2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

 

   2025         01        16                                          2025/ШЦТ/189

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Бын Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2403 00272 0425 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн............................. суманд төрсөн,  21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн .....................  тоотод оршин хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

О овогт Бын Г, /РД:...................... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Доржийн гудамж, Их засаг их сургуулийн зүүн урд замд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим Тоёота приус маркийн ......УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... тээврийн хэрэгсэл жолоодох;. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Бr мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ээлжийн ажлаасаа бууж ирээд унтаж байсан ба оройн 22 цагийн үед найз маань залгаад Гэмтлийн эмнэлэг ороод ирье гэж хэлсэн. Би найздаа жолоодох эрхгүй гэж хэлсэн. Монелоос Их засаг явах замд уг осол гарсан. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн орой эмнэлгээс над руу залгаад нөхөр маань осолд орсон гэдгийг мэдсэн. Тухайн үеэс хойш нийт 5 сарын хугацаанд гипстэй байсан ба тухайн хугацаандаа хэвтэж унтаж байгаагүй. Гар хатангиршсан учраас буцаад хэвийн байдалд орохгүй гэсэн. Сэтгэцэд учирсан хохирлыг өмнө нь тогтоосон 4 дүгээр зэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаан даргалагч шийдвэрлээгүй. Тиймээс сэтгэцэд учирсан хохирлыг 5 дугаар зэргийн хохирлыг тогтоож өгөхийг хүсэж байна. Манай нөхөр мөргүүлсэн газраасаа 23 метр газар шидэгдсэн байсан. Одоогоор манай нөхөр ажил хийхгүй байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цалин хөлс, компанийн үйл ажиллагааны зардлаа нэхэмжилнэ. Шинээр гаргаж өгсөн 10 хуудас баримтад саяхан хийлгэсэн эмчилгээний баримтуудыг өгсөн” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     102 дуудлага лавлагааны хуудас /1 хх-ийн 4 дэх тал/,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр: асфальт, шулуун тэгш, хуурай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв.” гэх тэмдэглэл /1 хх-ийн 5-10 дахь тал/,

 Жолоочийг согтуурлыг шалгасан жолооч *******-ийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй... гэх тэмдэглэл, /1 хх-ийн 11 дэх тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Б-гийн "... Цайз зах орчмоос орой 21 цагийн орчим дүүгийн хамт гарч ирээд Их засаг их сургуулийн зүүн урд байрлах Намар нэртэй зочид буудалд орсон. Цайзад ахындаа байхад би нэг лааз пиво уусан. Буудалд ороод хамт явсан дүүгээ “Баянхошуунд автомашин хүргээд өгчих” гээд явуулаад би буудалдаа ганцаараа үлдсэн. Тэнд байж байтал би татах тамхи дууссан байхаар нь тамхи худалдаж авах гээд 22 цагийн орчим буудлаасаа гарахад замын урд нэг жижиг дэлгүүр байсан. Дэлгүүр орж тамхи авчхаад зам руу орох гээд явж байснаа санаж байна. Тэгээд түүнээс хойш юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 14-15 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Иын өгсөн: “... Уг автомашиныг зарж борлуулсан ба эзэмшил нэр усаа солиулах гээд Г рүү холбогдоход удаа дараа шалтгаан хэлж хойшлуулж явсаар энэ осол гарсан. Г-ийн хамт цугтаа ажилладаг байх үедээ аман гэрээгээр өөрийн автомашиныг зарж борлуулсан учир би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцохгүй” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 23 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Б нь нийт 130,800 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 130,800 зардал гарсныг яллагдагч *******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 30 дахь тал/

Гэрч Б.А-ийн өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тарж ирээд төрсөн эгч С-ийн хүүхэд Г нь Улаанбаатар хотод ................... ажилладаг юм. Тэр өдөр ажлаа тараад дүү Г-ийн гэрээр нь ороход “маргааш ээлждээ гарна” гээд найз охин өөр нэг эмэгтэй нарын хамт байж байсан. Тэгээд Г-ийн гэрээс орой 22 цагийн орчим гараад өөрийн гэртээ очоод кино үзээд байж байтал Г осол гаргасан талаар мэдээд уг газарт нь очиход түргэн тусламж ирээд мөргөсөн гэх хүнийг нь аваад явсан Г 2 найзын хамт байж байсан. Манай дүү С болон миний зүгээс Гд байнга “жолоодох эрх авч байж автомашин жолоод” гэж хэлдэг байсан.  2023 онд ажил хол учраас ажил гэрийн хооронд автомашин хэрэгтэй гээд өөрөө цалингийн зээл аваад уг автомашиныг авсан. Тэр автомашиныг өөрөө “ажил гэрийн хооронд унаж хэрэглэдэг ба жолоодох эрх аваад уг автомашинаа жолоод” гэж хэлдэг байсан. Ингэж хэлэхээр “удахгүй жолоодох эрхээ авна шалгалтаа өгч байна” гэх мэтээр хэлж байсан. Тэр осол гарсан өдөр гэрээр нь ороход ямар нэгэн байдлаар гарах байдалгүй байхаар нь би тэр өдөр юм хэлээгүй. Тэд нарын ярьснаар найз нь “хүрээд ирээч” гэж дуудахад нь найз охин Б нь “хэрэггүй” гэж хэлэхэд Г “явна” гэж уурлаад бага зэргийн маргаан болоод цугтаа гарсан гэсэн. Уг автомашиныг авснаас хойш ажилдаа явахдаа жолоодоод заримдаа ажлын хүнээрээ жолоодуулаад явдаг юм шиг байна лээ” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 34 дэх тал/,

 Гэрч Ц.Бын өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хамтран амьдрагчийн хамт түрээсийн байрандаа байж байтал хамтран амьдрагч найз Ган- Эрдэнэ рүү найз нь гэх Т гэдэг хүн утсаар залгаад “Их засаг их сургуулийн орчим хүрээд ирээч” гэсэн. Тэр үед би “хамтдаа явья” гэж хэлээд хамт явахаар болоод гэрээсээ 22 цаг 50 минутын орчим гарсан байх. Тэгээд гараад Баянзүрх дүүргийн нутаг Монел орчмоос гараад 1000-н оюутны байрны хойд замаар зүүнээс баруун зүгт Их засаг их сургууль чиглэлд явсан. Тэгээд баруун зүгт явж байтал бид нарын ар хэсэгт явж байсан өөр нэг автомашины гэрэл маш хүчтэй тусаад тэр автомашин гүйцэж түрүүлээд хажуугаар гараад явах үед нүд харанхуйлаад багцаа баримжаа алдагдаад явж байтал миний зүүн гар талд нэг хүн харагдах шиг болсон. Гэхдээ яг хүн гэж мэдэгдээгүй. Юу юм бол гэж бодож байтал гэнэт манай машины урд нэг явган хүн гарч ирээд мөргөгдсөн. Тэр хүн жолоочийн тал буюу автомашины баруун талд мөргөгдөөд нэг хэсэг урд тал дээр тогтож байгаад байхгүй болсон. Энэ үед найз Г маань цочролд орсон юм шиг байна лээ өөрийн автомашиныг зогсоохгүй яваад байхаар нь би хажуугаас нь “зогсооч” гээд орилох үед найз маань огцом тоормос гишгээд өөрийн автомашиныг зогсоосон. Тэгээд автомашин зогсохоор нь бид нар буугаад нөгөө хүн рүү гүйгээд очиход амьсгаатай амьсгалж байсан. Хариу үйлдэл үзүүлэхгүй өндөр амьсгаатай байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 57 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаар шинжээчийн “О.Б-гийн биед баруун талын уушгины дээд, дунд доод дэлбэнд тархмал няцрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг няцрал, нарийн гэдэсний угийн чацархайн задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/, баруун талын 3, 4 дүгээр хавирга хоёрлосон, 2, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны ил хугарал, духны баруун хэсэг болон баруун хацар, хэвлийн урд хэсэг, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т болон 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 63-65 дахь тал/,

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... Тоёота приус 20 маркийн ................ УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,135,000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт, /1 хх-ийн 95-96 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 108-114 дэх тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 971 дүгээр магадалгаа /1 хх-ийн 118-119 дэх тал/ 

Хохирлын баримтууд /2 хх-ийн 8-14 дэх тал/

Хаан банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 17-23 дахь тал/

Хөлсөөр ажиллах гэрээ /2 хх-ийн 31-33 дахь тал/

Мөнгөн шилжүүлгийн баримтууд /2 хх-ийн 42-44 дэх тал/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан /1 хх-ийн 40 дэх тал/

Гэрч Х.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 54 дэх тал/

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 хх-ийн 72-73 дахь тал/

*******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх -ийн 227-228 дахь тал/

Хохирол 14,950,000 төлсөн зэрэг нотлох баримтыг нотлох баримтыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Доржийн гудамж, Их засаг их сургуулийн зүүн урд замд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим Toyota Prius маркийн ......УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар 14,738,550 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 14,950,000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 674,200 төгрөгийн баримт нэмэлтээр гаргасан, шүдний эмчилгээний 6,500,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Шүүхийн шатанд 3,338,028 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчээс 4,122,028 төгрөгийг эмчилгээний зардалд гаргуулах, шүдний эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх, хохирогчийн цалин хөлс 10,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35 дахин нэмэгдүүлж 23,100,000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс тус тус гаргуулах саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар хохирогчийн өмгөөлөгч: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураараа хүлээсэн. Мөн уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн зам тээврийн осол гарсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зарлагын баримт авч ирээд хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч өөрөө ч гэсэн хохирол төлөх гээд өдөр шөнөгүй ажил хийж байгаа, мөн эхнэр хүүхдийн хамт түрээсийн байраар амьдардаг. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч цалин хөлсөө иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг бол гэмт хэргийн холимог хэлбэртэй юм. Тиймээс дээрх нөхцөлүүдийг харгалзах үзэхийг хүсэж байна” гэв.

******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Бг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ийнүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Тоёота Приүс маркийн ......УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Б-г мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь 102 дуудлага лавлагааны хуудас /1 хх 4/,

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр: асфальт, шулуун тэгш, хуурай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв... гэх, /1 хх 5-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бгийн "Дэлгүүр орж тамхи авчхаад зам руу орох гээд явж байснаа санаж байна. Тэгээд түүнээс хойш юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг, /1 хх 14-15/,  

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.И-ын өгсөн: “... Уг автомашиныг зарж борлуулсан ба эзэмшил нэр усаа солиулах гээд Г рүү холбогдоход удаа дараа шалтгаан хэлж хойшлуулж явсаар энэ осол гарсан” гэх мэдүүлэг, /1 хх 23/,

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Б нь нийт 130,800 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 130,800 зардал гарсныг яллагдагч *******эс гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, /1 хх 30/

Гэрч Б.А-ийн өгсөн: “Тэгээд Г-ийн гэрээс орой 22 цагийн орчим гараад өөрийн гэртээ очоод кино үзээд байж байтал Г “осол гаргасан” талаар мэдээд уг газарт нь очиход түргэн тусламж ирээд мөргөсөн гэх хүнийг нь аваад явсан Г 2 найзын хамт байж байсан” гэх мэдүүлэг, /1 хх-34/,

 Гэрч Ц.Бын өгсөн: “Юу юм бол гэж бодож байтал гэнэт манай машины урд нэг явган хүн гарч ирээд мөргөгдсөн. Тэр хүн жолоочийн тал буюу автомашины баруун талд мөргөгдөөд нэг хэсэг урд тал дээр тогтож байгаад байхгүй болсон. Энэ үед найз Г маань цочролд орсон юм шиг байна лээ өөрийн автомашиныг зогсоохгүй яваад байхаар нь би хажуугаас нь зогсооч гээд орилох үед найз маань огцом тоормос гишгээд өөрийн автомашиныг зогсоосон. Тэгээд автомашин зогсохоор нь бид нар буугаад нөгөө хүн рүү гүйгээд очиход амьсгаатай амьсгалж байсан. Хариу үйлдэл үзүүлэхгүй өндөр амьсгаатай байсан...” гэх мэдүүлэг, /1 хх 57/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт, /1 хх 63-65/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, /1 хх 108-114/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 971 дүгээр магадалгаа /1 хх 118-119/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах, мөн хохирогчийн авсан эмчилгээ үйлчилгээ авсан зардлыг төлөх үүрэгтэй байна.

Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд баримтаар 14,738,555 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс нийт 14,950,000  төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авсан төлбөрт 130,800 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

  Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн  биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу дөрөвдүгээр зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан мөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд  660,000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30,360,000 төгрөг, шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн 3,448,000 төгрөгөөс баримтгүй 600,000 төгрөгийг хасаж үлдсэн 2,848,000 төгрөгийг тооцон шүүгдэгчээс нийт 33,208,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд  олгох нь зүйтэй байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Батцэцэг: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд: “Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлсөн байдал болон өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Тухайн осол гарах үед хохирогчийн буруутай үйлдэл болон хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулахад хуульд харшлах зүйлгүй гэж харж байна. Тиймээс 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр тодорхой хэсгийг нөхөн төлсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн 2 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч О овогт Бын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-ийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

               5. Ялтан *******д хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.  

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1 дэх хэсэг 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч *******эс 2,848,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 30,363,000 төгрөг, нийт 33,208,000 /гучин гурван сая хоёр зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд олгосугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА