Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 176

 

     


                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0185/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,   
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, 
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 201709000067 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** /РД:***/, 1952 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  зоотехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, *** оршин суух, “Алтан гадас” одон, “Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль”, “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй.
                 
Шүүгдэгч *** нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн *** байрлах 60 м2 талбайтай хувийн байшин, 556 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Сэлэнгэ аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийн барьцаанд тавьсан тухайгаа хохирогч ***т хэлэлгүйгээр тухайн эд хөрөнгө, газрыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч ***т 10500000 төгрөгөөр зарж борлуулан, ***ыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** тоотод байрлах

60м2 талбайтай байшин, 556м2 газрыг ***т 10500000 төгрөгөөр зарсан бөгөөд тухайн үедээ байшингийн гэрчилгээг дараа өгнө гэж хэлсэн нь үнэн.
...Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаанд байсан учир ***т гэрчилгээг өгч чадаагүй. Бичиг баримтыг нь өгөөгүй буруутай үйлдэл байгаа. Гэхдээ би ***ыг уг байшинд 4 жил амьдарсан болохоор болж байна гэж бодсон.
...Зээлийн төлбөрөө 12 сард төлж дуусгаад, гэрчилгээ барьцаанаас чөлөөлөгдөхөөр  ***т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 12 сард шилжүүлж өгөх болно.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би ***гээс хашаа байшин худалдаж аваад 5 жил боллоо. Анх наймаа хийж байхдаа *** надад “бичиг баримтаа гээчихсэн. Баримтаа бүрдүүлээд холбогдох байгууллагад нь өгчихсөн байгаа. Он гараад 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд гарах байх” гэж хэлсэн боловч одоо болтол гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байгаа.
... ***гээс худалдаж авсан хашаа байшиндаа тахиа, гахай тэжээнэ гэж бодож байсан. Гэтэл төв газарт гахай тэжээхийг хориглосон захирамж гарсан учраас гахай тэжээж чадаагүй. Энэ 5 жилийн хугацаанд ***гээс бичиг баримтаа авахыг удаа дараа шаардаж байсан. Хамгийн сүүлд *** “намайг өгдөг газраа өг” гэж хэлсэн учраас цагдаад өгсөн. Би энэ хүнээс олон удаа явсан бензины мөнгө бусад урсгал зардал нэхэх боломжтой ч би тэгж нэхээгүй. Анх наймаа хийхдээ энэ хүний насыг хүндэлж итгэсэн. Тухайн хашаа байшинд хөрөнгө оруулалт их хийсэн болохоор хашаа, байшингаа авмаар байна.” гэх мэдүүлэг, 

-Мөнгө хүлээлцсэн акт /хэргийн 9/, 
-Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-11/, 

    -Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот хашаа байшинг зарна гэсэн зар хараад дугаар руу нь залгаж манай *** бид 2 очиж уулзсан юм. Тэгтэл *** гэх настай хөгшин 15000000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд нөхөр ***тэй ярилцаж байгаад надад одоо байгаа нь 10500000 төгрөг байна гэхэд *** зөвшөөрсөн. Ингээд бид бэлэн мөнгөө өгч “гэрчилгээгээ хэзээ авах вэ?” гэхэд “аймагт өгсөн байгаа, он гараад авнаа” гэхээр нь нотариат дээр очиж бэлэн мөнгө өгсөн гэрээ байгуулсан юм. Ингээд тус өдрөөс хойш *** “гэрчилгээ гаргаагүй байна, одоохон” гэх мэтээр хойшлуулдаг байсан. Ингээд бүр болохгүй болохоор нь гэрт нь очиж ***тэй уулзах гэхэд байхгүй эхнэр *** нь байсан. Тэгээд бид нар гэрчилгээний талаар ярихад  *** “байшингийн гэрчилгээ барьцаанд байгаа шүү дээ” гэхээр нь бид нар “юун барьцаа билээ” гэхэд *** “бид 2 үйлдвэрийн чиглэлээр барьцаанд тавьсан байгаа юм, *** хэлээгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд бид нар барьцаанд байгааг мэдээд ***д хандаж хэзээ өгөх талаар хэлэхэд *** “удахгүй одоо хүүхдүүд мөнгө явуулаад аваад өгчихнө” гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр *** 2013 онд Хаан банкинд малчны зээлтэй байсан юм. Ингээд тус зээлнээс гарахын тулд Дархан сумын *** тоот хашаа байшинг зарахаар болсон юм. Ингээд зар тавиад удаагүй *** гэх хүн авахаад болоод үзээд явж байсан. Тэгээд *** ***тай тохиролцож 10500000 төгрөгөнд зарлаа гэж надаа хэлсэн. Тэгээд би яагаад ийм хямдхан зарж байгаа юм бэ? Гэхэд  *** зүгээр гэхээр нь би тоогоогүй юм. Тэгээд нилээн хугацааны дараа ***ын ар гэрийнхэн манай гэрт ***тэй уулзаад тэгээд дараа нь надтай уулзсан юм. Тэгтэл тус эмэгтэй хашаа байшингийн гэрчилгээ хэрэгтэй байна гэхээр нь нь би “барьцаанд байгаа шүү дээ” гэхэд тус хүмүүс за тэгвэл мөнгөө төлж дуусгаад бид нарт өгчөөрэй гэж хэлээд явсан өөр юм хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр сүү, цагаан идээний цех байгуулах зээлийн гэрээний хуулбар /хэргийн 34-38/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***гийн эхнэр *** 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан буюу одоогийн аймаг хөгжүүлэх сангаас ямар нэг хүүгүйгээр сүү, цагаан идээний цех байгуулахаар аймгийн засаг даргатай гэрээ байгуулан 15000000 төгрөгийг 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр зээлд хамрагдсан юм.
...өөрт байгаа эд хөрөнгөө эхнэрийнхээ зээлийн барьцаанд итгэмжлэл хийж, барьцаанд тавьсан байна.
...2015 оны  5 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрч, зээлийн төлөлтийг 2015 оны 7 дугаар сарын 20-нд төлж барагдуулахаар шийдвэр гарсан боловч төлөөгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51/,

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шүүгчийн захирамж /хэргийн 53/, 

-Орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулах хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, итгэмжлэл /хэргийн 58-60/,
-2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 113-114/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн *** тоотод байрлах 60 м2 талбайтай хувийн байшин, 556 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Сэлэнгэ аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлийн барьцаанд тавьсан тухайгаа хохирогч ***т хэлэлгүйгээр тухайн эд хөрөнгө, газрыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч ***т 10500000 төгрөгөөр зарж борлуулан, ***ыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, үлэмж хэмжээний буюу 10500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөнгө хүлээлцсэн акт /хэргийн 9/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 10-11/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ингээд тус өдрөөс хойш *** “гэрчилгээ гаргаагүй байна, одоохон” гэх мэтээр хойшлуулдаг байсан. Ингээд бүр болохгүй болохоор нь гэрт нь очиж ***тэй уулзах гэхэд байхгүй эхнэр *** нь байсан. Тэгээд бид нар гэрчилгээний талаар ярихад  *** “байшингийн гэрчилгээ барьцаанд байгаа шүү дээ” гэхээр нь бид нар “юун барьцаа билээ” гэхэд *** “бид 2 үйлдвэрийн чиглэлээр барьцаанд тавьсан байгаа юм, *** хэлээгүй юм уу” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай нөхөр *** 2013 онд Хаан банкинд малчны зээлтэй байсан юм. Ингээд тус зээлнээс гарахын тулд Дархан сумын *** тоот хашаа байшинг зарахаар болсон юм. Тэгээд нилээн хугацааны дараа ***ын ар гэрийнхэн манай гэрт ***тэй уулзаад тэгээд дараа нь надтай уулзсан юм. Тэгтэл тус эмэгтэй хашаа байшингийн гэрчилгээ хэрэгтэй байна гэхээр нь нь би “барьцаанд байгаа шүү дээ” гэхэд тус хүмүүс за тэгвэл мөнгөө төлж дуусгаад бид нарт өгчихөөрэй гэж хэлээд явсан өөр юм хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18/, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр сүү, цагаан идээний цех байгуулах зээлийн гэрээний хуулбар /хэргийн 34-38/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***гийн эхнэр Д.*** 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан буюу одоогийн аймаг хөгжүүлэх сангаас ямар нэг хүүгүйгээр сүү, цагаан идээний цех байгуулахаар аймгийн засаг даргатай гэрээ байгуулан 15000000 төгрөгийг 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр зээлд хамрагдсан юм.
...өөрт байгаа эд хөрөнгөө эхнэрийнхээ зээлийн барьцаанд итгэмжлэл хийж, барьцаанд тавьсан байна.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51/, Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шүүгчийн захирамж /хэргийн 53/, орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулах хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, итгэмжлэл /хэргийн 58-60/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч *** нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг *** тоотод байрлах 60 м2 талбайтай хувийн байшин, 556 м2 хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг зээлийн барьцаанд байгаа, эрхийн доголдолтой эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа хэрэг учрал болох үед хохирогч ***т “гэрчилгээгээ үрэгдүүлсэн байгаа, он гараад гэрчилгээ гарахаар шилжүүлж өгнө” гэж итгүүлэн түүнд хашаа байшин, газраа зарж 10500000 төгрөг залилан мэхэлж авсан байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***г хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, 10500000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т 10500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрөөс огт төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***гээс 10500000 төгрөг гаргуулж, хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ***гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 41/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг  баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, нокиа 1208 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    
1.Шүүгдэгч *** ***г хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, 10500000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч *** ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***гээс 10500000 /арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух *** ***т /***/ олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ***гийн өмчлөлийн нокиа 1208 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.

7.Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг  баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ