Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/90

 

 

 

 

 

 

     2021            1             19                                       2021/ДШМ/90

    

 

Ч.Од холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын тус тус гаргасан гомдлоор шүүгдэгч Ч.Од холбогдох эрүүгийн 2005023871324 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.О, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 2-11 насны 4 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2 дугаар гудамж, 24 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 130 цаг албадан ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:ЙЮ89122817/;

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадна хохирогч Б.Уийн эзэмшлийн “Айфон-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчим хохирогч Б.Мийн өмчлөлийн “Самсунг А-60” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 586.455 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр 2 хохирогчид нийт 1.486.455 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Оюун-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Од Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй 720 цагийн 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 90 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Ч.Од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй 720 цагийн 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 90 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Од оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Од урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж, Ч.Оэс шүүхийн барьцааны дансанд байршуулсан 1.500.000 төгрөгийг түүнд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюун-Эрдэнийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.О давж заалдах гомдолдоо: “...Ч.О миний бие мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр хүлээж, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Шүүх хурлын явцад гэм буруугийн байдлаа ухаарч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлсэн.

...миний бие 2020 оны 4 дүгээр сард гэдэс болон хоёр хөлөө халуун шөлөнд түлж Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтайгаар очиж мэс заслын тасагт хагалгаанд орж биедээ 80 хувийн түлэгдэлтэй болсон. Одоогоор биеийн байдал тааруу, бүрэн эдгээгүй байгаа тул Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэгдэлтийн мэс заслын их эмч Эрболдын бүрэн хяналтанд эмчлүүлж байгаа.

Миний бие эхнэр 2-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний биеийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ухаарч ойлгож байгааг, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлуудыг минь харгалзан үзэж эрхэм шүүгч та бүхэн урьд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ч.Оюун-Эрдэнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Од 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ч.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах ажиллагааны болон прокурор, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй, 2020 оны 3 сард гэртээ халуун тогоотой хоолонд түлэгдэж 79.8 хувийн түлэгдлийн улмаас байнга эмчийн хяналтанд байдаг бөгөөд түлэгдэлт нь сайн эдгэрээгүй даарч, халууцаж болохгүй, хүнд юм өргөж болдоггүй, өдөр болгон усанд орж цэвэрлэж, тос түрхэхгүй бол арьс үхжиж хөлөө тайруулах хэмжээнд хүрэх эрсдэл бүрдээд байгаа бөгөөд гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг байсан. Хөл түлэгдснээс болж ар гэрийн байдал хүнд нөхцөлд бий болж эхнэр Уянга нь нялх хүүхдүүдээ өвчтэй нөхөртөө гэрт нь орхиж үсчний ажлаа хийж гэр бүлээ тэжээн тэтгэж, нөхрийнхөө эмчилгээний зардлыг олж байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс ар гэрийн байдап хувийн байдлыг харгалзан үзэлгүй эхнэр нь 4 бага насны хүүхдээ гэртээ харж ажил хийх боломжгүй байдлыг бий болж байна. Хэдий гэмт хэрэг үйлдсэнд нь ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны боловч ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 6 сарын хугацаагаар хорих ялаар багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.О өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван удаа ял шийтгэл эдэлж байсан. 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт хулгайн гэмт хэрэг үйлдээд, анхан шатны шүүхээс 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байхад ялыг эдлээгүй, шүүхийн дуудсан цагт очихгүй байж байгаад 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Б.Уийн эзэмшлийн “Айфон-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчим хохирогч Б.Мийн өмчлөлийн “Самсунг А-60” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 586.455 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр 2 хохирогчид нийт 1.486.455 төгрөгийн хохирол учруулсан. Иймд анхан шатны шүүхээс урьд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоног хорих ял болгон тооцож, 2020 онд үйлдсэн гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон нь хуульд нийцэж байна. Удаа дараа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн учраас ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчим хохирогч Б.Мийн өмчлөлийн “Самсунг А-60” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 586.455 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Мийн “...Би 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн машин гардаг үүдэн дээр явж байгаад өмднийхөө халааснаас “Самсунг А60” загварын гар утсаа хулгайд алдсан. ...” /хх 8/,

гэрч Н.Уянгын “...би жирэмсэний өмд авчихаад гарч ирэхэд манай нөхөр зогсож байсан газраа байгаагүй. ...манай нөхөр цагийн дараа над руу өөрөө залгаад би баруун 4 зам дээр байна хүрээд ир гэсэн. 4 зам дээр иртэл манай нөхөр цагдаагийн байгууллагын ажилтантай хамт байсан. ...” /хх 13/,

гэрч Л.Эрдэнэсүрэнгийн “...2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчим үүрэг гүйцэтгэж явахад өдрийн 15-16 цагийн үед халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд болох Чимэддоржийн Ч.О нь явж байсан. Тухайн үед Ч.Од хяналт тавихад 15 орчим насны эмэгтэй хүүхдийн халааснаас нь Самсунг А60 загварын гар утас хулгайлан авч байсныг үйлдэл дээр нь илрүүлж шалгахад баруун гартаа цамцаа барьсан, цамцандаа хулгайлан авсан гар утсаа нуусан байсан. ...” /хх 15/,

шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийн “...“Хархорин” худалдааны төвийн зүүн талын хаалга руу ордог явган хүний замын орчим эхнэрээ хүлээгээд сууж байтал миний урдуур ягаан өмд, торон цамцтай эмэгтэйн зүүн урд халаасанд нь утас нь ил гарчихсан явж байсан. Тэгэхээр нь дагаж яваад хаалга руу орохоос нь өмнө зүүн халааснаас нь зүүн гараараа авчихаад “Хархорин” захаас гарах гээд явж байгаад энгийн хувцастай цагдаагийн алба хаагч нарт баригдсан. ...” /хх 12/ гэх мэдүүлгүүд, 

хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 2/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9, 10/, “Дамно” Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 16-17/ зэрэг нотлох баримтуудаар,  

мөн шүүгдэгч Ч.О нь 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн гадна хохирогч Б.Уийн эзэмшлийн “Айфон-8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Уийн “...2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 17 цаг 30 минутаас 18 цагийн үед би найз Ганхуягийн хамт Баянгол дүүргийн хорооллын “Апекс” дэлгүүр дотор Монос эмийн сангаас эм аваад гар утсаа баруун талын халаасандаа хийгээд гараад “Сөөхий” гутлын дэлгүүрийн урдуур явж байгаад утсаа үзтэл байхгүй болсон байсан. ...” /хх 110/,

шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийн “...Номингийн арын сааданд ганц юм уугаад тэндээс “Номин”, “Апекс” дэлгүүрийн голын явган хүний замаар гараад иртэл нэг эмэгтэй хүний баруун талын халаасанд гар утас харагдаж байхаар нь тухайн гар утсыг аваад гэртээ харьсан. ...” /хх 115/ гэх мэдүүлгүүд,

хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 100/, Кости-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 116/, камерын бичлэгийг хуулбарлан авсан сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 129/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 135/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Оэс “...оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “...анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 6 сарын хугацаагаар хорих ялаар багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашгийн эсрэг чиглэсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлах үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хуульчилсан.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас 2 хохирогчид 1.486.455 төгрөгийн хохирол учирсан ба энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнийн 2 хохирогчид нийт 1.486.455 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүд үргэлжилсэн үйлдэлд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг заажээ.

 

Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй, биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.

Ч.Оюун-Эрдэнийн бусдын өмчлөх эрхэд халдаж, тодорхой эд хөрөнгийг нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хохирогч нарын эд зүйлийг цаг хугацааны завсарлагатай хоёр удаа үйлдсэнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж, 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүйгээр оргон зайлж, түүндээ дүгнэлт хийлгүй дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг, шийтгэх тогтоолуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх 21, 62-67, 88-92, 94/

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээнд буюу 2 жилийн хорих ял оногдуулж, түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хугацаагаар сольж, биечлэн эдлэх ялыг нэмж нэгтгэсэн нь түүний хувийн байдалд тохирсон байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож хууль зүйн дүгнэлт хийжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.               

Иймд шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 965 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ