Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Цэрэнжавын Ширчинд холбогдох эрүүгийн 201726030312 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Ц.Ширчин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл  хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1949 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 68 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ганцаараа, Сүхбаатар дүүргийн 12-р хороо Хангайн 11-р гудамж 420 тоотод оршин суух, урьд: 

1. Ардын цэргийн тусгай шүүхийн 1971 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 126 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1971 оны 7 сарын 27-ны өдрийн БНМАУ-н Өршөөлийн комиссын гишүүдийн хурлын тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 6 хоногийн хорих ялыг өршөөж, суллагдсан,

2. Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169-ын Б-д зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн 169-ын В-д зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтаан биечлэн эдлэх ялыг бүгд 3 жил хорих ялаар тогтоож, 1978 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1980 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрийн 286 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-р зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Улаанбаатар хотын Найрамдалын районы ардын шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 60-А дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-р зүйлийн А-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

5. Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 439 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169-В-д зааснаар 3 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 109-Б-д зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтаан биечлэн эдлэх ялыг бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, 1991 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 301 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 4-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 сарын 05-ны өдрийн Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 229 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 6 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

7. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 02-р сарын 26-ны өдрийн 97 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14-р зүйлийг журамлан мөн хуулийн 131-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил  6 сар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 213 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

8. 2004 оны 08 сарын 09-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

9. Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлэн уг ял дээр нь өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 08 сарын 28-ны өдрийн 221 дугаартай  шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

10. Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнжавын Ширчин /РД:УХ49050813/,  

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Ширчин нь 2017 оны 02-р сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо Мишээл экспо худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан иргэн Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлан авч 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Ц.Ширчингээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан өгч хохиролгүй болгон, хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчтой эвлэрсэн. Биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзнэ үү.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 201726030312 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ш.Сайнбилэгээс хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  

“...2017 оны 02-р сарын 17-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 3-р хороо, Мишээл худалдааны төвд “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэлсэн. Уг үзэсгэлэн худалдаанд би 50 дугаар лангууг түрээслэн мөнгөн эдлэл болон импортын бараа бүтээгдэхүүн зарсан. 2017 оны 02-р сарын 18-ны өдөр би лангуу дээрээ ирээд эд зүйлээ зарж эхэлсэн ба лангуун дээр мөнгөн эдлэлүүдийг ил тавьсан байсан. Мөнгөн эдлэлүүд дунд 18 см өндөртэй нэг литрийн багтаамжтай мөнгөн завъяа буюу гүцийг гаргаж ил тавьсан байсан. 12 цаг 10 минутын орчим би лангуун дээрх эд зүйлээ бүртгэж үзэхэд лангуун дээр байсан мөнгөн завъяа буюу гүц байхгүй, алга болсон байсан.  

Ингээд би гүцээ алдсаныг мэдээд Мишээл худалдааны төвийн хяналтын камерыг шүүлгүүлж шалгахад 12 цаг 07 минутын орчимд 70 орчим насны, саравчтай малгай, хар хөх куртик, саарал өмдтэй эрэгтэй хүн миний гүцийг лангуун дээрээс аваад торондоо хийж байсан.

...Би 2017 оны 02 сарын 18-ны өдөр лангуун дээрээс гүцээ алдаж, 2017 оны 02 сарын 19-ны өдөр миний гүцийг хулгайлсан Ширчин гэдэг хүнээс өөрөөс нь мөнгөн завъяа буюу гүцээ буцаан авсан. Уг алдагдсан гүц нь гар аргаар урласан, нэг хувь хийгдсэн, Монголд өөр тийм адил загварын гүц байхгүй. Алдсан гүцээ буцаан авсан учир надад ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэжээ. /хэргийн 13-14х, 149-150х/,

 

2. Гэрч В.Мандахын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 02 сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо, Мишээл экспо үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдаж байсан “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед тус үзэсгэлэн худалдаанд оролцон лангуу түрээслэн ажиллаж байгаа иргэн Сайнбилэг над дээр ирээд “өчигдөр буюу 2017 оны 02-р сарын 18-ны өдөр би лангуу дээрээсээ гүц буюу мөнгөн завъяагаа хулгайд алдсан юм, тэгсэн өнөөдөр миний мөнгөн завъяаг хулгайлсан хүн энд явж байна” гэж хэлэхээр нь Мишээл экспо үзэсгэлэн худалдааны хяналтын камерыг шалгаж үзтэл иргэн Сайнбилэгийн лангуу дээрээс Сайнбилэгийн зааж хэлсэн 70 орчим насны эрэгтэй нь мөнгөн завъяаг хулгайлж байгаа бичлэг бичигдсэн байсан.

Тухайн үед би хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авах гэтэл бичлэг хуулж өгдөг ажилтан нь байхгүй байсан. Тэгээд би Сайнбилэгийн лангуу дээрээс мөнгөн завъяаг хулгайлсан 70 орчим насны өөрийгөө Цэрэнжавын Ширчин гэдэг эрэгтэйг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирсан. Ширчин нь 2017 оны 02 сарын 18-нд иргэн Сайнбилэгийн лангуун дээрээс мөнгөн завьяа хулгайлаад маргааш нь буюу 2017 оны 02 сарын 19-ны өдөр баригдсан. Мишээл худалдааны төвийн хяналтын камерын бичлэг 24 цаг бичигддэг ба Ширчинг Цагдаагийн хэлтэст хүргэж өгөөд буцаж ирээд камерын бичлэгийг авах гэтэл устчихсан байсан..” гэсэн мэдүүлэг /хэргийн 151-152х/,

 

3. Гэрч Д.Эрдэнэбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...2017 оны 02-р сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд намайг гэрт байхад Ширчин ах гартаа эрээн гялгар тортой зүйл барин гаднаас орж ирэн цай уучихаад, гартаа барьсан тортой зүйлээ гэрт тавьчихаад гараад явсан. Тухайн үед би торонд юу байгаа талаар асуугаагүй сонирхож үзээгүй. Маргааш нь буюу 19-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Ширчин  ах гэрт орж ирээд, гэрт тавьсан байсан тортой зүйлээ аваад гарсан. 2017 оны 02 сарын сүүлээр Ширчин ахыг элэгний хорт хавдартайг мэдсэн. Миний асрамжид байдаг. Би эмчилгээнд шаардлагатай эм тариаг нь авч өгөөд, эмнэлэгт хүргэж өгдөг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 153-154х/,

 

4. Хохирогч Ш.Сайнбилэгийн хулгайд алдсан гэх мөнгөн завьяаг 3.000.000 төгрөг гэж үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 27-28х/,

 

5. Хохирогч Ш.Сайнбилэгийн: “...алдагдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, одоо Ц.Ширчингээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид хоёр сайн дураар эвлэрсэн тул Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 144-145х/,

 

6. Шүүгдэгч Ц.Ширчингийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 02-р сарын 18-ны өдөр 12:00 цагийн орчимд би ганцаараа Мишээл Экспо худалдааны төв ороход цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байсан. Би уг үзэсгэлэн худалдаа орж эд зүйл сонирхон явж байсан чинь үүдний ойролцоо нэг лангуу дээр гүц буюу мөнгөн завъяа, өөр бусад эд зүйлийг зарж байсан. Гүцнээс бусад эд зүйлийг нь юу байсан талаар одоо санахгүй байна, тухайн үед ч сайн ажиглаж хараагүй.

Ямар ч байсан хамгийн ойрхон нь гүц байхаар нь, би тэр гүцийг аваад үзэж байгаад лангууны ард зогсож байсан худалдагч эрэгтэй над руу харахгүй байхаар нь өөрийн барьж явсан эрээн торонд гүцийг хийгээд цааш явсан.

Маргааш нь би дахин Мишээл экспо худалдааны төв орж цагаан сар үзэсгэлэн үзэж явж байгаад цагдаад баригдсан. Би хулгайлж авсан эд зүйлээ худалдагч буюу эзэн залууд нь буцаан өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хулгай хийхгүй..” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х, 25х, 157х/ болон шүүгдэгч Ц.Ширчингийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85х/, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хэргийн 88х/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 89х/, Ц.Ширчин элэгний фиброзын зэрэг тогтоож элэгний хатуурал өвчтэй болохыг тодорхойлсон Мөнгөн гүүр эмнэлгийн шинжилгээний баримтууд /хэргийн 90-91х/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29х/, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 32-84х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.Ширчин нь 2017 оны 02-р сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3-р хороо Мишээл экспо худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан иргэн Ш.Сайнбилэгийн лангуунаас гүц буюу мөнгөн завъяаг хулгайлан 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан  хохирогч Ш.Сайнбилэгийн мэдүүлэг, гэрч В.Мандахын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний баримт, шүүгдэгч Ц.Ширчингийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол  болох “мөнгөн завьяа буюу гүцийг” шүүгдэгч биет байдлаар нь хохирогчид буцаан өгч нөхөн төлсөн болох нь хохирогч Ш.Сайнбилэгийн “...эд зүйлээ буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, хохирогчийн шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэн хэлэлцсэн, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн бичгээр гаргасан хүсэлт баримтаар /хэргийн 13-14х, 149-150х/ тус тус нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

 Ц.Ширчин нь урьд гэмт хэрэг үйлдэж, олон удаа ял шийтгэгдэж байсан ба 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /хэргийн 80-84х/ бөгөөд түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул Ц.Ширчинг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.    

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Ширчинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх  тул Ц.Ширчинг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн.     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэг, 17.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж, мөн Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.   

 

Шүүгдэгч Ц.Ширчин нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохирогч Ш.Сайнбилэгт учирсан гэм хорын хохирлыг бүрэн нөхөн төлсөн, энэ хэргийн хохирогч Ш.Сайнбилэг нь “алдагдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, одоо Ц.Ширчингээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид хоёр сайн дураар эвлэрсэн тул Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн хүсэлтийг  бичгээр гаргаж /хэргийн 144-145х/ хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн байдлаа илэрхийлсэн ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүмжийн шатанд нэмэлт тайлбар гаргахдаа Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэхэд татгалзахгүй тухай санал гаргасан.   

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” болон мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” үндэслэлээр Ц.Ширчинд холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт Ц.Ширчин нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдав.     

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэг, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Цэрэнжавын Ширчинг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Ширчинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ширчин нь хохирогч Ш.Сайнбилэгт учирсан эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэсүгэй.   

 

4. Энэ хэрэгт Ц.Ширчин нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ц.Ширчингийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ширчинд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД