2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/422

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

2025          02           07                                   2025/ШЦТ/422

 

       
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Г.У,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Ө.Батчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2406067163852 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Г.У

  Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, групп-д байдаг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1091 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 488 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний адрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.У нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... хохирогч Ж.Нийн нүүр хэсэгт цохисний улмаас биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.У нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... явцдаа хохирогч Ж.Нийн нүүр хэсэгт цохисний улмаас бие махбодид нь “зүүн хацар, шанаанд цус хуралт зеөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би гэр бүлийн асуудлаар .................. дуудсаны дагуу өрөөнд нь мэдүүлэг өгч сууж байсан. .............. байцаагч өрөөнөөс түр гарах хооронд хамтран амьдрагч А.Мын ээж У гэж хүн мэдүүлгийн өрөөнд орилж орж ирээд чи хүн биш, чи захын халтар, чи хүүхдээ төрүүлээд хаясан чамайг хүүхэд чинь мэдэхгүй гээд гүжирдэж гутаан доромжилж эхэлсэн. Тэгээд мэдүүлгийн өрөөнд намайг гутаан доромжилоод орилоод байсан. Над руу дөхөж ирээд миний толгойн зүүн шанаа хэсэг рүү утас барьж байсан утастай гараараа 1-2 удаа цохисон. Миний толгой, нүд харанхуйлж, оч үсэрсэн мэт манараад хэсэг хугацаанд суусан. Намайг хэлж байсан үгээрээ хараагаад байсан. Тухайн хүүхдийн өрөөнд сууж байсан эмэгтэй цагдаагийн алба хаагчийн дэргэд энэ үйлдэл болсон. Тэгээд тэр цагдаагийн алба хаагч та болиоч гээд тухайн хүнийг өрөөнөөс гаргасан. Тэгээд тухайн үйл явдал болсоноос хойш миний толгой өвдөж, халуурч, зүүн шанаа хэсгээр хавдаж цус хураад өвчин орсон байсан ба зүүн чихнээс доош хүзүү хүртэл татаад тэнийж болохгүй, гэлжийсэн хөдөлхөд зовиуртай болсон. Уг үйл явдлаас хойш У гэж хүнийг өөрийн ухамсараараа уучлалт гуйх болов уу гэж горьдож хүлээсэн боловч холбоо бариагүй өнөөдрийг хүрсэн. Намайг бүхэл бүтэн төрийн цагдаагийн өмнө миний мэдүүлэг өгч байсан өрөөнд зүй бусаар, гутаан доромжилж орж ирээд миний биед халдсанд би маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

- гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Тухайн өдрийн 11 цагийн үед би өрөөнөөсөө түр гараад буцаад өөрийнхөө өрөөнд ороход хүүхдийн байцаагч, С ширээний урд нэг эмэгтэй мэдүүлэг өгөөд сууж байсан. Би өөрийн ширээн дээрээ сууж байхад Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Г нь Сийг яаралтай өрөөнд ороод ирээч гээд С байцаагч өрөөнөөс гарсан. Тухайн өрөөнд хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Н, Сд мэдүүлэг тайлбар өгч байсан эмэгтэй бид гурав байхад гаднаас 40-50 орчим насны эмэгтэй өрөөнд орж ирээд тэр мэдүүлэг өгч байсан эмэгтэйтэй муудалцаад 2-3 удаа алгадаж байгаа харагдсан. Тэгээд тэр мэдүүлэг өгч байсан эмэгтэй тухайн 40-50 орчим насны эмэгтэйг нэг удаа алгадаж байгаа харагдсан. Тэгээд маргаан болоод С байцаагч өрөөнд орж ирээд маргаан дууссан, тэр 40-50 орчим насны эмэгтэйг гаргасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би тус өдөр өөрийн шалгаж байсан зөрчлийн талаарх гомдол мэдээллийн дагуу хохирогч Н гэх эмэгтэйтэй уулзаж 216 тоот өрөөнд мэдүүлэг тайлбар авч байхад Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Г гэх хүн манай өрөөнд орж ирээд өмгөөлөгч А гэх хүн ирсэн, чамтай уулзмаар байна гэж хэлэхээр нь би мэдүүлэг тайлбар авч байна дуусгаад гарья гэж хэлсэн. Тэгээд мэдүүлэг тайлбар авч байхад над руу утсаар залгаад хурдан гараад ирээ, өмгөөлөгч хүлээгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо мэдүүлэг авч дуусч байна мэдүүлэг авч дуусаад гарая гэж хэлсэн. Тэгээд мэдүүлгээ дуусгаад Н түр хүлээж байгаарай эргээд ороод ирье гээд ерөөндөө ахмад Н, ахлах дэслэгч Э нартай хамт үлдээсэн. Г даргын өрөөнд орсон чинь өмгөөлөгч А гэх хүн сууж байсан. Тэгээд тухайн шалгаж байсан Нийн оролцож байгаа зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд өмгөөлөгчөөр оролцоно гэж хэлсэн. Тэгээд тухайн зөрчлийн холбогдогчийн ээж У гэх эмэгтэй Г даргын өрөөнд ороод ирсэн. Би тухайн өдөр зөрчлийн холбогдогч болон холбогдогчийн ээж У ерөөсөө дуудаагүй байсан. У нь Г даргын өрөөнд ороод ирхээр нь та зөрчлийн гомдол мэдээллийн оролцогч биш та өрөөнөөс гарч бай гээд гаргасан. Төд удалгүй кордорт эмэгтэй хүн орилж байгаа чимээ гарахаар нь би Г даргын өрөөнөөс гархад Н, У нар нь хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд тэр хоёр хүний маргааныг таслаад явуулсан. Өөр асуудал болоогүй....Н манай өрөөнд мэдүүлэг тайлбар өгөх гэж орж ирэхдээ ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан. Тэгээд намайг Г даргын өрөөнд ороод буцаж өрөөндөө ороход Н духны зүүн хэсэг, зүүн чамархай хэсэг улайсан байдалтай байсан. У нь Г даргын өрөөнд уулзахад болон тухайн маргааны дараа ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрий- 12547 дугаартай шинжээчийн “..Ж.Нийн биед зүүн хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хенгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Иймд шүүгдэгч Г.Угийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. өрөөнд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдах явцдаа харилцан цохилцож хохирогч Ж.Нийн нүүр хэсэгт шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Г.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус харилцааны улмаас уг гэмт хэрэг гарах болсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, эмэгтэй болох хувийн байдал, прокурорын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай гаргасан санал зэргийг тус тус харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Уг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ