| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/00444/И |
| Дугаар | 181/ШШ2019/00685 |
| Огноо | 2019-03-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2019/00685
| 2019 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2019/00685 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.С ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ншт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, санал болгох ажиллагааны тэмдэглэл хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 6246 дугаар захирамжаар Донойн Шагдарсүрэн, Энхбаярын Энхчимэг нараас 11,061,305 төгрөгийг гаргуулж Т.С ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16633 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.Шагдарсүрэн, Э.Энхчимэг нарт мэдэгдэл хүргүүлсэн. Тус албан мэдэгдэлд ...хувийн орон сууцыг битүүмжлэн хурааж, хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөрт нь тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн... байдаг. Гэтэл энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, төлбөр авагч төлбөрөө аваагүй байна. Иргэн Д.Шагдарсүрэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 114А тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Г-2203001338, Ү-2203012690 дугаарт бүртгэлтэй 500.06 м.кв талбайтай газар болон 35 м.кв талбайтай хувийн сууцны байрыг 2016 онд зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн буюу 40,000,000 төгрөгөөр үнэлсэн учраас 2 удаагийн дуудлага худалдаагаар тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй, шүүгчийн захирамж гарч хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил, хөрөнгө үнэлж дуудлага худалдаа явуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч төлбөр авагч Т.С ББСБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу тухайн эд хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ хийлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй, Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно." гэж заасны дагуу уг хөрөнгийг Т.С ББСБ ХХК-д шууд шилжүүлэн өгөх ёстой байсан. Тухайн хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн учраас өнөөдрийг хүртэл хоёр удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй учраас хөрөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хууль ёсны шаардлага үүсэж байна. Т.С ББСБ ХХК-ийн өмгөөлөгч Г.Батмөнх нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх алба, Ншт хандаж тухайн хөрөнгөнд шинжээч томилж дахин үнэлүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Мөн санал болгох ажиллагааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд Э.Хулан нь Т.С ББСБ ХХК-ийн захирал Б.Эрдэнэтуулыг эзгүйд гарын үсгийн дардсыг дарж, улмаар компанийг төлөөлөх бүрэн эрхийн дагуу оролцсон байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 сарын 8-ны өдрийн 10/362 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох ажиллагааны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл-ийг тус тус хүчингүй болгож, Ншт Д.Шагдарсүрэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 114А тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Г-2203001338, Ү-2203012690 дугаарт бүртгэлтэй 500.06 м.кв талбайтай газар болон 35 м.кв талбайтай хувийн сууцны байранд дахин хөрөнгийн үнэлгээг хийлгэхийг даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Энхчимэг, Д.Шагдарсүрэн нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Шагдарсүрэнгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2203001338, Ү-22030126690 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж 114/А тоот 500,06 м.кв талбайтай газар болон 35 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасны дагуу анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдан борлогдоогүй төлбөр төлөгч Э.Энхчимэг, Д.Шагдарсүрэн нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг төлбөр авагчид санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасны дагуу Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа авагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ. Хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэж тайлбарласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С ББСБ ХХК нь хариуцагч Ншт холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 сарын 8-ны өдрийн 10/362 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох ажиллагааны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл-ийг тус тус хүчингүй болгож, Ншт Д.Шагдарсүрэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 114А тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Г-2203001338, Ү-2203012690 дугаарт бүртгэлтэй 500.06 м.кв талбайтай газар болон 35 м.кв талбайтай хувийн сууцны байранд дахин хөрөнгийн үнэлгээг хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нш нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, уг асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 сарын 21-ний өдрийн 6246 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-36,37 тал/-аар Д.Шагдарсүрэн, Э.Энхчимэг нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт болох нийт 10,966,100 төгрөгийг 2015 оны 12 сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч Т.С ББСБ ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 95,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
2016 оны 3 сарын 3-ны өдөр 1008 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-35 тал/ бичигдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 16280417 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-38 тал/-оор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 сарын 30-ны өдрийн 30/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол /хх-40,41 тал/, 2016 оны 9 сарын 14-ний өдрийн 14/02 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоол /хх-43,44 тал/-оор Д.Шагдарсүрэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 114А тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001338, Ү-2203012690 дугаарт бүртгэлтэй 500.06 м.кв талбайтай газар болон 35 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилж, хураасан байна.
Газар болон хувийн сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тус бүрийг нь 20 000 000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөр авагч Д.Шагдарсүрэнгийн тодорхойлолт /хх-45 тал/, төлбөр авагч Т.С ББСБ ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэхалбанд гаргасан зөвшөөрөл /хх-48 тал/ зэргээр тогтоогдож байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 10/390 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол /хх-49 тал/-оор газар болон хувийн сууцыг 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 10.00 цагт болох албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заалтад зааснаар газар болон хувийн сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 40,000,000 төгрөгийн 70 хувь буюу 28,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдааны протокол /хх-52-55 тал/-оор тогтоогдож байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 сарын 8-ны өдрийн 10/362 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол /хх-56 тал/-оор газар болон хувийн сууцыг 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 10.00 цагт болох албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дахь заалтад зааснаар газар болон хувийн сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 40,000,000 төгрөгийн 50 хувь буюу 20,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байх ба албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгож ажиллагаа 2017 оны 5 сарын 3-ны өдөр явагдаж, төлбөр төлөгч нар 14 хоногийн хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд төлбөр авагч холбогдох зөрүүг төлөн хувийн сууц болон газрыг төлбөртөө тооцон шилжүүлэн авах эрхтэй байхаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан санал болгох ажиллагааны тэмдэглэл /хх-62-65 тал/-ээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан албадан дуудлага худалдаа, санал болгох ажиллагаануудад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гарган шүүхээр шийдвэрлүүлж байгаагүй гэх ба 2019 оны 1 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаа 2017 оны 6 сарын 9-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтад Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасантай холбон тайлбарлаж байх ба дахин үнэлгээ хийх тохиолдолд өмнө явагдсан албадан дуудлага худалдаа болон санал болгох ажиллагаануудыг хүчингүй болгох шаардлагатайн зэрэгцээ мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг буруу хэрэглэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэсэн заалт нь тухайн эд хөрөнгийн үнэ ямар байхаас үл хамааран уг эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт тооцон санал болгох эрх олгосон заалт биш бөгөөд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгө нь үнийн хувьд төлбөрийн хэмжээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын нийт үнийн дүнгээс хэт өндөр, эсхүл бага биш, ойролцоо, дүйцэхүйц хэмжээнд байх нь энэхүү заалтын агуулга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дахь заалтад заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ гэсэн агуулга, зорилго, зарчимд нийцэх тул нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг буруу хэрэглэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэх тайлбар үндэслэлгүй, албадан дуудлага худалдаа болон санал болгох ажиллагааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2017 оны 6 сарын 9-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтад заасан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.С ББСБ ХХК-ийн хариуцагч Ншт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, санал болгох ажиллагааны тэмдэглэл хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.С ББСБ ХХК-аас 2019 оны 1 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР