| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/484 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/484
2025 02 12 2025/ШЦТ/484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Б.Батсайхан, Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр
улсын яллагч: Д.Цэцэг-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч: Ч.Ш,
шүүгдэгч: Ж.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ганболд, Ч.Даваасүрэн,
нарийн бичгийн даргаар О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: О овогт Ж.Т
Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
шүүгдэгч Ж.Т нь өөрийн найз О.Отай санаатай нэгдэн, худалдаалах зорилгоор гадаад улсаас илгээж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авч, бусдад худалдан борлуулахыг урьдчилан амлан, уутанд жижиглэн савлаж, тодорхой байршилд байрлуулан, бодисын төлбөрийг шилжүүлэн авах бололцоог бүрдүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн Хаан банкны ....... тоот дансаа ашиглуулсан,
Мөн дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр .......орон байр болон өөрийн биедээ хадгалан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар
I. Шүүгдэгч Ж.Т нь өөрийн найз О.Оынхаа худалдаалах зорилгоор илгээсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг заасан газраас нь хүлээн авч, бусдад худалдан борлуулахыг урьдчилан амлан, уутанд жижиглэн савлаж, тодорхой байршилд байрлуулан, бодисын төлбөрийг шилжүүлэн авах бололцоог бүрдүүлж өгөх үүднээс өөрийн эзэмшлийн Хаан банкны ....... тоот дансаа ашиглуулсан, мөн дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр .......орон байр болон өөрийн биедээ хадгалсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,
- гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О нь миний ганц хүү байгаа юм... гэмт хэрэг зөрчилд холбогдож явж байгаад 2018 онд надад ч хэлээгүй Монголоос Оросын Холбооны Улсын хилээр гараад явчихсан байсан. Түүнийг би яаж мэдсэн гэхээр О өөрөө над руу гадаад улсын дугаараас залгаад Оросын Холбооны Улсад байна гэдгээ хэлсэн. Миний мэдэж байгаагаар О нь Орос улсад 1 жил гаран болоод цаашаа дамжаад Турк улс руу гарсан байсан. Над руу ярьж Турк улсад ирсэн, ажиллаж байна гэдгээ хэлсэн. О нь 2018 оноос хойш Монгол Улсад байхгүй... гадаад улс руу гарснаас хойш олон цагдаа нар хайж эрэн сурвалжилж надаас асуудаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2608 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок уутанд төмөр халбага, талстлаг цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан “..............” гэсэн бичиглэлтэй хар өнгийн жин мэт зүйл, саарал өнгийн жин мэт зүйл хоосон зиплок уутнууд тус бүрээс Метамфетамин (Methamphetamine) илэрч байна. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 14.5 грамм, цэвэр жин нь 8.9 грамм болов.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 94-96 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2609 дугаартай “... “1” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “4" гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 10.3 г, цэвэр жин 7.8 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2.4 г, цэвэр жин 1.0 г, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2.4 г, цэвэр жин 1.0 г, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2.5 г, цэвэр жин 1.1 г, “5" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2.4 г, цэвэр жин 0.9 г байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-104 дүгээр тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2610 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №7 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №8 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №9 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №10 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №11 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрээс Метамфетамин (Methamphetamine) илэрч байна. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. №6 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.2408 грамм, цэвэр жин нь 1.0709 грамм, №7 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.1532 грамм, цэвэр жин нь 0.9878 грамм, №8 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.2657 грамм, цэвэр жин нь 1.0894 грамм, №9 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.1845 грамм, цэвэр жин нь 1.0128
грамм, №10 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.1817 грамм, цэвэржин нь 1.0107 грамм, №11 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.2233 грамм, цэвэр жин нь 1.0583 грамм болов.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 85-90 дүгээр тал),
- Ж.Тий биеэс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3531 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 29, 79-81 дүгээр тал),
- Ж.Тий биед үзлэг хийсэн “...Ж.Т нь хар өнгийн савхин хүрмийн баруун талын энгэрийн дотор талын халааснаас олон тооны жижиг зиплок ууттай “мөс” гэх зүйл гаргаж ирснийг тус тусад нь дугаарлан хзмжихэд №1 дугаартай нь 10.4 грамм, №2 дугаартай нь 2.5 грамм, №3 дугаартай нь 2.4 грамм, №4 дугаартай нь 2.5 грамм, №6 дугаартай нь 2.6 грамм, №7 дугаартай 2.5 грамм, №8 дугаартай нь 2.5 грамм, №9 дугаартай нь 2.5 грамм, №10 дугаартай нь 2.6 грамм, №11 дугаартай нь 2.6 грамм байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
- Ж.Тий биеэс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар тал),
- .......орон байранд нэгжлэг хийсэн “...Ж.Т нь сайн дураараа гаргаж өгнө гэж... том өрөөнд очин цагаан шаргал өнгийн шүүгээний дээд талын шургуулгыг онгойлгож... мөс гэх зүйл байгаа гэж том зиплок ууттай зүйл зааж өгснийг задлан үзэхэд шар өнгийн канттай зиплок ууттай нунтаг цагаан “мөс” гэх нэршилтэй дотор нь төмөр амны халбага хийсэн зүйл байсныг албаны цагаан жин дээр тавьж хэмжихэд 56.4 грамм байсныг “1” гэж дугаарлан хураан авч, бусад зүйлийг үзэхэд саарал өнгийн цахилгаан жин хэмжигч 1 ширхэг, хар өнгийн ......... гэсэн бичиглэлтэй цахилгаан жин хэмжигч, олон тооны жижиг зиплок уутнууд байсныг “2” гэж дугаарлан хураан авч, Ж.Тд өөр хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл, хэрэглүүр эд зүйл байгаа эсэх талаар асуухад “өөр байхгүй” гэснээр... нэгжлэгийг явуулахад том өрөөнд байх цаасан хайрцаг дотроос олон тооны жижиг зиплок уутнууд гарч ирснийг хураан авч... нэгжлэгийг үргэлжлүүлэхэд... хувцасны тавиур дээр цахилгаан жингийн хайрцаг дотор олон тооны жижиг зиплок уутнууд байсныг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 9-19 дүгээр тал),
- Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр тал),
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 35-48 дугаар тал),
- Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 19, 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 188, 191 дүгээр тал),
- Ж.Тий эзэмшлийн Хаан банкны ....... дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкнаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ...........дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, гүйлгээ хийгдсэн байршлын мэдээлэл бүхий сиди (CD), үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 149-166 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 16-26 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэв.
II. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Тг өөрийн найз О.Отай санаатай нэгдэн, худалдаалах зорилгоор гадаад улсаас илгээж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авч, бусдад худалдан борлуулахыг урьдчилан амлан, уутанд жижиглэн савлаж, тодорхой байршилд байрлуулан, бодисын төлбөрийг шилжүүлэн авах бололцоог бүрдүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн Хаан банкны ....... тоот дансаа ашиглуулсан,
Мөн дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр .......орон байр болон өөрийн биедээ хадгалан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхэд: тус хэрэгт шүүгдэгч Ж.Тг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг найз гэгдэх О.Оынх нь илгээснээр олж аваад байгааг тогтоосон хэдий ч, О.О нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисийг хэзээ, яаж, яг ямар үйлдлээр улсын хилээр нэвтрүүлэн, оруулж ирээд байгаа үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч Ж.Т нь О.Оын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлэн, оруулж ирсэн хэзээний, хэрхэн ямар гэмт үйлдэлд нь хэрхэн, яаж, ямар үйлдлээр дэмжлэг туслалцаа үзүүлээд байгааг тогтоосон баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.
Харин шүүгдэгч Ж.Т нь хууль бус гэдгийн мэдсээр байж найз Ж.Оынхаа бусдад худалдан борлуулах зорилготой илгээсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг заасан газраас нь очиж авах, жинлэж, жижиглэн гялгар уутанд хуваан хийж, өөрийн оршин суух газартаа хадгалж, биедээ авч явж, О.Оын заасан газар нь аваачиж байршуулах, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан мөнгийг өөрийн эзэмшлийн банкны дансаар гүйлгээ хийхийг зөвшөөрч ашиглуулсан зэрэг гэмт үйлдлээрээ дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус зүйл заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхэд эргэлзээ бий болсон тохиолдолд шүүгдэгч талд ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримталдаг. Энэ гэм буруугүйд тооцох зарчим гэдэг нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг хийсвэр таамаглалд суурилж гэмт хэрэг холбогдуулахаас хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог.
Тиймээс улсын яллагч шүүгдэгч Ж.Тг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдан борлуулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн санаатайгаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсанаар хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.
Иймд шүүгдэгч Ж.Тгийн хууль бус гэдгийг мэдсээр байж өөрийн найз О.Оын худалдаалах зорилгоор илгээсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах 19 дүгээр байрны 07 тоот орон байр болон өөрийн биедээ хадгалсан, уг хууль бусаар олж авсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлт бодисийг уутанд жижиглэн савлаж, тодорхой байршилд байрлуулан, худалдан борлуулсан, бусдыг уг санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь өөрийн банкны дансаа ашиглуулах зэргээр урьдчилан амалж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэдээ: “шүүгдэгч Ж.Тг гэм буруугүй” гэв.
Дээрх дүгнэлтийг иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргахдаа хавтас хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийсэн үндэслэлээ тайлбарлаагүй, мөн бичгээр өгсөн дүгнэлтэдээ үндэслэлээ тайлбарлаагүй байх тул шүүхээс няцаалт өгөх боломжгүй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ж.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1-ээс №11 хүртэл дугаарласан нийт цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй, 11 ширхэг гялгар ууттай, талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №1 гэж дугаарласан .............. гэсэн бичиглэлтэй хар өнгийн жин 1 ширхэг, саарал өнгийн жин 1 ширхэг, 269 ширхэг хоосон зиплок уутнууд, ............... гэсэн бичиглэлтэй цахилгаан жингийн хайрцагтай 153 ширхэг хоосон зиплок уутнууд, “..............” гэсэн бичиглэлтэй хайрцагтай Triples 44 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн үдээстэй хос пүүзэн гутал, “..............” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай “.............” гэсэн бичиглэлтэй цагаан шаргал өнгийн үдээстэй хос гутал, “..............” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай Triples гэсэн бичиглэлтэй хар өнгийн үдээстэй 44 гэх хос гутал тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэг эд мөрийн баримтаар ирсэн Хаан банкнаас ирүүлсэн “..............” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гүйлгээний байршлын мэдээлэл бүхий 1 ширхэг сиди (CD), мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэг, үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн 7 хэсэг дүрс бичлэг бүхий “...........” гэсэн бичиглэлтэй саарал ногоон өнгийн 1 ширхэг диск (DVD) зэргийг хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нийт 30 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Ж.Тг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт урьдчилан амалж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт урьдчилан амалж дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч О овогт Ж.Тг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт урьдчилан амалж дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Тг 3 /гурав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ж.Тгийн цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Тд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хаан банкнаас ирүүлсэн “...........” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гүйлгээний байршлын мэдээлэл бүхий 1 ширхэг сиди (CD), мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэг, үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн 7 хэсэг дүрс бичлэг бүхий “2........... Ж.Т” гэсэн бичиглэлтэй саарал ногоон өнгийн 1 ширхэг диск (DVD) зэргийг хэрэгт үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1-ээс №11 хүртэл дугаарласан нийт цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй, 11 ширхэг гялгар ууттай, талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №1 гэж дугаарласан ........... гэсэн бичиглэлтэй хар өнгийн жин 1 ширхэг, саарал өнгийн жин 1 ширхэг, 269 ширхэг хоосон зиплок уутнууд, NOTEBOOK BDS-999 гэсэн бичиглэлтэй цахилгаан жингийн хайрцагтай 153 ширхэг хоосон зиплок уутнууд, “........” гэсэн бичиглэлтэй хайрцагтай Triples 44 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн үдээстэй хос пүүзэн гутал, “..........” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай “.........” гэсэн бичиглэлтэй цагаан шаргал өнгийн үдээстэй хос гутал, “............” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай Triples гэсэн бичиглэлтэй хар өнгийн үдээстэй 44 гэх хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.БАТСАЙХАН
Г.ТҮВШИНТӨГС