| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/01504/И |
| Дугаар | 181/ШШ2019/01653 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2019/01653
| 2019 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2019/01653 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭМЯ холбогдох,
Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор болон 2017, 2018, 2019 онуудын ээлжийн амралтын олговорт нийт 48 299 935 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч С.Тийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.21-ны өдрийн 137 дугаартай шийдвэрээр тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл ЭМЯ шүүхийн шийдвэрийг болон эрх бүхий байгууллагуудын шаардлагуудыг биелүүлэхгүй байгаагаас нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл 2 жил 6 сарын хугацаанд ажилгүй байна. Ажилгүй байгаа хугацааны цалин хөлсөө болон 2017-2019 оны ээлжийн амралтын олговрыг ЭМЯ-аас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган бодуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 137 дугаартай шүүхийн шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн байдаг. 2017 оны 03 дугаар сар болон 07 дугаар саруудад тухайн үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Очирбатад, мөн 2019.01.14-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргааар н.Бямбадорж шинээр томилогдож ирсэн учраас н.Бямбадоржид удаа дараа энэ нөхцөлүүдийг сайн дураар биелүүлээч гэсэн хүсэлтүүдийг тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ямар нэгэн хариу мэдэгдээгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй. ЭМЯ нь шүүхийн шийдвэрийг удаа дараа биелүүлэхгүй байгааг нэхэмжлэгч С.Т нь Төрийн албаны зөвлөл, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт удаа дараа гомдол, хүсэлтийг гаргаж байсан. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга н.О, өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан н.Занданшатар нараас удаа дараа хариу ирүүлж байсан. Энэ хариунууд нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Төрийн албаны тухай хууль болон Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тус тус заасны дагуу та нар шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг шаардлагуудыг удаа дараа ЭМЯ-ны удирдлагуудад өгч байсан боловч эдгээр хүмүүс энэ шаардлагуудыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаад гомдолтой байгаа учраас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ингээд ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Нэмж тайлбарлахад нийт ажилгүй байсан өдрийг тооцож гаргасан байгаа. 2017 онд нийт ажлын 200 өдөр байна. Эндээс албан ёсны амралтын өдөр болон бүх нийтээр амрах баярын амралтын өдрүүдийг хассан. 2018 онд нийт 251 өдөр ажилгүй байсан, 2019 онд 108 өдөр ажилгүй байсан. 2017 оны цалин хөлс 15,744,600 төгрөг болж байна. Нэг өдрийн цалин нь 78,723 төгрөг байгаа. Энэ нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэсний дагуу нэг сарын цалин 1,731,921 төгрөг байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр дутуу бодогдсон цалин нь бичигдсэн байгаа. Тэр журмын дагуу нэг сард ажлын 22 өдрөөр тооцож байгаа юм. Ингээд тооцохоор нэг өдрийн цалин 78,723 төгрөг болоод, 200 өдөр гэж тооцохоор түрүүн хэлсэн 15,744,600 төгрөг гарч байна. 2018 оных нь 251 өдөр байгаа. Нэг өдрийнх нь цалин хэвээрээ 78,723 төгрөгөөр 251 өдрөө үржүүлэхээр 19,759,473 төгрөг гарч байна. 2019 онд урд онд үйлчилж байсан тушаалууд хүчингүй болсон. Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ТЗ-12.3 гэдэг ангиллаар байсан. Хэрэв ажлаа хийж байсан бол энэ ангилал нь өөрчлөгдөөд өсөх байсан юм байна лээ. 2019 онд нэг сарын цалин нь 1,074,333 төгрөг болж байгаа. Хэрэв өнөөдөр ажлаа хийж байсан бол ТЗ-5-аар ангилагдах байсан юм байна лээ. Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор нэмэгдэл олгох тогтоол гарсан байна. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 хувийн нэмэгдэл олгоно гэсэн байгаа. Энэ хүн 17 жил ажилласан байдаг. Тэгэхээр 1,074,333 төгрөгийн 15 хувийн нэмэгдэл нь 161,149.95 төгрөг болж байна. Зэрэг дэвийн нэмэгдэл олгох тухай 21 дүгээр тогтоолоор энэ хүн ахлах түшмэлийн зэрэг дэвээр 32 хувийн нэмэгдэл авахаар байгаа. Энэ 32 хувийн нэмэгдэл нь 343,786.56 төгрөг болж байна. Энэ бүгд нийлээд цалин нь 1,579,269 төгрөг болж байна. Ингээд нэг өдрийн цалин нь 71,785 төгрөг болж байна. Үүнийг 156 өдрөөр тооцохоор 11,198,460 төгрөг болж байна. Энэ хугацаанд ээлжийн амралт аваагүй учраас Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 161 тоот тушаалаар батлагдсан ээлжийн амралтын олговрыг тооцох журмын 4-т зааснаар 2017 оны ээлжийн амралт нь нэг өдрийн цалин болох 78,723 төгрөгөө амралтын 22 хоногтоо үржүүлээд 1,731,906 төгрөг болж байна. Үндсэн 15 хоног дээр нэмэгдэл 7 хоног ороод 22 хоногийн ээлжийн амралт эдлэх ёстой. 2018 оны ээлжийн амралт нь яг адилхан байгаа. 2019 оны ээлжийн амралт нь нэг өдрийн цалин нь буурсан байгаа. 71,785 төгрөгийг 22 хоногт үржүүлээд 1,579,270 төгрөг болж байгаа. Ингээд 2017 оны нийт цалин хөлс болон амралтын мөнгө 17,476,506 төгрөг, 2018 оны цалин хөлс болон амралтын мөнгө 21,491,379 төгрөг, 2019 оны цалин хөлс болон амралтын мөнгө нь 9,332,050 төгрөг бөгөөд нийт 48,299,935 төгрөг болж байгааг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
2017 оны ээлжийн амралтын тухай яригдаж байна. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд 2017 оны ээлжийн амралтын олговор гаргуулахаасаа татгалзсан. Учир нь Захиргааны хэргийн хяналтын шатны шүүгч нар Төгсдэлгэрт ЭМЯ таныг 2017 ондоо багтаагаад ажилд авчихвал та заавал ээлжийн амралтыг нэхэмжлэх шаардлага байгаа юм уу гэдэг асуулт тавьсан. Ингээд нэхэмжлэгч Төгсдэлгэр нь ЭМЯ-ны удирдлагуудад итгээд 2017 оны ээлжийн амралтын олговроосоо татгалзсан. Энэ тухай Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх тогтоолдоо тусгасан байдаг. Иймээс энэ хүн өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй, эрх ашиг нь хөндөгдөж, хохирч байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт энэ 2017 оны ээлжийн амралтын мөнгийг нэхэмжилсэн учир олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсч байна. ЭМЯ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас 2017 оны ээлжийн амралтын мөнгийг шаардаж байна. Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид тодорхой хэмжээгээр 2 удаа хураамж төлсөн байдаг. Уг хэрэг маргаан нь гомдлоор хэлэлцэх хэрэг учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ёстой. Тиймээс энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ЭМЯ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мт шүүх 2019.06.06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарласан боловч хариу тайлбар гаргаж шүүхэд өгөөгүй байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Т нь ЭМЯ даргад холбогдуулан өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2017.02.21-ний өдрөөс хэргийг шийдвэрлэж буй 2019.05.31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 43 256 853 төгрөг, 2017, 2018, 2019 онуудын ээлжийн амралтын олговорт 5 043 082 төгрөг нийт 48 299 835 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Тийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийдвэрээр Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 44 хоногийн олговор 2,731,800.99 төгрөгийг хариуцагчаас гаргуулан С.Тт олгон, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба тухайн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд хянан хэлэлцээд тус тус хэвээр үлдээсэн байна./хх-10-22 дах талд/
Хариуцагч ЭМЯ дарга нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч С.Т шүүхэд хүсэлтээ гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 194 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж олгосны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18280028 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, Эрүүл мэндийн яамны сайд Д.Сд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/10408 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг, мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04/5045 тоот албан бичгээр Эрүүл мэндийн сайд Д.Сд Ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг, Төрийн албаны зөвлөл нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1204 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргад Шүүхийн шийдвэрийн тухай хариуг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/2551 тоот албан бичгээр Гомдолд хариу өгөх тухай хариуг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь ЭМЯ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/1423 дугаартай Хууль хэрэгжүүлж ажиллах тухай мэдэгдлийг, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Эрүүл мэндийн яамны сайд Д.Сд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/2499 дугаартай Хуулийн хэрэгжилт хангуулах тухай мэдэгдлийг, Төрийн албаны зөвлөл нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 257 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сд Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ./хх-23-34 дэх талд/
Нэхэмжлэгч С.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ЭМЯ даргад холбогдуулан Шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилсны дагуу тушаал гаргахыг хариуцагчид даалгах, шүүхийн шийдвэр гарснаас хойших ажилгүй байгаа хугацааны цалин хөлс, 2017, 2018 оны ээлжийн амралтын мөнгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах... нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 128/ШЗ2019/2505 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна./хх-ийн 35-36 дахь талд/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч С.Тийг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч ЭМЯ дарга нь өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, түүнийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мт шүүх 2019 оны 06 сарын 06-ны өдөр Нэхэмжлэл гардуулсан тухай баримт үйлдэн, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариу тайлбар гаргах хугацааг 2019 оны 06 сарын 20-ны өдрийн дотор гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тогтоосон байхад, хариуцагч тал хариу тайлбар өгөөгүй учир хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвөшөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан учир хариуцагч нь нэхэмжлэгч С.Тийг ажил албан тушаалд нь томилоогүй байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойших 2019 оны 05 дугаар сарыг дуустлах ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч 2017, 2018, 2019 онуудын ээлжийн амралтын олговрыг гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 55.2-т Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж заасантай нийцнэ. Тухайлбал, хариуцагч нь С.Тийг ажил албан тушаалаас нь хууль бусаар халаагүй, ажил албан тушаалаа гүйцэтгэж байсан тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу ажилтан нь ээлжийн амралтыг эдлэх зохицуулалтай байтал түүнийг хууль бусаар халсан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүнийг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн атал өнөөдрийг хүртэл түүнийг ажил, албан тушаалд нь томилоогүй үйл баримттай хариуцагч тал маргаагүй.
Иймээс, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг түүний тооцолсон тооцоолол, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмнөх шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн 2017 оны 02 сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртлэх нийт ажлын 200 өдрийг х 78.723 төгрөгөөр тооцож, 15 744 600 төгрөг, 2018 оны бүтэн жилийн ажлын нийт 251 өдөр х 78.723 төгрөгөөр тооцож 19 759 473 төгрөг, 2019 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 24 дүгээр тогтоолын 2-р хавсралтын Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-12-3 шатлалд хамаарч байгаа тул үндсэн цалинг 1 074 333 төгрөгөөр, мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тогтоолын 1-р хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмаар 16-20 жил ажилласан ажилтанд 15 хувийн нэмэгдэл олгохоор заасны дагуу 161 149,95 төгрөг, УИХ-аас 2019 онд баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай 21-р тогтоолд Ахлах түшмэлийн тэргүүн зэргийн 32 хувийн нэмэгдэл олгохоор заасны дагуу 343 786,56 төгрөгийг нэмээд нийт 1 579 269,51 төгрөгийн цалинг ажлын 22 өдөрт хувааж, 1 өдрийн цалин хөлсийг 71 785 төгрөгөөр тооцож 2019 оны 1 сараас 5 сарыг дуусталх хугацааны ажлын нийт 108 өдрөөр үржүүлэн 7 752 780 төгрөг, нийт /2017 оных 15 744 600 төгрөг, 2018 оных 19 759 473 төгрөг, 2019 оных 7 752 780 төгрөг/ 43 256 853 төгрөг,
Мөн ээлжийн амралтын олговрыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журмын 4-т зааснаар тооцоолоход 2017 онд 1 өдрийн цалин 78 723 төгрөг х 22 өдөр = 1 731 906 төгрөг, 2018 онд 1 өдрийн цалин 78 723 төгрөг х 22 өдөр = 1 731 906 төгрөг, 2019 онд 1 өдрийн цалин 71 785 төгрөг х 22 өдөр = 1 579 270 төгрөг буюу нийт 5,043,082 төгрөг, бүгд нийлээд 48,299,935 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хангаж, С.Тт олгох 48,299,935 төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн талаар бичилт хийхийх хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гомдлын улмаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх заалттай байдаг боловч нэхэмжлэгч үүнийг мэдэхгүй улмаас урьдчилан төлсөн байгааг мөн хуулийн 44 дүгээр зйлийн 44.1.2-д зааснаар улсын орлогоос гаргуулж буцаан олгуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн тул С.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /372 863+26 600/ нийт 399 450 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан Эрүүл мэндийн яамнаас ажилтан С.Тийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговорт нийт 48,299,935 /дөчин найман сая хоёр зуун ерин есөн мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан С.Тийн цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас гаргуулан олгохоор тооцсон 48 299 935 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /372 863+26 600/ нийт 399,450 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Тт буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Эрүүл мэндийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 399.450 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ