Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 425

 

“Х Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэртэй, “Х Б”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш Д Ш”ХХК, Ё.Ч, Ё.Чнарт  холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 256 026 525 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, хариуцагч Ё.Ч, хариуцагч Ё.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш Д Ш”ХХК, Ё.Ч, Ё.Ч нар нь 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай, хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ”-ний дагуу 400 000 ам.долларыг хувьсах хүүтэй буюу жилийн дундаж нь 6.5 хувь, 96 сарын хугацаатай зээлж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-000/0 тоот хаягт байрших 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, мөн дүүрэг Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаяг, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон, 2695 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд, үйлдвэрийн тоног төхөөрөмж, 5122013845, 5122013222, 5122013233 тоот дансны орлого, авлага зэрэг хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. 

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар үндсэн зээлд 75 097.05 ам.доллар, хүүд 44 131.42 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 0.49 ам.доллар, нийт 119 228.96 ам.долларын төлөлт хийсэн. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 324 902.95 ам.доллар, хүү 51 820.60 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 2 656.07 ам.доллар, нийт 379 379.62 ам.долларын зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. 

Мөн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр талууд ЗГ-0373 дугаар Зээлийн шугамын гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн ба зээлээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 267 000 000 төгрөг, хүүд 35 046 882.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 041 271.23 төгрөг нийт 303 088 153.42 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн хувьд 200 000 000 төгрөг, хүү 103 561 643.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 712 328.77 төгрөг, нийт 324 273 972.61 төгрөг байгаа болно. 

Зээлдэгч нарт зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлөх мэдэгдэл олон удаа бичгээр өгч байсан ч гэрээний үүргээ зөрчсөн тул 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төслийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зээлийн үүрэгт 379 379.62 ам.долларыг шаардаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөх учраас тухайн үед Монгол банкнаас гаргасан валютын ханшаар тооцоолж, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2 455.99 төгрөгт тооцож, улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

Ам.долларыг төгрөгт хөрвүүлэхэд 931 752 553 төгрөг болсон. ”Х Б”ХХК-ийн хувьд ам.долларын ханш 1500 төгрөг байх үед зээлсэн мөнгөн хөрөнгө байдаг. Энэ хугацаанд ам.долларын ханш хоёр дахин өссөн ч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар шийдвэрлэнэ. 

Иймд шаардлагаа дэмжиж хариуцагч нараас 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 931 752 553 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 324 273 972.61 төгрөг, нийт 1 256 026 525 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Х Б”ХХК-иас 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын чиглэлээр 3 шатлал бүхий Жайкагийн төслийн зээлийг авч, төслийг хэрэгжүүлэхийн тулд  2008-2013 он хүртэл судалгаа шинжилгээ хийгдэж, 2013 онд бодит судалгааны үндсэн дээр хөрөнгө оруулалтын зээл олгосон. Энэхүү хөрөнгө оруулалтын зээл эргэлтийн зээл шиг биш хөрөнгө оруулалтанд хэрэглэх шаардлагатай байдаг. Тухайн үед ам.долларын ханш 1432 төгрөг байсан ба энэ ханшаар буцаан төлнө гэж бодож байсан. Одоо манай хашаанд  блок, цемент, сантехникийн материалууд нь байгаа.

2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төслийн зээлээс 75 000 ам.доллар, хүүд 45 355 ам.доллар, нийт 120 355 ам.долларыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлсөн учир үндсэн зээлийн үлдэгдэл 325 000 ам.доллар бөгөөд үүнээс хүүг хасч 280 000 ам.долларыг 1432 төгрөгөөр тооцон төлнө. Ам.долларын өсөлтөөс болж алдагдалд орсон. Ханш хэлбэлзэх гэдгийг 200 төгрөгийн дотор хэлбэлзэхийг хэлдэг болохоос 1000 төгрөгөөр хэлбэлзэхийг хэлэхгүй. Энэ бол эдийн засгийн тогтворгүй хямралт байдал. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зээл авсан өдрийн ханшаар төлнө гэж ойлгож байна.

2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөг, жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлээс 45 433 139 төгрөг төлсөн, үндсэн 200 000 000 төгрөг төлөгдөөгүй. Гэтэл нэхэмжлэгч надаас 324 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үндсэн зээл 200 000 000 төгрөгийг иргэн хүнийхээ хувьд төлнө. 200 000 000 төгрөгийг авсан байлаа гэхэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээний хүү тооцоогүй байна. Энэ зээлийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр авч 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусах байсан ч 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүү төлсөн. 200 000 000 төгрөгийн зээлийг шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэдэг журмаар шийдвэрлүүлнэ.  

Зээлийн эргэн төлөлтийн тооцоолол зөрж байгаа. Хариуцагч нарын төлсөн төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцоогүй тул хасуулах хүсэлтэй ба ам.долларыг үүрэг үүсэх үеийн Монгол банкны ханшаар тооцож өгнө үү. Хариуцагч нар зээл авсан тул нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Шугамын зээлийн хүүд төлсөн 45 433 139 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй. 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ам.долларын зээлийн гэрээг банкны зүгээс хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ш Д Ш”ХХК, Ё.Ч, Ё.Ч нараас 1 128 855 436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Б”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-000/0 хаягт байршилтай 1008 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Үйлдвэрийн баруун бүс-2, 32 тоот хаягт байршилтай, 1560 м.кв талбайтай үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай орон сууц, нэгж талбарын 8020/0052 дугаартай, 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгогдсон, 2695 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 578 481.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 802 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт хүргүүлсэн Зээл буцаан дуудах тухай мэдэгдэлд зээлийг төлж барагдуулах хугацааг мөн өдрөөр буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор зээлийн нийт төлбөрийг төлж барагдуулахаар тогтоосон тул уг мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Банкны зүгээс зээлдэгч нарыг зээлээ төлөхгүй байгаа тохиолдолд зээл төлөх мэдэгдлийг амаар, бичгээр мэдэгддэг. Гэтэл шүүх уг мэдэгдлийг үндэслэн зээлийн гэрээнээс татгалзсан, цуцалсан мэт тайлбарласан нь хуульд нийцэхгүй. Уг мэдэгдэлд гэрээнээс татгалзах, цуцлах тухай үг, үсэг огт байхгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан нь үүрэгтэй гэсэн ойлголт биш. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах эрхтэй гэдэг нь сонгох эрхтэй зохицуулалт гэж ойлгож байна. Банк дээрх хуулийн дагуу гэрээнээс татгалзаж болно, шаардлагатай гэж үзвэл татгалзахгүйгээр гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэх эрх нь нээлттэй. Банк зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар цуцлагдсанаар тооцох хүсэл зориг огт байхгүй байхад шүүх талуудын гэрээгээр тохиролцсон, хуулиар олгосон эрхэд хөндлөнгөөс халдаж, шууд гэрээнээс татгалзсанд тооцох, хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн хууль хэрэглээний хувьд зээлдэгч тал гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзахад хүрвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйл буюу үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах зохицуулалтаар зохицуулагдана. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...уг мэдэгдлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй...” дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг нь гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй эсэхээс үл хамааран гэрээнээс татгалзах эрхийг ерөнхийд нь зохицуулсан, харин 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг нь гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн үед хэрэглэх зохицуулалт гэж үзэж байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг тогтоох хэсэгт үндэслэл болгосон гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Х Б”ХХК нь хариуцагч “Ш Д Ш”ХХК, Ё.Ч, Ё.Ч нарт холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 379 379.62 ам.доллар буюу төгрөгт хөрвөх ханшаар 931 752 553 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн шугамын гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 324 273 972.61 төгрөг, нийт 1 256 026 525 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх гэрээ тус бүрийн зээлдэгч тал нь хариуцагч “Ш Д Ш”ХХК, Ё.Ч, Ё.Ч нар байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болох тул зээлдүүлэгч нь гэрээний үүргийг тэдний хэн алинаас шаардаж нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа “280 000 ам.долларыг зээл авах үеийн ханшаар буюу нэг ам.долларыг 1 432 төгрөгөөр тооцож төлнө” гэж маргасан боловч  шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, үүрэг үүсэх үе гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч тухайн үеийн буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгт хөрвөх ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнг тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талууд 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай хувьсах хүүтэй төслийн зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч нь 400 000 ам.долларыг хувьсах хүүтэй буюу жилийн дундаж хүү 6.5 хувь, хугацаа 96 сар байхаар тохиролцсон, мөн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн шугамын гэрээг зээлдэгч нартай байгуулж 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн талаар талууд маргаагүй. /хх13-15, 22-23/

 

Иймд шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. Тодруулбал, уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч тал нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн хувьд хуулиар тогтоосон буюу гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж, тохирсон хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, харин зээлдэгч тал зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогджээ.

 

Зохигчид 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0000 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтөөр үндсэн зээлд 75 097.05 ам.доллар, хүүд 44 131.42 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 0.49 ам.доллар, нийт 119 228.96 ам.доллар төлсөн, харин ЗГ-0372 дугаар гэрээний үндсэн зээлд 267 000 000 төгрөг, хүүд 35 046 882.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 041 271.23 төгрөг, нийт 303 088 153.42 төгрөгийг тус тус төлсөн талаар маргаагүй болно. /хх1-4, 49-53/

 

Түүнчлэн, 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЗГ0000 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор зээлдэгч Ё.Чийн эзэмшлийн нэгж талбарын 8020/0052 дугаартай, 2695 м.кв талбайтай 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрх, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн баруун бүс-2 /17070/, 32 тоотод байршилтай, Ү-2206009081 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үйлдвэрлэл, ажилчдын амрах байрны зориулалттай, 1560 м.кв талбай бүхий орон сууц, мөн дүүрэгт байрлах Чингисийн өргөн чөлөө-000/0 тоотод байршилтай, Ү-2206004664 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай, 1008 м.кв талбай бүхий барилга зэргийг барьцаалан БП0266 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”, 15 000 000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж, 5122013845, 5122013222, 5122013233 тоот дансны орлого, авлага зэрэг хөдлөх эд хөрөнгөнүүдийг барьцаалсан БГ0266 дугаар “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байна. /хх16-21,28-30/

 

Дээрх барьцааны гэрээ тус бүр нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ “... шүүх хэргийн 31 дүгээр талд авагдсан “Зээл буцаан дуудах мэдэгдэл”-ийг зээлдүүлэгч зээлийн гэрээнээс татгалзсан гэж дүгнэн ЗГ0000 дугаар зээлийн гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нийт 127 170 989 төгрөгт холбогдох хэ

сгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Тухайн мэдэгдэлд дурдсан хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээг цуцлагдсанаар тооцох хүсэл зориг байгаагүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг тогтоох хэсэгт үндэслэл болгосон...” гэж тайлбарлажээ.

 

2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0000 дугаартай зээлийн гэрээний хугацаа талуудын тохиролцсон ёсоор 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч нар хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 840.20 ам.доллар төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй нь “Зээлийн бүртгэлийн карт”, талуудын тайлбар, бичгийн бусад баримтаар тогтоогдож байна./хх24-25/

 

Хэргийн 31 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05122/714 дугаартай “Зээл буцаан дуудах мэдэгдэл”-ийг үндэслэн нэхэмжлэгч тал уг мэдэгдэл хүргүүлсэн өдрийг зааж, нийт мөнгөн төлбөрийг шаардаж байгаа нь зээлдүүлэгч тухайн өдөр гэрээнээс татгалзсан буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх мэдэгдлийг зээлдэгч талд хүргүүлснийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч гэрээнээс татгалзсан тухайгаа гэрээний нөгөө талд мэдэгдсэн гэж үзэж, үндсэн зээлийн үлдэгдэл 324 902.95 ам.доллар, хүү 2 691.80 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4.94 ам.доллар, нийт 327 599.69 ам.доллар буюу 804 581 562.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 127 170 989 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцагч талын хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, түүний хүүгийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Ийнхүү гэрээний үүргийн зөрчил гарч, уг зөрчлийг цаашид арилгах боломжгүй болсон буюу гэрээг цуцлах хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзах эрхтэй атал зээлдүүлэгч уг эрхээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг заасныг үндэслэл болгон тайлбарласныг зөвтгөн мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн зээлийн хүү нэмэгдсэн байх тул шүүх зээлдэгч нарын төлөх зээлийн хүүгийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Талууд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шугамын зээлийн гэрээнд төлсөн мөнгөн төлбөрийн хэмжээний талаар ижил байр суурьтай байсан бөгөөд уг гэрээний талаарх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ хариуцагч тал хүүд төлсөн 45 433 139 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна гэж анхан шатны шүүхэд тайлбарласан байна. Гэвч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х Б”ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 793 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

                                         ШҮҮГЧИД                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                 Т.ТУЯА