Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/91

 

 

 

 

 

 

     2021           1              19                                      2021/ДШМ/91

    

 

Д.О, П.Ю, С.О нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

яллагдагч Д.О, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

яллагдагч П.Ю, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

яллагдагч С.Огийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/4018 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Д.О, П.Ю, С.О нарт холбогдох 1902008130359 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8ы өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ПЮ83010912/;

П.Ю,

С.О,

Яллагдагч Д.О нь Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сард тус сургуульд анх элсэн орох шалгалт өгөөд тэнцээгүй, Эрдэнэбат овогтой Ганнямыг сургуульд оруулж өгнө гэж амлаж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд түүний эгч П.Югаас 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ажилтнаар дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

мөн тус сургуульд анх элсэн орох шалгалт өгөөд тэнцээгүй Л.Бямбасүрэнгийн ээж болох иргэн М.Оюунсүрэнгийн хүүхдээ тус сургуульд оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн 2018 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль дотор албан ажлын өрөөндөө хандив нэрээр М.Оюунсүрэнгээс 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

мөн 2018 оны 10 дугаар сард иргэн Д.Дагиймаагаас түүний төрсөн хүүхэд болох О.Болдхуягийг цэргийн хөгжмийн сургуульд оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс Д.Дагиймаагаас хандив нэрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль дотор албан ажлын өрөөндөө 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

мөн 2018 оны 9 дүгээр сард иргэн Б.Алтанцэцэгээс түүний төрсөн хүүхэд болох Б.Буяндэлгэрийг цэргийн хөгжмийн сургуульд оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнээс хандив нэрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль дотор албан ажлын өрөөндөө 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

мөн 2018 оны 6 дугаар сард иргэн Ж.Болормаагаас түүний төрсөн хүүхэд болох Б.Баярмагнайг цэргийн хөгжмийн сургуульд оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс Б.Баярмаагаас хандив нэрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль дотор албан ажлын өрөөндөө 500.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

мөн 2018 оны 8 дугаар сард иргэн Ц.Сурмаагаас түүний төрсөн хүүхэд болох Г.Жавхланг цэргийн хөгжмийн сургуульд оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнээс хандив нэрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль дотор албан ажлын өрөөндөө 600.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

Яллагдагч П.Ю нь 2018 оны 7 дугаар сард Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуульд анх элсэн орох шалгалт өгөөд тэнцээгүй Э.Ганнямыг тус сургуульд оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн жагсаалын дарга, ахлагч С.Огийн “ХААН” банкны 5753521872 тоот дансаар шилжүүлж 1.000.000 төгрөгийн хахуулыг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн захирал дэд хурандаа Д.Од өгсөн гэмт хэрэгт,

Яллагдагч С.О нь Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуулийн жагсаалын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сард тус сургуульд элсэн орох шалгалт өгсөн боловч сонсголын шалгалтад тэнцээгүй гэх Э.Ганнямд давуу байдал бий болгох зорилгоор буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургуульд Э.Ганнямыг оруулахын тулд тус сургуулийн захирал Д.Од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийг Э.Ганнямын эгч болох П.Югаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн “ХААН” банкны 5753521872 дугаарын дансаар хүлээн авч тус сургуулийн захирал Д.Од 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр түүний ажлын өрөөнд бэлнээр өгч, хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, П.Югийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15-т зааснаар яллагдагч Дангаасүрэнгийн Д.О, Пунцагийн П.Ю, Сүхээгийн С.О нарт холбогдох хэрэгт оролцогч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Иймд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.О, П.Ю, С.О нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902008130359 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.О, П.Ю, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, …шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах үндэслэлийг тодорхойлсон заалтууд нь зөвхөн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хандаж гаргасан хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй гэснээс өөр зүйлгүйгээр тодорхойлсныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд үнэлж, нотлох баримтыг үнэлж, дүгнэснээрээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлын хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.

-Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч буй талаарх аливаа хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

“Сургуулиас төсөвлөсөн хэмжээнд засвар үйлчилгээ хийгдэх боломжтой эсэх, засварт нийт хэдэн төгрөг зарцуулагдсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, засварын ажлыг гүйцэтгэсэн ажилчдаас гэрчийн мэдүүлэг авах, Д.О, Сүх-Очир нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагааг гаргуулах, багш, ажилчдаас гэрчийн мэдүүлэг авах” гэсэн болон шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа нь тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагаа,

харин яллагдагч Д.Оийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хахууль авснаар төгсөх ба сургуулийн засварт төсөвлөгдсөнөөс илүү хэмжээний мөнгө зарцуулагдсан эсэх нь яллагдагчийн хахуульд авсан мөнгө засварт зарцуулагдсаныг нотлохгүйн зэрэгцээ хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож буй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хэмжээ хязгаарыг зөрчиж, яллагдагч Д.Оийн гэм буруутай эсэх талаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг”-ийн шатанд шүүх урьдчилан дүгнэлт хийж байгаа агуулгыг бүрэн илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр гэж үзнэ.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлтийг хүлээн авснаар яллагдагчийн хувьд “шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн.

Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлоогүй бол шүүхээс хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжийг бий болгох учиртай.

Гэтэл шүүхээс мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж буй нь яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр, “шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд”, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг аливаа урьдчилсан дүгнэлтгүйгээр, тэгш эрхийн үндсэн дээр шийдвэрлэх дундын буюу аль нэгэн талын нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах хуулиар тодорхойлогдсон байр суурийг алдагдуулахад хүргэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/4018 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцэл дээр нэмж хэлэх тайлбар байхгүй. Дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүхийн эрх хэмжээг хэтрүүлсэн зүйл байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ “... шүүх өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн атлаа нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг дүгнэсэн байна” гэж дурдсан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дугаар зүйлд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх бүрэн эрхтэй, хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн зүйл байхгүй. Мөн өмгөөлөгч нарын саналыг харгалзан үзэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна, өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэх захирамж гаргасан. Хахууль авсан гэж байгаа бол өгсөн гэх хүмүүсийг нь татах шаардлагатай, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нотлох баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.

Яллагдагч П.Югийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан хахууль өгсөн гэх 5-6 хүнээс ганцхан манай үйлчлүүлэгч яллагдагчаар татагдсан. Өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн гаргасан саналтай адилхан байр суурьтай байна. ...” гэв.   

Яллагдагч П.Ю тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч С.Огийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Д.О, П.Ю, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 7ы өдрийн 4018 дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхой бус бичигдсэн талаар:

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа “...Яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15-т зааснаар яллагдагч Дангаасүрэнгийн Д.О, Пунцагийн П.Ю, Сүхээгийн С.О нарт холбогдох хэрэгт, оролцогч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрх зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. ...” гэж нийлмэл өгүүлбэр бүхий, тодорхойгүй, үндэслэлээ бүрэн гаргаж тайлбарлаагүй, хуулийн хэм хэмжээний зохицуулалт, тэдгээрийн логик уялдаа зэргийг бүрэн илэрхийлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан эсэх нь эргэлзээ бүхий дүгнэлт хийжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй болно.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд прокурор Г.Батбаяр “...Тухайн хүсэлтэд ...өмгөөлөгч Н.Ууганцэцэг хавтаст хэрэгтэй танилцах эрхийг маань хязгаарласан, ...Д.Оийн 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн маршрутыг тодорхойлох, ... гэх зүйлийг тусгасан байдаг. ...прокурорын шатанд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу прокурорын шатанд нэмэлт ажиллагааг хийсэн бөгөөд холбогдох гэрч нараас мэдүүлэг авч, Д.Оийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн байдаг. ...иймд оролцогчийн эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй. ...Авлига албан тушаалын гэмт хэрэг нь авлига авсан үйлдлээрээ энэ гэмт хэрэг төгсдөг. Харин тухайн авлигаас авсан мөнгөө юунд зарцуулж байгаа нь огт хамаагүй зүйл. ...Үндэсний батлан хамгаалах их сургуулийн төсвийн мөнгийг зөв зарцуулсан эсэх талаар тухайн байгууллагаас гомдол мэдээлэл гаргасан тохиолдолд шалгах боломжтой. ...Үүн дээр нэмэлт шинжээч томилох нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. ...шаардлагатай гэвэл тухайн гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан асууж тодруулах зүйлээ тодруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэх зэргээр өмгөөлөгчийн тайлбарыг няцаан үгүйсгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно хэмээн заажээ.

 

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан хүсэлтийг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүнгэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Дээрх байдал нь буюу шүүхийн дүгнэлт нь хэргийн оролцогч нар өөрсдийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийхэд чухал бөгөөд талуудад маргааныг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг ойлгуулдагаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлнө.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй бичигдсэн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгээс “хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн хэргийг прокурорт буцаах зохицуулалттай уялдаатай авч үзсэнээр хэргийг прокурорт буцаах үндэслэл үүсэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх захирамждаа тодорхой заалгүй, “өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй” гэж ерөнхий байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүх дээрх хуулиудад заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог онцлогтой бөгөөд энэ нь шүүхээс ямар шийдвэр гаргах дотоод итгэлийг бий болгох гол хүчин зүйл юм.

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтын бодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.

Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу яллах эсхүл өмгөөлөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог.

3. Анхан шатны шүүхийн шүүгч захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн талаар:

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “шүүх гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Яллагдагч Д.О, П.Ю, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар тодорхой бичих үүрэгтэй.   

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 7ы өдрийн 4018 дугаар захирамжид дээрх байдал тодорхой бус байгаа нь тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

Үүнээс гадна анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдаагүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зүйн утгаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хуулийг хэрэглэх нэг бүрчилсэн шинжтэй заавал биелүүлэх шийдвэр гаргах үйл явц болохыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго зарчимд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

Иймд дээд шатны прокурорын бичсэн “...шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч буй талаарх хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнээс гадна, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг нягтлан шалгадаг.

Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох хүн /хуулийн этгээд/-ий нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, хор уршиг бүхий шинжүүдийн нийлбэр юм.

Хууль зүйн ач холбогдлоор нь гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Яллагдагч Д.О, П.Ю, С.О нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянаад, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг магадлалд зааснаар нэмж хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

гэрч П.Цогтбаярын “...Д.О захирал зан харилцааны хувьд ямар нэгэн доголдол байхгүй, ...дутагдалтай тал гэвэл шалгалтанд тэнцээгүй хүүхдүүдийн хувийн байдлыг ашиглаж сургуульд оруулдаг гэдгийг хэлье. ...” /2хх 39/,

гэрч Д.Ганчулууны “...миний зүгээс сургуулийн захирал Д.Оийн өрөөнд орж сонсголын шалгалтанд тэнцээгүй хүүхдүүд яагаад сургуульд ороод ирчихсэн байгаа юм бэ, ...шалгалтанд ном журмынхаа дагуу тэнцсэн бусад хүүхдүүд яах болж байна, хүүхдүүд барьцах асууудал гарвал яах юм бэ гэдэг зүйлийг хэлсэн. Захирал Д.О нь ямар ч арга байхгүй, зүгээр л ав гэдэг зүйлийг хэлдэг байсан, өөр тодорхой зүйл хэлж байгаагүй. ...” /2хх 41/,

гэрч М.Оюунсүрэнгийн “...Д.О захирал надад хандаж хандиваар ганц нэг хүүхэд авна, 500.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор маргааш дахиж ирээд ажлынх нь өрөөнд ороод бэлнээр 300.000 төгрөгийг өгсөн, маргааш нь буюу нэг хоногийн дараа 200.000 төгрөгийг мөн ажлынх нь өрөөнд оруулж өгсөн. ...” /2хх 44/,

гэрч Д.Дагиймаагийн “...хүү маань надаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг нь сургуулийн хандив гээд сургуулийнхаа ажилтан хошууч Мөнхбаяр гэдэг хүнд бэлнээр нь оруулж өгсөн гэсэн, ...” /2хх 47/,

гэрч М.Мөнхбаярын “...Би тэр мөнгийг захирал Д.Оийн өрөөнд оруулж өгөөд учир байдлыг хэлээд гарсан. ...Орхон овогтой Болдхуягийн сургуульд өгсөн хандивын мөнгө гэж хэлээд өгсөн, Д.О захирал ямар нэгэн зүйл хэлээгүй, мөнгийг шууд авсан. ...” /2хх 50/,

гэрч Б.Алтанцэцэгийн “...Тэр үед яг тэр сургууль нь засварын ажил хийж байгаа үе нь таарсан учраас би Д.О захиралд хандаж танай сургуулийн засварын ажилд чинь хандив өгье, надад байгаа нь 2.000.000 төгрөг байна гээд учир байдлаа хэлж яриад мөнгөө өгсөн. ...Д.О захирлын өрөөнд орж уулзаад 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /2хх 53/,   

гэрч П.Жаргалангийн “...Д.Од сургуулийн засварын ажилд бусдаас хандив авах талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй. Шалгалт өгөөгүй болон элсэн орох шалгалтанд унасан хүүхэд манай сургуульд орох ёсгүй. ...Надаас зөвшөөрөл аваагүй, мөн сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хувь хүнээс хандив авна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. ...Д.Оийн хувьд буруу зүйл хийсэн, би өмнө нь ч гэсэн буруу зүйл хийсэн байна гэдгийг тодорхой хэлсэн байгаа. ...” /2хх 75, 3хх 40/,

насанд хүрээгүй гэрч О.Болдхуягийн “...Мөнхбаяр хошууч Үндэсний батлан хамгаалах их сургуулийн жижүүрт гарч байхдаа намайг дуудаад мөнгийг чинь сургуулийн захиралд өгсөн гэдгийг хэлж байсан. ...” /2хх 78/,

гэрч Ж.Болормаагийн “...Д.О захирал нь сургууль маань засвар хийж байгаа, мөн хандив өгөх санааг хэлсэн учраас би 200.0000 төгрөг юм уу, 300.000 төгрөг өгвөл болох уу гэж Д.О захирлаас асуухад хандив маань 500.000 төгрөгнөөс эхэлж байгаа гэж хэлэхээр нь би 500.000 төгрөгийнх нь хандивыг өгье гэхэд тэг гэж хэлсэн. Тэр үед надад бэлэн мөнгө байсан болохоор бэлнээр 500.000 төгрөгийг Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.О гэх хүнд ажлынх нь өрөөнд өгчихөөд гарсан. ...” /2хх 82/,

гэрч Ц.Сурмаагийн “...Хөгжмийн сургуулийн захирал Д.Отэй уулзсан чинь манайх засвар хийж байгаа юм аа, хувцасны мөнгө гэж 400.000 төгрөг өгөөрэй ер нь нийлүүлээд 1.000.000 төгрөг өгчихвөл сургуульд орж болно гэхээр нь Д.О захирлын өрөөнөөс гараад АТМ-ээс 1.000.000 төгрөг аваад буцаж түүний өрөөнд ороод бэлнээр өгсөн. ...” /2хх 88/,

гэрч Х.Батсүхийн “...Хөгжмийн сургуулийн захирал Д.Оийн бусдаас буюу хувь хүмүүсээс хандив авсан гээд байгаа зүйл нь хууль бус байна гэдгийг санхүүгийн албаны даргын хувьд хэлье. ...сургуулийн дотоод үйл ажиллагаа буюу засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар хувь хүнээс хандив авч болохгүй. ...” /3хх 42/ гэж тус тус  мэдүүлжээ.

Дээрх гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг прокуророос үнэн зөв гэж дүгнэж, гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлон, яллагдагч Д.Оийг нэр бүхий гэрч нараас хахууль авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэрч М.Оюунсүрэн, Б.Алтанцэцэг, Ж.Болормаа, Ц.Сурмаа, Д.Дагиймаа нарын Д.Од мөнгө өгч байгаа үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог бүрэн шалгаж тогтоогоогүй, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна.

Үүнээс гадна мөрдөгчөөс Д.Дагиймаа, Ц.Сурмаа, Ж.Болормаа, Б.Алтанцэцэг, М.Оюунсүрэн нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт гаргасныг шийдвэрлэлгүй орхигдуулсныг зөвтгөх боломжгүй байна. /2хх 188-199/, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Иймээс М.Оюунсүрэн, Б.Алтанцэцэг, Ж.Болормаа, Ц.Сурмаа, Д.Дагиймаа нарын үйлдэл, эс үйлдэхүйд хахууль өгөх гэмт хэргийн шинж байгаа эсэх, гэм буруугийн ямар хэлбэрээр Д.Од мөнгө өгснийг нарийвчлан шалгах шаардлагатай.  

          Магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

          Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 4018 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бус,  магадлалд заасан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.      

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 4018 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.   

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ