. Госпитальд би Бтэй хамт очсон. Яаж явсан гэдгийг мэдэхгүй байна...Манайхаар байнга ирдэг. Бараг хоёр жил манай гэрээр амьдарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дугаар тал);
- гэрч Ш.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цайз 16 дээр Б эхнэр нь У гэх хүүхэнтэй таарсан. У яг нэрийг нь мэдэхгүй. У гэж дууддаг. Би Цайз 16 автобусны буудал дээр архи ууж байсан. Урд талын байрны нэг ахтай архи ууж байсан. Тэгээд тэр хоёртой таарсан. Тэр хоёртой таараад ууж байсан юмны талаас тэр хоёрт өгсөн. Тэгээд ууж дуусаад Б бид нар нэг байр юм чинь харихаар явсан. Тэгээд харихаар болоод архи ч дууссан тэгээд бид гурав дээшээ алхсан. Тэгээд дээшээ алхаж байсан чинь Оюу дэлгуүрийн орчимд тэр хоёр хэрэлдээд маргаад яваад байсан. Тэгээд Оюу дэлгүүрийн тэнд хэрүүл хийгээд дэлгүүрээс юм авна гэж маргаад юм аваагүй. Дэлгүүрийн гадна маргаад байсан. Тэгээд тэр хоёр муудалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгасан. Хажуугаас нэг залуу орж ирээд салгасан. Бас миний үеийн залуу байсан. Тэр хавиар явж байсан залуу байсан. Бид хоёр хоёулаа салгасан. Тэгээд Б надад намайг хатгачихлаа ш дээ дурак чинь гэж хэлсэн. Тэгээд хатгачихлаа гэж хэрүүл маргаан болоод тэндээс явсан. Б гэрт орсон. Тэгээд куртикээ тайлсан чинь арын нуруу зүүн талын суганы хойд талд зүсэгдээд өөх нь гарсан байсан. Тэрийг нь би арчиж өгч цэвэрлэсэн. Наадах чинь Б ахаа болохгүй юм байна түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар түргэн дуудаж өгсөн. Тэгээд түргэн ирээд би жорлон дотор утсаар яриад сууж байсан. Тэгээд гараад ирсэн чинь бүгдээрээ байхгүй Б гэх хүүхэн орон дээр байсан. Тэгээд Б асуусан чинь сая цагдаа ирээд түргэн ирээд Б аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тийм л юм болсон тэгээд би гэртээ орсон... У гэх эмэгтэйд хутга байсан. Тэр хутгаар Б ахыг хутгалсан. Тэр хутгыг нь У би булааж авсан. Тэгээд хутгийг нь би аваад хашаа давуулаад шидсэн. Хутгалчихлаа гэхээр нь би гараас нь булааж авсан. Б ах надад ... хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн тэгээд хутгалсны дараа дахин муудалцаад байсан...би улбар шар өнгийн куртик, саравчтай малгайтай байсан. Б ах У хоёр хамт амьдраад удаж байгаа. Бараг 2-3 жил болж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дугаар тал);
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Гийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1191 дугаартай Г.Бн биед зулайн хуйх, зүүн далны доод хэсэгт шарх гэмтэл тогтоoгдлоо. 2 Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулагүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 141-143 дугаар тал)
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 84-89 дугаар тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Тухайн бичлэгийн 00 цаг цаг 05 минут 04 секундийн орчимд саарал өнгийн куртиктэй, цэнхэр хар өнгийн өмдтэй, цагаан ултай хар оноотой гуталтай, дотор талаараа саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн, зүүн талын мөр давуулан хар оосортой цүнх үүрсэн эмэгтэй баруун гартаа хутга барьсан далайж хар өнгийн юүдэнтэй куртик, саарал өнгийн өмд, бор хүрэн өнгийн гутал өмссөн эрэгтэй нь зүүн талын дал орчимд хутгалж байгаа бичлэгтэй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ха аст эргийн 91-97 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
I. Шүүгдэгч Ч.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ч.Уийн монетон гинжийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар уг үйлдлийг хийж хохирогчийн өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.
Тиймээс шүүгдэгч Ч.Бийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн гадна хохирогч Ч.Утэй маргалдаж цамцны захнаас нь татах үед монетон гинж нь тасраад унасан байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
II. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б, хохирогч Г.Б нар нэлээдгүй хугацаанд нэг гэрт эхнэр, нөхрийн ёсоор хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн харилцан хамааралтай гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Бий 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "New town" хотхонд байрлах "Оюу" дэлгүүрийн гадна гэр бүлийн хамааралтай хамтран амьдрагч хохирогч Г.Бтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хүнийг ахуйн хэрэглээний хутгаар хатгахад амь нас, эрүүл мэндэд нь аюул, гэмтэл учирна гэдгийг ухамсарлаж байсан ба санаатайгаар зориуд хүсэж хохирогчийг хутгаар хэд хэдэн удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэрэг бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үйлдлийн арга, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, урьд хүний эрүүл мэндэд хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэргүүдийг энэ гэмт хэрэгтэйгээ төстэй үйлдлийн аргаар үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байсан, эмэгтэй зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгмийн харилцаанд орохдоо биеэ зөв зохистой авч явж чадахгүй удаа дараа нийгэмд аюултай гэмт үйлдэл хийж байгааг анхааран үзэж цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар шүүх тогтоож, уг ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй шүүх үзэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ч.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэж хохирогч Ч.Уд 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Б нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ч.Бэс 1.450.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Уд олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Д.С нь хохирогч Г.Бын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 304.200 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба холбогдох баримт нь хавтас хэрэгт авагдсан тул шүүгдэгч Ч.Бэс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Ч.Бд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэс нийт 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Ч.У-д олгож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэс 304.200 /гурван зуун дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ