Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 506

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00067 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М Э В” ХХК-д холбогдох

 

Авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг цуцалж, 11 971 000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                           Б.М-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                   С.Оюундэлгэр

Хариуцагчийн өмгөөлөгч                                      С.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга            Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М- тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “И Н Ө К” ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 1/12 тоот дугаартай гэрээ байгуулж, тус компанийн барьж буй орон сууцнаас 17 тоот хаягт 49,29 м.кв талбайтай орон сууцыг нийт 59 148 000.00 төгрөгөөр авахаар тохирсон. Тус компаниас намайг орон сууцны үнэ 59 148 000.00 төгрөгийг 100 хувь төлсөн тохиолдолд 6 тоот авто зогсоолыг урамшуулал болгож үнэгүй өгнө гэснийг зөвшөөрч, энэ тухай 1/13 тоот дугаартай гэрээ байгуулж, төлбөрийг бэлэн мөнгөөр болон бараа бүтээгдэхүүнээр төлсөн. Гэтэл “И Н Ө К” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүй учраас би уг компанид холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М Э В” ХХК-ийг эдгээр гэрээтэй холбоотой эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан тухай мэдсэн. Миний бие, энэ удаа хариуцагчаар “М Э В” ХХК-ийг тодорхойлж, 6 тоот авто зогсоолыг бодитоор гаргуулах боломжгүй болсон тул түүний зах зээлийн үнийг хөндлөнгийн байгууллагаар 11 971 000.00 төгрөг гэж тогтоолгон нэхэмжилж байна. Хэрэгт хариуцагч “М Э В” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигт нэхэмжлэгч Б.М- миний “И Н Ө К” ХХК-тай байгуулсан 1/12 тоот гэрээний хариуцлагыг өөртөө шилжүүлэн авна гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар тус компани 6 тоот авто зогсоолыг Ж.Солонгод худалдсан, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд уг авто зогсоолыг 48 дугаар байрны зоорийн давхарт байрладаг гэсэн байх тул гэрээгээ зөрчиж, надад өгөх ёстой авто зогсоолыг бусдад худалдсан байна. Өмнө нь миний гаргасан хариуцагч “И Н Ө К” ХХК болон “М Э В” ХХК-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх батлаагүй тул намайг авто зогсоолыг авах эрхээсээ татгалзсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, хариуцагч тал гэрээний дагуу өгөх ёстой орон сууцны гэрчилгээг өгөхдөө авто зогсоолыг авахгүй гэж татгалзал бичүүлж өгснийг шүүх хүлээн аваагүй. Иймд хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, авто зогсоолын үнэ 11 971 000.00 төгрөг байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Х тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Урьд өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан нэхэмжлэгч Б.М-ын гаргасан хариуцагч “И Н Ө К” ХХК-нд холбогдох авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд эвлэрлийн гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах, нэхэмжлэгч тал орон сууцны илүү м.кв талбайн үнийг гүйцэтгэгч буюу хариуцагчид төлөхгүй байх, авто зогсоолыг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзахаар тус тус тохирсон. Энэ гэрээний дагуу манай компаниас нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүйгээр түүнд шилжүүлж, авто зогсоолыг бусдад худалдан борлуулсан. Гэвч тус эвлэрлийн гэрээг шүүгч тодорхой бус үндэслэлээр батлаагүй боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний тухайлсан тохиролцоо бодитоор биелэгдсэн байтал нэхэмжлэгч тал авто зогсоолын өмчлөх эрхийн талаар маргаан гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. “И Н Ө К” ХХК болон “М Э В” ХХК нарын хооронд орон сууц, авто зогсоолын гэрээ, хэлэлцээрийн эрх үүрэг хариуцлагыг шилжүүлэх тухай тохиролцоо байхгүй, хэрэгт авагдсан баримтад зөвхөн 1/12 тоот гэрээний хариуцлагыг хүлээнэ гэсэн байх тул авто зогсоолтой холбоотой маргаанд манай компани хариуцагчаар оролцох үндэслэлгүй. “И Н Ө К” ХХК-ийн барьж байсан орон сууц нь 77 айлынх, харин “М Э В” ХХК-ийнх 36 айлын орон сууц, уг 77 айлын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 200 000.00 төгрөг, 36 айлын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 600 000.00 төгрөг юм. Манай компанийн барьж байсан байр түрүүлж ашиглалтад орсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.М- нь байнга бид нар руу дайрч, орон сууцыг ашиглалтад хурдан оруулахыг шаардсан учраас бид дээрх 1/12 тоот дугаартай гэрээний дагуу байр өгөх тухай албан бичгийг түүнд өгч, 1 м.кв талбай нь 1 600 000 төгрөгийг үнэтэй 51,02 м.кв байрыг өгсөн. Харин авто зогсоолыг худалдах гэрээний эрх, үүргийг шилжүүлж аваагүйгээс гадна 1 м.кв талбайн үнэ зөрүүтэй байсан тул авто зогсоолыг өгөхгүй гэж тохирсон. Мөн м.кв талбайн үнийн зөрүү 2 300 000.00 төгрөг байсан учраас манай компани алдагдал хүлээж байгааг талууд ойлгож, энэ талаар эвлэрлийн гэрээнд тусгасан байсан бөгөөд тус гэрээг хүчээр хийгээгүй. Хэрэв авто зогсоолтой холбоотой маргаж байгаа тохиолдолд “И Н Ө К” ХХК-тай маргах ёстой байх, эдгээр компаниуд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг бие даасан хуулийн этгээдүүд юм. Хэрэгт авагдсан баримтаар 36 айлын 8 ширхэг авто зогсоолтой орон сууцыг “М Э В” ХХК-ийн захиалгаар улсын комисст хүлээлгэн өгсөн ба 77 айлын орон сууцтай холбоотой маргааныг “И Н Ө К” ХХК хариуцах ёстой, түүнчлэн зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан гэх орон сууц захиалан бариулах тухай гэрээг орон сууц ашиглалтад орсны дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан, өрөөр хэлбэл бид бүрэн ашиглалтад орсон орон сууцнаас 51.02 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид өгсөн. Иймд эдгээрийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.М-ын гаргасан хариуцагч “М Э В” ХХК-нд холбогдох авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг цуцалж, 11 971 000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 490.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Б.М- давж заалдах гомдолдоо:

            ... Б.М- миний бие 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “И Н Ө К” ХХК-тай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол Д гудамж, 48 дугаар байранд 2 өрөө орон сууц худалдан авахаар 1/12 тоот гэрээг байгуулж 100 хувь төлбөрийг төлсөн. Тус компани захирал О.Х- нь компанийн зүгээс байрны төлбөрийг 100 хувь төлсний урамшуулалд зоорийн давхрын 6 тоот хаягт байрлах авто зогсоолыг надад өгөхөөр 1/13 тоот гэрээг мөн байгуулсан. Уг орон сууцны барилгын захиалагч нь О.Х- захиралтай “И Н Ө К” ХХК, гүйцэтгэгч нь мөн О.Х- захиралтай “М Э В” ХХК-иуд байсан бөгөөд дээрх 1/12 тоот, 1/13 тоот гэрээнүүдийг компанийн захирал О.Х- байгуулсан. Орон сууц нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй хугацаа алдаж 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулах комиссын акт гарч “М Э В” ХХК-ийн мэдэлд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Энэхүү улсын комиссын акт гаргаснаас хойш орон сууцны болон авто зогсоолын гэрчилгээ болох эрхийн бичгийг өгөхгүй 29 сарын хугацаа алдсан. Мөн хэрэгт авагдсан “М Э В” ХХК нь “И Н Ө К” ХХК-ийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх 1/12 тоот гэрээний дагуу “М Э В” ХХК нь “хүлээгдэх хариуцлагыг хариуцах болно” гэж гаргасан тодорхойлолт бичгээс үзэхэд ч гэсэн 1/12 тоот гэрээний дагалдах гэрээ болох 1/13 тоот хариуцлагыг ч хүлээх ёстой нь бүрэн дүүрэн харагдана. 1/12 тоот гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлсөн учраас 1/13 тоот гэрээгээр авто зогсоолыг урамшуулалд олгосон тухай тусгасан байгаа болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон хэрэгт авагдсан баримтаар “И Н Ө К” ХХК болон “М Э В” ХХК байгуулсан гэрээг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хийсэн бөгөөд 48 дугаар байрны гэрээ болох 1/12, 1/13 дугаар хийгдсэнээс хойш олон жилийн дараа хийгдсэн маргаанд хамааралгүй гэрээг шүүх нотлох баримт болгон үнэлсэн нь алдаатай болсон. Мөн 48 дугаар байрыг барихад ч нэг эзэнтэй /О.Х-ын/ энэ 2 компани хамтарч нэг нь захиалагч, нөгөө нь гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Иймд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.  

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “М Э В” ХХК-д холбогдуулан авто зогсоол захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг цуцалж, 11 971 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

 

Нэхэмжлэгч Б.М- “И Н Ө К” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” №1/12, №1/13 тоот гэрээнүүдийг байгуулж, №1/12 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “И Н Ө К” ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай барилгын 17 тоот 49,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 59 148 000 төгрөгөөр захиалан бариулах, №1/13 тоот гэрээгээр тус орон сууцны барилгын зоорийн давхарт автомашины 1 ширхэг /6 тоот/ зогсоолыг Б.М- худалдан авах, орон сууцны төлбөрийг бүрэн 100 хувь төлсөн тохиолдолд авто зогсоолын төлбөрөөс /байрны төлбөрөө төлсний урамшуулал болгон/ чөлөөлөхөөр тохиролцсон байна.

                                    / хэргийн 1 дэх хавтас, 10-12 дугаар тал /

 

Мөн нэхэмжлэгч Б.М- нь “М Э В” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч байгууллага Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай барилга болох “М Э В” ХХК-ийн 36 айлын цогцолбор хотхоны 48 дугаар байрны 1 дүгээр орц, 5 давхарт 14 тоот 51,02 мкв орон сууцыг хариуцагч байгууллага 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, нэхэмжлэгч орон сууцны нийт үнэ 59 148 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Хэдийгээр уг гэрээ нь 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөр огноологдсон байгаа боловч хариуцагч тус гэрээг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

                                       /хэргийн 1 дэх хавтас 13-17 дугаар тал/

 

Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б.М- Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн маягтыг бөглөж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах “М Э В” ХХК-ийн 36 айлын цогцолбор хотхоны 48 дугаар байрны 1 дүгээр орц, 5 давхарт 14 тоот 51,02 мкв орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдөл гаргасан, мөн “М Э В” ХХК нь 2017оны 2 дугаар сарын 22-ны өдөр Б.М-ын нэр дээр уг байрны гэрчилгээг олгуулах тухай 78/2017 тоот албан бичгийг хүргүүлж байжээ.

/хэргийн 1 дэх хавтас 141-146 дугаар тал/

 

            Нийслэлийн бүртгэлийн газрын Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.М-ыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Занабазарын гудамж 48 дугаар байр 14 тоот хаягт байршилтай 51,02мкв талбайтай хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 1 дэх хавтас 177 дугаар тал/

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М- 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “И Н Ө К” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” №1/12 тоот гэрээгээ өөрчлөн 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “М Э В” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “М Э В” ХХК нь “И Н Ө К” ХХК-тай “Барилгын захиалагчийн болон ерөнхий гүйцэтгэгчийн хороонд ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “И Н Ө К” ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороололд 77 айлын орон сууц барих ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон, эдгээр компаниуд тус тусдаа орон сууц барьж гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдсон байна.

/хэргийн 1 дэх хавтас 195-202 дугаар тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М- хариуцагч “М Э В” ХХК-тай авто зогсоол худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... “М Э В” ХХК нь “И Н Ө К” ХХК-тай байгуулсан 1/12 тоот гэрээний хариуцлагыг хүлээнэ гэсэн тул хариуцагч байгууллагаас авто зогсоолыг гаргуулна” гэсэн үндэслэл зааж байгаа боловч “М Э В” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигт 1/13 тоот гэрээний хариуцлагыг хүлээх талаар заагаагүй, мөн зохигчид авто зогсоол худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол хангах боломжгүй байна.

/хэргийн 2 дахь хавтас 78-79 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

                                                ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО